Thursday, September 17, 2015

ШУДАРГА ЁС БА ШУДАРГА БУС ХОЁР


ШУДАРГА ЁС БА ШУДАРГА БУС ХОЁР  

(Өршөөл үзүүлэх тухай хууль тойрсон 
асуудлуудын тухай үзэл бодол  )        
 

Г.ГАНБААТАР, хуульч. 


Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015.08.11-ний өдөр баталсан боловч энэ хуулийн зарим зүйл, заалт нь эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч иргэдийн эрс эсэргүүцэлтэй тулгарав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавигдав.    
Тус хууль урьд өмнөх Өршөөл үзүүлэх тухай хуулиудын үзэл баримтлал, төрийн бодлогын залгамж чанар, тогтсон зөв жишгийг үл харгалзан, “нууц биш нууц сэдэл, арга”-аар бичигдсэнээс  амьд үйлчлэлгүй, ноцтой хийдлүүдтэй, ял шийтгүүлсэн энгийн иргэдээр халхавчлан “зарим бүлэг, албан тушаал горилогчдын дур зорго, эрх ашиг”-ийг баталгаажуулахад чиглэгдсэн гэх шүүмжлэлийг дагуулав.        
Улс төрийн зарим ферм, албан тушаалтнууд сэм нийлж, засгийг барьцаалж, хийдэлтэй хууль батлах, батлуулах зэргээр дураар авирлах нь энгийн үзэгдэл мэт олон түмэнд ойлгогдов. Албан тушаалд дурлагсадын шуналт сэдэл, дүр төрх, бусармаг үйлдлийнх нь сэжиг, учиг, сэжүүр илчлэгдэв. Булавч бултайн, даравч далдайн ил харагдсаар байхад үл харагдуулахын тулд тэд амь тавих мэт олон янзаар орь дуу тавин илбэдэв, нүдэн балай, чихэн дүлий мэт болцгоож, өөрсдийн ой санамжаа алдацгаав.      
Улс төрийн фермийн албатууд шударга ёс, хууль ёсыг үгүйсгэв, ард түмэн шударга ёсыг, хууль ёсыг шаардав.     
Албатуудын дур зорго, шударга бус явдлаас шударга ёсны төлөөх ард түмний хүсэл зориг, тэмцэл хүчтэй учир  Өршөөл үзүүлэх тухай хуулийг өөрчлөх нь зүй ёсны шаардлага болов.   
Гэхдээ “хэрхэн өөрчлөх вэ” гэдэг нь нэн чухал учраас өөрийн санал, үзэл бодлоо дараах байдлаар илэрхийлэв.       

Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дараах үндэслэл, шаардлага байна. Үүнд :          
 1. Захиргааны зөрчлийг өршөөх шалгуур шинж, хүрээ хязгаар, хэлбэрийг тодорхой болгох.   
1.1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт буюу “зөрчил гаргасан, шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэсэн нь юунаас, хэрхэн яаж хэлтрүүлэх нь тодорхой бус буюу томъёоллын хувьд буруу, хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхээр байна.     
Хэрэв захиргааны зөрчлийг өршөөнө гэвэл өршөөл үзүүлэх хэлбэрүүд ( өршөөн хэлтрүүлэх, өршөөн хасах, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох) тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, зарим төрлийн захиргааны зөрчлийг, зарим зөрчилд оногдуулсан зарим шийтгэлийг, эсхүл зарим төрлийн захиргааны зөрчлийн Захиргааны хариуцлагад татах, захиргааны шийтгэлгүйд тооцох хугацааг өршөөх асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатай.      
1.2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт буюу уг хуулийн үндсэн бичвэрт “гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан, харин захиргааны зөрчил үйлдсэн хүнийг хамааруулаагүй. 
Гэтэл хууль хэрэглэх журам хэсэгт буюу уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт захиргааны зөрчил үйлдсэн хүнийг хамааруулна” гэж заасан боловч энэ нь хууль зүйн хувьд дараах зөрчлийн шинжийг агуулсан :   
-  хууль хэрэглэх журам нь тухайн хуулийн үндсэн бичвэрт, тодруулбал, хууль хэрэглэх журмаас өмнөх бүлгүүдэд заасан заалтуудыг хэрэгжүүлэх арга, аргачлалд хамаарах тул үндсэн бичвэрт заагаагүй шинэ буюу өөр хэм хэмжээ тогтоохгүй.      
- хууль зүйн 2 өөр ойлголт буюу субъектыг нэг ойлголтод хамруулсан нь буруу байхаас хэрэв гэмт хэрэгтэн ба зөрчил гаргагч хоёрыг нэг ойлголтод хамааруулж байгаа бол гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх бүх хэлбэрүүд зөрчил гаргагчид нэг адил үйлчлэх ёстой, гэтэл энэ асуудлыг нарийвчлан зохицуулаагүй.  
1.3. Захиргааны ямар зөрчлүүдийг, захиргааны ямар зөрчил үйлдсэн этгээдийг Өршөөлд хамааруулахгүй байхыг уг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай атал орхигдуулжээ. 
Эрүүгийн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй бүхий л зөрчлүүд захиргааны зөрчилд хамаарах боловч  эдгээр зөрчлүүд дотроос байгаль орчин, байгалийн баялаг, авлига, албан тушаалын зэрэг зөрчлүүд, тухайн төрлийн зөрчлийг давтан  үйлдсэн этгээд зэргийг өршөөлд хамааруулахгүй байх нь тухайн зөрчлүүдийн улс нийгэмд учруулах хор уршиг, эдгээр төрлийн хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төр засгийн бодлогын хэрэгжилтийг хангахад зайлшгүй чухал.
Тухайлбал, УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхэд “авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг өршөөх” заалтыг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцсэнээр уг хуулийн төслөөс хассан байсан. Үүнийг тухайн хуулийн төслийг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс үзэх бололцоотой юм. 
Гэтэл Өршөөлийн гэх хуульд “захиргааны зөрчил” гэх ерөнхий нэрээр “авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг өршөөх” асуудлыг дахин оруулсан буюу Захиргааны ноцтой зөрчлийнх нь хувьд Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд хамааруулаагүй зэргийг “зөв” гэж үзэх боломжгүй.   
            2. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хариуцлагаас, ялтанг ял эдлэхээс өршөөхтэй холбоотой зохицуулалт нь эрх зүйт хууль засаглах эрх зүйн онолын үзэл баримтлал, ардчилал, эрх зүйт төр, шударга ёсны шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй байх тул иргэдийн ба улс орны амьдрах эрх, язгуур эрх ашиг, аюулгүй байдлын баталгаанд сөрөг үр дагавар дагуулахаар болжээ.
Төрийн бодлогын залгамж чанарын хувьд урьд өмнө нь баталсан Өршөөл үзүүлэх тухай 1991, 1996, 2000, 2006, 2009 оны хуулиудын үзэл баримтлал, суурь зарчим, боловсронгуй зохицуулалтуудыг баримтлах ёстой байтал “эсрэг” байгаа нь бодлого, зохицуулалтын ноцтой алдаанд хамаарна. 
Хууль нь агуулгаараа шударга, хүний жам ёсны, салшгүй эрх, эрх чөлөөнд суурилсан, тэдгээрт харшлаагүй байх ёстой.[1] 
            2.1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “энэ хуулийн 5.1, 9.1 дэх заалтууд 18 насанд хүрээгүй хүүхдэд хамаарахгүй” гэдгийг нэмэх. Энэ нь өмнөх Өршөөл үзүүлэх тухай хуулиудын уламжлалт заалт юм.
2.2.  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг хасах.
Энэ нь нэг талаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын зохицуулалтад хамаарч байгаагаас гадна тусад нь салгаж заасан тохиолдолд “хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн л бол” Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1, 9.1 дэх хязгаарлалтуудад заасан гэмт хэрэг байх эсэх нь хамааралгүй, ач холбогдолгүйд хүргэхээр байх тул анхаарах асуудал гэж үзнэ.
2.3. Ялаас өршөөн хасах зохицуулалт нь ял шийтгүүлсэн зарим этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан.  
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д оруулбал зохих зарим төрлийн гэмт хэргийг (Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 126.2, 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.3, 181 дүгээр зүйлийн 181.3 болон бусад) оруулаагүй, оруулах шаардлагагүй зарим гэмт хэргийг (Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2) оруулсан нь, түүнчлэн гэмт хэргийн ангилал буюу аюулыг үл харгалзан хавтгайруулан 2 жил хассан нь оновчтой бус зохицуулалт болов.          
Өршөөл үзүүлэх тухай өмнөх хуулиуд тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай 2009 онд баталсан хуульд “ял өршөөн хасах гэмт хэрэг”-ийг нэрлэн заагаагүй, харин нийгмийн аюул буюу ангилалыг харгалзан хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 3 жил, онц хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 2 жилийг тус тус хасахаар зааж байснаас дордуулсан зохицуулалт хийх шаардлага байхгүй юм.
   2.4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг өөрчлөх
Тус зүйлд  “энэ хуулийн  5.1, 9.1.3-т зааснаас бусад гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь энэ хуулийн  5.1, 9.1.3-т зааснаас бусад гэмт хэргийн ангилалаас үл хамааран бүх гэмт хэргийг тодруулбал, хүнд, онц хүнд гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь хүний ба улс орны аюулгүй байдал, эрх ашигт нийцэхгүй тул Өршөөл үзүүлэх тухай өмнөх хуулиуд тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай 2009 онд баталсан хуулиар зохицуулж байсантай адилаар хөнгөн, хүндэвтэр ангилалын гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохоор заах нь оновчтой гэж үзнэ. 
2.5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өмнөх Өршөөлийн хуулиудаар төрийн бодлогын залгамж болж тогтсон болон цаг үеийн шаардлагын  дагуу шинээр нэмбэл зохих Эрүүгийн хуулийн 19, 28 дугаар болон бусад бүлэгт заасан зарим төрлийн гэмт хэргүүд (энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригоос, мөн Өршөөл үзүүлэх тухай 1991, 1996, 2000, 2006, 2009 оны хуулиудад заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлуудаас мэдэх бололцоотой тул тоочиж бичсэнгүй) болон Өршөөлд хамааруулахгүй нөхцөлд байдалд хамааруулах бусад зохицуулалтуудыг зориуд орхигдуулсан нь ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөхгүй.
Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал нь хүний ба улс орны эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, хамгаалахад  чиглэгддэг.
Хүнд, онц хүнд гэмт хэргийн аюул их, гэхдээ авлига, албан тушаал, төрийн өмч ашиглан шамшигдуулах гэмт хэргийн аюул түүнээс бүр ноцтой байдаг, тийм ч  учраас Улс орон бүр тухайн төрлийн гэмт хэрэгтэй тууштай, хатуу тэмцдэг, өршөөдөггүй байхад тухайн асуудалд УИХ-аас эсрэгээр хандаж, авлигын гэмт хэрэг, зөрчилд холбогдсон буюу тийм төрлийн хэрэгт хамаарал бүхий албан тушаалтан хэн боловч хууль зүйн ямар ч хариуцлага хүлээхгүй, хуулийн үйлчлэлээс гадуур үлдэж болохыг хүлээн зөвшөөрөв.   
Энэ нь улс нийгэмд ноцтой аюул, үр дагаварыг дагуулахаас гадна хууль, шударга ёсыг үгүйсгэх үзэл, хандлагыг улам бүр дэвэргэхэд хүргэв.
            2.6. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтад Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл гэснийг 96.2 гэж, Эрүүгийн хуулийн 196 дугаар зүйл гэснийг 196.2 гэж тус тус өөрчлөх, мөн хуулийн заалтаас Эрүүгийн хуулийн 126.2, 147.2, 181.3 гэснийг тус тус хасах буюу тухайн гэмт хэргийг “ялаас өршөөн хасах” гэмт хэрэгт хамааруулах. 
2.7. Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх журмыг өөрчлөх   
Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиодолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд түүнд холбогдох хэргийг зохих журмаар хэрэгсэхгүй болгох, хэрэв хохирлыг нөхөн төлөөгүй, хохирлын  асуудлаар маргаантай байвал тухайн хэргийг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэр гаргуулж, уг шийдвэрийн дагуу хохирлыг албадан гүйцэтгүүлэх боломжийг хохирогч нарт олгох зайлшгүй шаардлагатай. 
Энэ бол гэмтнийг ялаас нь өршөөхтэй зэрэгцүүлэн хохирогчийн эрхийг давхар нэг мөр хангах зөв арга зам юм. Ингэж журамласнаар хохирсон иргэн анхны хохирол дээрээ дахин мөнгө, цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа давхар хохирох, улмаар шүүхэд давхар ачаалал, зардал, чирэгдэл учруулдаг асуудлыг таслан зогсоох боломж бүрдэнэ. 
Өршөөлийн хууль хэрэглэх журмыг ингэж өөрчлөх нь өмнөх Өршөөлийн хуулиудыг хэрэгжүүлэх явцад үүссэн бодит шаардлага юм.    
2.8. Өршөөл үзүүлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулбал зохих бусад асуудлыг нухацтай хэлэлцэх.
Тухайлбал,  байгаль орчин, байгалийн баялаг, экологид ноцтой хохирол учруулсан гэмт хэргүүд, мөн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээс бусад зүйлүүдэд заасан бусдын амь нас хохирсон зарим гэмт хэргүүдийг (нийгмийг цочроосон ийм төрлийн гэмт хэргүүд бага бусаар гарсныг та бид мэдэх ба энэ тохиолдолд амь хохирогчийн ард үлдэж буй хүмүүс ямар их гомдол, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролтой үлддэгийг харгалзах) бүхэлд нь өршөөх үү, эсхүл тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нь тодорхой хувиар хасч тооцох уу гэдгийг нарийвчлан авч үзэх шаардлагатай.      
Товч дүгнэлт

Ноцтой хийдлүүдтэй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг амьд хууль, эрх зүйт хууль, шударга хууль, улс нийгмийн эрх ашигт нийцсэн хууль гэж үзэх боломжгүй болжээ.
Ийм хууль санаачилсан УИХ-ын зарим гишүүд, Засгийн газар, тийм хууль баталсан УИХ тус тус хуулийн засаглал, шударга ёсыг тогтоож байна гэж ойлгогдохгүй.
Харин төрийн эрх мэдлүүд хоорондын харилцан тэнцвэргүй, хяналтгүй байдал, хуулийн засаглалын хямрал, барьцаалагдсан засаг, хууль, шударга ёс, ардчиллын бусад үнэт зүйлсийн үгүйсгэл буюу намын засаг, түүний хүчирхийлэл, шударга бус явдлыг тогтоож буйн илрэлүүд гэж олон нийтэд ил тод ойлгогдов.            
Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх улс төрийн хүсэл зориггүй, “намууд”-ын гэх хэсэг бүлгийн дарангуйлал тогтож, бүлгийн явцуу бодлого хэрэгжүүлдэг, хуулиас гадуур дур зоргоор авирладаг, хууль, шударга ёсны тогтолцоог үгүйсгэсэн ийм нөхцөл байдлуудын учруулах аюул, сөрөг үр дагаварыг хэрхэн тооцож байна вэ ? 
 Хууль, дүрмийг чанд сахихгүй бол төрт улс бутран сарнина[2], “шударга ёс алдагдвал хүмүүсийн амьдрал утга учиргүй  болно[3], “шударга ёс алдагдвал  хуулийн засаг төдийгүй бүгд найрамдах улсын ардчилалд аюул учирна”[4] гэсэн утга төгөлдөр үгсийн гүн утгыг онцлон санах, эргэцүүлэх шаардлагатай.  
Ардчиллын үнэт зүйлс, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн аль алины үндэс суурь нь хуулийн засаглал...Хүний эрх, хууль дээдлэх ёс өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй. Эдгээр нь хүн төрөлхтний түгээмэл, салшгүй үнэт зүйлс, баримтлах үндсэн зарчмууд юм. Хуулийн засаглал тогтоогүй байхад хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх боломжгүй. Иймээс ч хуулийн засаглал нь төр, иргэд хоорондын нийгмийн гэрээний үндэс суурь, амин судас нь юм...Ардчиллын үндсэн зарчим бол хуулиас дээр хэн ч үгүй, хэн ч байх ёсгүй...Хуулийн засаглал нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний баталгаа гэж бид үздэг. Төрийг ард иргэд байгуулдаг бөгөөд төр нь ард иргэдэд үйлчлэх ёстой...Хуулийн засаглалыг дэлгэрүүлэх нь бидний хувьд тэргүүлэх ач холбогдолтой зорилт...Учир нь үүнээс манай ардчиллын хөгжил дэвшил, эдийн засгийн амжилт шалтгаална...Хуулийн засаглал, авлига 2 зэрэгцэн орших учиргүй. Авлига нь халдварт өвчний нян лугаа адил тул түүний өөдөөс урьдчилан довтолж, таслан зогсоох ёстой.[5] 
“Ядуу нийгмийн хамгийн том дайсан бол авлигач элит ба дарангуйлагч Засаг” гэж үздэг.[6]
Тийм ч учраас Дэлхийн ардчилсан улс орон бүр эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж, хуулийн засаглал тогтоохыг эрмэлзэж байна.
“Ардчилсан сонголт зөв” гэдэгт эргэлзэх, үгүйсгэх хүн бараг байхгүйтэй нэг адил Өршөөл үзүүлэх тухай хуулийг өөрчлөх ёстой гэдэг нь ардчилсан нийгмийн зүй ёсны шаардлага юм.    
Гэтэл манай засгийн эрх баригчид яаж байна вэ, юу болоод байна вэ ? Тус хуульд тавигдсан  хоригийг хүлээж авсаар байтал яагаад Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэн даруй дахин өөрчилж, боловсронгуй болгохгүй байна вэ ?. Хэний төлөө, юуны тулд вэ ? Яагаад ?
Амин сүнс нь зайлуулагдсанаас “ӨРӨӨЛ“ мэт болсон Өршөөлийн гэх  хуулийн амин сүнсийг дуудуулан, өөрсдийгөө бус энгийн иргэдийг нэн даруй өршөө, Өршөөлт гишүүд ээ.
Хуулийн амин сүнсийг зайлуулсан нөхдийг нийтэд зарла, тэд бас тухайн нөхдийн ухаан санааных нь заслыг хийг, амин сүнсийг нь дуудаг, хүн сүрэгт нь буцаан ирүүлэг ээ.


 

  

  




[1] Б.Чимэд, Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр, 2008 
[2] Чингис хаан
[3] И.Кант
[4] А.Токвиль 
[5] ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН ТҮВШИН ДЭХ ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ"-ын асуудлаархи НҮБ-ын өндөр түвшний хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгээс.  
[6] Ж.Роулс    

Tuesday, September 10, 2013

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ИРГЭНИЙ ЭРХ” ЭРХ ЗҮЙН СОЁЛЫН АЯН, АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ



“ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ИРГЭНИЙ ЭРХ”    
  ЭРХ ЗҮЙН СОЁЛЫН АЯН, АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ  

(Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, ухамсар сэтгэлгээнд
эрс шинэчлэл хийхийг цаг үе шаардаж байна) 
      

Дэлхийн ардчилсан улс орны нэгэн адил Монгол Улс эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж, хуулийн засаглал тогтоохыг эрмэлзэж байна.      
“Хуулийн засаглал” гэдэгт төрийн эрх мэдлүүд хоорондын тэнцвэр, хяналтын асуудал, шударга, хариуцлагатай, бие даасан шүүхийн тогтолцоо, амьд буюу эрх зүйт хуулиуд ба тэдгээрийн шударга хэрэгжилт зэрэг цогц олон асуудлууд хамаарна.  
Хуулийн засаглал тогтооход онцгой бөгөөд үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас шударга, бие даасан шүүхийг төлөвшүүлж хөгжүүлэх нь эдүгээ түгээмэл хандлага болов.    
Монголын Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулиудын үзэл баримтлал нь Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх замаар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг тууштай хөгжүүлэх, шүүхийн шударга, хариуцлагатай, бие даасан, нээлттэй, ил тод байдлыг зохистой хангах, ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулж, хамгаалахадчиглэгдсэн ба УИХ-аас Шүүхийн багц хуулийг баталсан явдал нь Монголчуудын сонгосон ардчилал, чөлөөт эдийн засгийн хөгжлийг баталгаажуулах, хуулийн засаглалыг бодит утгаар тогтоож, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн шийдвэр болсон билээ.           
Шүүхийн багц хуулиуд” 2013 оны 04 сарын 15-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаатай холбогдуулан манай шүүх “Шүүхийн эрхэм зорилгыг хангахад болон хуулийн шударга хэрэгжилтэд нөлөөлөх тул иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, ухамсар сэтгэлгээнд шинэчлэл хийх арга замыг зөв тодорхойлж, хэрэгжүүлэх нь чухал“ гэж онцгойлон үзэж “ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ИРГЭНИЙ ЭРХ сэдэвт эрх зүйн соёлын аяныг Баянхонгор аймгийн хэмжээнд буюу нийт 20 суманд тодорхой чиглэл, төлөвлөгөөний дагуу иргэдэд аль болох хүртээмжтэй, үр өгөөжтэй “цогц ажил”-ыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, хэрэгжүүллээ.
Тус аян амжилттай хэрэгжихэд Баянхонгор аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн хамтын ажиллагаа, бүхий л талын дэмжлэг байсныг тэмдэглэж байна.  
Нийт 20 сумдад хэрэгжүүлсэн тус эрх зүйн соёлын аяны хүрээнд сумдын иргэдийн зүгээс хэлж ярьсан үгс, санал, асуулт-хариулт, бодит байдлын ажиглалтын хүрээнд авч үзэхэд цаашид төрийн бодлого, хууль, эрх зүйн хувьд “анхаарвал зохих олон асуудал”-ууд байх боловч бүгдийг тоочих боломжгүй юм.    
Ард иргэдийн хувьд эрх чөлөө, шударга ёсны мэдрэмжтэй хэдий ч хууль, эрх зүйн мэдлэгийн хувьд хангалтгүй байгаа нь тэдний эрх зөрчигдөх, хууль шударгаар хэрэгжихгүй байх, эрх мэдэлтэн зарим талаар дураар авирлах, тэдний хууль бус үйлдэл, үйл ажиллагаа хууль, шүүхийн хяналтаас гадуур байх зэрэг сөрөг үзэгдлүүдийн шалтгаан болсоор байна. 
УИХ-аас баталсан хуулийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах талаар хуулийн дагуу үүрэг хүлээсэн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хангалттай, үр нөлөөтэй гэж үзэхэд эргэлзээтэй байна. 
Орон нутагт иргэдийн оролцоог хангахад чиглэгдсэн бодлого, шийдвэр, арга хэмжээ хийгдэж байгаа боловч иргэдийн хувьд хууль, эрх зүйн мэдлэг хангалтгүй байгаа нь зөв бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд сөрөг нөлөөтэйг анхаарах нь чухал юм.   
Ихэнхи сумдад иргэний танхим нээгдсэн, зарим сумдад иргэний танхимийн ажилтан, эрх зүйн хөтөч ажиллаж эхэлсэн нь сайшаалтай, зөв алхам боловч тэдний ихэнхи нь мэргэжлийн бус, түүнчлэн иргэдэд хуулийн мэдлэг олгох, хууль тогтоомжоор хангах ажиллагаа, орон нутгийн хөгжил, төсөв санхүү  зэрэг олон чухал асуудлууд хэлэлцэхэд шууд ба шууд бусаар оролцох, мэдээлэл авах, хяналт тавих зэрэг хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргийг нь бодитой ойлгуулах  боломж, чадвар дутмаг, нөгөө талаас эрх зүйн хөтөч нарын хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, давтан сургах зэрэг анхаарвал зохих  олон асуудал байна.         
Зарим сумдын иргэд орон нутагт их намчирхдаг, үүнээс шалтгаалан ажил хөдөлмөргүй болох, эрх нь зөрчигдөх байдал гардаг тухай, түүнчлэн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт сул, маргаантай асуудлууд хуулийн дагуу шийдвэрлэгдэхгүй, удаашралтай байгаа тухай ярьж байна.   
Орон нутагт архи, согтууруулах ундааны хэрэглээ “зохистой” бус байгаа тухай, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд архи, согтууруулах ундаа худалдаах зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийн тоог багасгахаас гадна архи, согтууруулах ундаа худалдаалахгүй байх өдрийн тоог нэмэгдүүлэх тухай дэмжүүштэй саналууд гарч байв. 
Мөн зарим суманд тамхи худалдаалах явдлыг нэг цэг буюу нэг хуулийн этгээдэд төвлөрүүлж буй нь өрсөлдөөнийг хязгаарлах, тамхины үнийг ихэсгэх, зарим иргэн ажлын байргүй болох, ашиг орлого нь буурах зэрэг сөрөг үр дагаварын талаас нь хандсан санал байна.
Орон нутагт дийлэнхдээ малын хулгайн гэмт хэрэг зонхилон гарч байх ба нууц аргаар үйлдэгдэж буй тул илрүүлэх боломж хязгаарлагдмал, нөгөө талаас малын хулгайн гэмт хэргийн тухай баримт, мэдээлэл бүхий зарим иргэн өөрийнхөө малыг алдах эрсдэл, хүчинд автах айдсаас шалтгаалан тухайн асуудлыг гэрчлэхээс айдаг, зарим суманд малын хулгайн гэрч болсныхоо төлөө бусдад зодуулсан, малаа алдсан явдал гарсан байна.
Зөвхөн малын хулгайн тухай бус иргэн, албан тушаалтны хууль бус зарим асуудлыг мэдэж байгаа ч тодорхой “айдас”-ын улмаас мэдээлэл өгч чаддаггүй асуудал байдаг юм байна. Энэ байдал нь иргэдээс хэрэг, зөрчлийн тухай мэдээлэл авах, урамшуулах оновчтой механизм, мэдээллийн эх сурвалжийг хамгаалах, нууцлах тухай асуудлыг оновчтой зохицуулах, энэ талаар иргэдэд мэдлэг олгох асуудал тулгамдсан байгаагийн илрэл юм. 
Сумдын удирдлага, иргэдийн зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн “Амьдралын буруу эргэлт” зохиомжийг иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй ажил болохыг тэмдэглэж, хөдөөгийн багийн иргэдэд үзүүлэхийн тулд багийн дарга нарт хувилан тараах, цаашид малын хулгайн гэмт хэргийн чиглэлээр зохиомж хийх саналыг гаргаж байв.            
Зарим иргэдийн ярьж байгаагаар орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улс төрийн албан тушаалтнууд хэрэгжүүлэх чиг үүүрэгтэй хэдий ч боловч тэдний ихэнх нь хууль, эрх зүйн боловсролгүй буюу огт мэргэжлийн бус хүмүүс тул мэргэжлийн үйл ажиллагааг явуулах бодит боломжгүй байдгаас гадна явуулсан зарим үйл ажиллагаа нь төдийлөн оновчтой бус, үр нөлөөгүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улс төрийн үйл ажиллагааны хавсарга төдий болгох буюу хэлбэрийн байдлаар хандах зэрэг асуудал байдаг ажээ.     
Анхан шатны шүүх нүүдэллэн ажиллаж, гэмт хэргийн шүүх хуралдааныг олны өмнө нээлттэй хийх, иргэдэд хууль, эрх зүйн талаар лекц, яриа хийж, хуулийг сурталчилдаг байсан нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд үр нөлөөтэй арга болж байсан практик манайд бий. 
Одоогийн практикт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улс төрийн албан тушаалтан, ихэнхдээ хуулийн мэргэжлийн бус хүмүүс хариуцдаг тул тэд мэргэжлийн үйл ажиллагааг явуулахад зарим талаар учир дутагдалтай, хэлбэр төдий хандахад хүрдэг зэрэг байдлыг анхаарч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг “анхан шатны шүүхийн нүүдэллэн ажиллах зохицуулалт, шүүхийн зорилготой“ нягт уялдуулан шинэлэг байдлаар, нэгдсэн бодлого, төлөвлөгөө, журмын дагуу шүүх манлайлан хуулийн бусад байгууллагатай хамтран  ажиллах, харилцан үүрэг хүлээх, төсвийн хөрөнгийг нэгмдэл байдлаар үр ашигтай зарцуулах зэрэг олон асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатай болох нь олон зүйлээс тодорхой ажиглагдав.      
Шүүх манлайж, бусадтай хамтран жил бүр аймгийн бүх сумдад 1-с доошгүй удаа нүүдэллэн ажиллах, шүүх хурал нээлттэй хийх, нээлттэй өдөрлөг зохион байгуулах замаар хууль сурталчлах, иргэдтэй уулзаж, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах, шүүх эрх мэдлийн байгууллагын чиг үүргийг ойгуулах зэрэг мэргэжлийн хүрээний үйл ажиллагаа  хэрэгжүүлдэг байх нь шүүх эрхэм зорилгыг хангах, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөтэй, гол хэлбэр гэдэгт эргэлзээ байхгүй юм.        
Зарим сумдад цагдаагийн албан хаагч шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж буй иргэнийг хайж олох, хүргэхэд төсөв санхүү байдаггүй, хүрэлцдэггүй, түүнчлэн цагдаагийн кабонгүй, аймгийн төвөөс бусад ихэнхи сумдад согтуурсан иргэний согтуурлыг шалгах багажгүй зэрэг нь анхаарлаа хандуулж, шийдвэрлэх ёстой асуудалд бас хамаарч байна.     
ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ИРГЭНИЙ ЭРХ” эрх зүйн соёлын аяныг хэрэгжүүлснээр Баянхонгор аймгийн иргэдийн багагүй төлөөллийн хувьд :
- Шүүх эрх мэдлиийн шинэчлэл, шүүхийн эрхэм зорилго, чиг үүрэг, зориулалтыг,  
-  Шүүхийн багц хуулийн агуулга, ач холбогдлыг,  
- Шударга шүүхгүйгээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс бодитой хэрэгжих, хамгаалагдах боломжгүйг,  
- Улс оронд Шударга ёс, Хуулийн засаглал тогтооход өөрсдийнх нь  оролцоо, эрх зүйн боловсрол чухал ач холбогдолтойг,
- Хуулийн засаглал тогтооход авлига ямар сөрөг үр дагавартайг,
- Гэмт хэргийн шалтгаан, хор холбогдол түүнээс урьдчилан сэргийлэх талаар,  
- Шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх арга замын тухай зэрэг шүүх эрх мэдэл, хууль, эрх зүйн цогц асуудлаар мэдлэг, мэдээлэл авсан гэдэгт эргэлзээгүйгээс гадна энгийн иргэдийн үгийг сонсож, анхаарвал зохих олон асуудлын заримаас нь мэдэж, улмаар шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст дамжуулах боломж бүрдсэн зэрэг нь тухайн аяны үр нөлөөний гол илэрхийлэл юм, гэвч цаашид үргэлжлүүлж “Иргэний эрх зүйн боловсрол ба Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд хийх ажил бас олон бий.
 “Шударга ёс, хуулийн засаглал” тогтооход иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол, идэвхтэй оролцоо нэн чухал.     
Иргэд нь эрхээ мэддэг, боловсролтой, төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоотой байх аваас амьдралд нийцсэн хуультай болно, хууль шударга хэрэгжинэ, иргэн ба төр хэн боловч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нөхцөл хангагдана, албан тушаалтан хэнд ч албан тушаалаа урвуулан ашиглах боломж олгохгүй.
Аливаа бодлого, шийдвэрт иргэний шууд оролцоо, санал, санаачилгыг хангахын тулд иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг, боловсрол олгосон байх ёстой билээ.    
Иймд иргэдэд хууль сурталчлах, таниулах үүрэг хүлээсэн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны арга, хэлбэрийг эрс шинэчлэх, хариуцлагажуулах, тухайн чиглэлийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх зэрэг асуудалд анхаарахын зэрэгцээ түгээмэл үнэт зүйлс, шүүх эрх мэдэл, хууль, эрх зүй, авлигын эсрэг үзэл санааг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлж, оновчтой зохион байгуулах буюу иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, ухамсар сэтгэлгээ”-нд шинэчлэл хийх арга замыг зөв тодорхойлж, оновчтой хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал гэж үзэж байна.       
Монголчууд бид эрх чөлөө, шударга ёс, хөгжил, дэвшлийн “зөв зүг чиг” рүү явж байна. Хийсэн ажил ч их байна, хийх ажил ч их байна. Иргэн бүрийн өмнө хууль, шударга ёсны хүрээнд хүссэнээ хийх “түм буман боломж”-ууд нээлттэй байна.           
“Шударга шүүх, эрх зүйт хуулийн шударга хэрэгжилт нь ардчиллын үнэт зүйлсийн баталгаа буюу ардчилсан, эрх зүйт төр оршихуйн үндэс болой”.           
Чингис хаан Хууль, дүрмийг чанд сахихгүй бол төрт улс бутран сарнихыг мэдэгтүн, сахигтүн” гэж айлдсаныг цаг ямагт санацгаая.  

ШҮҮГЧ Г.ГАНБААТАР,
 Баянхонгор, 2013 оны 07 сарын 01