Sunday, January 17, 2016

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ба НИЙГМИЙН МЭДРЭМЖ




ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ба
НИЙГМИЙН МЭДРЭМЖ  

Улаанбатаар хот,
2016.01.08

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар дахин хянан шийдвэрлэхээр болжээ.   
Гэхдээ Үндсэн хуулийн цэцээс тухайн асуудлын талаар нийгмийн мэдрэмжийг мэдэрсэн, мэдрүүлсэн шийдвэр гаргана гэдэгт найдна.     
Шүүх (Цэц) нь аливаа маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн асуудлын хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн олон талт үндэслэл, нөхцөл байдал, үр дагаварыг соргогоор мэдэрч, зөв шийдэл гаргахыг “нийгмийн мэдрэмж”-тэй шийдвэр гэж ойлгодог байна.                  
Шүүхийн багц болон шүүх байгуулах хууль бол ардчиллын ба эрх зүйн үнэт зүйлс, эрх зүйн хөгжлийн орчин үеийн хандлага, нийгмийн эрэлт буюу шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” бодлого, зарчмын дагуу боловсруулагдан, батлагдсан хууль учраас Үндсэн хуульд нийцсэн гэж үздэг билээ.     
Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь гагцхүү Монгол Улсын шүүхийн тогтолцоо (анхан, давах, хяналтын шат)-г, мөн шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болохыг тус тус заасан зөвхөн “шүүхийн тогтолцооны нэршил, шүүн таслах ажлын төрлөөр дагнах хэлбэр”-т хамаарах үндсэн гол утга агуулгыг илэрхийлнэ, харин шүүхүүдийг заавал “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  хуваарь”-ийн дагуу байгуулах утга санааг илэрхийлэхгүй байх ба шүүхээс хэрэг маргаан хянан шийдвэрлэх газар зүйн байршил буюу шүүхэд харъяалагдах хэрэг маргааны харъяаллын тойргийн зураглалыг хэрхэн хийж, энэ дагуу шүүхүүдийг хаана, яаж, хэрхэн байгуулахыг “шүүхийн үндсэн тогтолцооны нэршил”-ийг харгалзан, нийгмийн  эрэлт, шаардлага буюу хэрэг маргааны төрөл, гаралтын түвшин, хүн амын төвлөрөл, эдийн засгийн чадавхи, үр ашиг зэргийг үндэслэл болгон УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй.            
Тийм учраас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль нь Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгээгүй, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байгаа билээ.          
Анхан шатны шүүхүүдийн иргэдэд үйлчлэх үйлчилгээ иргэдээс холдоогүй ба төв, орон нутагт анхан шатны шүүхүүд ажиллаж байгаа.      
Үндсэн хуульд заасан нэршлээр орон нутагт Аймгийн төв бүрт Сум буюу сум дундын шүүх ажилладаг, гэхдээ тус шүүхээр зарим сумдын иргэд үйлчлүүлэхийн тулд 500 км болон түүнээс хол зайнаас үйлчлүүлэх тохиолдлууд байгаа, үүнийг төрийн үйлчилгээ иргэдээс холдсон гэж үзвэл ямар сумдыг харъяалуулан дахин шүүх байгуулах эсэхийг УИХ шийдвэрлэх боломжтой.
 Харин дүүргүүдийн хувьд Үндсэн хуульд заасан нэршлийг хадгалан улмаар шүүн таслан ажиллагааны төрлөөр дагнуулан 2-3-н дүүргийн нутаг дэвсгэрийн дунд “дүүргийн эрүү, иргэний шүүх” байгуулсныг, Давж заалдах шатны шүүхийн хувьд орон нутагт мөн Үндсэн хуульд заасан нэршлийг хадгалан улмаар шүүн таслан ажиллагааны төрлөөр дагнуулан 2-3 аймгийн нутаг дэвсгэрийн дундДавж заалдах шатны эрүү, иргэний шүүх” байгуулсныг тус тус төрийн үйлчилгээг иргэдээс холдуулсан гэж үзэх үндэслэлгүй ба эдгээр зохицуулалт нь тухайн шүүхүүд, шүүгч нарын  хувьд ажлынх нь харилцан адилгүй ачааллыг харьцангуй жигд буюу тэнцвэртэй болгож, улсаас гарах төсөв санхүү, зардал хэмнэсэн буюу том төрөөс ухаалаг төрийн бодлого, зарчмыг хэрэгжүүлэх мөн тухайн шүүхүүдэд нөлөөлөх хөндлөнгийн нөлөөлөл, үр дагавараас урьдчилан сэргийлэх үзэл санаа, зорилгыг л агуулсан байдаг.       
Дүүргийн иргэд харъяалах дүүргийн шүүхээр үйлчлүүлэхэд 1 буюу хэдэн автобусны буудал л дамжина, харин дээр дурдсан зарим сумдын иргэд шиг хэдэн зуун “км” хол зам туулахгүй.      
Давж заалдах шатны шүүх гагцхүү эрх бүхий этгээдийн гомдол, эсэргүүцэл бичигдсэнээр л анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хянадаг учраас тухайн шатны шүүх хуралдаанд гомдол, эсэргүүцэл бичсэн этгээд заавал оролцох шаардлагагүй, харин гомдол, эсэргүүцлээ хууль ёсны ба үндэслэлтэй бичсэн байх нь чухал байдгаас гадна  хэрэв оролцохыг хүсвэл биечлэн очих, хэрэв очих бололцоогүй бол “цахим засгийн цахим сүлжээ”-г   ашиглан тухайн шүүхийн шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлж оролцох боломж бүрдсэнээс гадна давж заалдах шатны шүүх нүүдэллэн ажиллаж буй учраас тэдгээр шүүхүүдийг “иргэдийн шүүхээр үйлчлүүлэх эрхийг зөрчсөн, иргэдээс холдсон” гэж үзэх үндэслэлгүй юм.              
Цаашдаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” бодлого, зарчмын дагуу шүүхээс хэрэг маргаан хянан шийдвэрлэх газар зүйн байршлыг өөрчлөн шинэчлэх, ялангуяа давж заалдах шатны зарим шүүхүүдийг дахин бүсчлэх буюу нийслэлд төвлөрүүлэх шаардлага үүсч болохыг үгүйсгэхгүй байгаа ба гэхдээ энэ нь Үндсэн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт хийсний дараа шийдвэрлэгдэх асуудал юм.     
Жишээ нь : Шүүхийн статистик тоо баримтаас үзвэл Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх жилд тус бүр 1000, түүнээс дээш хавтаст хэргийг хянан шийдвэрлэдэг боловч шүүх тус бүр 20 орчим шүүгчтэй.  
Гэтэл нийслэлийнхээс бусад орон нутагт буй эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн хэрэг маргааны нийт тоо шүүн таслах ажлын төрөл тус бүртээ  нийслэлийн давж заалдах шатны аль ч шүүхийн шийдвэрлэсэн хэргийн нийт тооны 50 хувиас доош ба хэрэв аймаг бүрт Давж заалдах шатны шүүх байгуулах ёстой гэвэл доод тал нь 4 шүүгчээр тооцоход орон нутгийн зөвхөн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд нийт 84 шүүгч, мөн тооны шүүхийн захиргааны албан хаагчид ажиллахаар болно, мөн төчнөөн тооны Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, бусад албан хаагч ажиллах шаардлага үүснэ.  
Эндээс зөвхөн эрүүгийн шүүхийн хувьд авч үзэхэд л нийслэлийн давж заалдах шатны 20 шүүгч 1000 хэрэг шийдэх, орон нутагт нийт 84 шүүгч нийт 500 ба түүнээс  доош хэрэг шийдэх, эсхүл нийт 1500 хэргийг нийт 40 орчим шүүгч шийдэхийн аль нь эдийн засгийн болон бусад байдлаар үр ашигтай вэ гэдгийг энгийнээр тооцох боломжтой юм.             
Учир байдал иймд Үндсэн хуулийн Цэцээс Шүүх байгуулах тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн олон талт үндэслэл, хандлага, нөхцөл байдал, үр дагаварыг бүх талаас нь зөв, соргогоор мэдэрч буюу нийгмийн мэдрэмжийг мэдэрсэн, мэдрүүлсэн шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.      
   

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ






Wednesday, December 30, 2015

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТҮҮХТ ОЙН 105 ЖИЛ, УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 90 ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТҮҮХТ ОЙН 105 ЖИЛ,
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 90 ЖИЛ ЭХЭЛЛЭЭ
 
“Шүүх бол бидний гэр орд юм”.
 

2016 он Монгол Улсад шүүх байгуулагдсаны түүхт ойн 105 жил, Улсын Дээд шүүхийн 90 жил эхэллээ.           
Өнгөрснөөс эдүгээ үе үүссэн. Эх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн мэт. Ирсэн замаа эргэж хараагүй хүн, буцахдаа орон гэрээ олохгүй гэдэг. Үүн лугаа адил Монголын шүүх, шүүхийн системийн хөгжлийн түүхэн замнал, өнгөрсөн хугацаанд бий болсон сургамжийг эх үндсээс нь танин мэдэж, чанд харгалзан үзэхгүйгээр шүүхийн хөгжлийн чиг хандлага, ирээдүйгээ зөв тодорхойлох боломжгүй билээ.     
 “Шүүх, шүүгчгүйгээр аливаа төрт улсууд оршин байгаагүй” гэж үздэг. Монголчуудын төрт ёс, хууль цаазын арвин баялаг түүхэн уламжлалд шүүх, шүүгчийн түүхэн хөгжил онцгой байр суурь эзэлдэг.
Судлаачид Монголын хууль цааз, төрт ёсны түүхэн хөгжлийг авч үзэхдээ Хүннүгийн эсхүл Хамаг Монголын үеэс эсхүл Монгол гэх Улсыг дэлхийн түүхэнд алдаршуулсан, Эзэнт гүрний үеийн бичмэл гол хууль болох “Их засаг (Яса)” хууль үйлчилж байсан 1206 оноос гэх зэргээр ялгаатай байр суурьтай байдаг.       


1755 он гэхэд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн гал голомт манжийн эрхшээлд бүрэн орж, нийт Монгол Манжид эзлэгдэж, тэдний ноёрхолд 220 гаруй жил дарлагдсан. Хэдий Манжид 2 зуун дамнан дарлагдсан боловч :
Цусаар нь дэлхий эргэлдэн урсдаг  
Цуут, Суут Чингисийн Монгол ялсан, хөгжсөн, мандсан.
Монголын эрэлхэг, эх оронч хөвгүүд “Улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар оршихуй”-н төлөө халуун цус, бүлээн амиа үл хайрлан тэмцсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Манж Чин улсын 220 гаруй жилийн ноёрхлыг түлхэн унагааж, Чингисийн Монголчууд өөрийн төрт улсаа дахин сэргээснийг дэлхийн улсуудад сонордуулан, үүрд мөнх орших суурь нөхцлийг бүрдүүлэв.  
Энэ бүх үйл явдал нь тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид өөрийн ба бусад улс орны нөхцөл байдал, үүлэн чөлөө мэт ховор боломжийг зөв мэдэрч, гэгээн оюуныг шилээн тунгааж, олон талт оновчтой бодлого явуулсны үр дүн байсныг түүхэн сурвалжууд гэрчилдэг.  
Тийнхүү 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд Жавзандамба  хутагтын VIII дүр Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбууг “Шарын шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт түмэн наст Богд хаан” хэмээн өргөмжлөн, “Монгол Улс” байгуулсныг албан ёсоор тунхаглав.    
1911 онд Богд хаан өргөмжлөгдмөгц буулгасан зарлигаар 5 яам байгуулсаны нэг нь жүн Ван М.Намсрайн тэргүүлсэн Шүүхийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, тус яам нь цааз хуулийг барьж, шүүн таслах эрх эдэлж, захирч шийтгэнэ. Тус яам нь дотроо хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж шүүх, ял оноож шүүн таслах, ариутгах хэлтсүүдтэй байв.         
Богд хаант төр ингэж тогтов. “Бусдын төр миний төр биш, миний төр бусдын төр биш” болов. 
Дээрх түүхэн баримтат үйл явдлыг үндэс болгон Монголын Эзэнт гүрний тусгаар тогтнол алдагдан 220 жилээр тасарсан хугацааг Монголын түүхэн тэмдэглэлт үйл явдлын цаг хугацаанд хамааруулах боломжгүй учир Монгол Улсад Шүүх байгуулагдсан цаг хугацааг 1911 он буюу Улс үндэснийхээ бусдад алдагдсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо эгүүлэн олж авсан, “ШҮҮХ” яам байгуулсан тухайн цаг үеэс тооцохоор албан ёсоор шийдвэрлэсэн байдаг.             
Гэхдээ энэ нь 1911 оноос өмнөх Монголын төрт ёс, хууль цаазын арвин баялаг түүхийг үгүйсгэх, судалж, танин мэдэхгүйгээр орхигдуулж байгаа хэрэгт огт биш гэдгийг бид сайн мэдэх билээ.       
Шүүгчийг төрийн тэргүүн (хаан)-ээс томилж байсан хууль зүйн түүхэн уламжлал бий. Энэ нь бүр Хүннү гүрний үеэс эх сурвалжтайг түүхч, судлаачид бичсэн байдаг.  
Чингис хаан “Гүр улсын хулгайг гэсгээж, худлыг мохоож, зэмтнийг гэсгээ. Алдалтан буруутныг алдуул”, “хэрүүл, хулгай, худал үйлстнийг засан заргалтугай” хэмээн улсын заргач буюу шүүгчийг томилдог байж.[1] Мөн Монгол Улсын шүүгчид хууль,  шударга ёсны өмнө хамгаас онцгой бүрэн эрх, өндөр үүрэг, хариуцлага хүлээдэг болохыг Чингис хааны буулгасан “Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно. Бүх улсын доторхи хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай” гэх лүндэн (зарлиг) бидэнд цаг ямагт сануулах бөлгөө. Энэ бол Улсын шүүгч бүр үеийн үед дээдлэн шүтэж, чандлан сахих амьд гэрээслэл болдог.   
Энэ мэтээр Монголын шүүх эрх мэдэлд холбогдох өв их соёлын түүхэн уламжлал, сургамжаас бидэнд судалж танин мэдэх зүйлс их бий.                                        
Хамгийн чухал нь Монголын шүүхийн түүхэн уламжлал, шинэчлэл, хөгжил  бол Монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, засаг төрийг хуулийн хязгаарлалтад оруулахын төлөөх олон зуун жилийн тэмцлийн түүхтэй салшгүй холбоотой болохыг түүхэн баримт сурвалжууд өгүүлдэг.                     
Гэхдээ Монголын шүүхийн 105 жилийн түүхэн уламжлал, шинэчлэл, хөгжил  бол зөвхөн шулуун дардан замаар замнаагүй билээ. Энэ нь Улс орны хөгжлийн түвшин, эдийн засгийн чадавхи зэргээс ялангуяа тухайн үеийн улс төрийн байгууламж буюу дэглэмээс үлэмж хамааралтай байв. Гэвч манай үе үеийн шүүх, шүүхийн хамт олон “бэрхшээл, сорилт, намын ба засгийн хараа хяналт”-ыг зориг тэвчээр, итгэл зүтгэлтэйгээр даван туулж, шинэ цаг үетэй золгожээ.                 
Орчин цагийн хүн төрөлхтөний нийтлэг хандлагад нийцүүлэн ардчилал, эрх зүйт төр оршихуйн үндэс нь шүүх эрх мэдэл болохыг шинэ Үндсэн хуулиар  баталгаажуулж, шүүх эрх мэдлийн салбарт цогц өөрчлөлт, шинэчлэлийг алхам алхамаар хийсний үр дүнд шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал, боловсон хүчин, хөрөнгө санхүү, техник хэрэгсэл, ажиллах орчин, ахуй нөхцөл бүхий л талаар зохих ёсоор хангагдаж, эдүгээгийн хөгжил, дэвшлийн шинэ түвшинд хүрч чадсан.    
Эдүгээ цаг дор шүүх эрх мэдлийн болон хуулийн шинэчлэл эрчимтэй, тасралтгүй үргэлжлэн хийгдэж байна. Шинэчлэлийн замд бас л хүндрэл учруулсан олон хүчин зүйлс байхаас гадна хувийн, бүлгийн явцуу эрх ашиг, өөрт таалагдаагүй гэх сэдлээр шинэчлэлийг ухраах, эрчийг сааруулан саад хийх, улс төржүүлэх зэрэг сөрөг хандлага гарсаар л байна.    
Бид ухрах бус урагшаа давшин тэмүүлэх ёстой. Бидэнд хийсэн ажил их бий, цаашид хийх ажил ч багагүй байна. Энд та бидний идэвхтэй оролцоо, оновчтой-шинэ санал, санаачилга чухал билээ.  
“Гартай бүхэн гавшгайлагтун,      
Хөлтэй бүхэн хөдлөгтүн, 
Гэр ордын үйл хэргийг бүтээхэд 
Хүмүүн бүр хүчин зүтгэсүгэй,
Аугаа ууч сэтгэлийг барьж
Аху төрд тустайг үйлдэгтүн,
Авах, гээхийн ухаан зарж
Алдсан, оносноо дэнслэн ухагтун“ гэж Чингис хаан айлджээ. 
“Шүүх бол бидний гэр орд” юм.Улсын шүүх & Улсын шүүгч” гэдэг бол орчин цагийн эрх зүйт ёс, ардчиллын үнэт зүйлсийн эрх зүйн товч утга агуулгаар :          
 


Ийнхүү “Монгол Улсад шүүх байгуулагдсаны 105 жил, Улсын Дээд шүүхийн 90 жилийн ой”-г угтан бид “Бүтээлч ажил-105” санаачилга гарган, хамтран хэрэгжүүлэхийг шүүхийн хамт олонд уриалж байна.      
“Монголын шүүх бол олон түмний шударга ёсны эрэлийн төлөөх тэмцлийн ололт юм.”
“Монголын шүүхээс Монголын төр, хууль цаазын түүх уншигддаг, бичигддэг”  билээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн хамт олон,
Г.ГАНБААТАР, 2015.12.31















[1] Монголын нууц товчоо. Сонгомол эх. УБ., 2005. х.62, 101. Æ.Áîëäáààòàð, Ä.Ë¿íäýýæàíöàí. ÌÓ-ûí òºð, ýðõ ç¿éí ò¿¿õýí óëàìæëàë. ÓÁ., 1997.63-64-ð òàë, Ñ.Áàäàð÷è. Èõ ÌÓ-ûí ø¿¿õèéí óëàìæëàë. Òºð, ýðõ ç¿é ñýòã¿¿ë.¹7. 3-5-ð òàë.