Monday, February 4, 2013

Эрүүгийн хэргийн нотлох баримтын шинжилгээ, олон талт асуудал ба шүүхийн практик




Эрүүгийн хэргийн нотлох баримтын шинжилгээ,
олон талт асуудал ба шүүхийн практик  

Эрүүгийн хэргийн нотлох баримтад шинжилгээ хийх онол, арга зүй, хууль хэрэглээний болон байцаан шийтгэх процесс ажиллагааны явцад анхаарах зарим асуудал, шүүхийн практик судлалын хүрээнд мэргэжил нэгт нөхөдтэй туршлага хуваалцах, санал солилцох, шийдвэрлэвэл зохих асуудлуудыг хамтран хэлэлцэхийн тулд энэхүү нийтлэлийг бичив”.         

Эрүүгийн хэргийн нотлох баримтын шинжилгээ гэдэг нь тухайн эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгдэнэ.           
Нотлох баримтын шинжилгээ нь эрүүгийн хэргийн хувьд нотолгооны зүйл буюу хэргийн талаар нотолбол зохих асуудлууд болон хэрэгт авагдсан бусад баримт бичгийн хүрээнд цогц байдлаар хийгдэхээс гадна нотлох баримтын эх сурвалж тус бүр нь тухайн хэрэгт :                   
-хамааралтай, -ач холбогдолтой,      
-үнэн зөв, -эргэлзээгүй,     
-хангалттай, -хуульд заасан үндэслэл, журам, арга, хэрэгслээр цугларсан, бэхжигдсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн шалгаж, хууль, эрх зүйн үнэлэлт, дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий процесс ажиллагааг хамаарч явагдана.                
Нотлох баримтад шинжилгээ хийхэд нотлох баримтын төрөл, ангилал (шууд ба шууд бус, анхдагч ба дамжмал, яллах ба цагаатгах гэх мэт), эх сурвалж, нотлох баримтын хамаарал, нотолгооны чадвар, тэдгээрийг шалгах, шинжлэх, үнэлэх арга зүй (анализ, синтезийн, харьцуулалын арга гэх мэт) зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны болон нотлох баримтын онолын өргөн мэдлэг зайлшгүй шаардлагатай байдаг.                           
Эрүүгийн хэргийн нотлох баримтын шинжилгээг зөв хийхгүйгээр хэргийн байдлыг талаас бүрээс нь бүрэн бодитой тогтоох, зүйлчлэлийг зөв хийх, мэтгэлцээнийг хууль, ёс зүйн хүрээнд мэргэжлийн ур чадвартайгаар “амьд” явуулах бололцоогүй төдийгүй эрх бүхий субъектээс тухайн хэргийн талаар гаргах аливаа шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байж чадахгүйд хүрэх зэрэг олон сөрөг үр дагаварууд үүсдэг юм.           
Эрүүгийн хэрэгт шинжилгээ хийснээр буюу нотлох баримтуудыг шинжлэн судалж, шалгаж, үнэлснээр :    
А. Хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой сэргээн тогтоож, энэ  тухай хууль зүйн дүгнэлт гаргана.       
Хэзээ, хаана, хэн, юуг, яаж, ямар нөхцөл байдалд, ямар аргаар гэх зэрэг дэс дараалал бүхий асуултуудад хариулт өгөх буюу хэргийн талаар нотолбол зохих асуудлууд тус бүрийн байж болох хэмжээ, хязгаарын хүрээг бүрэн хамаарахаас гадна үйл явдлыг орон зай, цаг хугацааны хамаарал, дэс дараалал зэргийн хувьд цогц байдлаар бодитой тогтоогдсон эсэхийг үнэлж, дүгнэсэн байх ёстой.           
Б. Хэргийн зүйлчлэл зөв эсэхэд хууль зүйн дүгнэлт гаргана.  
Хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой сэргээн тогтоосон эсэхээс хэргийн зүйлчлэл шууд хамаардаг.      
            Энэ хүрээнд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль зүйл хэсэгт нийцэж буй эсэх буюу Эрүүгийн хуулийн зүйл заалтууд, гэмт хэргийн зүйлчлэлийн онол, албан ёсны болон шинжлэх ухааны тайлбар зэргийг заавал судалж, үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийсэн байх шаардлагатай.  
            В. Хэрэгт авагдсан бусад баримт бичиг, хийгдсэн нотлох ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт гаргана.    
            Эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлэн хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримт, эд хөрөнгө хурааж авах, битүүмжлэх, үзлэг хийх, эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах, хэргийг мөрдөх ажиллагааны хууль ёсны байдал, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг зөв тогтоосон эсэх, шинжээч томилох тогтоол болон даалгавар, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан зэрэг баримт бичиг, шийдвэрийн заалтын хэрэгжилт зэргийг бүх талаас нь шалгаж, үнэлж дүгнэх нь бас чухал ач холбогдолтой.         
Эрүүгийн хэрэгт нотлох баримтын шинжилгээ хийж, хууль зүйн дүгнэлт гаргах дээрх ажиллагааг эрүүгийн хэргийг мөрдөх, яллах, өмгөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэх субъект бүр хуулиар олгогдсон тус тусын эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд хууль, ёс зүй, үндсэн ба тусгай зарчмуудыг чанд сахиж, бодитой хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин ямар арга, тактикаар яаж хэрэгжүүлсэн буюу эрүүгийн хэргийн нотлох баримтын шинжилгээг бүрэн, зөв хийж, хууль зүйн дүгнэлт гаргавал зохих тухайн асуудал тус бүрт бодитой үндэслэл гаргаж чадсан эсэх нь тэдний онолын мэдлэг, практик туршлага, ур чадвар зэргээс ихээхэн хамааралтай байдаг.   
Хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах эсэх нь анхаарах ёстой асуудал юм.      
            Хэргийг мөрдөн байцаалтад буцаах асуудал нь хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд нотолж чадаагүй буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн, бодитой явагдаагүй, Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөнтэй холбоотой байдаг.        
Шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийг буцаах эсэхийг шийдвэрлэхдээ хуульд заасан дээрх үндэслэлүүдийг бүрэн, зөв үнэлж, дүгнэх ёстой, хэрэв шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой, хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйлд хамаарахгүйгээр бол буцаах ёсгүй.        
Зарим судлаач, хуульчид шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах асуудлыг халах тухай ярих болов.               
Шүүх хэргийг хуульд заасан үндэслэл журмаар буцаадаг, түүнийг дээд шатны шүүхээр хянуулж бас болдог, ер нь шүүхээс хэрэг буцаах нь дур зоргын асуудал биш, шүүгдэгч, хохирогчийн эрх, хувь заяаны асуудал, иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчмын хэрэгжилтийг хангах зэрэг олон цогц асуудал байдаг учраас зайлшгүй буцаах шаардлага бодитой үүсч байдаг. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах асуудлыг халахад асуудал нь байгаа юм биш, харин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын боловсон хүчний бодлого, хүний нөөцийн чадвар, мэдлэг боловсрол, ёс зүйн түвшин нь ямар байна вэ гэдэгт бас асуудал байгааг анхаарах.        
Нөгөө талаас хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шүүхэд хөнгөрүүлж эсхүл хүндрүүлж шийдэх эрх олголоо гэхэд ч урьдчилан төсөөлөх боломжгүйгээр хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд, хууль, эрх зүйг үгүйсгэх байдал, бүрэн гүйцэд шалгаж нотлоогүй дутуу, зөрчилтэй, маргаантай асуудлууд, өөрсдийн хариуцлагагүй ажиллагаа бүрийг шүүхэд хамаатуулах, даатган орхих зэрэг олон сөрөг үр дагавар бүхий асуудал үүсэхийг зайлшгүй бодолцох ёстой.        
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд анхаарвал зохих дараах зарим асуудал байна.    
Эрүүгийн хэрэг бүр харилцан адилгүй үйлдэгдсэн байдаг тул тухайн ялгаатай байдлаас шалтгаалан мөрдөх, байцаах арга зүй, тактик, төлөвлөгөөгөө зөв боловсруулах, тухайн хэрэгт нотолгооны хэрэгслүүдийг (-Байцаалт, -Нүүрэлдүүлэн байцаах, -Үзлэг, -Нэгжлэг, -Хураан авах, -Шинжилгээ хийлгэх, -Туршилт, -Таньж олуулах, -Мэдүүлгийг газар дээр нь шалгах) зөв сонгож, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн, чадварлаг, шуурхай хэрэгжүүлж байх нь хамгийн чухал.
Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх сэжиг байсаар байхад хэргийн газрыг яаралтай хамгаалалтад авах, үзлэг, нэгжлэг, шинжилгээнд болон эд мөрийн баримтад хамаарах эд зүйлс, ул мөрийг бэхжүүлэх, хураах, иргэдээс тайлбаруудыг шуурхай авах зэрэг хойшлуулшгүй ажиллагааг нэн даруй хийхгүй байх, хэргийг халуун мөрөөр нь шалгахад хугацаа алдсанаас ээдрээ, төвөгтэй байдалд хүргэдэг байдал бүрэн арилаагүй л байна. 
Эрүүгийн  хэрэгт олон баримт цуглуулсан нь буюу нотлох баримтын нийлбэр гол бус хамгийн чухал нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд зайлшгүй тогтоох шаардлагатай нөхцөл байдлууд буюу нотолгооны зүйлийг зөв, бүрэн гүйцэд тогтоох, энэ хүрээнд нотолбол зохих асуудлуудыг нотлох чадвар бүхий шууд, анхдагч нотлох баримт болох баримт сэлт, мэдээлэл хангалттай байгаа эсэх, нотлох баримтуудын хооронд зөрүү байгаа эсэх зэрэг асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд заавал шалгаж мухарлах, нотолгооны хувьд үүссэн зөрүү бүрийг арилгахгүйгээр Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүйг анхаарах ёстой.        
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг хангах хүрээнд : Сэжигтэн, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангахад ялангуяа тэднээс байцаалт авахад өмгөөлөгч заавал оролцуулах, боломжтой тохиолдолд дүрс, дуу бичлэгийн техник хэрэгслээр давхар баталгаажуулахыг анхаарах. Хүний эрхийг бодитой хангах шаардлагын хүрээнд цаашдаа бүхий л мэдүүлгийг дүрс, дуу бичлэгийн техник хэрэгслээр давхар баталгаажуулах шаардлага бодит биелэлээ олох ёстой юм.       
Шүүх хуралдаанд зарим шүүгдэгч нарын зүгээс мөрдөн байцаагч миний ярьж хэлсэн зүйлийг бичээгүй, ярьж хэлээгүй зүйлийг бичсэн, ярьж хэлсэн зүйлийг бодит байдлаар бичээгүй, зассан, нэмж бичсэн, агуулга нь өөрчлөгдсөн байна, мэдүүлгийг тэгж уншиж өгөөгүй, дутуу уншиж өгсөн, зодсон, хүч хэрэглэсэн, мэдүүлгийг уншуулаагүй гарын үсэг зуруулсан гэж мэдүүлдэг ба тэд ихэнхдээ бага боловсролтой, өмгөөлөгчөөр хангагдаагүй байдаг. Бодит байдал дээр бага боловсролтой этгээд бүр уншиж бичиж чадахгүй буюу бичиг үсэг мэддэггүй тул өмгөөлөгчөөр хангах шаардлагатай. Мөн тэдний зарим нь өмгөөлөгч авахгүй гэсэн тохиолдолд шалтгааныг тодруулаагүйгээр мэдүүлэг авсан байдаг, гэтэл өмгөөлөгч аваагүй үндсэн шалтгаан нь төлбөрийн чадваргүй байдал байх ба энэ нь төлбөрийн чадваргүй бол өмгөөлөгчөөр заавал хангах хуулийн заалт зөрчигдсөн үндэслэлд хамаарах юм.               
Мөн хэд хэдэн этгээд хамтран гэмт хэрэг үйлдсэн байхад тэд бүгд харилцан эсрэг сонирхолтой байх нь тодорхой атал тэднийг 1 өмгөөлөгчөөр бус тус тусад нь өмгөөлөгчөөр хангасны дараа байцаах, тэгж чадаагүйгээс зарим гэмт хэргийг шийдвэрлэхэд ээдрээ төвөгтэй байдал үүсгэсэн байдгийг анхаарах.       
Сэжигтэн, яллагдагч тэдгээрийн өмгөөлөгчид шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа бус гарсан тухай бүр танилцуулж, энэ талаар хуулиар олгогдсон эрхийг нь бүрэн эдлүүлэх боломжийг бүрдүүлж хэвших. Тухайн эрх нь бүрэн хангагдахгүй байгаа ба зарим тохиолдолд эрүүгийн хэрэг нь шүүх дээр ирсэн үед шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол, хүсэлт гарах тохиолдлууд гарч, энэ нь хэрэг шийдвэрлэх хугацаа хэтрүүлэх, хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болох улмаар хэргийн оролцогчдыг чирэгдүүлэх, хуулийн байгууллагуудад үл итгэх зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг.       
            Гэрч, хохирогч нарыг байцаах хүрээнд : Зарим гэрч нар хэргийн газар байсан атлаа ерөнхийлсөн, тодорхой бус, эргэлзээтэй мэдүүлэх, эсхүл “асуухгүй бол ярихгүй” гэсэн утгаар тодорхой мэдүүлэхийг хүсээгүй, мөн мөрдөн байцаагч  оновчтой, тодорхой асуулт асуухгүйгээр орхисноос хэрэгт эдрээ төвөгтэй байдал, дахин шалгуулах нөхцөл байдлууд үүсгэдэг. Зүй нь нотолгооны зүйлийг бүрэн нотолж тогтооход чиглүүлэн гэрч бүрээс тухай бүр маш тодорхой, бүрэн мэдээлэл авахаар асуулт тавих ёстой. Зарим тохиолдолд хэргийн хохирогч, голлох гэрч нар мэдүүлэг өгсөн боловч бичиг үсэг мэдэхгүй, боловсрол багаас шалтгаалж гарын үсгээ зурахдаа зөвхөн үсэг тавьсан байх төдийгүй өөрөө уншсан эсхүл уншуулсан эсэх нь тодорхой биш байх улмаар шүүхэд мэдүүлэхдээ огт өөрөөр мэдүүлэх зэрэг тохиолдол гардаг тул тухайн хохирогч, гэрч нарыг байцаахад байлцах эрхийг нь өмгөөлөгч нарт эдлүүлэх буюу тухайн эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож байх.    
Хохирогчийг байцаахад ямар гэмт хэргийн хохирогч вэ гэдгээс шалтгаалан анхаарах асуудлууд олон янз байдаг.   
Гэмт хэрэг хохирогчийн хууль бус үйлдлээс шууд шалтгаалсан тухайн нөхцөлд хохирогчийн хууль бус үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг заавал анхаарч, шалгаж шийдвэрлэх. Хэрэв хохирогч мэдүүлгээ тогтвортой бус байдлаар өгсөн буюу өөрчилсөн, эргэж буцсан тохиолдолд тухайн шалтгааныг заавал тогтоож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг  зөв, шуурхай авч хэрэгжүүлэх ёстой. 
Аливаа гэмт хэргийн хохирогч нь болсон үйл явдал болон хор уршиг, хохирлын талаар үнэн зөв мэдүүлж буй эсэхийг нотлох баримтын бусад эх сурвалжаар давхар магадлан шалгаж, тогтоож чадсан эсэх нь хамгийн чухал асуудал байдаг тул энд онцгой анхаарал хандуулах шаардлагатай юм.       
Гэрч, хохирогч нар шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаалтад анх мэдүүлснээсээ түүнчлэн шүүхээс хэргийг хуульд заасан үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасны дагуу дахин байцаахад мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээсээ тус тус эрс зөрүүтэй мэдүүлэг өгдөг байдал гарсаар байгаа ба энэ тохиолдолд мэдүүлгийн зөрүү гарсан шалтгааныг шалган тогтоож, худал мэдүүлэг өгсөн гэрч, хохирогчийг Эрүүгийн хариуцлагад татах, хариуцлагын бусад асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулдаг, нотлох баримтын эх сурвалжийн худал шинж, зөрүүг арилгахгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх эсхүл эсрэгээр хүндрүүлдэг буруу практикийг засах ёстой.              
Гэрч, хохирогч мэдүүлгээ өөрчлөх, худал мэдүүлсэн шалтгаан нь дарамт шахалт, хууль бус нөлөөлөл, эдийн засгийн сонирхол байж уу гэдгийг тодорхой тогтоох шаардлагатай ба энэ хүрээнд бусад шалгах, хариуцлага хүлээлгэвэл зохих олон асуудал үүссэн байж болно.    
Хүчингийн гэмт хэргийн хохирогчийг байцаахад шүүгдэгчийн өмгөөлөгчийг эрхийнх нь дагуу байлцуулах шаардлагатайг анхаарах.     
Хүчингийн хэргийн хохирогч нь насанд хүрээгүй тохиолдолд сурган хүмүүжүүлэгчийг заавал байлцуулах, харин насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эхийг гэрчээр давхар асуух нь ач холбогдолтой, энэ нь хэдийгээр дамжмал нотлох баримт боловч хэргийн нотолгооны хувьд эргэлзээ төрүүлэхгүй байхад чиглэгдэнэ.     
Мөн бага насны хүүхдүүд гэмт хэрэгт өртсөний улмаас дийлэнхдээ “сэтгэцийн гэмтлийн дараах дарамтат хямралд” ордог, хэрэв уг эмгэг нь цаг алдалгүй эмчилгээ хийлгэхгүй бол сэтгэцийн өвчин болж даамжирах аюултай гэж үздэг тул тухайн насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцийн байдлыг үзүүлж дүгнэлт гаргуулж байх зайлшгүй шаардлага үүсч байгаа юм.
Ихэнхдээ гэмт хэргийн хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бодит ба бодит бус хохирлыг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх боловч тэдгээрт холбогдох нотлох баримтууд хэрэгт байдаггүй нь шүүхийн өмнөх шатанд хохирогч нарт хохирлоо нөхөн төлүүлэхдээ нотлох баримтаа бүрдүүлэх үүргийг болон холбогдох баримт сэлт гаргаж өгөх эрхийг нь тайлбарлаж өгдөггүйтэй холбоотой байгааг анхаарах.   
Түүнчлэн хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй хэдий ч зарим хэргийн хохирогч нар ямар нэг баримт, үндэслэлгүйгээр хохирлоос хэд дахин илүү төгрөг шаардаж авсан байдаг тул сэжигтэн, яллагдагчийг аль болох өмгөөлөгчөөр хангах, тэдэнд нотлох баримтын дагуу хохирлыг нөхөн төлөх ёстойг тайлбарлан таниулж байх нь зүйтэй. 
Шинжээчийн дүгнэлт гаргуулах хүрээнд : Шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэл, нотолгоотой эсэхэд хяналт өндөр байх шаардлагатай.   
 Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, эргэлзээтэй байхад тухайн зөрүү, эргэлзээг арилгахгүйгээр хууль ёсны бус дүгнэлтэд хөтлөгдөж, хэргийн зүйлчлэлд алдаа гаргахгүй байхад анхаарах нь нэн чухал. Тухайлбал : Шинжээч анхлан хөнгөн эсхүл хүндэвтэр, хүнд гэмтэл гэсэн дүгнэлт гаргасан атлаа хэсэг хугацааны дараа дахин дүгнэлт гаргуулахад эсрэгээр гэмтлийн зэрэгт хамаарахгүй буюу гэмтлийн зэргийг нь бууруулж тогтоосон нь цөөнгүй байдаг. Мөн гэмтэл үүсгэсэн механизмын хувьд анхлан уг гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн үйчлэлээр үүссэн гэж тогтоосон боловч хэсэг хугацааны дараа хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэх мэтээр зөрүүтэй, эсрэг тэсрэг дүгнэлт гаргадаг явдал байсаар байна. Ийм зөрүүтэй шинжээчийн дүгнэлт байгаа тохиолдолд аль дүгнэлтийг хууль ёсных гэж үзэхээ зөв, үндэслэлтэй шийдвэрлэх, хэрэв эргэлзээ, зөрүү байгаа бол Шүүхийн шинжилгээний дээд байгууллагаар заавал дахин дүгнэлт гаргуулан тухайн зөрүүтэй байдлыг зөв тогтоохгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөх ёсгүй.     
Иймд зарим шинжээч эмч нарын хууль ёсны бус буюу хариуцлагагүй байдлаар гаргасан дүгнэлтэд хөтлөгдөх, хайхрамжгүй хандах, тэдэнд хариуцлага тооцохгүй байх зэргээр хууль зөрчих явдал гаргах нь хууль хэрэглээ, сахилга, хариуцлагын ноцтой зөрчил юм.          
Шүүхийн практикаас үзэхэд хохирогчийн тархинд үүссэн гэмтлийг зөвхөн рентген зургаар гаргасан шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадахгүй байх тохиолдлууд гарах болов. Тухайлбал :  Рентген зургаар “хүнд” гэсэн гэмтэл нь томографын зураг авахуулахад “хөнгөн” гэмтэл байх, мөн рентген зургаар “хүндэвтэр” гэсэн гэмтэл нь томографын зураг авахуулахад “хүнд” гэмтэл болж хувирсан асуудал шүүхийн практикт цөөнгүй гарч байх тул хохирогчийн тархинд үүссэн гэмтлийг заавал томографын зураг авахуулж байж шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хууль ёсонд нийцнэ. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулахгүй бас түүнийг хэлмэгдүүлэхгүй байх зарчмын асуудал болно.   
Зарим хэргийн хохирогч нар архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас унаж бэртэх, юм мөргөх зэргээр согтуурхан явсаныхаа эцэст бусдаас хэрүүл өдөн зодуулсан байхад шинжээчийн дүгнэлтийг хохирогчийн биед үүссэн гэмтлээр буюу зодуулсан гэх мэдүүлгээр гаргуулах нь учир дутагдалтайг анхаарч, хохирогч хаана, хэзээ, хэнтэй архи ууж, хаагуур явж унасан, юм мөргөсөн гэх зэрэг маршрутыг гаргах, холбогдох гэрчийг асуух, унасан, мөргөсөн эд зүйлсийн шинж чанар, нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст тухайн баримтууд буюу хэргийн материалд цугларсан баримтуудын хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулж байхгүй бол гэмтэл үүсгэсэн хүчний үйлчлэлийн механизмыг буруу тодорхойлох буюу гэм буруугүй этгээдийг хариуцлагад татах, хэргийн зүйлчлэл хүндрэн өөрчлөгдөх зэрэг сөрөг үр дагавар үүсгэсэн зарим тохиолдол байдгийг анхаарах.     
Шинжээч томилоход асуух асуулт тодорхой, оновчтой, иж бүрэн байх, энэ талаар сэжигтэн, яллагдагч, түүний өмгөөлөгчийн эрхийг хангах үүний тулд шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг тухай бүр сэжигтэн, яллагдагчид танилцуулах, хэргийн нөхцөл байдлын онцлогтой уялдуулан шинжээчийг байцаах зэргээр тусгай мэдлэгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүйгээр хэргийн ээдрээг бүрэн тайлах, хэргийг зөв зүйлчлэх бололцоогүй тул нэмэлт, дахин, комиссын зэрэг дүгнэлт гаргуулан шалгуулах эсэхийг оновчтой шийдвэрлэж байх.   
Шинжээч нарын гаргасан аливаа дүгнэлт нь агуулга, хэлбэр, үндэслэлийн хувьд хуулийн шаардлага хангасан эсэхийг Шинжилгээ гаргахад баримтлах хууль тогтоомжийн хүрээнд болон эрүүгийн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулан судалж, шалгасан байх ёстой.    
Гэмт хэргийн хохирлыг зөв тогтоож, тодорхойлох хүрээнд : Хохирлыг гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ба нөлөөлөхгүй гэж зааглан зөв тогтоож, тодорхойлох шаардлагатай. Хохирол шаарддаг гэмт хэрэгт зөвхөн шууд хохирлын бодит нийлбэр хамааралтай ба харин шууд бус буюу зардал, алдагдал, хүү, олох байсан орлого зэрэг нь зүйчлэлд нөлөөлөхгүй болохыг ялангуяа банк, санхүү, эдийн засгийн гэмт хэргийг шийдвэрлэхэд онцгой анхаарах. Бодит хохирол шаардах гэмт хэргийн хохирлын талаар хохирогч талыг байцаах, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэгт шууд ба шууд бус хохирол гэж зааглан ялгаж, хохирлыг бодитой тогтоохгүй байгаа зэрэг алдаанууд давтагдан гарсаар л   байна.             
Эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүрээнд : Гэмт хэргийн хохирол буюу эд хөрөнгөд үнэлгээ хийж, үнэ тогтоож буй процесст тавих шаардлага, хяналтыг хуулийн дагуу чанд хэрэгжүүлэх, тогтсон буруу  практикийг нэн даруй өөрчлөх шаардлагатай байна.   
Бодит хохирлоор зүйлчлэгдэх гэмт хэрэгт “хохирлын үнэлгээ”-г Үнэлгээний комисс буюу гишүүд гэх үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй буюу хуульд зааснаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн эрх, үүрэг хүлээдэггүй этгээдээс хууль зүйн үндэслэл, нотлох баримтын бодит эх сурвалжгүйгээр зөвхөн хэлбэрийн төдий, таамагласан шинжтэй хийж буй нь хууль зөрчсөн асуудал хэвээр байсаар байна. Энэ нь шүүх, прокурор, цагдаагийн байгууллага нь тухайн Үнэлгээний комисс гэх хэдэн этгээдээс хараат байдалтайгаар ажиллаж, бодит хохирлоор зүйлчлэгдэх гэмт хэргийн шүүгдэгчид ял завшуулах, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад хүргэж буй юм.  
Гэмт хэргийн хохиролд бодит үнэлгээ хийх, үнэ тогтоох нь тусгай мэдлэг шаардсан асуудал мөн. Тусгай мэдлэгийн асуудлыг гагцхүү тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч буюу мэргэжлийн бөгөөд тусгай зөвшөөрөлтэй этгээд шийдвэрлэх ёстой. Харин тухайн үнэлгээ тогтоосон нь хууль ёсны ба үндэслэл бүхий эсэхийг шүүх, прокурор, цагдаагийн байгууллага шалгаж, үнэлэх ёстой.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тусгай мэдлэгийн асуудлаарх шинжилгээг Шинжилгээний байгууллагаар эсхүл шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх боломжтой ба хөрөнгийн үнэлгээ хийх нь шинжилгээний байгууллагын чиг үүрэгт шууд хамааралгүй гэж үзвэл  шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх зайлшгүй шаардлагатай.   
Хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээ хийхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардагдах ба тийм эрхтэй олон иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулсаар байтал хуулиар эрх олгогдоогүй этгээдээс хэлбэрийн төдий байгуулагдсан, үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй буюу хуульд зааснаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн эрх, үүрэг хүлээдэггүй Үнэлгээний комисс буюу гишүүд гэх этгээдээр үнэлгээ хийлгэх нь хуульд нийцэхгүй ба тухайн үнэлгээний гэх баримт нь нотлох баримтын эх сурвалжид хамаарахгүй, нотолгооны ямар ч ач холбогдолгүй юм.
Иймд үнэлгээ хийлгэхэд тогтсон буруу практикийг нэн даруй таслан зогсоох ёстой ба шүүх эрх мэдлийн байгууллага нь хуулиар зохицуулагдсан эрх хэмжээ, чиг үүрэггүй Үнийн комисс буюу гишүүд гэх этгээдээс хараат байдалтай, тэднээс гаргаж буй хэлбэрийн төдий буюу агуулга, үндэслэлийн хувьд зөрчилтэй “1-2 хуудас” цаасыг үндэслэл болгон хууль хэрэглэх буюу иргэний хувь заяаны асуудлыг шийдвэрлэх нь байж болохгүй ноцтой асуудал.         
Буруу практикийн хувьд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь шинжээч томилж үнэлгээ тогтоолгох тухай ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр хохирогчийн хэлсэн хөрөнгийн тоо, ширхэг, үнийг 1-2 хуудсанд хуулан бичсэн цаасыг Үнэлгээний комиссын гэх хүмүүст өгч, тэднээр шууд гарын үсэг зуруулдаг, тухайн гарын үсэг зурсан гишүүд нь ердийн олонхи биш байх төдийгүй үнэлгээг зөвхөн хохирогчийн хэлсэн тоо ширхэг, үнээр тогтоох, эсхүл хэт өсгөх, бууруулах, зарим хохирлын дүнг оруулаагүй байх, адил шинж чанарын болон бусад аливаа хөрөнгийн үнэлгээг маш зөрүүтэйгээр тогтоодог, ямар шалгуур, үндэслэлээр тийнхүү үнэлгээг гаргасан нь огт тодорхой биш. Мөн хохирлын тоо, ширхэг, үнийн талаар хэрэгт холбогдогч этгээд ямар ч мэдээлэлгүй байдаг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хохирлын тоо, ширхэг, үнийн талаар тэднээс огт асуудаггүй, үнэлгээ гаргуулахад тэдний санал байдаггүй, мөн үнэлгээний гэх баримтыг тэдэнд үзүүлж, танилцуулах, зөвшөөрөх эсэхээ шийдвэрлэх бололцоо олгодоггүй зэрэг хуульд нийцэхгүй олон зөрчил, маргаантай асуудлууд байдаг.            
Эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагааны хүрээнд : Эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагааг маш оновчтой, тодорхой хийж байх шаардлагатай.
Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, мөн эд хөрөнгө хураах ялаас гадуур эд хөрөнгө заавал хураах, хорихоос гадна торгох ял оногдуулж болох сонгомол ялтай тохиолдолд хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн эд хөрөнгийг чанар, тоо ширхэг, онцлох шинж тэмдэг зэргээр нь тодорхой тогтоож, нэг бүрчлэн үнэлүүлж, улмаар хураах, битүүмжлэх ажиллагааг заавал хийсэн байх ёстой ба энэ нь хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах, тухайн шийдвэр биелэгдэх боломжийг хангахад зайлшгүй чухал.    
Зарим хэрэгт ялангуяа бусдад үлэмж, их хэмжээний хохирол учруулсан, хохирол төлөгдөөгүй зэрэг тохиолдолд шүүгдэгчээс битүүмжилсэн бөгөөд хадгалах, бүрэн бүтэн байлгаж болохоор эд хөрөнгийг цагдаагийн байгууллага хариуцаж байх нь нь зүйтэй, эсрэг тохиолдолд тухайн битүүмжилсэн эд хөрөнгө бүрэн бүтэн байдал, үнэ цэнээ алдах зэрэг сөрөг үр дагавар үүсч байгааг анхаарах. 
Хуулийг зөв хэрэглэж, хэрэгжүүлэхэд онолын мэдлэг, зөв практик, туршлага, ур чадвар хамгийн чухал. Анхаарвал зохих дээрх асуудлуудыг хуулийн хүрээнд зөв шийдвэрлэхэд мөрдөн байцаагч, прокурор хуулиар олгогдсон бүрэн эрх, хяналтын арга хэлбэрүүдийг бүрэн, оновчтой, чадварлаг хэрэгжүүлэх, мөн өмгөөлөгч хуулиар олгогдсон бүх арга, хэрэглүүрийг оновчтой, бүрэн, чадварлаг ашиглаж,  хэрэгжүүлэх явдал тус тус чухал нөлөөлөл үзүүлэх ба  энэ нь эцсийн дүнд прокурор, мөрдөн байцаагч, өмгөөлөгч нар Эрүүгийн хэргийн нотлох баримтын шинжилгээ буюу нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн, зөв, оновчтой шинжлэн судалж, шалгаж, үнэлж чадсан эсэхээс хамаарах юм. 
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд зөвхөн яллах биш цагаатгах нотлох баримтыг ч бүрэн тогтоох үүргээ хангалттай биелүүлэх, гэмт хэрэгт сэжиглэгдсэн, хохирогч болсон тухайн үеэс нь тэдний өмгөөлөгч авах эрх, өмгөөлөгчийн оролцоог бүрэн хангаж байх нь хууль зөрчсөн ажиллагаа, буруу практик гаргахгүй, гаргуулахгүй байх үндсэн нөхцөл болно.                            
Хууль хэрэглээ, нотлох баримтын эх сурвалжийг цуглуулж, бэхжүүлэх зэрэгт гаргаж буй зарим алдаа зөрчлүүд, буруу практикийг судлаачид мөрдөх, байцаах ажиллагааны “хууль бус арга, технологи”-той холбож үздэг ба тийм үзэгдэл эдүгээ шинэ цаг дор хоцрогдсон,  хориглогдсон асуудал билээ.                               

Прокурор, өмгөөлөгчийн мэтгэлцээн ба шүүхийн байр суурь :   
 Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана. Мэтгэлцээнд талууд тэгш эрхтэй оролцоно.[1]     
Шүүгдэгчид сонсгосон ялыг нотлох үүргийг прокурор хүлээнэ. Өмгөөлөгч нь шүүгдэгчийг өмгөөлөхийн тулд хуульд заасан бүхий л арга хэрэгслээр хууль зүйн туслалцаа үзүүлнэ. Гэхдээ хэрэг бүрийн онцлогоос шалтгаалж, ямар арга хэрэгслийг хэрхэн яаж ашиглах нь тухайн өмгөөлөгчийн шийдвэрлэх асуудал байдаг. Талууд мэтгэлцэхийн тулд яах ёстой вэ? Юуны өмнө…   
1. Хэргийн онол[2]-оо зөв боловсруулсан байх нь чухал. Хэргийн онол, мэтгэлцэх арга, тактикаа  зөв боловсруулж чадсан эсэх нь Эрүүгийн хэргийн нотлох баримтын шинжилгээг бүрэн, зөв хийсэн эсэхээс шууд хамаарна. Прокурорын хувьд хэргийн онол нь прокурорын “ЯЛЛАХ ДҮГНЭЛТ” байдаг. Тэгвэл өмгөөлөгчийн хувьд хэргийн онол нь  шүүгдэгчийн байдлыг хөнгөрүүлэх, цагаатгахад буюу яллах дүгнэлт авагдсан нотлох баримтууд бүхий зүйчлэлийг үгүйсгэх, өөрчлүүлэхэд чиглэгдсэн хууль зүйн үндэслэл, нотолгоо бүхий “ӨМГӨӨЛӨХ ДҮГНЭЛТ” гэж ойлгож болно. Прокурор яллах дүгнэлт үйлддэг шиг өмгөөлөгч нь “өмгөөлөх дүгнэлт”-ээ урьдаас үйлдсэн байх нь чухал ач холбогдолтой.         
2. Шүүгдэгч, өмгөөлөгч 2 хэргийн онолын болон гэм буруутай эсэхийн хувьд хэзээ ч эсрэг тэсрэг байр суурьтай байх ёсгүй.           
Өмгөөлөгч нь боловсруулсан хэргийн онолоо шүүгдэгчид тайлбарлаж ойлгуулах, шүүгдэгчтэйгээ ганцаарчлан уулзаж түүний санаа бодлыг хэргийн онолын байр суурьтаа тусгах төдийгүй шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх, шүүхийн хэлэлцүүлгийн аль ч үед нэмж мэдүүлэг өгч болох зэрэг  эрхийг нь бүрэн ойлгуулж, энэ эрхээ эдлэх боломжийг эдлүүлэх нөхцлийг хангах, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх эсэх, өгвөл ямар хэмжээ, хязгаарын хүрээнд байх, шүүх хуралдаанд оролцогчдоос асуух асуултад ямар агуулга, хэлбэрийн  хариулт өгөх эсэх буюу хэргийн онолоо батлахад шүүгдэгч өөрөө ямар эрх, үүрэгтэйгээр оролцохыг ярилцан оновчтой тодорхойлсон байх нь чухал.
3. Мэтгэлцээний талууд нотлох баримтыг шинжлэх, тайлбар хэлэх, үндэслэлээ хамгаалах зэрэгт харилцан тэгш эдлэх боломжоо зөв, бүрэн хэрэгжүүлэх.     
Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэх эхлээд яллах баримтыг шинжлэх ба яллах баримтыг шинжлэх үүргийг улсын яллагч хүлээнэ.  
Харин шүүгдэгчийн байдлыг хөнгөрүүлэх, цагаатгах баримтыг өмгөөлөгч, шүүгдэгч тус тус хүлээнэ. Тухайн шатанд өмгөөлөгч нь хэргийн талаар өөрийн баримтлах байр суурь буюу хэргийн онолоо танилцуулах нь зөв гэж үзнэ. Учир нь улсын яллагч яллах байр суурь буюу хэргийн онолоо батлахад чиглэсэн нотлох баримтуудыг шинжлүүлэх талаар саналаа хэлдэг, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө буюу нотлох баримт шинжлэх дараалалыг тогтооход мэтгэлцээний 2 тал тэгш эрхтэй байх ёстой. Иймд өмгөөлөгч нь тухайн хэргийн онолыг батлах буюу шүүгдэгчийн байдлыг хөнгөрүүлэх, цагаатгахад ямар баримтуудыг шинжлүүлэх дараалалаа өөрөө тогтоож, жагсаалтаа бүрэн гаргаж хэлэх нь зүйтэй.               
Мөн прокурор, өмгөөлөгч нь тухайн хэрэгт хэд хэдэн шүүгдэгч, хохирогч, гэрч оролцож байгаа тохиолдолд тэдний мэдүүлгийг ямар дараалалаар өгүүлэх талаар саналаа хэлэх шаардлагатай ба энэ нь нотлох баримтыг шинжлэх дараалалыг тогтоох тухайн шатанд хамааралтай юм.            
4. Прокурор, өмгөөлөгч нь шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчээс асуух асуултуудаа урьдчилан бэлтгэсэн байх. Асуулт нь мөн олон төрөл, хэлбэртэй байх боломжтой тул тус тусын хэргийн онолоо батлахад чиглүүлэн ямар төрөл, хэлбэрийн асуулт тавихаа зөв тодорхойлж, чадварлаг хэрэглэх шаардлагатай.      
5. Прокурор, өмгөөлөгч нь эсэргүүцсэн санал гаргах. Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны бусад оролцогчдоос шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээс асуусан асуулт нь хөтөлсөн, тулгасан шинжтэй бол эсэргүүцэх санал гаргах.        
6. Прокурор, өмгөөлөгч нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлгийг уншиж сонсгох талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлэх эсэхийг тухай бүр оновчтой зөв шийдвэрлэх. 
Өмгөөлөгч нь яллах дүгнэлтэд авагдсан нотлох баримтууд бол яллахад л чиглэгдсэн нотлох баримтууд гэдгийг анхаарах ёстой ба шүүгдэгч, хохирогч, гэрчийн яллах дүгнэлтэд авагдсан мэдүүлгээс гадна тэднээс өгсөн өөр мэдүүлгүүд хэргийн материалд байгаа төдийгүй тэдгээр нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа эсэхийг бүх талаас нь нягтлан шалгасан байх, хэрэв тухайн зөрүүтэй баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулаагүй бол тухайн судлагдаагүй нотлох баримтаас иш татах боломжгүйгээс гадна тухайн баримт нь шүүхэд үнэлэгдэхгүй үр дагаварт хүрдгийг анхаарах. 
Прокурор нь яллах дүгнэлтэд авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хууль ёсны гэдгийг нотлох ба хэрэгт авагдсан тэдний бусад мэдүүлэг нь үгүйсгэгдсэн гэдгийг мөн нотлох үүрэг хүлээнэ.       
7. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж гаргах санал байвал тодорхой илэрхийлэх.
Энд талууд хэргийн нотлох баримтууд бүрэн шинжлэгдсэн эсэхээ магадлан энэ талаар санал, хүсэлт гаргах нь анхаарах гол асуудал юм. Энэ нь мэтгэлцээний талуудаас шүүхийн хэлэлцүүлгийн эцэст өөрсдийн хэргийн онолд өөрчлөлт орж болох нотлох баримт бүхий үндэслэл, эргэлзээ үүсч байгаа эсэхийг мэдрэх мэдрэмжийг бас шаардана.        
8. Шүүмжлэлд үгээ бэлтгэсэн байх.      
Шүүмжлэлд прокурор, өмгөөлөгч нарын хэлэх үг нь Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн болон нотолгооны онолын үндэслэлтэй байх ёстой.   
Прокурор, өмгөөлөгчийн шүүмжлэлийн үг нь тус тусын хэргийн онолоо батлахад чиглэгдсэн байх ба үүний тулд хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдал бүрэн, бодитой сэргээн тогтоогдсон эсэх, хэргийн зүйлчлэл зөв эсэх, хэрэгт авагдсан бусад баримт бичиг, хийгдсэн нотлох ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд тус тус хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгөх ба энэ бүхэн нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудад үндэслэгдсэн байх шаардлагатай.      
Прокурор, өмгөөлөгч нь мэтгэлцээнд хууль, ёс зүйг чанд сахиж оролцох ёстой ба энэ нь тэднээс өргөн мэдлэг, өндөр ур чадвар, туршлагаас гадна илтгэх ур чадвар зэрэг олон цогц шаардлагыг төлөвшүүлсэн байхыг шаарддаг.         
Шүүн таслах ажиллагаа эрх тэгш яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдах учраас шүүхийн хувьд төвийг сахисан байр суурьтай байх нь тодорхой.
Гэхдээ манай Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хэв хаяг нь сонгодог утгаараа мэтгэлцэх хэв маягийн бус харин шүүхийн өмнөх шатанд төрийн яллах чиг үүргийг илүүд үзсэн, шүүх хуралдааны мэтгэлцэх зарчим төгс хэлбэржээгүй буюу мэтгэлцэх хэв маягийн зарим элемент хуульчлагдаагүй, шүүх хэргийн бодит байдлыг тогтоох үүргийн дагуу шүүхийн хэлэлцүүлгийн шинэчилсэн байцаалтад оролцох эрх хэмжээ, чиг үүрэгтэй зэрэг шинжээрээ холимог хэв маягт хамаардаг болохыг эрдэмтэн, судлаачид бичсэн  нь бий.         
Шүүгч нь хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмыг удирдлага болгон шүүх хуралдааныг удирдах үүрэгтэй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд (цаашид ЭБШХ гэх) зааснаар шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авна (ЭБШХ-ийн 16 дугаар зүйл), шүүх хуралдаан даргалагч нь…хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, үнэн байдлыг тогтоохын тулд хууль заасан арга хэмжээ авна (ЭБШХ-ийн 237 дугаар зүйл) шүүгч нотлох баримтыг шинжлэхэд оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй (ЭБШХ-ийн 261 дүгээр зүйл) гэсэн зүйл, заалтуудын утга агуулгаар тодорхой илэрхийлэгддэг юм. Гэхдээ энэ  байдал шүүх буюу шүүгч шүүхийн хэлэлцүүлэгт хэт идэвхтэй оролцох утга агуулгыг шууд илэрхийлэхгүй ба харин хэргийн бодит байдлыг тогтооход мэтгэлцэгч талуудаас зарим талаар асуухгүйгээр орхигдуулсан бүрхэг, эргэлзээтэй, зөрчилтэй асуудал, нөхцөл байдлыг тодруулах хязгаарлагдмал хүрээнд хэрэгждэг ба хэргийн бодит үнэнийг тогтоох, мэтгэлцээний ижил тэнцүү нөхцлийг бүрдүүлэх, мэтгэлцээнийг идэвхжүүлэхэд чиглэгддэг болохыг ойлгох шаардлагатай юм.   

Шүүхийн шийдвэр ба шүүхийн практик :
Хуульд зааснаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага болох шүүх нь хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болох ба энэ нь шүүгчээс шүүн таслах ажиллагааг хуульд захирагдаж, хэнээс ч юунаас ч хараат бусаар хэрэгжүүлж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийн нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаснаар биелэлээ олдог юм.     
Шүүхийн шийдвэр нь хэрэг маргааны талаар дүгнэлт бүхий шийдлийг агуулдаг, хууль хэрэглээний эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн, процессын болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулга, хэлбэртэй[3] байх ёстой ба үүнийг хуульд “шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх” гэсэн агуулгаар заасан.  
Хууль хэрэглэж буй байгууллага нь нэг бүрчилсэн акт, шийдвэрийг гаргахдаа тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг эрх зүйн онолын шинжлэх ухаанд заасан, тайлбар хийх боломжийн бүх аргыг ашиглан талуудад ойлгомжтой хэллэгээр, бичгийн хэлбэрээр танилцуулах үүрэгтэй байдаг. Шүүхийн шийдвэр нь материаллаг хуулийг хэрэглэх үндсэн дээр гардаг, тухайн харилцаанд оролцож буй субъектуудад хэрэглэж буй хуулиа тайлбарлан өгч буй акт, өөрөөр хэлбэл казуаль (тухайн казус буюу маргаанд оролцогчдод өгч буй) тайлбар мөн.[4] Казуаль тайлбар гэж эрх зүйн хэм хэмжээг тухайн тохиолдолд буюу хэрэг, маргаанд хамааралтайгаар тайлбарлахыг хэлдэг ба хууль хэрэглэхийн тулд түүнийг ойлгох, ойлгохын тулд түүнийг тайлбарлах шаардлагатай болдог, энэ утгаараа шүүгч болгон хуулийг тайлбарладаг гэж ойлгож болно.[5] 
Иймд шүүгч нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хууль, эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэй, хэнд ч итгэл үнэмшил төрөхөөр ойлгомжтой, логиктой, чадварлаг, бүрэн, зөв гаргах чиг үүрэгтэй. Үүний тулд шүүгчид мэргэжлийн өргөн мэдлэг, мэргэшсэн чанар, өндөр ур чадвар, баялаг туршлага, ёс зүйн эрхэм чанаруудыг бүрэн эзэмшсэн, ардчилсан нийгмийн түгээмэл үнэт зүйлс, тэдгээрийн үнэ цэнэ, утга агуулгыг өөрийн итгэл үнэмшил болгосон байх нэн тэргүүний зайлшгүй шаардлагууд тавигддаг юм.     
Шүүхийн практикийн тодорхойлолт өөр өөр байвч түүний үндсэн шинжид хууль хэрэглэх шүүхийн ажиллагаа ордог байна. Шүүхийн практик гэдэгт бүх шатны шүүхийн бүх шийдвэр, түүнчлэн хууль тайлбарласан Дээд шүүхийн тогтоолыг хамааруулна гэж зарим эрдэмтэд үздэг байхад нөгөө хэсэг нь шүүхийн практикт зөвхөн эрх зүйн заалт тодорхойлсон шийдвэр, тайлбар л орно гэх санал дэвшүүлдэг байна.[6]      
Шүүхийн практикийг Ром-Германы эрх зүйн тогтолцоотой улс орнуудад алив нэг асуудлаар гаргасан (юуны өмнө дээд) шүүхийн шийдвэрийн нийлбэр цогц гэж үздэг аж.[7]
Шүүхийн практик нь хууль зүйн сургалт явуулах буюу хуульч боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ хийх болон хуулийг нэг мөр зөв хэрэглэх, боловсронгуй болгох, эрх зүйг хөгжүүлэх зэрэгт чухал хэрэглэгдэхүүн болдог байх тул энэ нь шүүхийн практикийг зайлшгүй судлах шаардлагыг нөхцүүлдэг юм.   
Шүүхийн практик судлах нь иргэд ялангуяа хуульчдын хууль, эрх зүйн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, онол, практикийн мэдлэгээ сэргээн бататгах, онолын сэтгэлгээг хөгжүүлэх, хэрэг маргааны нотлох баримтыг үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргах, хуулийг зөв хэрэглэх, тухайн тохиолдолд хуулийг тайлбарлах аргачлал, арга зүйг танин мэдэх, харьцуулах, хууль хэрэглээний болон байцаан шийтгэх процесс ажиллагааны явцад гарч буй зарим алдааг олж харах, давтан гаргахгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг юм.   











[1] Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зїйлийг їзнэ її.  
[2] Хэргийн нєхцєл байдал, їйл баримтууд, тэдгээрт хамаарах хуулийн заалтуудыг сайтар судалж їзсэний їндсэн дээр єєрт ашигтай хувилбар гаргуулахын тулд сонгож авсан хувилбаруудын хамгийн оновчтойг нь хэргийн онол гэнэ./ Д.Зїмбэрэллхам. Ємгєєлєгчийн мэтгэлцэх ур чадвар. УБ., 2002.14-р тал/
[3] Шїїхийн шийдвэрийн тухай. Монгол Улсын Дээд шїїхийн 2006.04.24-ний єдрийн 21 дїгээр тогтоол. 54-55-р тал.  
[4]Ц.Сарантуяа. Їндсэн хуулийн процессын эрх зїй : суурь ойлголт, тулгамдсан асуудал. УБ., 2005. 31, 55-56-р тал.  
[5] Ц.Амарсайхан. Шїїхийн жишиг ба Монгол Улсын Дээд шїїхийн тайлбар. Шїїхээс хууль хэрэглэх онол практикийн тулгамдсан асуудал. УБ., 2008. 24, 26-р тал.   
[6] Ц.Амарсайхан. Шїїхийн жишиг ба Монгол Улсын Дээд шїїхийн тайлбар. Шїїхээс хууль хэрэглэх онол практикийн тулгамдсан асуудал. УБ., 2008. 20, 21-р тал.   
[7] С.Нарангэрэл.Эрх зїйн эх толь бичиг.УБ., 2007.605-р тал