Sunday, October 9, 2016

ШИНЭЧЛЭГДСЭН ХУУЛЬ” МӨРДӨХ ХҮРТЭЛ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЗОХИХ ӨӨРЧЛӨЛТ ДАРУЙ ХИЙЕ



ШИНЭЧЛЭГДСЭН ХУУЛЬ” МӨРДӨХ ХҮРТЭЛ
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЗОХИХ ӨӨРЧЛӨЛТ ДАРУЙ ХИЙЕ  

Эрүүгийн хуулийн шинэчлэлийн шинэчлэл нь тулгамдсан асуудал болоод байна.
Эрүүгийн хууль нь хүний ба улс орны амьдрах эрх, аюулгүй байдал, амин эрх ашиг, үнэт зүйлсийн үндсэн бөгөөд онцгой хамгаалалт учир Эрүүгийн хуулийн шинэчлэлийн бодлого, зохицуулалт нь онол ба практикийн олон талт шалгуурыг бүрэн хангасан, нийгмийнхээ бодит амьдрал ахуйд үндэслэгдсэн, зөв, оновчтой байх, ял шийтгэлийн бодлого нь гэмт хэргийн гаралтыг ихэсгэхгүй харин бууруулах буюу тодорхой түвшинд тогтоон барихад чиглэгдсэн, энэрэнгүй, хийдэлгүй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой байдаг.
Түүнээс биш Эрүүгийн хууль нь улс төрч гэх хэн нэгэн эсхүл хэсэг бүлэглэлийн дурын санал, хүсэл зоригийн эсхүл бусдаас хуулбарласан буюу зохицохгүй, хуучирсан зохицуулалтын эрээвэр, хураавар хураангуй биш юм.   
Тийм ч учраас одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн хуучирсан, шоронжуулахад чиглэгдсэн зарим зохицуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох талаар хуульч, эрдэмтэн судлаачид бараг батлагдсан 2002 оноос эхлэн шүүмжлэн, шинэлэг санал дэвшүүлэн, байр сууриа илэрхийлсээр байсан боловч төдийгөөс эдүгээг хүртэлх үе үеийн хууль санаачлах, батлах эрх бүхий этгээд, засгийн эрх баригчид мэдсэн ч мэдээгүй мэт “нүдэн балай чихэн дүлий мэт” дүмбийрсээр, шинэчлэлийг эсэргүүцсээр өдийг хүрэв.
Алдаан дээр нь түлхэх, хуучин алдааг нь дахин давтан алдаа, хэрэгт тооцох зэргээр шоронд илгээн тарчлаах тэрхүү алдаатай, буруу бодлогын золиос нь олон зуун энгийн номхон идэр насны иргэд болсон нь жил бүрийн шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, судлаачдын судалгаанаас тодорхой болсоор байна.  
Гэвч иргэдээ шоронжуулахын эсрэг шинэ цаг үе, нийгмийн бодит шаардлагын хүрээнд эрс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2015.12.03-ны өдөр чадан ядан баталсан боловч тодорхой бус, эргэлзээтэй шалтаг, шалтгаанаар тус хуулийн хэрэгжилтийг нэгэнт урт хугацаагаар хойшлуулсан, нөгөө талаас Эрүүгийн процессын буцаагдсан хуулийг дахин батлахад мөн уг хуулийг баталлаа гэхэд сургалт, сурталчилгаа, бэлтгэл ажил хангах гэх зэрэгт бага бус хугацаа шаардагдах учраас Шинэ Эрүүгийн хуулийг мөрдөгдөж эхлэх хүртэл одоо мөрдөж буй Эрүүгийн хуулийг хугацаа алдалгүйгээр “шинэ Эрүүгийн хуулийн үзэл санаа”-нд нийцүүлэн шинэчлэх нь тулгамдсан асуудал болоод байна.
Шинэчлэгдсэн Эрүүгийн хууль мөнхийн, гайхамшигтай хууль биш ч гэсэн ерөнхий үзэл баримтлал, зохицуулалт нь цаг үеийн шаардлагад нийцсэн гэдэгт эргэлзээ байхгүй. 
Буруу бодлогын золиосоор шоронд буй нэг ч гэсэн иргэнийг нэг өдрийн өмнө ч гэсэн суллах, алдаа гаргасан нэг ч гэсэн иргэнийг шууд шоронд илгээхгүй байх нь дэлхийн ардчилсан, ухаалаг төрийн үүрэг, загвар бодлого болсон байх тул зожигрон зөрөх, гажих ёс, гарц үгүй байна.   
            Эрүүгийн хуулийн шинэчлэлийн гол үзэл баримтлал юу вэ ?
Чингис хааны “хэрэв миний овгийн (Монгол овгийн) хэн нэг нь батлагдсан засгийг (хуулийг) зөрчвөл түүнд :           
- үгээр зөвлөн ухуулсугай, хоёр дахь удаагаа зөрчвөл
- донгодсугай, гурван удаа зөрчвөл  
- балжид хүнчирийн алс газар цөлсүгэй. Тэнд очоод эргэж ирэхдээ ухамсар болно биз ээ. Хэрэв үл засарвал   
- дөнгөд хадаж, гянданд хорьсугай” гэсэн сургааль бол гол үзэл баримтлал болно гэж үзэж  байна.     
Уг сургааль нь ялын бодлогын энэрэнгүй, иргэнлэг, үр нөлөөтэй, улс, нийгмийн ашиг сонирхолд нийцсэн байх зэрэг ардчилсан үзэл баримтлалын гүн агуулгатай байна.  
Өөрөөр хэлбэл, хэн нэгэн иргэн хууль байнга зөрчсөн буюу огт засраагүй л биш бол гэмт хэргийг анх, давтан үйлдсэн тохиолдолд хорих ялыг гол болгох бус өөр төрлийн, нийгмээс заавал тусгаарлахтай холбоогүй, гэхдээ алдааг нь ухамсарлуулах, алдаагаа засахад чиглэгдсэн хөнгөн ялын хэлбэрүүдийг өргөн хэрэглэхээр хуульчлах ёстой гэсэн үг.

   Юуг, яаж шинэчлэх вэ ?
Эрүүгийн хуучин хуулиас шинэ хууль руу шилжихэд багагүй хугацаа шаардагдахаар байгаа учраас тийнхүү “шилжих” хүртэл нэг ч гэсэн иргэнийг нэг өдрийн өмнө ч гэсэн суллах, алдаа гаргасан нэг ч гэсэн иргэнийг шууд шоронд илгээхгүй байх зорилгоор одоогийн Эрүүгийн хуулийг бүхэлд нь бус харин тус хууль дахь бодлого, зохицуулалтын ноцтой зөрчил бүхий цөөн зарим зүйл, заалтыг цаг алдалгүй даруй өөрчлөх шаардлагатай байна. Үүнд :       
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хийх өөрчлөлтийн талаар
1. Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг : Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй байхыг давтан гэмт хэрэгт тооцох ба зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэнэ гэж, 
 мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг : “Эрүүгийн хэрэгт ялтай байдалтай этгээд гэмт хэрэг шинээр үйлдэх нь гэмт хэрэг давтан үйлдсэнд тооцогдохгүй” гэж тус тус өөрчлөн найруулах  
Үндэслэл : Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн одоогийн зохицуулалт нь “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчимтай ноцтой зөрчилдсөн, ял шийтгэлтэй ба ял шийтгэлгүй давтанг зөв ялган зааглаж, зохицуулж чадаагүйгээс  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүргэсэн.
2. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болгох  
Үндэслэл : Уг зохицуулалт нь “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчимтай утга агуулгаараа шууд зөрчилддөг буюу хэдэн хэдэн гэмт хэргийнх нь ялтай байдлаас хамааруулан гэмт хэргийн хүндрүүлэх, онц хүндрүүлэх нөхцөлд тооцдог, ялын дэглэмийг чангаруулдаг зэрэг ноцтойгоор цалхаан цээрлүүлэх, нэр хүндийг нь гутаасан зэрэг харгис шинжийг агуулдаг.   
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах
Тус хуулийн 52.4 дэх хэсгийг : Хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг жирийн, хүнд, онц хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ. Хорих анги нь насанд хүрсэн, насанд хүрээгүй, эмэгтэйчүүдийн гэсэн төрөлтэй байна гэж өөрчлөн найруулах, мөн хуулийн 52.10 гэснийг 52.5 гэж өөрчлөх, 52.11 дэх заалтыг : хүнд, онц хүнд хэд хэдэн гэмт хэргийг давтан, нийлмэл хэлбэрээр үйлдсэн насанд хүрсэн эрэгтэй ялтны хорих ялын заримыг гянданд эдлүүлэхээр шүүх тогтоож болно гэж найруулах, 52.11 гэснийг 52.6 гэж өөрчлөх, 52.5-аас 52.9 дахь заалтуудыг хүчингүй болгох
Үндэслэл : Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийг өөрчлөх, мөн хуулийн 24 дүгээр зүйлийг хүчингүй болгосон үндэслэл. 
4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д : гэмт хорыг арилгасан гэдгийн дараа…”гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх, гэм хорыг арилгахаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан“ гэх өгүүлбэр нэмэх 
Үндэслэл : Улирлын шинжтэй ажил, ар гэрийн амьдрал ахуй, эрүүл мэндийн зэрэг хүндэтгэх шалтгаанаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг барагдуулаагүй боловч барагдуулах арга зам, нөхцлөө хохирогчтой тохиролцон эвлэрсэн байх тохиолдлууд шүүхийн практикт маш их байдаг боловч тухайн тохиолдолд “хохирлыг бодитой төлөөгүй” гэж үзэн хорих ялыг биечлэн эдлүүлэхэд хүрдэг, энд энэрэнгүй хандах шаардлагатай.    
5. Эрүүгийн хуулийн 61.5, 62.3, 63.2 дахь заалтуудыг хүчингүй болгох
Үндэслэл : Гэмт хэрэг, захиргааны зөрчил 2-ыг адилтгах ямар ч үндэслэлгүй тул захиргааны зөрчил гаргасан гэдгээр өмнөх ялыг сэргээн шоронд явуулах ёсгүй, захиргааны зөрчилдөө тохирсон шийтгэл тусдаа хүлээх нь хууль ёсны зарчимд нийцнэ.
6. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд “гэмт хэргийн ялтай байдлыг гэмт хэргийн болон ялын дэглэмийн хүндрүүлэх нөхцөл, давтан гэмт хэргийн шинжид хамааруулахгүй гэсэн 78.6 дугаар зүйлийг нэмэх 
Үндэслэл : Энэ нь шударга ёсны зарчмын хэрэгжилтийг хангах нэг арга зам болно.
Цаашид ялтай байдлыг Эрүүгийн хуулиар тогтоох эсэх нь анхаарах асуудал.
Учир нь төрийн зарим албан тушаалд нэр дэвших, томилогдох, сонгогдоход ял шийтгүүлсэн эсэх шалгуурыг холбогдох зарим хуульд заасан байдаг учир ялтай байдал нь төрийн албаны хийгээд төрийн албан тушаалтны үйл ажиллагаа цэвэр, тунгалаг, ёс зүйтэй байх суурь нөхцөл, нөгөө талаас ялтай байдлын асуудал нь гэмт хэрэг үйлдэхгүй буюу ялтай байдалтай болохгүй байх тодорхой айдас, эмзэглэлийг бий болгох буюу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг арга хэлбэр, бодлого болдог гэж үздэг. Энэхүү шалгуур, зорилго, бодлогын хүрээнд ялтай байдлыг ялгүйд тооцох хугацааг нь зохистойгоор багасгах хэлбэрээр Эрүүгийн хуулиар шинэчлэн зохицуулахыг жич шийдвэрлэх шаардлага үүснэ. Хэрэв Эрүүгийн хуулиар ялтай байдлыг зохицуулахгүй гэвэл бусад хуульд заасан төрийн зарим албанд тавигдах шалгуур шууд хүчингүйд тооцогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хийх өөрчлөлтийн талаар
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэдэн хэдэн гэмт хэрэгт ( тухайлбал, Эрүүгийн хуулийн 145.4, 146.3, 146.4, 147.2, 147.3, 148.3, 148.4, 149.2, 149.3, 161.2, 175.3, 176.2, 177.2, 1781 .2, 181.2.3, 181.3, 192.3.3, 194.2.3, 258.3, 261.3, 268.2, 269.2, 270.2 гэх мэт) : “энэ хэргийг...урьд булаах, дээрэмдэх, уулгалан довтлох, далайлган сүрдүүлэх, хулгайлах, завших гэмт хэрэгт шийтгүүлсэн, удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн бол гэх мэтээр заасан хүндрүүлэх, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг бүгдийг хүчингүй болгох 
Үндэслэл : Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан “нэг гэмт хэрэгт 1 удаа ял эрүүгийн хариуцлага хүлээлгэх” шударга ёсны зарчмыг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан энэрэнгүй ёсны зарчимд нийцэхгүй. 
Жишээ нь : Иргэн Дорж 200,000 төгрөгийн гар утас хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр өмнө нь бусдаас 300,000 төгрөг залилан мэхэлж авсаны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, гэвч уг хэргийнх нь ялтай байдал арилаагүй байсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1- д зааснаар торгох, албадан ажил хийлгүүлэх ялаар, эсвэл 1-3 сар баривчлах зэрэг аль нэг хөнгөн ялаар шийтгэгдэх боломжгүй болж, харин уг хэрэг нь өмнө нь ял шийтгүүлсэн гэдгээр шууд онц хүндрэн 145.4-т зааснаар зүйлчлэгдэн, 10 жилээс дээш 15 жилийн хорих ялаар шийтгүүлэхээр байна. 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын судалгаагаар Улсын хэмжээнд 2000-2010 онд нийт 40119 хүн шоронгоос суллагдсанаас 47% нь дахин гэмт хэрэг үйлдсэн гэжээ. Тэгвэл 2002-2016 оны хооронд нийт хорих ял шийтгүүлэгсэд, үүнээс Иргэн Дорж шиг шийтгүүлсэн хүний тоог судалгаагаар нарийвчлан тооцож, сайтар эргэцүүлэх шаардлагатай.
2. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн :   
181.1-д : 251-300 цаг хүртэл хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ял гэж нэмэх,
181.2-т : зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэж 181.2.6 дахь хэсэг болгон нэмэх, мөн 351-500 цаг хүртэл албадан ажил хийлгэх ял гэж тус тус нэмэх
181.3-аас : зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэснийг хасахаар тус тус өөрчлөх
Үндэслэл : Судалгаагаар танхайрах гэмт хэрэг, ялангуяа зэсвгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг жил бүр тодорхой хувиар өссөн, уг хэрэгт ихэвчлэн залуус холбогддог, зэвсгийн чанартай зүйл гэдэгт “зэвсэг”-ээс бусад бүх эд зүйлийг хамааруулан ойлгодог, уг үйдлийн улмаас гэмтэл, хор уршиг учруулсан эсэхээс үл хамааран тухайн хэрэг үйлдсэн бол шууд шоронд хоригддог тул идэр насны залуусыг эхний удаад шоронд илгээх бус харин бусад хөнгөн ялаар хүмүүжүүлэх бодлого барих нь нэн чухал байна.
 Эрүүгийн хуульд “дээрх нэмэлт, өөрчлөлт”-ийг цаг алдалгүй шуурхай хийх нь Үндсэн хуулийн эрхэм зорилго, зарчим, орчин цаг үе, нийгмийн бодит зайлшгүй шаардлага гэж үзэж байна.  
Тухайн нэмэлт, өөрчлөлтүүд цөөдөхгүй, харин Эрүүгийн шинэ хууль мөрдөгдөх хүртэлх бага бус хугацаанд гэмт хэрэг, ялын буруу бодлого, зохицуулалтын зарим хэсгийг засч, боловсронгуй бус зохицуулалтын олон сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх, нэг ч гэсэн иргэнийг шоронгоос суллах, шоронд илгээхгүй байхад чиглэгдсэн “төрийн ялын бодлогын нэн чухал, цөм хэсэг”-т хамаарч байгаа болно.  
Шоронд хоног тоолон тарчилж буй зарим иргэдээ суллая, амьдралд алдсан зарим иргэдээ шоронд илгээхийг хязгаарлая.  
Шорон барих, тэнд ял эдлэгсдэд зарцуулах төсвийн хөрөнгө, зардлыг эмнэлэг, сургууль, цэцэрлэгт зарцуулъя. 
2016.0.9.28

МОНГОЛЫН ХЯМРАЛЫН ШАЛТГААН : ГАРАХ ГАРЦ НЬ ЮУ БАЙЖ БОЛОХ ВЭ ?




МОНГОЛЫН ХЯМРАЛЫН ШАЛТГААН :
ГАРАХ ГАРЦ НЬ ЮУ БАЙЖ БОЛОХ ВЭ ?        

Монгол Улс хямралын байдалд байна. Хямрал олон хэлбэртэй, олон талт шалтгаантай. Хямралын илрэл нь бидний өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн бодит байдал, дүр төрх.  
Тухайн хямралын асуудлаар биш харин хямралын шалтгаан, гарах гарц юу байж болох эсэхэд цөөн ч гэсэн эрээвэр, хураавар саналууд байна.  

НАМЫН ба БАРЬЦААЛАГДСАН ЗАСАГ”        
1990 он. Ардчилсан хувьсгал. Гол уриа : Эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх”. Ардчилал бол ард түмэн өөрсдийн төлөө өөрсдөө байгуулсан өөрсдийнх нь засаг. Абрам Линкольн.
Гэтэл Mонголын ардчилсан шинэ сонголтын 26 жилийн хугацаанд бий болсон засаглал дахь ил ба далд гол аюул бүхий байдал нь ардчилсан, хуулийн засаг бодит утгаар тогтнох биш харин намын ба барьцаалагдсан засгийн шинж бүрдсэн, намын төрөөс төрсөн тэрбумтангуудын түрийвчинд төрийн бодлого явах болсон, улс төрийн нам бол засгийн эрх барих нэрээр халхавчлан бол бизнес хийх, ашиг олох пирамид тогтолцоо бүхий аппарат, арга, тоглоом гэсэн үзэл хэвшин тогтсон байна. 
Ф.Бастиа : “Хуульчлагдсан тонуулд өртсөн хохирогчид хууль тогтоогчдын эгнээнд шилжиж, мөн л тонуулчин болж, өөртөө зориулсан хууль гаргаснаар хуулийн нэр хүнд унаж, хууль дээдлэх ардчиллын гол зарчим алга болж байна.
Ж.Роулс : “Улс төрийн зохион байгуулалттай эрх ашгийн төлөө, мөнгөний байнгын эрэлд байгаа үед улс төрийн ардчилсан систем ажиллаж чадахгүй, уг системийн зөвшилцлийн эрх мэдэл саажсан байдаг. “Үл үзэгдэх гар” нь юмсыг буруу чиглэлд хөтөлж, олигопол (хэдхэн хүний хооронд өрсөлдөөн явагддаг хязгаарлагдмал зах зээл бүхий нөхцөл) байдлыг дэмжиж буй үед шударга бололцоог хязгаарлаж, тэгш бус байдлыг өөгшүүлдэг байна.
Авлигатай тэмцэх газрын 2008 оноос хойш жил бүр хийдэг “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл”-ийн судалгаа болно. 
Улс төрийн намын ба намууд дамжсан бизнесийн бүлэглэлийн сүлжээ, барьцаалбар, захиалгат бодлого, ажиллагаа, томилгоо буюу ашиг сонирхлын дээд нийцэл, зөрчилт байдал бол улс төрийн авлигын гол арга, хэлбэр, шалтгаан болохыг тогтоосон байдаг. Энэ байдал эсрэгээрээ ардчилсан засаг, улс төр, эдийн засгийн хямрал, тогтворгүй байдлын шалтгаан болдог байна.     
Санал : Парламентын 2 танхимтэй болох. Дээд танхим нь Улсын Их Чуулган, доод танхим нь Улсын Их хурал эсхүл нэршил өөр байж болно. 
Улсын Их Чуулган нь засаг захиргааны нэгж болох сум болон дүүргийн хороо бүрийн сонгогчдын хамгийн олон санал авсан иргэдийн төлөөлөгч бүрээс бүрдэнэ. Улсын Их Чуулганд нэр дэвшигч нь өөрийн мэдлэг, туршлагаар хууль эрх зүй, чөлөөт эдийн засаг засаг, зүй  ёст улс төр, нийтлэг асуудал гэсэн 4 салбарын алинд илүүтэй хамаарахаа заавал сонгон баталгаажуулсан байна.
Улсын Их хурал нь Улсын Их чуулганы сумдын 32 төлөөлөгч, дүүргүүдийн хороодын 44 төлөөлөгч нийт 76 гишүүнтэй байна.
Улсын Их чуулганы сумдын 32 төлөөлөгч нь нийт сумдын төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хууль эрх зүй, чөлөөт эдийн засаг засаг, зүй  ёст улс төр, нийтлэг асуудал гэсэн 4 салбар тус бүрээс 8, дүүргүүдийн хороодын 44 төлөөлөгч нь нийт дүүргийн хороодын төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хууль эрх зүй, чөлөөт эдийн засаг засаг, зүй  ёст улс төр, нийтлэг асуудал гэсэн 4 салбар тус бүрээс 11 төлөөлөгчөөс тус тус бүрдэх ба Улсын их Чуулганы нийт төлөөлөгч баталгаажуулж, сонгогдсонд тооцно.
Улсын Их Чуулган нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох, огцруулах, Улсын Их хурлын гишүүдийг сонгогдсонд тооцох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ыг тараах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, авлигатай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газар, улсын мөрдөн байцаах газар, аудит, Монгол банкны удирдлагыг сонгох гэх мэт Улсын Их Чуулганы бүрэн эрх, сонгууль, үйл ажиллагааны журмыг Үндсэн хууль, бусад хуулиар нарийвчлан тогтоох нь жич асуудал.  
Саналын үндэсэлэл : Ардчилсан засгийг аюулд өртөхөөс хамгаалах, олон түмнийн төрийн үйл хэрэгт оролцох бодит оролцоо, боломжийг нэмэгдүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, иргэдэд сонгох, сонгогдох шударга, тэгш бололцоог илүү бодитой бүрдүүлэх, улс төр ба бизнесийн гүн бат сүлжээг саармагжуулах, улс төрийн намын барьцаалагдсан хийгээд хязгааргүй дур зоргын шинжтэй бодлого, үйл ажиллагааг хязгаарлах, төрийн залгамж чанарыг хангахад чиглэгдсэн ард түмний бүрэн эрх, хяналт хэрэгжих гол, бодит механизм болно.     
Нэгэнт  бүх шатны сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, иргэдэд татвар төлөгчдийн мөнгөнөөс олгох буюу санхүүжүүлэх бодит ямар ч боломжгүй учраас ард түмний бүрэн эрх, хяналт хэрэгжих механизм зайлшгүй байх ёстой болох нь бидний өнөөгийн амьдралаас урган гарч байна.  
ҮНДСЭН ХУУЛИЙН СУУРЬ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ЗАРЧИМД НИЙЦЭЭГҮЙ САНХҮҮ, МӨНГӨ, ХАЛАМЖИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ 
Яагаад инфляци, дефляци, дефолтын эрсдлийн түвшин “зохистой тааз”-аа давав, энэ тухай нийт даяар мэдээлэв.  
Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцсэн санхүү, мөнгөний бодлого, зохицуулалтыг бүрэн, зөв хийж, хэрэгжүүлж чадаагүй, ардчилсан эсхүл ардчилсан социалист эсхүл ардчилсан, социалист хоёр өөр бодлогыг хослуулахад чиглэсэн эсхүл гадна, дотнын санхүүгийн бүлэгт барьцаалагдсан шинж бүхий санхүү, мөнгөний бодлого хэрэгжүүлээд байна уу гэдэг нь зааглах боломжгүй болсон, 
Түмэн ард нь бараг бүгдээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үйлчилгээний шимтгэлд хамаг хөрөнгөө барьцаалсан, баглагдсанаас эцэстээ маш ихээр хохирч, зүдэрч байна,
Хадгаламжийн татваргүй, хүү нь өндөр буюу хадгаламжийн оффшор бүс учраас гадна, дотны цөөн тооны этгээд олон тэрбум валют “хадгаламж”-аар байршуулан “өндөр хүүгээр хүүлж” байгаа,   
Далд эдийн засаг газар авсан, тэрбумтан, хөрөнгө оруулагч гэгдэх этгээдийн ихэнхи нь оффшор бүсэд хөрөнгөө байршуулсан, үйл ажиллагаа явуулдаг тухай судлаач, улс төрч, эдийн засагчид илүүтэй ярьж, бичсээр л байна.    
Санал :  Хадгаламжийн хүүгийн “1-ээс 0” рүү, зээлийн хүүгийн “1 оронтой дундаж хэмжээ” рүү тэмүүлсэн бодлого, зохицуулалт хийх ажиллагааг эхлүүлж, хэрэгжилтийг хангах шат дараалсан арга хэмжээ авах шаардлагатай.  
АНУ, Япон болон бусад улс орны төв банкны бодлогын хүү, арилжааны банкуудынх нь зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн бодлого, хэрэгжилтийг өөрийн орныхтой харьцуулахад маш хол зөрүүтэй байгааг харж болно. Учир иймд :   
- “хадгаламжийн хүүгийн “1-ээс 0” рүү, зээлийн хүүгийн “1 оронтой дундаж хэмжээ” рүү тэмүүлсэн бодлого, зохицуулалтын баримт бичиг боловсруулан, хэрэгжүүлэх арга хэмжээ авах, 
- банк, банк бус санхүүгийн байгууллагатай “үндэсний зөвшилцөл” хийх, хадгаламжийн хүүгийн “1-ээс 0” рүү, зээлийн хүүгийн “1 оронтой дундаж хэмжээ” рүү тэмүүлсэн бодлого, зохицуулалтыг дэмжсэн банк, банк бус санхүүгийн байгууллагыг дотно, гадны санхүүгийн эх үүсвэр, бусад бүхий л боломжит бодлого, зохицуулалтаар дэмжих,        
- банк, банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэх, нийлэх замаар олон улсын түвшний “үндэсний санхүүгийн томоохон нэгдэл” бий болгох оновчтой бодлого, зохицуулалтын арга хэмжээ авах, дэмжих,  
- хадгаламж эзэмшигч нартай мөн зөвшицлөл хийх, хадгаламжаа банкны хувьцаа болгон хувиргасан тохиолдолд хадгаламжийн татвараас чөлөөлөх, эсрэг тохиолдолд татварын хэмжээг “хэрэв хадгаламжаа урт хугацаанд байршуулсан бол бага, богино хугацаанд байршуулан татах тохиолдолд өндөр татвар тогтоох,  
- халамжийн өсөлтийг тэлсэн бодлого, зохицуулалтыг эргэх харах, хязгаарлах,
- улс эх орноо санхүүгийн хүндрэл, дампуурлаас аварахад үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, албан тушаалтан, хадгаламж эзэмшигч, хөрөнгө оруулагч нарыг “Шударга журам”, “Бид ялав”-аас эхлээд Хөдөлмөрийн баатар, Улсын баатар хүртэлх улсын цол, медалиар шагнах, улсын элч, зөвлөх зэрэг албан тушаалд дэвшүүлэн дэмжих зэрэг цогц арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх гэх мэт.  
 Улс орны эдийн засгийн хүнд нөхцөлд дээрх арга хэмжээ нь төрийн бодлогын гол чиглэлд хамаарна гэж үзэж байна. Маргааш гэсээр түм буман хугацаа алдаж, боломжууд алдагдан, бидний ирээдүйн хөгжлийн гэгээ бүрхэг, бүдэг байх болно.     
Хадгаламжийн хүүгийн “1-ээс 0” рүү, зээлийн хүүгийн “1 оронтой дундаж хэмжээ”  рүү тэмүүлсэн бодлого, зохицуулалт бол мөрөөдлийн биш заавал хэрэгжих ёстой, чадах ёстой тулгамдсан асуудал.    
Шударга журам тогтож, бид ялах ёстой. Тэр цагт  олон түмэн одоогийнх шиг хямран элгээрээ хэвтэх биш дарамтаас ангижран босоцгоож, М.Фридманы хэлснээр “гагцхүү иргэд эрх чөлөө, өөрийн үзэмжээр хувь заяагаа сонгон, нийгэм өөрийн бүх чадавхиа шавхан урагшлах нөхцлийг бүрдүүлэх үй түмэн боломжууд чөлөөтэй нээгдэнэ”, төр, иргэн, хуулийн этгээдийн хөдөлмөрийн зөв хуваарь тогтож, төр өөрт үүрсэн зохиомол, хэт ачаалалт, үл гүйцэлдэх үүрэг, амлалтаас салах, А.Смитын тодорхойлсноор төрийн үүрэг, бүтэц, оролцоо маш цомхон, тодорхой, ойлгомжтой, зохистойтой бодлого, зохицуулалттай хэрэгжих суурь нөхцөл хангагдана. 
Санал : Авлигын эсрэг тууштай тэмцэх бодлого, зохицуулалтыг нарийвчлах
Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал нь нэг улс орны төдийгүй дэлхий нийтийн анхаарал татсан тулгамдсан асуудал болоод байна.     
Авлигын эсрэг НҮБ-ын конвенци, Авилгалын эсрэг Лимийн тунхаглал, Ази-Номхон далайн орнуудын авилгалтай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Олон Улсын   бизнесийн байгууллагын үйл ажилпагаанд гадаадын албан тушаалтныг хахуульдах явдалтай тэмцэх тухай конвенци, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс баталсан бодлогын баримт бичиг зэрэгт : Улс төрийн хүрээн дэх авлига нь  ардчилалд аюул учруулдаг, шударга, сайн засаглалыг хямруулдаг, ардчилсан, соёлт нийгэм бүрийн үндэс суурь болсон хууль тогтоомжийг үл ойшоон зөрчдөг буюу хууль эрх зүйг үгүйсгэн, гажуудуулдаг, эдийн эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад саад учруулж, бизнесийн үйл ажиллагаанд өрсөлдөх чадварыг алдагдуулдаг, нийгмийн ядуу, эмзэг хэсгийн нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын эрх эрх чөлөөг хөсөр хаяж, мөн улс төр, ёс суртахууны ноцтой сөрөг үр дагавар бий болгодог, улс нийгмийн хөгжлийг удаашруулж мөн нийгэмд ялгаврлал үүсгэн, ялангуяа ядуу хэсгийг гадуурхаж, чөлөөт, эрх тэгш өрсөлдөөнийг үгүйсгэдэг гэх зэргээр түүний хор холбогдлыг онцгойлон анхааруулсан байдаг.  
Нууц биш нууц болсон улс төрийн авлига, түүний шалтгааны эсрэг оновчтой арга хэмжээ авахгүйгээр дасан зохицох, хий үзэгдэл болгон эзэнгүйдүүлэх, бодит байдалд бодит бус хандах эрх хэмжээ ардчилсан төрд байх ёсгүй билээ.  
Санал : Тендер, лиценз, концесс, татвар, гааль, төрийн санхүү, өмч зарцуулагдах бусад бүтэцэд “ШИЛЭН” бодлого, шалгаруулалт, зохицуулалт хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах цогц, оновчтой арга хэмжээ авах
 Санал : Төрийн нүсэр биш цомхон, чадварлаг бүтэц, төрийн албыг улс төржүүлэхийн эсрэг бодлого, зохицуулалтыг тууштай хэрэгжүүлэх  
Төрийн албаны тогтолцоо, схемийг эргэн харах, нүсэр бүтэц, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, цомхотгох, зарим ажил үйлчилгээг цахим сүлжээ ашиглаж хэрэгжүүлэх болон холбогдох иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авах нь чухал.
Гэхдээ одоогийн төрийн албан хаагчдыг бөөнөөр халах биш харин төрийн албаны шинэ бүтэц, бүрэлдэхүүн нэмэхгүй байх, төрийн зарим албан хаагч нарын тэтгэвэрийн насыг тодорхой хугацаанд тусгай горимоор богиносгох, эргээд уртасгах буюу хэвийн горимонд шилжих зэрэг бодлогын шинжтэй арга хэмжээг авч болох юм. 
Санал : Шударга, эрх зүйт хууль боловсруулах, батлан мөрдүүлэхэд онцгой анхаарах 
Хуулийн засаглал гэдэг нь урьдчилан тогтоосон цогц хууль “хууль тогтоох эрх мэдэл”-ийн дээгүүр байна, тодруулбал, улс төрийн эрх барьж буй хувь хүн өөрөө хуульд захирагдана гэсэн үг. Фрэнсис Фукуяма.
Хууль боловсруулахад мэргэжлийн хуульчид, эрдэмтэд, шинжээчийг өргөнөөр, чөлөөтэй оролцуулах, хэлэлцүүлэг тогтмол хийх, хуулийн төслийн талаар иргэдэд мэдээлэн хэлэлцүүлэх, санаа бодлыг өргөнөөр судлан тусгах, мөн УИХ-ын чуулганы хуралдааныг нийт гишүүдийн 3/4 хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос дээш саналаар хууль баталдаг болох, УИХ, ЗГ-ын эрх хэмжээг оновчтой зааглан ялгах, хяналт, тэнцлийг хангах шаардлагатай.  
Санал : Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг улам бүр төгөлдөржүүлэх, баталгаажуулах
Эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх, ардчилсан, хуулийн засаг орших суурь нөхцөл, баталгаа нь бие даасан, хараат бус шүүх эрх мэдэл. Энэ бол ардчилсан нийгэмд нэгэнт хэвшиж тогтсон үзэл,  хандлага, сэтгэлгээ юм.
Шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтаар төрийн эрх мэдлийг харилцан тэнцвэр, хяналттай байх 3 салаанд хуваарилсан, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа шүүх эрх мэдлийн хяналтаас гадуур байх бололцоогүй.   
“Хууль тогтоох эрх мэдлийн дээд урлаг бол шүүх эрх мэдлийг зөв зохион байгуулахад оршдог” гэж Монтескье үзсэн байдаг. Уг үзэл санааны агуулгаар авч үзвэл цаашид шүүх эрх мэдлийг зөв зохион байгуулахад чиглэгдсэн зарим зохицуулалтыг хийхийн тулд Үндсэн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа болно.