Tuesday, April 12, 2016

ШҮҮХ БАЙГУУЛАХ ХУВИЛБАРУУД



ШҮҮХ БАЙГУУЛАХ ХУВИЛБАРУУД


Үндсэн хуулийн цэцийн 2016.01.28-ний өдрийн шийдвэр нь хууль эрх зүй, эдийн засагт олон талт сөрөг үр дагаварууд үүсгэх тул Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.    
Ямар “хувилбар”-ууд байж болох талаар дараах саналууд байна. Үүнд :                              
Нэгдүгээр хувилбар : “Шүүх байгуулах тухай хуульд Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэр томъёо, утга агуулгаар нь тайлбарласан зүйл, заалт, мөн орон  нутаг дахь Давж заалдах шатны шүүх хуралдаанд “цахим засаглалын цахим сүлжээ”-г ашиглах, тухайн шүүхийн шүүгчид нүүдэллэн ажиллах журам бүхий зохицуулалт тус тус нэмэх.        
Үндэслэл 1 : УИХ-аас Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааны төрлөөр дагнасан шүүх байгуулсан нь Үндсэн хуульд нийцсэн.          
Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “шүүхийн үндсэн тогтолцоо, түүний нэршил”-ийг харгалзан, нийгмийн эрэлт, шаардлага, хэрэг маргааны төрөл, гаралтын түвшин, хүн амын төвлөрөл, эдийн засгийн чадавхи, үр ашиг зэргийг үндэслэл болгон УИХ дагнасан шүүх байгуулах бүрэн эрхтэй, тийнхүү эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааны төрлөөр дагнасан шүүх байгуулсан нь Үндсэн хуулийг зөрчөөгүй.     
Үүнийг нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид гарсан захиргааны бүх хэрэг маргааныг харъяалан шийдвэрлэх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж дэх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан магадлах Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсан явдал тус тус нотолно.    
2004 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүх,  2010 онд Захиргааны хэргийн давж заалдах шүүх тус тус байгуулснаар тухайн шүүхүүд иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэсээр байгаа нь Үндсэн хуульд нийцсэн, үйл ажиллгаа нь нэгэнт төлөвшсөн болохыг нотолж байна. 
Эрүү, иргэний анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхтэй нэг адил бүгд дагнасан шүүхүүд юм.   
Гэтэл Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулсантай нэг адил зарчмаар зарим Эрүү, иргэний анхан болон давж заалдах шатны дагнасан шүүх байгуулсныг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн хуулийн цэц үзсэн нь тухайн шийдвэр үндэслэл, нотолгооны логик зөрчил, алдаатай, УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж ойлгогдохоор байна.    
Үндэслэл 2 :  “Шүүх байгуулах тухай 2015.06.29-ний өдрийн хууль нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгээгүй.      
Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь гагцхүү Монгол Улсын шүүхийн тогтолцоо (анхан, давах, хяналтын шат)-г, мөн шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болохыг тус тус заасан зөвхөн “шүүхийн тогтолцооны нэршил, шүүн таслах ажлын төрлөөр дагнах хэлбэр”-т хамаарах үндсэн гол утга агуулгыг илэрхийлнэ, харин шүүхүүдийг заавал “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  хуваарь”-ийн дагуу байгуулах утга санааг илэрхийлэхгүй байх ба шүүхээс хэрэг маргаан хянан шийдвэрлэх газар зүйн байршил буюу шүүхэд харъяалагдах хэрэг маргааны харъяаллын тойргийн зураглалыг хэрхэн хийж, энэ дагуу шүүхүүдийг хаана, яаж, хэрхэн байгуулахыг “шүүхийн үндсэн тогтолцооны нэршил”-ийг харгалзан, нийгмийн  эрэлт, шаардлага буюу хэрэг маргааны төрөл, гаралтын түвшин, хүн амын төвлөрөл, эдийн засгийн чадавхи, үр ашиг зэргийг үндэслэл болгон УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй.
 Үндэслэл 3 : “Шүүх байгуулах тухай 2015.06.29-ний өдрийн хууль нь иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулаагүй.  
 Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт “Иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулсан” гэж зөвхөн хэлбэрийн төдий бичигдсэнээс “яагаад, яаж” гэдэг асуултад хариулах хангалттай үндэслэл, судалгаа баримтад үндэслэгдээгүй.            
Анхан шатны шүүхүүдийн иргэдэд үйлчлэх үйлчилгээ иргэдээс холдоогүй ба төв, орон нутагт анхан шатны шүүхүүд ажиллаж байгаа.         
Үндсэн хуульд заасан нэршлээр орон нутагт Аймгийн төв бүрт Сум буюу сум дундын шүүх ажилладаг, гэхдээ тус шүүхээр зарим сумдын иргэд үйлчлүүлэхийн тулд 500 км болон түүнээс хол зайнаас үйлчлүүлэх тохиолдлууд байгаа, үүнийг төрийн үйлчилгээ иргэдээс холдсон гэж үзвэл ямар сумдыг харъяалуулан дахин шүүх байгуулах эсэхийг УИХ шийдвэрлэх боломжтой.  
 Харин дүүргүүдийн хувьд Үндсэн хуульд заасан нэршлийг хадгалан улмаар шүүн таслан ажиллагааны төрлөөр дагнуулан 2-3-н дүүргийн нутаг дэвсгэрийн дунд “дүүргийн эрүү, иргэний шүүх” байгуулсныг, мөн
Давж заалдах шатны шүүхийн хувьд орон нутагт Үндсэн хуульд заасан нэршлийг хадгалан улмаар шүүн таслан ажиллагааны төрлөөр дагнуулан 2-3 аймгийн нутаг дэвсгэрийн дундДавж заалдах шатны эрүү, иргэний шүүх” байгуулсныг тус тус төрийн үйлчилгээг иргэдээс холдуулсан гэж үзэх үндэслэлгүй ба эдгээр зохицуулалт нь тухайн шүүхүүд, шүүгч нарын  хувьд ажлынх нь харилцан адилгүй ачааллыг[1] харьцангуй жигд буюу тэнцвэртэй болгож, улсаас гарах төсөв санхүү, зардал хэмнэсэн буюу том төрөөс ухаалаг төрийн бодлого, зарчмыг хэрэгжүүлэх мөн тухайн шүүхүүдэд нөлөөлөх хөндлөнгийн нөлөөлөл, үр дагавараас урьдчилан сэргийлэх зэрэг үзэл санаа, зорилгыг л агуулсан байдаг.           
Дүүргийн иргэд харъяалах дүүргийн шүүхээр үйлчлүүлэхэд 1 буюу хэдэн автобусны буудал л дамжина, харин дээр дурдсан зарим сумдын иргэд шиг хэдэн зуун “км” хол зам туулахгүй.         
Давж заалдах шатны шүүх гагцхүү эрх бүхий этгээдийн гомдол, эсэргүүцэл бичигдсэнээр л анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хянадаг учраас тухайн шатны шүүх хуралдаанд гомдол, эсэргүүцэл бичсэн этгээд заавал оролцох шаардлагагүй, харин гомдол, эсэргүүцлээ хууль ёсны ба үндэслэлтэй бичсэн байх нь чухал байдгаас гадна  хэрэв оролцохыг хүсвэл биечлэн очих, хэрэв очих бололцоогүй бол “цахим засгийн цахим сүлжээ”-г   ашиглан тухайн шүүхийн шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлж оролцох боломж бүрдсэнээс гадна давж заалдах шатны шүүх нүүдэллэн ажиллаж буй учраас тэдгээр шүүхүүдийг “иргэдийн шүүхээр үйлчлүүлэх эрхийг зөрчсөн, иргэдээс холдсон” гэж үзэх үндэслэлгүй юм.           
Үндэслэл 4 : Иргэн, байгууллага хэн боловч өөрийн хөрөнгийг “элсэнд цацсан ус мэт” үрэгдүүлэх, үр ашиггүй зүйлд зарцуулдаггүй.   
Энэ зарчим Улс орны хувьд ч ялгаагүй үйлчлэх ёстой ба Улс орны санхүү, эдийн засгийн онцгой хүнд нөхцөл байдал буюу Дефолтын эрсдэл нүүрлэсэн одоогийн нөхцөлд улс орны эдийн засгийн аюулгүй байдлын тогтвортой байдлын үүднээс “төсвийн үр ашиггүй зарцуулалт хийх бус харин эсрэгээр хэмнэлтийн онцгой горим”-д шилжих бодлого үйлчлэх ёстой.    
Хоёрдугаар хувилбар : Орон нутаг дахь Иргэний хэргийн болон Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн зохион байгуулалтыг Улсын дээд шүүхийнхтэй төсөөтэйгээр  дахин өөрчлөх, мөн “цахим засаглалын цахим сүлжээ”-г ашиглах, тухайн шүүхийн шүүгчид нүүдэллэн ажиллах журмыг тус тус зохицуулна. 
Жишээ : Одоо байгаа шүүхийн нэршлийг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Давж заалдах шатны шүүх гэж өөрчлөх, нэг Ерөнхий шүүгчтэй байх, харин тус шүүх дотроо эрүү, иргэний хэргийн танхимтай.      
Мөн Орон нутаг дахь анхан шатны шүүхүүдийг шүүн таслах ажлын төрлөөр тус тус нэрлэх бус харин тухайн орон нутаг дахь анхан шатны шүүх гэж нэрлэн, шүүх дотроо эрүү, иргэн, захиргааны танхимтай байхаар зохицуулалт хийж болно.     
Тухайлбал, Архангай аймаг анхан шатны шүүх гэж байгуулах, тус шүүх нь нэг Ерөнхий шүүгчтэй, харин шүүх дотроо эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимтай байх, хэрэг маргааны гаралтын тооноос хамааран танхимын шүүгчийн тоог тогтоох, иргэний ба захиргааны бүх хэргийг шүүгч дангаар шийдвэрлэх зэрэг зохицуулалт хийх.      
Уг нэмэлт, өөрчлөлтүүд нь шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулах хуулийн үндэслэл, утга агуулгыг шууд алдагдуулахгүй ба харин  төсөв, зардал хэмнэх, шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэхэд ач холбогдолтой.     
Гуравдугаар хувилбар : Орон нутаг дахь Давж заалдах шатны шүүхийг анх байсан хэлбэрт шилжүүлэх буюу аймаг бүр давж заалдах шатны шүүхтэй байх, тухайн шүүхийн шүүгч нар иргэн, эрүүгийн хэргийг хэн, ямар хугацаанд дагнаж шийдвэрлэхээ “шүүгчдийн зөвлөлгөөн”-өөр шийдвэрлэх. Энэ нь эдийн засгийн хувьд үр ашиггүй.    
Дөрөвдүгээр хувилбар :  Хэрэв дүүргийн шүүхийн хувьд одоо байгаа хувилбарыг өөрчилнө гэвэл “Дүүрэг бүрт эрүү, иргэний дагнасан шүүх” байгуулах.          



[1] Шүүхийн багц хууль хэрэгжсэн болон хэрэгжихийн өмнөх Монгол Улсын шүүхүүдийн он дараалсан ажлын тайлангуудаас мэдэж болно.