Tuesday, March 5, 2013

АРДЧИЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН УХАМСАР, СЭТГЭЛГЭЭНИЙ ТЭЛЭЛТ БА ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ




АРДЧИЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН УХАМСАР,
 СЭТГЭЛГЭЭНИЙ ТЭЛЭЛТ БА ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ


Баянхонгор аймаг дахь
Сум дундын шүүхийн шүүгч Г.ГАНБААТАР

“Шударга шүүх, эрх зүйт хуулийн шударга хэрэгжилт нь ардчилалын үнэт зүйлсийн баталгаа буюу ардчилсан, эрх зүйт төр оршихуйн үндэс”
                                                                                                          
Ардчилсан Үндсэн хууль ба Шүүх эрх мэдэл               

Хүний эрх,эрх чөлөөг хангаж, хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд төрийн эрх мэдлийг хуваарилах шаардлага нь төрийн ардчилсан дэглэм, Үндсэн хуульт ёсны гол үзэл санаа байдаг.          
1980-аад оны эцсээр Монголын Ардчилсан хүчнийхэн хошуучилж, нэг нам ноёрхсон захиргаадалтын дэглэмийг халж, эрх зүй, эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын зэрэг улс орны бүхий л салбар хүрээг хамаарсан шинэтгэл хийх шинэ үзэл, сэтгэлгээгээр “хувьсгалт хөдөлгөөн” өрнүүлсэн. Тэмцлийн үр дүнд нь 1990 оны 3 сард нэг намын ноёрхлыг халж, улмаар ардчилсан шинэтгэлийн хууль зүйн эх үндэс болгон 1991 оны 5  сард БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хууль, 1992 онд эдүгээгийн шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсан.         
Монгол улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан явдал нь хүний эрх, хуулийг дээдэлсэн дэлхийн ардчилсан улс орнуудын улс төр, эдийн засаг, хөгжлийн түгээмэл чиг хандлагад нийцсэн түүхэн том ололт болсон бөгөөд тус Үндсэн хуулиар Монголд анх удаа төрийн эрх мэдлийг жинхэнэ утгаар нь хуваарилах үзэл санааг баталгаажуулж өгсөн юм.  
Ингэж Монгол Улс нэг нам дангаар ноёрхсон улс төрийн тоталитар дэглэмээс ардчилсан дэглэмд бүрэн шилжсэн. Өөрөөр хэлбэл, социалист төр буюу намт засгаас өөртөө хязгааргүй төвлөрүүлж, хэрэгжүүлж байсан эрх мэдлийг гагцхүү ард түмний мэдэлд шилжүүлсэн.   
Ардчилсан улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ба төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу засгийн нэгдмэл эрхийг харилцан тэнцвэр, хяналттай (balances and checks) байх 3 салаанд хуваарилсаны нэг нь шүүх эрх мэдэл.           
Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага өөрсдөө хууль биелүүлж байгаа эсэхэд шүүхийн хяналт тогтоосон нь дэлхийн улс түмнээс дарангуйлагчдын эсрэг явуулсан тэмцлийн нэг үндсэн ололт, шударга ёс, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө зэрэг ардчилалын үнэт зүйлсийг хамгаалах шинэ механизм, эрх зүйт төрийн оршин хөгжих үндэс гэж үздэг ба өмнө нь төрийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага шүүхэд хянагдах биш шүүхийг хянадаг, албадлагын хэрэгсэл болгодог, шийдвэрээ хянуулах бус хамгаалуулдаг, өөрсдөө хуулийг тойрч гардаг буюу хуулийн үйлчлэлээс гадуур байв.                  
Шинэ Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн шинэтгэлийн гол агуулга, ач холбогдол нь намын ба засаг захиргааны байгууллагын шууд хяналтад байж, тэдгээрийн албадлагын хэрэгсэл  болж байсан хуучин тогтолцоог халж, шүүх эрх мэдлийг засгийн бие даасан  салаа болгосон ба эрх мэдлүүд хоорондын хяналт, тэнцвэрт байдлыг хангахын тулд шүүхийн тогтолцоог үндсэн, дагнасан болон төрөлжсөн шүүхээс бүрдүүлж, бүрэн эрх, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг хуульчлан тогтоосонд оршино.  
Тухайн үеэс эдүгээ хүртэлх хугацааны турш шүүх эрх мэдлийн салбарын шинэчлэл цогц байдлаар тодорхой үе шаттайгаар тууштай бөгөөд ахисан шинэ түвшинд хийгдсээр ирсэн юм.             
Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх эрх мэдлийг шинээр төлөвшүүлж хөгжүүлэх, шүүхийн эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгын хүрээнд шүүхийн хэвийн ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, шүүгчдийн цалин, ахуй хангамж, мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, шүүхийн хариуцлагатай, хараат бус байдал, үйл ажиллагааных нь нээлттэй, ил тод байдлыг хангах зэрэгт чиглэгдсэн олон хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд боловсруулж, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлсний үр дүнд шүүх эрх мэдлийн салбар эдүгээгийн хөгжил, дэвшлийн түвшинд хүрч чадсан билээ.      
Гэвч аливаа шинэчлэлт бол тасралтгүй үргэлжлэх үйл явц байдаг учраас улс орны нийгэм, эдийн засгийн зэрэг бүхий л салбар хүрээнд гарч буй өөрчлөлт, шинэчлэл, хөгжил дэвшил, эрх зүйн хөгжлийн орчин цагийн нийтлэг жишиг, шинэ үзэл, сэтгэлгээ, хандлагад нийцүүлэн шүүх эрх мэдлийн салбарыг дахин шинэчлэх бодит шаардлага бий болж, шүүх эрх мэдлийн шинэчлэл үргэлжлэн явагдаж байна.       

Монгол Улсын Ерөнхийлөгч ба Шүүх эрх мэдлийн шинэчлэл  
Монголын Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө “ШУДАРГА БАЙЦГААЯ” уриатай мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн ба хөтөлбөрийн үндсэн чиглэлийн нэг нь Шударга ёсыг тогтоогч Ерөнхийлөгч байх асуудал байсан.    
Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн хувьд улс орондоо шударга ёс тогтоохыг тэргүүн зэргийн үүргээ гэж үзнэ. Төр нь иргэдээ дарамталдаг, айлгадаг байж болохгүй. Иргэддээ үйлчилдэг байх ёстой...Дарга нарыг хууль биелүүлдэг болгоно...Ардаа алагчилдаггүй хууль, шүүхийн тогтолцоог дэмжинэ. Аливаа хууль тогтоомж нь төрийг бус хүнийг хамгаалахад зориулагдах ёстой...Эрх зүйн болон улс төрийн иж бүрэн шинэтгэлийг эрх чөлөө, ардчилалын үнэт зүйлс, үзэл санаанд нийцүүлэн хийхэд санаачлагатай, идэвхтэй, иргэнлэг байр сууринаас оролцоно...гэх мэт олон асуудал тусгагдсан.
Монголын Улсын Ерөнхийлөгч хууль, эрх зүйн шинэтгэлийн бодлого, зорилтынхоо хүрээнд шүүхийн эрх мэдлийн шинэчлэлийн асуудлыг тэргүүн зэрэгт авч үзсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны 06 сарын 18-ны өдөр тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ...Шударга ёс бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна гэж миний ард түмэн надад захин захин сонгосныг би өдөр бүр санаж ажиллах болно...Улс оронд шударга ёс тогтооход шүүх, прокурорын байгууллага шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстойг хэн хүнгүй ярьж байна. Энд шинэчлэл хэрэгтэй шүү гэж хүн бүр надад захисан. Тэр шинэтгэлийг ул суурьтай, тууштай хийх болно...Шүүхийн байгууллагын хараат бус, шударгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч миний бие хуулиар олгогдсон эрх хэмжээгээ бүрэн дүүрэн ашиглана...Шударга ёсыг тогтоох, эрх чөлөөг нь баталгаажуулахын төлөө анхнаас нь зүтгэсэн үйл хэргээсээ би алхам ч ухрахгүй...Хуулийг ялгал үгүй, ягштал биелүүлдэг зарчмыг хатуу мөрдөж ажиллана...гэж хэлсэн.    
Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчилал, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны чухал баталгаа болсон шүүхийн үйл ажиллагааг чадавхижуулах, боловсронгуй болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг шүүх эрх мэдлийн салбарт шинэчлэл хийхээс үйл ажиллагаагаа эхлүүлж, энэ хүрээнд шүүх эрх мэдлийн салбарыг шинэчлэхэд чиглэгдсэн багц хуулийн төслүүд санаачилж, тухайн хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийг томилох тухай зарлиг гаргаж, шүүхийн шинэчлэлийг өрнүүлэх эх суурийг тавьсан.         
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулсан ба тус хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 04 сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэн дэмжсэн. 
Тус хөтөлбөр батлагдсанаар шүүх эрх мэдлийн ба шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага бүр тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шүүхийн шинэчлэлийг тууштай  үргэлжлүүлж хийх бодлого, зорилтоо шинээр тодорхойлсон юм. Тухайлбал Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл” бодлогын баримт бичгийг, Улсын ерөнхий прокурорын газраас “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр зэргийг тус тус баталж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилласан.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсаны дагуу “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба Шударга ёс“ Үндэсний чуулган 2011 оны 04 сарын 14,15-нд зохион байгуулагдсан ба  шүүх, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл болон иргэд нийт 1600 гаруй төлөөлөгч оролцож, шүүх эрх мэдлийн салбарт хийвэл зохих шаардлагатай өөрчлөлт, шинэчлэл, эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг шүүхийн шинэчлэлд хамаарах олон асуудлаар санал, зөвлөмж гаргасан билээ.       
Дээрх цогц үйл ажиллагааны үр дүнд Монголын Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх эрх мэдлийн салбарт шинэтгэлийг гүнзгийрүүлэх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэгдсэн Шүүхийн багц хуулиуд УИХ-д өргөн баригдаж, УИХ-аар бүгд батлагдан, 2013 оны 04 сарын 15-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр болоод байна.    
Тухайн  хуулиуд нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилсан орнууд дахь шүүхийн эрх зүйн хөгжлийн хандлагад нийцүүлэн шүүх эрх мэдэлтэй холбоотойгоор тусгайлан хуулиар зохицуулах олон шинэлэг харилцаа, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг нарийвчлан тогтоосон.   
Шүүхийн багц хуулиудын үзэл баримтлал нь шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх замаар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг тууштай хөгжүүлэх, шүүхийн шударга, хариуцлагатай, бие даасан, нээлттэй, ил тод байдлыг зохистой хангах, ардчилалын үнэт зүйлсийг баталгаажуулах, хамгаалахад чиглэгдсэнд ач холбогдол нь оршиж буй юм.          

Шүүхийн тухай хууль  
Шүүхийн эрхэм зорилго нь : “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх“ явдал гэж заасан нь шүүх эрх мэдэл ард түмнийг эрх зүйн хувьд хамгаалах буюу шударга ёс, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө зэрэг ардчилалын үнэт зүйлсийн үндсэн баталгаа болох утга агуулгын бодит илэрхийлэл болсон.   
Уг зорилгыг хангахын тулд Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шүүх эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус бөгөөд хариуцлагатай, мэдрэмжтэй, шударга, хүртээмжтэй, бүтээмжтэй байхад хамаарах цогц асуудлын эрх зүйн үндсийг шинэчлэн тогтоосон.
Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажиллагааны төрлөөр анхан болон давж заалдах шатны шүүхийг дагнуулах ингэхдээ нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харъяалуулсны зэрэгцээ давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулахаар заасан.
Шүүх хэрэг, маргааныг дагнан хянан шийдвэрлэх нь шүүгч нар тухайн салбар эрх зүйн чиглэлээр мэргэших, шүүн таслах ажиллагааны чанар дээшлэх, шүүх шударга шийдвэр гаргасан гэдэгт иргэд итгэх зэрэг олон талын ач холбогдолтой. 
Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулсан нь тухайн шүүх, шүүгч нарын  хувьд ажлынх нь харилцан адилгүй ачааллыг харьцангуй жигд буюу тэнцвэртэй болгосон, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харъяалуулсан зэрэг онцлогтой. Тойргийн шүүх нь шинэ зохицуулалт тул зарим нэг шүүмжлэлт санал байх боловч давж заалдах шатны шүүх гагцхүү эрх бүхий этгээдийн гомдол, эсэргүүцэл бичигдсэнээр л анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хянадаг учраас тухайн шатны шүүх хуралдаанд гомдол, эсэргүүцэл бичсэн этгээд заавал оролцох шаардлагагүй, харин гомдол, эсэргүүцлээ хууль ёсны ба үндэслэлтэй бичсэн байх нь чухал байдгийг ойлгох шаардлагатай.   
Харин анхан шатны шүүхийг иргэдэд аль болох ойртуулах зорилгоор нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харъяалуулснаас гадна нүүдэллэн ажиллаж болохоор зохицуулсан.  
Шүүх нүүдэллэн ажиллах нь иргэдэд хууль дээдлэх үзлийг баттай төлөвшүүлэх, тэдний хуулийн мэдлэг, ухамсарыг улам бүр гэгээрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ба шүүхийн эрхэм зорилгыг хангах чухал арга зам юм.   
Анхан шатны шүүх нүүдэллэн ажиллаж олны өмнө нээлттэй шүүх хурал хийх, иргэдэд хууль, эрх зүйн талаар лекц, яриа хийж, хуулийг сурталчилдаг байсан нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд үр нөлөөтэй арга болж байсан практик манайд бий.  
Одоогийн практикт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улс төрийн албан тушаалтнууд, ихэнхдээ мэргэжлийн бус хүмүүст хариуцуулснаас тэд мэргэжлийн үйл ажиллагааг явуулах бодит боломжгүйгээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зарим талаар улс төрийн үйл ажиллагааны хавсарга болгох буюу хэлбэр төдий хандахад хүрдэг байдлыг анхаарч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг “анхан шатны шүүхийн нүүдэллэн ажиллах бодлого, зорилттой“ нягт уялдуулан шинэлэг байдлаар, нэгдсэн бодлого, төлөвлөгөө, журмын дагуу хамтран  ажиллах, үүрэг хүлээх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зэрэг олон асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатай.          
Шударга шүүхийн үндсэн зарчим тул шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх явдлыг хангах олон арга замыг баталгаажуулсан. Тухайлбал; Шүүх хуралдааныг нээлттэй хийхээс гадна анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ олон нийтийн хяналтын бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмаар оролцуулах, шүүх бүр цахим хуудастай байж шийдвэр, үйл ажиллагаагаа тогтмол мэдээлж байх, нууцад хамаарахгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, бүх шатны шүүх шийдвэрээ өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтлэх, хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэхэд УДШ-ийн шүүгчийн хувьд тусгай саналтай бол тухайн саналаа шийдвэрийн хамт цахим хуудсанд байршуулах, харин бусад шүүхийн шүүгчийн хувьд тусгай саналаа шүүхийн шийдвэрт хавсаргах гэх мэт. 
Бүх шатны шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулах, хэвлэн нийтлэх болсон нь шүүхийн практик судлалыг хөгжүүлэх, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх жишиг тогтооход чухал дэвшил  болсон. Шүүхийн практик судлах нь иргэд ялангуяа хуульчдын хууль, эрх зүйн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, онол, практикийн мэдлэгээ сэргээн бататгах, онолын сэтгэлгээг хөгжүүлэх, хэрэг маргааны нотлох баримтыг үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргах, хуулийг зөв хэрэглэх, тухайн тохиолдолд хуулийг тайлбарлах аргачлал, арга зүйг танин мэдэх, харьцуулах, хууль хэрэглээний болон байцаан шийтгэх процесс ажиллагааны явцад гарч буй зарим алдааг олж харах, давтан гаргахгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг.     
Шүүх эрх мэдлийн улс төр, хууль зүйн, эдийн засаг, зохион байгуулалт, аюулгүй байдлын баталгааг хэрхэн хангахыг тодорхой заасан ба энд шүүх эрх мэдлийн эдийн засгийн баталгаа болгож шүүхийн төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулан Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлэх ба шүүхийн төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглосон зэргээр шүүхийн шинэтгэлд хамаарах чухал ач холбогдолтой олон асуудлыг оновчтой зохицуулсан юм.      

Шүүхийн захиргааны тухай хууль
Шүүхийн захиргааны чиг үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал зэрэгтэй холбогдсон харилцааг зохицуулсан.
Шүүхийн захиргаа нь шүүх, шүүгчийн үйл ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүхий л нөхцөл, боломжийг ханган бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.
 Шүүх эрх мэдэл нь хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдэлтэй харилцан тэнцвэр, хяналттай байх, хараат бус буюу улс төрийн нөлөөллөөс ангид орших баталгааны нэг нь Шүүхийн ерөнхий зөвлөл байдаг.  
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах, шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрх бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг байнгын ажиллагаатай, орон тооны гишүүд бүхий бие даасан тогтолцоо болгож, эрх хэмжээ, чиг үүргийнх нь  хүрээг оновчтой тодорхойлсны зэрэгцээ УДШ-ийн Ерөнхий шүүгч нь нэгэн зэрэг ШЕЗ-ийн дарга байсныг хязгаарлаж, шүүхийн захиргааны удирдлагыг шүүн таслах ажиллагааны удирдлагаас салгасан нь онцлог юм.  
Шүүхийн Ерөнхий зөвлөл нь дарга, 4 гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг шат шатны шүүхээс тус бүр 1, Хуульчдын холбооноос 1, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 1 хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.
Ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилохоор заасан.
Мөн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэг этгээд хэрэгжүүлж байсныг хязгаарлаж, тэдгээрийн чиг үүргийг ялгамжтай тогтоосон. Ингэснээр шүүхэд мэргэшсэн туслах ажилтан бий болохоос гадна шүүгчийн туслах нь эрх зүйчийн хувьд мэргэжлээрээ дагнан ажиллаж мэргэжлийн дадлага олох, мэдлэг боловсролоо улам дээшлүүлэх замаар “хуульч”  боловсон хүчин болж бэлтгэгдэх боломж илүү нээгдсэн юм.   

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 
Шүүхийн шинэчлэлийн гол чиглэл болох шүүхийг өндөр боловсролтой, шударга, хариуцлагатай, мэргэшсэн, шилдэг боловсон хүчнээр хангах бодлого болон шинэ цаг үеийн бодит шаардлагын дагуу тус хууль батлагдсан.        
Шүүхийн шүүгчид хууль, шударга ёсны өмнө хүлээсэн онцгой бүрэн эрх, өндөр үүрэг хариуцлага хүлээдэг учир шүүгч нь мэргэжлийн өргөн мэдлэг, мэргэшсэн чанар, өндөр ур чадвар, баялаг туршлага, ёс зүйн эрхэм чанаруудыг эзэмшсэн, ардчилалын үнэт зүйлс, тэдгээрийн үнэ цэнэ, утга агуулгыг өөрийн итгэл үнэмшил болгосон, эрх зүйн ба бусад салбарын хөгжлийн хандлагыг зөв мэдрэх чадвартай байх зэрэг нь нэн тэргүүний шаардлага болж тавигдсан юм. 
Шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага тэдгээрийг үнэлж дүгнэх, сонгон шалгаруулах журам, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус, халдашгүй байдал, түүний баталгаа, шүүгчийн хариуцлагатай, шударга байдлыг хангах зэрэг олон асуудлыг тус хуулиар нарийвчлан зохицуулсан.
Тухайлбал : Шүүгчид тавих болзол, шалгуур, хариуцлага нэмэгдсэн, шүүгч нарыг шүүн таслах ажлын чиглэлээр төрөлжүүлж, мэргэшүүлэхээр болсон, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг 3-5 жил тутам үнэлж дүгнэлт гаргана, тухайн дүгнэлт шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх үндэслэл болно, шүүгчид нэр дэвшигчийг цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ, олон нийтээс тухайн нэр дэвшигчийн талаар мэдээ, мэдээлэл ирүүлэх боломжтой ба шүүгчид нэр дэвшигч хуульд заасан болзол, шаардлагыг хангасан эсэх болон мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийг Мэргэшлийн хороо, Хуульчдын холбоо тус тус гаргаж, ШЕЗ-д хүргүүлэх, ШЕЗ нэр  дэвшигч бүртэй ганцаарчлан уулзаж, ярилцлага зохион байгуулах зэрэг олон шинэлэг зохицуулалт бий.
 Түүнчлэн шүүгчийн хараат бус, халдашгүй байдлын эрх зүй, эдийн засаг, нийгмийн зэрэг бүх талын баталгааг тодорхой, оновчтой болгосон ба албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд хэн боловч шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх явдлыг хориглож, шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаварыг хэргийн оролцогчдод тайлбарлах, шүүгчийн хараат бус байдалд халдсан аливаа этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан.
Шинэ хуулиар шүүгчийн эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, бие даасан байдлын эрх зүй, эдийн засаг, нийгэм хангамжийн зэрэг бүхий л асуудлын баталгааг байж болох хэмжээ, хязгаарын хүрээнд эрс сайжруулж, бодитой хангахад чиглэгдсэн эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн.   
Шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, мэргэшлээ дээшлүүлж байхыг тухайн хуулиар үүрэг болгосон тул шүүгч бидний хувьд шинэ хуулийн үзэл санаа, эдүгээ цаг үеийн шинэ үзэл, шаардлага, хандлагын дагуу мэдлэг, ур чадвар, туршлага, арга барил, соёл, сэтгэлгээгээ шинэчлэхэд  хүчин чармайлт гаргах зайлшгүй чухал болж байна. Энэ бол шүүгчид гагцхүү өөрөө өөртөө заавал төлөвшүүлсэн байх “шүүгчийн оюун санааны баталгаа”-ны тухай асуудал.    
“Шүүгчийн оюун санааны баталгаа”-ны үндсэн агуулга, шалгуур нь шүүгч нь хууль, шударга ёсыг өөрийн зүрхмэт сэтгэж түүнд захирагдах, харин  хууль бус, шударга бус аливаа явдлаас өөрөө өөрийгөө дотоод оюун ухаандаа чөлөөлж чадсан байх тухай асуудал байдаг билээ.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль
“Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах”  зорилтоос тухайн хуулийн үзэл санаа, ач холбогдлыг тодорхойлох боломжтой юм.  
Тухайн зорилтыг хангах хүрээнд Иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх, хараат бус байдал, иргэдийн төлөөлөгчид тавих шаардлага, тэдгээрийг сонгон шалгаруулах, сургалтад хамруулах журам, иргэдийн төлөөлөгчийн ажиллах нөхцөл, цалин хөлс болон иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох журам зэрэг олон асуудлыг тус хуулиар нарийвчлан зохицуулсан.  
Тус хууль батлагдсан нь анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулнагэсэн Үндсэн Хуулийн 52 дугаар зүйлийн 2-т заасан заалт, үзэл санаа бодит утгаар хэрэгжиж байгаагаас гадна шүүх эрх мэдэл бол шүүхийн эрх мэдэл бус харин ард түмнээс эх сурвалжтай, ард түмнээс шилжүүлсэн, тэдний хяналтад байдаг бөгөөд ард түмнийг эрх зүйн хувьд хамгаалах эрх мэдэл буюу тухайн улсад ардчилсан төр оршин буйг илэрхийлэх шинжүүдийн нэг илрэл юм.        
Иргэдийн төлөөлөгчийг хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцуулж байгаа нь шүүх нээлттэй, хариуцлагатай, шударгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэдэгт итгэх иргэдийн итгэл улам батжих, олон нийтэд “шүүхэд хандана гэдэг бол шударга ёсонд хандаж буй явдал” гэсэн ойлголт, хандлага бүрэн, зөв төлөвших, тэдний эрх зүйн ухамсар, соёл дээшлэх, шүүх, шүүгч нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх, шүүхэд хандах зөв хандлагыг төлөвшүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.      

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
“Эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлагчийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах” нь тухайн хуулийн зорилт юм. 
Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь “талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн хоорондын зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулах явдал”.      
Иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн ганцаарчилсан, түүнчлэн гэр бүлийн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх ба эвлэрүүлэн зуучлагч анхан шатны шүүхэд орон тооны ба орон тооны бус хэлбэрээр ажиллахаас гадна төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу тухайн салбарын эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулж болохоор хуульчилсан нь онцлог ба олон талын ач холбогдолтой зохицуулалт болсон.       
Эвлэрүүлэн зуучлагч нь дээд боловсролтой, эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан, эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эрх бүхий этгээд байна.   
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь талуудын сайн дурын ба тэгш эрхийн, зуучлагчийн хараат бус буюу төвийг сахисан, нууцлалыг хадгалах зэрэг зарчмуудын үндсэн дээр явагдана.       
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан талуудын “эвлэрлийн гэрээ“-г тухайн шатны шүүх баталгаажуулсан шийдвэр гаргах ба ингэснээр талуудын эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ. Харин төрийн ба төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан талуудын “эвлэрлийн гэрээ” нь шууд биелэгдэх хүчинтэй ба хэрэв үүрэг гүйцэтгэгч тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал шүүхэд хандах эрхтэй юм.  
Шүүхийн Ерөнхий зөвлөл эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийг шүүгч, өмгөөлөгч, судлаач зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулах ба Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн бүрэн эрх, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны журам, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчид ба тэдгээрийн эрх, үүрэг зэрэг олон асуудлыг тус хуулиар нарийвчлан зохицуулсан болно.    
“Эвлэрүүлэн зуучлал”-ын тухай хууль батлагдсан нь шүүхийн ажлын ачаалал багасах, шүүхийн зардал буурах, иргэдийн хувьд ердийн журмаар хэрэг, маргааныг шийдвэрлэсэнтэй харьцуулахад зөрчигдсөн эрхээ шуурхай сэргээх, зардал, цаг хугацаа хэмнэхээс гадна тухайн салбарын дээд боловсролтой этгээдүүд сайн дураар нэгдэн эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах, хуулийн этгээд байгуулах буюу ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.      

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль  
Ардчилсан улс орны нийтлэг жишиг, эрх зүйн орчин үеийн хөгжил нь тухайн хуулийг батлан гаргах бодит шаардлагыг нөхцөлдүүлсэн юм.   
Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нэгдсэн стандарт бий болгох, хуульчийн мэргэжлийн шалгалт, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтыг хангах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь зөрчилтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, хуульчид хариуцлага ногдуулах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулсан.
Шүүгч, прокурор, өмгөөлөгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл заавал авна, энэ тохиолдолд тэднийг “хуульч” гэж үзэх ба Хуульчдын холбоонд Хуульчийн тангараг өргөнө.  
Хуульч нь прокуророор томилогдвол прокурорын тангараг өргөснөөр, хуульч нь өмгөөлөгч болвол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсаны дараа УДШ-д бүртгүүлснээр тус тус шүүхэд төлөөлөх эрх нь нээгдэнэ.   
Хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үнэнч шударгаар гүйцэтгэж, олон нийтэд хүндлэл, итгэл хүлээхүйцээр биеэ авч явахаас гадна нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сайн дураараа явуулахыг эрмэлзэх үүрэгтэй ба хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хуульд харшлахгүй арга хэрэгслээр, хараат бусаар явуулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангах, өөрийгөө мэргэжилтний хувьд тасралтгүй хөгжүүлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа бодитой хандах зарчмыг мөрдлөг болгож, хуульчдын мэргэжлийн дүрмийг чанд баримтална, зөрчвөл тухайн хуульд заасан хариуцлага хүлээнэ. 
Шүүгч, прокурор болон бусад албан тушаал эрхэлж байгаа хуульчийн хувьд тухайн байгууллагатай нь хамаатай ёс зүй, сахилга, хариуцлагын асуудал Хуульчийн мэргэжлийн дүрэмд хамаарахгүй.
Хууль бүр хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага буюу Хуульчдын холбооны гишүүн байна.  
Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, шүүхийн практик, хууль зүйн бодлогын чиглэлд судалгаа хийх, мэргэжлийн чиглэлээр бодлогын нөлөөлөл, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа болон төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг болон хуульд заасан бусад чиг үүрэгтэй. Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд Хуульчдын Холбоо нь Их хурал, Ерөнхийлөгч, Зөвлөл, чиг үүргийн хороод, тамгын газар, хяналтын зөвлөл зэрэг зохих бүтэц, зохион байгуулалтын нэгжүүдтэй ба тэдгээр нь хууль, дүрэмд заасан тус тусын харилцан тэнцвэр, хяналт бүхий эрх хэмжээтэй байна. 
Хуульчдын холбооны дэргэд хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо, хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо, хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудлыг эрхэлсэн хороо, мэргэжлийн хариуцлагын хороо гэсэн чиг үүргийн хороод ажиллахаас гадна хуульчид эрх зүйн салбар, мэргэшил болон тусгай асуудлаар холбооны гишүүд нэгдэж хороо байгуулан Хуульчдын холбооны үйл ажиллагаанд оролцож болохоор заасан.
Түүнчлэн Хуульчдын холбооны төлөөлөл Шүүхийн Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд орохоос гадна шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийг Хуульчдын холбоо гаргах ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд Хуульчдын холбоо 1 хүний нэр дэвшүүлэх эрхтэй юм.
Шүүх эрх мэдлийн шинэчлэлд буюу шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, хамгаалах, хуульчдад гүйцэтгэх үүргийнх нь утга агуулга, мөн чанарыг ухамсарлуулж, үүрэгжүүлэх, сахилга, хариуцлагыг нь дээшлүүлэх, хуульчийн мэргэжлийн аливаа ажиллагаанд төрийн байгууллага оролцохгүй байх, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагаас хэрэгжүүлж болох аливаа үйл ажиллагааг төр гүйцэтгэхгүй байх зэрэгт холбогдох “чухал” асуудлуудын эрх зүйн үндсийг цогц байдлаар зохицуулсанд тухайн хуулийн ач холбогдол оршиж буй.

Шүүхийн багц хууль ба Хуулийн засаглал
Жам ёсны эрх чөлөөт тогтолцоонд төр ердөө 3 гол үүрэг гүйцэтгэнэ, үүний 1 нь шударга шүүхийн тогтолцоог бий болгох явдал[1], хууль тогтоохын дээд урлаг нь шүүх эрх мэдлийг л зөв зохион байгуулахад оршдог[2] гэсэн нь шударга, хараат бус шүүх нь ардчилал, чөлөөт эдийн засгийн хөгжлийн чухал баталгаа болохын бодит утга агуулга.      
Уг үгсийн утга санаа, тухайн хуулиудын үзэл баримтлалын үүднээс авч үзвэл УИХ-аас Шүүхийн багц хуулийг баталсан явдал нь Монголчуудын сонгосон ардчилал, чөлөөт эдийн засгийн хөгжлийг баталгаажуулахад чиглэсэн түүхэн шийдвэр болж байна.      
Шүүх, шүүгч хараат бус байдлаа алдвал зөвхөн “хуулийн засаг төдийгүй бүгд найрамдах улсын ардчилалд аюул учрах”-ыг А.Токвиль, “шударга ёс алдагдвал хүмүүсийн амьдрал утга учиргүй  болох”-ыг И.Кант, “хууль, дүрмийг чанд сахихгүй бол төрт улс бутран сарних”-ыг Чингис хаан онцлон сануулсан байдаг. Мөн хэрэв тухайн оронд хууль, шүүхийн тогтолцоо нь үр ашиггүй байгаа бол, шударга ёс хэрэгжиж чадахгүй байгаа бол нийт хөрөнгө оруулалтын 20%-ийг цааш үргээж, ажлын байрыг 20%-иар бууруулдаг[3], сайн хууль, шударга шүүхийн тогтолцоо үйлчилдэг улс орны нэг хүнд ногдох орлого 1.9 хувиар өсдөг болохыг судалгаа харуулсан, харин шударга бус шүүхтэй байх нь улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн ёс суртахуун, ард иргэдийн амьдрал ахуйд шууд сөргөөр нөлөөлдөг байна[4].       
Тийм ч учраас шударга, бие даасан шүүхийг төлөвшүүлж хөгжүүлэх нь дэлхийн ардчилсан улс орнуудын хувьд эдүгээ түгээмэл хандлага болов. 
Улс орнуудын эрх зүйн тогтолцоонд олон улсын эрх зүйн үүрэг, ач холбогдол улам бүр өсч, эрх  зүйн бүлүүд цэвэр биш холимог байдлаар нэвтэрч, улмаар ардчилсан буюу түгээмэл үнэт зүйлсийг хамгаалахад үр ашигтай, үр нөлөөтэй л бол эрх зүйн соёлыг зээлдэн нутагшуулах буюу рецепци хийх явдал нь эрх зүйн хөгжлийн гол чиглэл болж байна.  
Дэлхийн улс орон бүр эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж, хуулийн засаглал тогтоохыг эрмэлзэж байна.  
Шинэ зуунд улс орнууд үндэсний эрх ашиг гэх нэрийдлээр хүний эрхийг зөрчихгүй байх, хүний аюулгүй байдал, хүний хөгжил, хүний эрхийг бүхий л талаар хангахын тулд олон улсын хууль зүйн нэгдсэн тогтолцоо, механизмыг боловсронгуй болгох, аюулгүй байдлын асуудлыг зэвсгийн хүчээр хамгаалахаас илүүтэй “хуулийн засаглал” тогтоох замаар хангах гэсэн шинэ хандлагын эхлэл бий болов. Үүний нэг илрэл нь “ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН ТҮВШИН ДЭХ ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ"-ын асуудлаархи НҮБ-ын өндөр түвшний хуралдаан ба тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн билээ.         
Ардчилалын үнэт зүйлс, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн аль алины үндэс суурь нь хуулийн засаглал...Хүний эрх, хууль дээдлэх ёс өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй. Эдгээр нь хүн төрөлхтний түгээмэл, салшгүй үнэт зүйлс, баримтлах үндсэн зарчмууд юм. Хуулийн засаглал тогтоогүй байхад хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх боломжгүй. Иймээс ч хуулийн засаглал нь төр, иргэд хоорондын нийгмийн гэрээний үндэс суурь, амин судас нь юм...Ардчиллын үндсэн зарчим бол хуулиас дээр хэн ч үгүй, хэн ч байх ёсгүй...Хуулийн засаглал нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний баталгаа гэж бид үздэг. Төрийг ард иргэд байгуулдаг бөгөөд төр нь ард иргэдэд үйлчлэх ёстой...Хуулийн засаглалыг дэлгэрүүлэх нь бидний хувьд тэргүүлэх ач холбогдолтой зорилт...Учир нь үүнээс манай ардчиллын хөгжил дэвшил, эдийн засгийн амжилт шалтгаална...гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцолсон байдаг.       
Хуулийн засаглал гэдэгт шударга, хариуцлагатай, бие даасан шүүхийн тогтолцоо, амьд буюу эрх зүйт хуулиуд ба тэдгээрийн шударга хэрэгжилт зэрэг цогц асуудлууд хамаарна.
Манай Улс ямартаа ч шударга, бие даасан шүүхийн тогтолцоог төлөвшүүлэх буюу шүүх эрх мэдлийн шинэтгэлд хамаарах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ.  
Гэхдээ хуулийн засаглал тогтооход зөвхөн шүүх эрх мэдлийн шинэчлэлт хангалттай бус харин төрийн эрх мэдлийн бусад салбарын болон шүүхээс хэрэглэх хууль тогтоомжийн шинэчлэлийг оновчтой, эрчимтэй хийх нь зайлшгүй шийдвэрлэх асуудлууд болоод байна.       
Хуулийн шударга хэрэгжилтэд нөлөөлөх тул иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, ухамсар сэтгэлгээнд шинэчлэл хийх арга замыг зөв тодорхойлж, хэрэгжүүлэх нь чухал. Хууль хэрэгжүүлэх, хуулийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах талаар хуулийн дагуу үүрэг хүлээсэн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хангалтгүй, үр нөлөөгүй байгаа явдалд анхаарч, тэдний үйл ажиллагааны арга, хэлбэрийг эрс шинэчлэх, хариуцлагажуулах, тухайн чиглэлийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх зэрэг асуудлыг зохицуулах шаардлагатай юм.      
 “Шүүхийн багц хууль нь ардчилалын ухамсар, сэтгэлгээний тэлэлтийн үр дүн мөн болохын хувьд тухайн хуулиудын хэрэгжилт нь албан тушаалтан, иргэн хэн боловч ардчилалын үнэт зүйлсийн ухамсар, сэтгэлгээгээ улам бүр тэлэх”-ийг бас шаардаж буй юм.     
“Шударга шүүх, эрх зүйт хуулийн шударга хэрэгжилт нь ардчилалын үнэт зүйлсийн баталгаа буюу ардчилсан, эрх зүйт төр оршихуйн үндэс болой”.        



Жич : Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвөөс гарах зарим зардлыг хэмнэх, зарим зүйл заалтыг тодотгох буюу эргэн харах зэрэгтэй холбоотой зарим саналаар үзэл бодлоо жич илэрхийлнэ. 











[1] А.Смит. “Їндэстнїїдийн баялаг” гэсэн номоос їзнэ її.
[2] Ш.Л.Монтескье. “Хуулийн амин сїнс”. УБ., 2008   
[3] Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж. “Шїїх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” їндэсний чуулганыг нээж хэлсэн їг. “Шїїх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс, зєвлємжийн эмхтгэл. УБ., 2011.9-р тал 
[4] Монгол Улсын Ерєнхий сайд асан С.Батболд. “Шїїх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” їндэсний чуулганд хэлсэн їг.  “Шїїх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс, зєвлємжийн эмхтгэл. УБ., 2011. 25-р тал