Thursday, December 28, 2017

1911.12.29 МАНЖИЙН МОНГОЛ ДЭЛХИЙН МОНГОЛ БОЛСОН ӨДӨР



1911.12.29
МАНЖИЙН МОНГОЛ ДЭЛХИЙН МОНГОЛ БОЛСОН ӨДӨР 
 
Бодол түмэн янзаар хөврөхүй : 

Хэт хутга, Сэлэмээ хуйнаас нь сугалж,   
Нум сумаа эвшээлгэн
Жадаа ирлэн хурцалж,
Цахиур буу, автомат зэвсэгээ сумлан 
Монгол Улсаа тунхагласан есөн эрдэнээр бичигдэх түүхт өдрийг эргэн дурсаж байна.

Эцэг өвгөдөөс түмэн бэрхшээл, мянган зовлонг туулан байж өвлүүлсэн
Эх өлгий Монгол эх орон минь
Монголын эзэнт гүрний ивээл, нөмөрт, эзэмшил нутагт нь амь хоргодон, олзлогдон үлдэгсэд
Эзэнт гүрнийг мину хагалан бутарган, эх, эзэмшил нутагт эзэн суун эзэрхэхээр дарангуйлан дарангуйлав. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх” бодит байдал болов.  
Ар, өврөөсөө хүчиндүүлж, тонуулсаар олон зуун иргэдийн амь нас, хөрөнгө, дээрэмдүүлсэн газар шорооны асар их үнэ цэнээр өдий дайтай үлдсэн Монгол эх орон минь.

Гэвч...бас л...
Эгнэгт өнгөлзөгчдийн өгөөш, хутгуур,
Эсрэг дүрд хувирсан луйварчид, лалаoнууд,  
Эх орны баялаг хөрөнгийг цөлмөгсөд, амь зогоогсод,  
Эрлэгэн, улайрсан  хувалзууд, амьтны фермч, загалмайтнууд,
Элийрэгч, шээс, баас цэвэрлэгч, долоогсод,
Эрлийз, хурлийзууд,
Эх орноос урвагч, хуйвалдагч, манантсан маанаг гайхалууд,
Эх нутаг, ижилдсэн сүргээ санагалзагч малаас дор хүн дүрст амьтасын  
Ээлгүй мунхаг бодлого, бусармаг ажиллагааны гай, лай ланчигаар  
Элгээрээ эвхрэн, мөлхөн буй нь юутай эмгэнэл.
Эх орны эх үндэс
Эгэл олон Монгол түмэн мину
Эх, их түүхээ эргэн сана, мэдэр,
Эх оршихуй, эргэн тойрноо бүтэн хар, сайтар эргэцүүл, ухаар.
Эх орны ирээдүйг эмгэнэлт байдалд хүргэсэн эсрэг дүрт, бусармаг үйлдэлт этгээд бүрийг
эгүүрд зайлуулах цаг болсон,
Хөх мөнх
Мөнх хөх Монголынхоо тусгаар тогтнолыг авран хамгаалахын төлөө.
Сэр, бос, тэмц.  
Бод, сэтгэ, зүтгэ.   

Монголчууд Дэлхийг байлдан дагуулагч, Эзэнт гүрэн байсан балрашгүй цаг үе ямагт мартагдах ёсгүй. Бас Монголчууд эзэнт гүрний шинжээ алдан харь гүрний боол, дарлалд орсон шалтгаан, үр дагаварын түүх давтагдах ёсгүй. Бид хожмын айсуй аюулаас ямагт урьдчилан сэрэмжлэх үндэсний язгуур бодлогыг амь мэт чанд мөрдөх ёстой. Монголын төрийн алтан аргамж, амин язгуур бодлогод сэв сууж хэзээ ч үл болно. Сэв суулгахад хүргэсэн иргэн хэн боловч Монгол эх оронд амьд явах эрхгүй байх ёстой. Санахтун, мэдэхтүн, сэрэмжлэхтүн !!!  

1911.12.29 
“МОНГОЛ, МОНГОЛ ТӨРТ УЛС ДАХИН ЯЛСАН”
ЕСӨН ЭРДЭНЭЭР БИЧИГДЭХ ЭХ, ИХ ТҮҮХТ
ӨДРИЙГ СЭРГЭЭН САНАЦГААЯ.

Монголын эрэлхэг, эх оронч хөвгүүд “Улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар оршихуй”-н төлөө халуун цус, бүлээн амиа үл хайрлан тэмцсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Манж Чин улсын 220 гаруй жилийн ноёрхлыг түлхэн унагааж, Чингисийн Монголчууд өөрийн төрт улсаа дахин сэргээснийг дэлхийн улсуудад сонордуулан, үүрд мөнх орших суурь нөхцлийг бүрдүүлэв.  
Энэ бүх үйл явдал нь тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид өөрийн ба бусад улс орны нөхцөл байдал, үүлэн чөлөө мэт ховор боломжийг зөв мэдэрч, гэгээн оюуныг шилээн тунгааж, олон талт оновчтой бодлого явуулсны үр дүн байсныг түүхэн сурвалжууд гэрчилдэг.    
Тийнхүү 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд Жавзандамба  хутагтын VIII дүр Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбууг “Шарын шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт түмэн наст Богд хаан” хэмээн өргөмжлөн, “Монгол Улс” байгуулсныг албан ёсоор тунхаглав. Богд хаант төр ингэж тогтов. Бусдын төр бидний төр биш, бидний төр бусдын төр биш болов.    
Богд хаан шинээр өөрийн тусгаар тогтнолоо зарласан бичигтээ[1][23] : Франц, Их Британи, Герман, АНУ, Япон, Дани, Холланд, Австри-Унгар улсын Гадаад хэргийн яамнаа илгээв. Мэдтүгэй хэмээн явуулах учир :   
Эдүгээ манай улсын засгийн хэрэг шийтгэх хүргэх газраас хүргэн ирсэн бичигт,  эдүгээ манай Монгол улс нийт бүхнээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдахгүйгээр сахих учир нэгэнт Чин улсаас салаад өөртөө тогтнож, өөртөө эзэрхэх улс төр байгуулаад Халх Монголын шарын шашны эзэн Жавзандамба лам юугаа Монгол улсын хаанд өргөмжлөн шашин, төрийг хослон бариулаад...зэрэг явдлыг эрхэм яамнаас олон улсад зарламуй хэмээн бичиг хүргэн ирвээс...мэдтүгэй хэмээн явуулан уламжлан Эрхэм засгийн хэрэг шийтгэх газар нэвтрүүлэн байцаан үзэж хүлээлгээд гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгана уу...гэжээ.
Мөн бүх Монгол овогтон харилцан салалцаж, сарнихад хүрэх болуузай хэмээх учир Богд хаанаас буулгасан зарлигт “… дөрвөн цаглашгүй /асралт, нинжин, баясгалант, тэгш/-г чадахын чанараар бясалган ахуй дор Тэнгэрийн цаг тохиолдож цагаагчин гахай жилд их улсын дотор олон муж бүр гагцаар тогтносон  завшаанд халхын ихээхэн ноёд,  балам нар байдал дүрсийг төлөвлөн ухаж олон Монгол овогтон чухам хэрхэн хүмүүжвээс сайн болохыг эрс тодорхойгоор сурган заахыг гуйн өргөсөн тухай дор миний бие олон монгол овогтон бусдын эрх мэдэлд харгислан дарлагдаж, гашуун зовлонгоос ангижран бүгдээр нийлэлдэж Улс болон шарын шашнаа бататган дэлгэрүүлэх цаг болсон…Энэхэн сайн чөлөөг алдваас гэмшивч бээр тус үл болох явдлыг…” айлджээ.  
Богд хаант төр нь монголын төр ёсны  уламжлалт 2 ёсны сургаалийг төрийн тогтолцоонд бодитой бий болгож, шашин төрийг хослон барих хаант засгийг тогтоох замаар монгол төрийг бэхжүүлэх, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг зорьж байв.
Ардын хувьсгалын ба хэмжээт цаазат хаант төр  
Орос оронд ялсан 1917 оны социалист хувьсгалын нөлөөгөөр Монголд хувьсгалт хөдөлгөөн өрнөж, хөрш зэргэлдээ Монгол оронд янз бүрийн арга замаар нөлөөлж эхэлжээ.   
Энэ үед мөн Хятад улс Монголд хуучин нөлөөгөө тогтоохыг санаархах болов.
Монголын эх оронч, сэхээтнүүд тусгаар тогтнолоо авч үлдэхийг эрмэлзэж, олон арга зам хайж, бодлого ухаанаа уралдуулж байв.        
Гэвч 1919 оны сүүлчээр Монгол орон Хятадын түрэмгийлэлд автаж, тусгаар тогтнолоо алдаж болох цөвүүн нөхцөл байдал үүсэв.       
Монголын тусгаар тогтнолыг сэргээх хэрэгт хүчин зүтгэсэн олон хүнийг учир битүүлгээр амь насыг нь хохироов...Хятад Чэнь-И-ний 64 зүйлт “Хойчийг засан сайжруулах гэрээ” тулгалт, шахалтыг зөвшөөрөн Монголын автономитийг устгахад чиглэсэн хэлцлийг Ерөнхий сайд Бадамдорж, сайд Цэрэндорж нар анх Чэнь-И-тэй хийжээ...Хэлцлийн 60 дугаарт “...одоо Гадаад Монгол гуйн өргөж автономитоо устгасан учир өөрөө сөнөж хүчин үгүй болбоос зохимой...”гэжээ. Улмаар Сю Шүжан 1919 оны 11 сарын эхээр дивиз толгойлон хүрээнд нэвтрэн...Богд гэгээнтэй уулзан, Гадаад Монголын автономитийг сайн дураар устгасан Засгийн газрын тогтоол даруй гаргаж өгөхийг шаардав...эцэст нь Монголчууд хүчинд автагдан...5 яамны сайд нь өнөөх 64 зүйлт гэрээнд гарын үсэг зурахаар болов...Гуйх манжилсан өргөдөлд :  
...ван, гүн, лам нарыг удаа дараа хуралдуулж...хэлэлцэн таслахад...Дундад Монголын сэжиг таавар бүрнээ устаж, санаа сэтгэл найрамдах болсон тул үүрд амгалан бүрэн бүтэн болохыг бодвол, басхүү гуйн өргөж өөрөө засах Засгийн газрыг устган, урьдах Чин улсын хуулийг дахин олж, алив засгийн эрхийг хэвээр Дундад Засгийн газраа нийлүүлэн нэгтгэн захиргаж...хэмээх бөгөөд бас ч Богд Жавзандамба хутагт хаанд тодорхойлон айлтгасанд чухам зохистой хэмээн зөвшөөрчээ...гэжээ. 
Энэ дагуу 1919.11.22-нд Хиагтын гурван этгээдийн гэрээг хүчингүй болгосон Хятадын Ерөнхийлөгчийн Зарлиг гарч, үүнд “Монгол Улс” гэх мэт хэллэгийг албан бичигт хэрэглэж болохгүй заалт тусгажээ. !!! !!! !!! [2][30]         
Ийм нөхцөлд тусгаар тогтнолоо дахин сэргээхийн төлөө Монголын эх оронч, нөлөө бүхий хар, шар ноёд оролцсон дугуйлан /бүлгэм/-үүд үүсч, улмаар бүлгэмүүд 1920.06.25-нд Монгол ардын намхэмээх хувьсгалт байгууллагад нэгдэж, үндэсний ардчилсан хувьсгалын бэлтгэл ажлыг хийж, Коминтерн, Зөвлөлт Орос улстай холбоо тогтоон, улмаар тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэл өрнүүлэв.   
Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичигт [31] : Гадаад Монголын ардын намын зорилт нь шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргүүлж аваад, төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндсэн язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах, дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно...гэж зорилгоо тодорхойлжээ.   
Мөн ЗОУ-аас тусламж гуйсан Ардын намынхны 1920 оны бичигт [3][32]:
Гагцхүү хүсэх нь, Дайчин улсын цагийн Улиастай, Хүрээ, Ховдын жанжин сайдуудын харъяанд захирагдаж байсан Халх, Дөрвөд аймгийн бүх монголчуудыг дахин өөртөө эзэрхэх улс болгож....Хятадын нэгэн хэсэг газар хэмээх нэгэн үсгийг устган байлгаж Дундад Иргэн Улсад огт хамаарагдахгүй болгох явдлыг гол болгон гуйна гэжээ.         
Энэ явцад Богд гэгээн улс төрийн чадварлаг бодлого баримталж, 1920 оны 10 сард Монгол нутгийн зүүн хязгаараар цөмрөн орж ирсэн Барон Унгернтэй найрсаг байдлаар харилцаж, 2 талын хүсэл зоригийг зохицолдуулжээ.
Ингээд Монголын ба Барон Унгерний цэрэг хүч хавсран 1920 оны 10 сарын 26-нд Хятадын гамин цэрэгтэй тулалдаж эхлэв. Хятадууд Богд гэгээнийг бусад ноёдын хамт баривчилжээ...!!!

Монголчууд 1911 онд Манжийн дарлалыг устгасан боловч энэ үеэс Монголын тусгаар тогтнол бүрэн баталгаажаагүй, хоёр талын “өнгөлзөгч мангас”-ийн дунд цөөхөн Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө олон талт аргаар амь үл хайрлан тэмцсэн байх ба хэлмэгдсэн, амь үрэгдсэн эх оронч, сэхээтэн, эрэлхэг олон зуун хөвгүүдийн амь амьдрал, мөн 2 талаас тонуулсан газар шорооны “асар их үнэ цэнэ”-ээр “Өнөөгийн Монгол” тусгаар оршин тогтнож чадсаныг түүх гэрчилнэ. Энэ бол мөнхөд дурсагдах бахархах түүх, бахдам гавъяат үйлс юм.  
1911 оноос хойш, ялангуяа 1919-1921 оны хооронд тусгаар тогтнолд үүссэн эгзэгтэй, цөвүүн, эмзэг нөхцөл байдалд, тухайн үеийн төрийн эрх барих буюу гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа тасалдсан тийм нөхцөлд үндэсний үзэлт эгэл малчин, хөдөлмөрч иргэд, сэхээтэн бүрийн эв эе, мэргэн бодлого, торгон мэдрэмж бүхий саруул ухаан, “амьд” хууль цаазын үйлчлэлийг шударгаар ханган, хэрэгжүүлж байсан бодлого, үйл ажиллагаа онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг хэзээ ч мартаж үл болох билээ.      
Мөн тусгаар тогтнолоос урвагч, урвахаар ил, далд санаархагч, ар хударгатан  зарим хүмүүс нам, төрийн удирдлагад туршуул болон шургалсан нь түүх болон үлдсэн байна.         
Монголчуудын “эх түүх” хэзээ ч шавхагдашгүй арвин баялаг билээ. Их түүхч, нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар асан “Эх түүхийн үнэнийг мэдсэнээр өнгөрсөн үеийн баатарлаг үйлс, гайхамшигт бүтээл, туурвилаар бахархахын зэрэгцээ эх орныхоо тусгаар тогтнолоос урвах явдлыг жигшин үзэж, түүхэн хөгжлийн нэн бартаатай замнал, сургамжийг танин мэдэж, ойлгох болно” гэж бичсэн байдаг.         
Өнгөрснөөс эдүгээ үе үүссэн. Эх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин мэт. Ирсэн замаа эргэж хараагүй хүн, буцахдаа орон гэрээ олохгүй гэдэг. Эх түүхээ судалж мэдэцгээе, мэдэрцгээе.  

Чингис хааны лүндэн :   
Гартай бүхэн гавшгайлагтун,      
Хөлтэй бүхэн хөдлөгтүн,   
Гэр ордын үйл хэргийг бүтээхэд 
Хүмүүн бүр хүчин зүтгэсүгэй,
Аугаа ууч сэтгэлийг барьж
Аху төрд тустайг үйлдэгтүн,
Авах, гээхийн ухаан зарж
Алдсан, оносноо дэнслэн ухагтун“!!!








Thursday, October 26, 2017

ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ШИНЭ ХУУЛЬ : (?), (!), (...) АСУУДАЛ



ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ШИНЭ ХУУЛЬ :
(?), (!), (...) АСУУДАЛ

Хуулийн бодлого, зохицуулалт зөв бол “туг” хатгая,
хэрэв буруу бол “цэг” хатгая.

            Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. 
            Тус хуульд цаг үеийн шаардлагын дагуу шинэ буюу шинэвтэр олон зохицуулалтууд тусгагдсан байх хэдий ч тухайн хуулийг уншин судлах, хэрэглэх явцад тус хуулийн бүлэг, зүйл, тэдгээрийн зарим зохицуулалтын хувьд “логик дараалал, уялдаа холбоо, цэгц”-ээс гадна асууж тодруулах (?), анхаарах буюу нэг мөр ойлголтод хүрэх (!), тодотгон боловсронгуй болгох (...) асуудлууд байгаа нь ажиглагдав. Энэ хүрээнд хамаарах зарим асуудлаар өөрийн үзэл бодлыг товч илэрхийлж байна.       

            1.5 дугаар зүйлийн 1.4
            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нэг тохиолдол нь тухайн хэргийн хувьд урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал “хүчинтэй” биш “хүчин төгөлдөр” тохиолдолд үүснэ.   
            9.6 дугаар зүйлийн 6
            Гэрчээр мэдүүлэг өгсөн этгээд эсрэгээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болох тохиолдолд тус заалт багагүй маргаан дагуулж байна. Мөрдөгч нь гэрч биш гэмт хэрэгт сэжиглэгдэх, яллагдагчаар татаж болох этгээд гэдгийг мэдсэн атлаа гэрчээс мэдүүлэг авах, үргэлжлүүлэх нь эсрэгээрээ сэжигтэн, яллагдагчийн эрхийн зөрчил /өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэм буруутайг болон хэргийн байдлыг нотлох үүрэггүй гэх мэт/-д хүргэх улмаар хэргийн нотолгооны чадварт, хүчинтэй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна.   
            10.2 дугаар зүйлийн 2   
            Тус заалт нь эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүхэд шүүх бүрэлдэхүүний  хүрэлцээгүй байдал, мөн шүүгчдийн ачаалал, шүүхийн зардал нэмэгдэх, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунжруулахад хүргэсэн зэрэг багагүй сөрөг дагавартай байна.         
            Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нар ялангуяа орон нутагт шүүхээс зөвшөөрөл олгох зарим ажиллагааг Ерөнхий шүүгчээс бусад шүүгч нар тойргоор эсхүл зарим нь дагнах зэргээр хянан шийдвэрлэж, шүүхийн ачаалал, шүүх бүрэлдэхүүний асуудлаа зохицуулж байгаа боловч тухайн заалтын улмаас “шүүгч татгалзах, татгалзагдах” асуудал үүсч байна.    
     Мөрдөн шалгах зарим ажиллагаанд олгох “зөвшөөрөл”-үүд прокурорт хэт төвлөрсөн байх тул тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дахь заалтын хүрээнд шүүхээр шийдвэрлэх асуудал цөөн байна. Тухайлбал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад зарим оролцогчийг албадан ирүүлэх, таслан сэргийлэх зарим арга хэмжээ авахад шүүгч зөвшөөрөл олгох ба энэ нь тухайн шүүгч тэдгээрт холбогдох эрүүгийн гэмт хэргийнх нь шүүх хуралдааныг даргалах, эсхүл шүүх бүрэлдэхүүнд оролцож болохгүй гэж үзэх үндэслэл хангалтгүй юм.    
         Тус хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасан бичвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, харин “хамтран ажиллах этгээдээр тогтоосон шийдвэр гаргасан шүүгч тухайн шийдвэр нь хүчингүй болсон тохиолдолд хамтран ажиллах этгээдээр тогтоогдсон хүний үйлдсэн тухайн гэмт хэрэгт оролцож болохгүй” гэсэн заалтаар солих нь оновчтой юм.
         Зарим оролцогчийн хувьд Үндсэн хуульд заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх“ үндсэн эрх тусгагдаагүй, дутуу тусгагдсан байх тул зөвтгөх нь зүй ёсны асуудал.  
            Тухайлбал, Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх үүрэггүй /7.4 дүгээр зүйлийн 2/, баривчлагдсан сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй /31.8 дугаар зүйлийн 1.5/, хохирогчийн үндсэн эрхэд тусгагдаагүй, харин гэрчийн эрхэд тусгагдсан. /8.2, 9.6 дугаар зүйл/ 
            Яллагдагч, хохирогч эсхүл баривчлагдсан сэжигтэн эсэхээс үл хамааран Үндсэн хуульд заасан тухайн эрх тэдний үндсэн эрхэд заавал тусгагдах ёстой ба утга агуулгыг нь урьдчилан мэдэх, туслалцаа авах боломж хязгаарлагдах ёсгүй.  
            Сэжигтэнтэй холбоотой бодлого, зохицуулалтын логик зөрчил бүхий бусад асуудлыг нэг мөр анхаарах шаардлагатай.   
            Баривчлагдсан эсэхээс үл хамааран сэжигтний нийтлэг эрхийг нэг дор нэг мөр зохицуулаагүй, зөвхөн баривчлагдсан сэжигтний эрхийг энд тэнд салангид байдлаар дутуу зохицуулсан нь алдаа, зөрчилтэй асуудалд хамаарч байна. /31.6, 31.8, 31.11 дүгээр зүйл/    
            Сэжигтний эрх эдлүүлэх буюу сэжигтнээс мэдүүлэг авахад заавал баривчлагдсан байх шаардлага юу байна вэ ? Яагаад заавал баривчлахгүйгээр яллагдагчаар татах тогтоол танилцуулахаас өмнө сэжигтний эрх эдлүүлэн сэжигтнээр мэдүүлэг авч болохгүй вэ ? Ямар хэрэгт сэжиглэгдсэнээ огт мэдэхгүйгээр гэнэт дуудагдан яллагдагч болчихсон байх нь эрхээ эдлэх, хэрэгжүүлэх боломж нөхцөл, зарчим, логикийн хувьд зүй зохистой юу ?     
            Баривчлагдаагүй сэжигтнийг “гэрч”/ 9.6 дугаар зүйлийн 6/-ээр тогтоон мэдүүлэг авч болно гэж үзэх нь холбогдох хуульд заасан сэжигтэн, яллагдагчийн эрхийн зөрчилд хүргэх тул зөвшөөрөгдөх боломжгүй.
            Мөн урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүйгээс гадна эрүүгийн хэрэг нээх, улмаар яллагдагчаар татах асуудал тусдаа зохих хугацаатай, хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаа сунгагдах тохиолдол цөөнгүй үүсэх тул заавал баривчлахгүйгээр сэжигтнээс мэдүүлэг авсан байх нь гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны хүрээ, тактик, чиглэлийг зөв тодорхойлох, тодруулахад ач холбогдолтойг бас давхар тооцох шаардлагатай.      
           Баривчлагдсан сэжигтэнд “дараах зүйл”-ийг танилцуулна гэсэн нь ойлгомжгүй /31.6 дугаар зүйлийн 1/. Баривчлагдсан эсэхээс үл хамааран сэжигтний эдлэх эрхийг “зүйл” гэж зохицуулах ёсгүй. Зүйл биш эрх болох нь ойлгогдоно.          
           Зөвхөн баривчлагдсан сэжигтний эрх хэмээн хязгаарлаж улмаар сэжигтний үндсэн эрхэд хамаарах утга агуулга нэгдмэл буюу зарим эрхийн агуулгад нь багтах зарим асуудлыг “эрх, зүйл” хэмээн энд тэнд салангад байдлаар зохицуулсан /31.6, 31.8, 31.11 дүгээр зүйл/ нь зөрчил, давхардал, ойлгомжгүй байдал үүсгэсэн байх тул “баривчлагдсан” гэж хязгаарлахгүйгээр “сэжигтний нийтлэг эрх”-д хамаарах эрхийг нэгтгэн нийтлэг байдлаар зохицуулах, харин баривчлагдсан сэжигтэн “нийтлэг эрх” эдлэхээс гадна баривчлагдсантай холбоотой бусад зарим эрхийг тусад нь тодотгон заах нь оновчтой, зөв болохоор байна. 
            16.3 дугаар зүйлийн 4.3, 4.5, 5, 6, 7  
            Дахин нягталбал зохих дотоод зөрчилдөөнтэй ойлгомжгүй зарим асуудал байна. Гэмт хэрэгт сэжиглэгдэх этгээдээс “гэрч”-ээр мэдүүлэг авах биш харин сэтгэл зүйч, зуучлагчаас мэдүүлэг авах нь хүний эрх, хууль, зүй ёсонд бүрнээ нийцэх өндөр магадлалтай.      
            Сэтгэл зүйч, иргэний хэргийн зуучлагчаас “тэдний оролцоогүй буюу анх тутам мэдэхгүй гэмт хэргийн тухай” гэрчийн мэдүүлэг авч болохгүй үндэслэл юу вэ ?
            Зуучлагч, сэтгэл зүйчээс мэдүүлэг авах нь тухайн хэргийн шууд нотолгоо болохгүй ба зөвхөн мөрдөн шалгах бусад ажиллагаа явуулахад харгалзах төдий ач холбогдолтой байж болно.  
            Сэтгэл зүйч хэрэгт холбогдогчтой харьцах явцад хийгдсэн тэмдэглэл, дуу, дүрс, дуу-дүрсний бичлэг нь нотлох баримт болохгүй, зөвхөн “хэрэгт холбогдогч”-ийн зөвшөөрлөөр болно, мөн хэрэгт холбогдогчийн “зөвшөөрлөөр” гэрчийн мэдүүлэг авч болно гэдэг бол байх ёсгүй асуудал болно.
            Хэрэг илрүүлэх ажиллагаа, цуглуулсан зарим нотлох баримтын хууль ёсны эсэхийн шалгуур нь “хэрэгт холбогдогчийн зөвшөөрөл” байх боломжгүй.     
            Зарим төрлийн гэмт хэргийг илрүүлэх нь нарийн төвөгтэй, тухайлбал, нийтлэг эрх ашигт хохирол учруулах буюу төрийн өмч завших, төрийн зүтгэлтний амьд биед халдах, эх орноос урвах, улсын нууц задруулах, авлига, терроризм бусад нуугдмал, зохион байгуулалтай гэмт хэргийг “мөрдөн шалгах нууц ажиллагаа, нууц мэдээлэл, баримт”-аар илрүүлэх боломж байж болох ба энэ хүрээнд хийгдсэн баримтыг хэрэгт холбогдогчийн “татгалзал”-аар юу ч биш болгох, баримт цуглуулахгүй байх нь сөрөг үр дагаварт хүргэж болохыг үгүйсгэх боломжгүй юм.       
            Мөн  “хэрэгт холбогдогчоос зөвшөөрөл” авна гэдэг нь цаад утгаараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг болон хэргийн байдлыг нотлох үүрэггүй гэсэн хуулийн заалт буюу түүний эрх зөрчигдөхөд хүргэхийг анхаарах ёстой. 
            Тухайн хуулийн зарим оновчгүй зохицуулалт нь гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох хязгаарлагдмал боломж болон хэргийн ул мөр, баримт сэлтийг үрэгдүүлэх, ач холбогдолгүй болгох, мөрдөн байцаалтын хуулийн хүрээнд явуулсан ажлын зохих үр дүнг үгүйсгэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэхийг олон талаас нь нягтлах шаардлага үүссэн байна. 
            16.11 дүгээр зүйлийн 3
            Тус хэсгийн...санал, хүсэлтийг “үндэслэн” гэж биш “санал, хүсэлт”-ийнх нь үндэслэлийг харгалзан гэж өөрчлөх шаардлагатай. Шүүх бол хэн нэгний тулгалтаар биш, харин үндэслэл, нотолгоог нь харгалзан дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэх эрхтэй, шүүх бол оролцогч талын саналыг үг дуугүй гүйцэтгэгч биш, харин дээд хянагч юм.        
            17 дугаар бүлэг  
            Ял тохиролцох буюу наймаалцах ажиллагаа бодит утга агуулгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан “хүнд гэмт хэрэг"-т л хэрэгжиж болох үндэслэл  бүхий байна.     
Хөнгөн ангиллын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх явцад хуулийн цөөнгүй зөрчил, маргаан бүхий асуудал үүсч байх ба анхаарвал зохих дараах асуудал байна
1. Биечлэн эдлэх буюу эдлүүлэх хорих ба зорчих эрхийг хязгаарлах ял, түүний хэмжээний талаар талууд тохиролцсон эсэх нь анхаарах гол асуудал.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн утга агуулга нь талууд “биечлэн эдлэх буюу эдлүүлэх ял, түүний хэмжээ”-ний талаар  тохиролцоонд хүрсэн байх асуудал, харин “хэрэг мөрдөн шалгах ажиллагаа ба хугацаа”-г хялбарчлах нь чухал биш юм.   
            “Биечлэн эдлэх буюу эдлүүлэх ял, түүний хэмжээ”-ний талаар тохиролцоонд хүрсэн байх гэдэг нь “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн оногдуулах хорих, зорчих эрх хязгаарлах ял”-ын талаарх прокурорын саналыг яллагдагч “зөвшөөрсөн” байхыг ойлгоно. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3/       
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь гагцхүү хорих ялд хамааралтай, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4-т зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж болно гэж заасан тул өөр төрлийн ялын талаар талууд тохиролцох буюу хялбаршуулах” асуудал байхгүй.            
            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан журмаар эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулах шийдвэрийг шүүх гаргана.
            2. Яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу шүүхийн бүрэн эрхийг зүй бусаар хөндсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжгүй.   
            Хөнгөн ангиллын бүх гэмт хэрэгт “хэд хэдэн төрлийн сонгох санкц”-тайгаас гадна хорих, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүй тэнсэх, зарим гэмт хэрэгт оногдуулах хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх боломж нээлттэй болсон.    
            Яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн буюу төлөхөө илэрхийлсэн нь хөнгөн гэмт хэрэгт оногдуулж болох хамгийн хөнгөн ялыг сонгох эсхүл хүнд ял болох зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас чөлөөлөх эсхүл тэнсэх шалгуурыг хангах суурь нөхцөл болно.   
Хорих, зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлөх, тухайн төрлийн ялыг оногдуулахгүй тэнсэх нь эрүүгийн хариуцлага биш, харин яллагдагчийн хувьд “ялгүй буюу ял биечлэн эдлүүлэхгүй байх” хуулиар олгогдсон боломж тул түүнийг хаах, хязгаарлах ёсгүй.   
            Яллагдагч нь аль болохуйц “хөнгөн ял”-аар шийтгэгдэх, аль болохуйц тухайн төрлийн ялыг биеэр эдлэхгүй байх, нийгмээс тусгаарлагдахгүй байх боломжийг мэдэх, хүсэх эрхтэй.    
            Хөнгөн гэмт хэрэгт оногдуулах “сонгох санкц”-аас аль ялыг ямар хэмжээгээр оногдуулах, ял оногдуулахгүй тэнсэх, ялаас чөлөөлөх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна, түүнээс биш талуудын тохиролцон шийдвэрлэх асуудал биш.  
            3. Хөнгөн ангиллын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд  “яллагдагчийн хүсэлт”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар  зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийн хувьд “мөрдөгч”, тус зүйлд заагаагүй бусад хөнгөн гэмт хэргийн хувьд “прокурор” тус тус шийдвэрлэх л онцлог ялгаа байгаа болохоос энд дээр дурдсан хуулийн зохих үндэслэл, журам нэгэн адил хамаарах юм.    
Ямар ч тохиолдолд “яллагдагчийн хүсэлт” заавал байх нь хууль, зүй ёсны шаардлага болно. Яллагдагч хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй буюу хүсэл зориг нь эсрэг байх боломжтой. Яллагдагч Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажсан үндсэн эрхийн хүрээнд хүсэлтээ илэрхийлэх нь түүний эрх, зарчмын асуудал, харин мөрдөгч, прокурор нь яллагдагчийн өмнөөс эрхийг нь хэрэгжүүлэх, шууд тулгах буюу эрхийг нь эдлүүлэхгүй байх боломжгүй.
            Мөрдөгч нь яллагдагчийн “хүсэлт”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шийдвэрлэх ба энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон бусад асуудлыг танилцуулна, улмаар мөрдөн шалгах зохих ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлнэ, прокурор “тухайн бүхий л хөнгөн хэрэг”-ийн материалтай танилцаж хянана, хяналтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлэх буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл хангагдсан эсэхийг мөн хянах ёстой болно.       
            Дээр дурдсан үндэслэл, журам Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт үйлчлэхгүй гэж үзэх үндэслэлгүй болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн зохицуулалтаас ойлгогдохоор байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх үндэслэл, журам тогтоохдоо үйлчлэлд нь хамаарах гэмт хэргийн хувьд ялгаварлал, яллагдагчийн эрхийн зөрчил үүсгэх ёсгүй. Ямар хэрэгт яллагдсан эсэхээс үл хамааран яллагдагч бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй.      
            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн зарим зохицуулалт дараах зөрчлийг агуулсан байна. Үүнд :     
            1. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол утга агуулга болох Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн оногдуулах ”ял”-ыг зөвшөөрөх буюу тохиролцоонд хүрэх эсхүл тухайн төрлийн ялгүй тэнсэгдэх, ялаас чөлөөлөгдөх тухайд яллагдагчийн эрхийн зөрчлийн асуудал байна.       
            Тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т зааснаар прокурор нь эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналаа танилцуулна, яллагдагч зөвшөөрөхгүй байх боломжгүй, шууд тулгалтад орж байна.   
            2. Тухайн гэмт хэрэгт оногдуулж болох сонгох ялаас аль ялыг ямар хэмжээгээр оногдуулах, хорих, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүй тэнсэх эсхүл тухайн төрлийн ялаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх шүүхийн бүрэн эрхийн зөрчлийн асуудал байна.     
            Тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар шүүх нь прокурорын яллах дүгнэлтэд анх бичсэн “эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ” бүхий саналыг нь харгалзан ял оногдуулна, харгалзана гэдэг нь тухайн санал болгосон эрүүгийн хариуцлагын зөвхөн хэмжээг багасгах эсхүл ихэсгэх агуулга ба ихэсгэх нь зохимжгүй.       
            Хэрэв шүүх прокурорын санал болгосон ялаас өөр төрлийн ял оногдуулах, мөн хорих, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүй тэнсэх, чөлөөлөх тохиолдолд прокурорын саналыг огт харгалзаагүй, саналаас нь зөрсөн буюу хууль зөрчихөд хүрч улмаар эсэргүүцэх үндэслэл бүрдэхээр байна. Жишээ нь : Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт прокурор 5400 нэгжээр торгох саналтайгаар хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  
Энэ нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлтэй нийцэхгүй. Мөн хорих, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүй тэнсэх, тухайн төрлийн ялаас чөлөөлөх нь ял биш, албадлагын арга хэмжээ бас биш төдийгүй шүүхийн эрх хэмжээнд хамаарах  асуудлаас гадна яллагдагчийн эрх зүйн байдалд илтэд ашигтай, харин прокуророос яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний саналд хамааралгүй.   
            Гэтэл шүүх хорих, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүй тэнсэх, эсхүл тухайн төрлийн ялаас чөлөөлсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 8-д зааснаар прокурорын саналыг харгалзаагүй, эсрэгээр өөрчилсөн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй зөрчил болохоор байна.      
            Хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн зарим зүйл, хэсгийн зохицуулалт зарим талаар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалттай нийцэхгүй үндэслэл, нөхцөл байдал үүсч байгаа тохиолдолд гагцхүү Эрүүгийн хуулийг баримтлах үндэслэлтэй. Учир нь Эрүүгийн хууль бол материаллаг суурь хууль, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангахад чиглэгдсэн процесс ажиллагааны дэг журмын цогц гэж үздэг.       
            Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн зарим зүйл, хэсгийн зохицуулалт өөр хоорондоо төдийгүй тус хуулийн бусад зарим зохицуулалттай нийцэхгүй байгаа тохиолдолд шүүхэд бүрэн эрх олгосон, яллагдагчид эрх олгосон, яллагдагчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, илүү нарийвчилсан утга агуулга бүхий зохицуулалтыг баримтлах үндэслэлтэй болно.      
            Яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг хялбаршуулан, шуурхай явуулж, хэргийг прокурор, шүүхэд богино хугацаанд ердийн журмаар шуурхай шилжүүлэх асуудал нээлттэй болно. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь гэмт хэргийн ангилал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн бүх хүн”-д хамаарах буюу нийтлэг үйлчлэх зохицуулалт болно.    
            Нөгөө талаас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхэд холбогдох хуульд заасан зарим үндэслэл, журам хангагдаагүй, шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан тохиолдолд шүүх хэргийг заавал буцаах биш харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл байвал “хялбаршуулсан” гэх  хэлбэрийн шинжтэй төлөвийг өөрчлөн хэргийг эцэслэн шийдвэрлэж болох эрх хэмжээ шүүхэд ямагт нээлттэй байх нь оновчтой. Энэ нь хэрэг буцаахыг урьтал болгохгүй байх бодлогын хэрэгжилт, мөн хэрэг мөрдөх, хянах, шийдвэрлэх хугацаа, зардал чирэгдэл, ачаалал, бусад сөрөг үр дагавар бүхий асуудлаас урьдчилан сэргийлэхэд хамааралтай бөгөөд шийдвэрлэвэл зохих асуудал юм.      
            19 дугаар бүлэг 
            Тус хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь заалт байгаа тохиолдолд мөн зүйлийн 4.4 дэх хэсэгт “шүүх хуралдааныг хойшлуулах”-аар заах шаардлагагүй болно.             Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай байтал “эдгэрэх боломжтой” гэж шүүх хуралдааныг хойшлуулах нь тодорхойгүй урт хугацаа шаардана. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.4-т : шүүх хуралдааныг хойшуулж, энэ зүйлийн “4.3”-т заасан шийдвэр гаргана гэсэн нь мөн хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.3 дахь заалттай нийцэлгүй байна.        
            22.1 дүгээр зүйлийн 3
            Мөрдөн шалгах ажиллагаанд олгох “зөвшөөрөл”-үүд прокурорт хэт төвлөрснийг сааруулах шаардлага үүсэхээр байна. Ялангуяа мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахтай холбоотой асуудал “зааг” алдсан нь эдүгээ зөв шийдэл шаардсан тулгамдсан асуудал болов. Энэ бол иргэний эрх, аюулгүй байдалд ноцтой гэм хор учруулах магадлал өндөр тул тухайн төрлийн зөвшөөрлийг шүүхээс олгож болохгүй үндэслэл юу вэ ?      
            Иргэний эрх чөлөө, аюулгүй байдалд ноцтой гэм хор учруулж болох асуудалд шүүх зөвшөөрөл олгох нь хамгийн чухал болохоос “мөрдөгч, прокуророос дуудахад ирээгүй хүн”-ийг албадан ирүүлэхэд шүүх зөвшөөрөл олгох нь төдийлөн чухал биш.
            Зөвшөөрөл олгогдох тухайн 2 төрлийн асуудал нь агуулга, хэлбэр, учруулах гэм хор, бусад шалгуурын хувьд хар ба цагаан, тэнгэр ба газар шиг ялгаатай.
            Бас мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагааны хүрээг хэт хумих боломжгүй. Мөрдөгч гэмт хэргийн халуун мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг “нотолгооны боломжит хэрэгсэл”-ээр шуурхай явуулах эрх хэмжээтэй байх ёстой.
            Мөрдөгчийн шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн гэвэл оролцогч нар гомдол гаргах эрх нь нээлттэй, бас давхар хяналттай. Жишээ нь, эд зүйл, бичиг баримт хураан авахад заавал зөвшөөрөл шаардах нь зөв үү ?   
            Хэдийгээр мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж болох ч эргээд “тухайн ажиллагаа, цуглуулсан нотлох баримтыг хүчинтэйд тооцуулах” ба энэ нь бичиг цаас, цаг хугацаа, явдал чирэгдэл зэрэг багагүй ажиллагаа шаардсан бас хэрэг илрүүлэх ажиллагаанд олон талаар сөрөг үр дагаварт хүргэж болох эрсдэлтэйг анхаарах шаардлагатай юм.        
            22.2 дугаар зүйлийн 3 
            Хэргийн оролцогч нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах нь холбогдох хууль тогтоомжид зааснаар үүрэг биш “эрх” учраас хязгаарлах нь оновчтой биш. Магадгүй зарим тохиолдолд тухайн хүсэлт нь хэргийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаанд сэжүүр, гарц өгөх  үндэслэл, ач холбогдол бүхий болон байгууллага, хүний нууцтай холбоотой бөгөөд энэ нь хэрэгт ач холбогдол, хамааралтай байж болох мэдээлэл, баримт сэлтийн эх сурвалжийг агуулсан байж болохыг үгүйсгэхгүй.
            Тухайн хүсэлтийн үндэслэл нь юу болохыг хянах улмаар хангах эсэх нь мөрдөгч, прокурорын эрх хэмжээнд хамаарах тул хязгаарлах шаардлагагүй, харин  хязгаарлах нь оролцогчийн эрх /төрийн байгууллага, албан тушаалтанд хүсэлт /өргөдөл/ гаргах буюу хариу мэдээлэл авах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нотлох баримтыг шалгуулах, бодит үнэнийг тогтоолгох гэх мэт /-ийн зөрчилд хүргэж болох юм.      
            25.5 дугаар зүйлийн 1  
            Гэрч, хохирогч, шинжээчээс мэдүүлэг авах тухайн үед тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хэргийн эрх бүхий оролцогч гаргах эсэхийг урьдчилан мэдэх, таамаглах ёсгүй, шүүх хуралдаанд тэдгээрийг оролцуулах эсэх нь мөрдөгчид хамааралгүй, мөн өмгөөлөгч шүүх хуралдаанд тухайн оролцогч нараас хэнийг оролцуулах эсэх хүсэлтээ эрүүгийн хавтаст хэрэг шүүхэд шилжсэний дараа шүүхэд гаргаж болох учраас энэ заалт ойлгомжгүй, зөрчилтэй.    
            Мөрдөгч “нотолгооны зүйлийг бүрэн нотолж тогтоох”-ын тулд мөрдөн шалгах арга зүй, тактик, төлөвлөгөөгөө зөв боловсруулах, тухайн хэрэгт нотолгооны хэрэгслүүдийг зөв сонгож, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн, чадварлаг,  шуурхай хэрэгжүүлэх, мөн прокурор хяналтын бүрэн эрхээ зөв, оновчтой, чадварлаг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Тухайн тохиолдолд шүүх хуралдаанд зарим оролцогчийг оролцуулах хүсэлт дахин давтан гаргах улмаар шүүх хуралдаан  удаа дараа хойшлогдох үндэслэл, шаардлага төдийлөн үүсэхгүй байх үндэслэлтэй.           
            29.2 дугаар зүйл.     
            Шүүхэд эрүүгийн хэргийг нэгтгэх эрх хэмжээ олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд төвөгтэй байдал үүсгэж байх тул зөвтгөх шаардлагатай. Жишээ нь : Яллагдагчийн хэд хэдэн дүүрэгт үйлдэгдсэн хэргүүд нь тус тусын харьяалагдах шүүхэд шилжсэн, цаашид ч гарч болно. Хэрэв нэгтгэх бол нэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангах буюу яллагдагчийн эрх зүйн байдалд ашигтай, нэгтгэхгүй бол хэргийн бодит байдлыг тогтооход эсрэг нөлөөлөх зэрэг нөхцөл байдал үүсч байна. Энэ тохиолдолд хэргүүдийг нэгтгүүлэхээр прокурорт буцаах уу, яах вэ гэдэг нь шийдэл шаардсан асуудал болно. 
            30.3 дугаар зүйлийн 3  
            Бичгээр гаргасан мэдээлэлд мэдээлэл гаргагч гарын үсэг зурсан байхыг нэгэн адил шаардах ёстой. Гарын үсэг зурах нь хариуцлага хүлээхээ ухамсарлаж буйн илрэл, эхлэл болно.
            32.7 дугаар зүйл
            Тус зүйлийн 1, 2 дахь хэсгийн : Оролцогч гэсний дараа “тэдгээрийн өмгөөлөгч” гэж, прокурорт гэсний дараа “дээд шатны прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш тухай бүр 14 хоногийн дотор шүүхэд шаталсан байдлаар” гэж тус тус нэмэлт оруулах, мөн    
            “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл холбогдох хэргийн мөрдөгч, мөрдөх албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу хянуулах санал гаргаж болно” гэсэн заалтыг шинээр нэмэх нь зайлшгүй чухал гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор тус хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.12-т зохих нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага бас үүснэ. 
            Энэ бол Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, мөн төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуух шүүхийн онцгой бүрэн эрх, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон шүүх эрх мэдийг хэрэгжүүлэхэд оролцогчдын эрх хэмжээний хэрэгжилтийн тэнцвэр, хяналтын утга агуулга, шаардлага.   
            Шүүх эрх мэдэл бол ард түмний мэдэлд байх засгийн бүх эрхийн нэг хэсэг буюу салаа учраас шүүх нь иргэний зөрчигдсөн эрх, нийтлэг эрх ашгийг хууль эрх зүйн хувьд дээд хамгаалагч, хянагч нь болдог. Тийм учраас эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор иргэний зөрчигдсөн, хөндөгдсөн эрх, нийтлэг эрх ашгийг хамгаалах,  учруулсан хохирлыг төлүүлэх, сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргах, хянуулах эрхийг хязгаарлах боломжгүй, шүүхийн хяналтаас гадуур “аливаа шийдвэр, үйл ажиллагаа” байж үл болно, эцсийн дээд шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэр болохыг Үндсэн хуульд баталгаажуулсан. 
            Мөрдөгч, мөрдөх албаны даргын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн ажиллагаа буюу нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг, яллагдагч гэж үзсэн шийдвэр, дотоод итгэл, хийсэн ажлын үр дүнгээ хамгаалахаар хянуулах саналыг дээд шатны прокурор, шүүхэд гаргах боломж нээлттэй байх нь тус тусын чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны хувьд эрх хэмжээний хууль зүйн харилцан хяналт, тэнцвэрт байдлын оновчтой арга хэлбэр болно. Мөрдөгч бол даалгавар биелүүлэгч амьгүй албат биш юм.  
            Тийнхүү гомдол гаргах субьектын хүрээг өргөжүүлж, гомдол, хянуулах саналаа шүүхэд гаргах боломжийг нээснээр нийтлэг эрх ашгийг хамгаалах, албан тушаалтны дураар авирлал, хуйвалдаан, төрийн сан хөмрөгийн тонуул, бусад бусармаг ажиллагааг бага ч атугай түвшинд хязгаарлах, тогтоон барих бодлого, зохицуулалт, түүний хэрэгжилтийг шударга, хэлбэрдэлтгүй хангах, хянахад нэн чухал ач холбогдолтойг анхаарах, мэдрэх, мэдэх нь хамгийн чухал.      
            32.9 дүгээр зүйл
            Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн тохиолдолд яллагдагч зөвшөөрөхгүй байх, энэ талаар мэдүүлэг өгөх эрх нь нээлттэй байх нь зохистой тул “мэдүүлэг авах”-аар зохицуулах нь зөв гэж үзнэ.
            33.1 дүгээр зүйлийн 12, 34.14 дүгээр зүйлийн 2, 34.16 дугаар зүйлийн 4
            Бүх шатны шүүх нь шүүх хуралдаанаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах эрх хэмжээ эдлэх боломжгүй болсон, анхан шатны шүүхийн хувьд шүүх хуралдаанд зөвхөн прокурорын гаргасан саналаар буцаах болсон нь шүүхийн хяналтын бүрэн эрх хязгаарлагдсан гэсэн үг.
            Шүүх хуралдаанаас хэргийг хуульд заасан тодорхой үндэслэлээр прокурорт буцааж болох эрх хэмжээ бүх шатны шүүхэд зайлшгүй байх ёстой. Учир нь шүүх бол ард түмний мэдэлд байх засгийн бүх эрх мэдлийн нэг салаа, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч учраас эрүүгийн хэргийн хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр шүүхийн хяналтаас гадуур байж болохгүй.    
            Иргэн хэнийг ч гэмт хэрэгт хэлмэгдүүлж болохгүйн нэг адил бас ял завшуулж болохгүй учраас шүүх хуульд заасан тодорхой үндэслэлээр хэргийг буцаах эрх хэмжээтэй байх нь шүүх эрх мэдэл, хууль, шударга ёсны зарчмын үндсэн гол шаардлага, агуулга болно. 
            Шүүх шүүх хуралдаанаас эрүүгийг хэргийг хуульд заасан үндэслэлээр буцаах эрх хэмжээгүй байна гэдэг бол шүүх нь мөрдөгч, прокуророос хараат байдалтай, тэдний санал,  дотоод итгэлд сохроор итгэж, аялдан дагасан буюу өөрийн бүрэн эрх, дотоод итгэлгүй, “хяналтын бүрэн эрх”-ээ оролцогч тал, хянуулагч этгээдэд мэдүүлсэн “амьгүй албат” байх утга агуулгын илрэл болно.  
            Шүүхийн хяналтын эрх мэдлийг хязгаарлахад биш харин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын боловсон хүчний бодлого, хүний нөөцийн чадавхи, мэдлэг, туршлага, ёс зүйн түвшинг улам бүр чанаржуулахад анхаарах нь зөв шийдэлд хамаарч болох юм.
            Гэхдээ анхан шатны шүүхийн хувьд шүүх хуралдаанаас хэргийг буцааж болох  боломж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 34.14 дүгээр зүйлийн 2, 34.16 дугаар зүйлийн 4 дахь хэсэг байж болохоор байна.   
            Шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухайн үедээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-6.16-д заасан үндэслэл бүхий асуудлыг өөрийн санаачилгаар шүүх хуралдаанд шилжүүлэх, энэ талаар талуудад мэдэгдсэн байх нь чухал.  
            Урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүйгээр анхан шатны шүүх хуралдаанд шилжүүлж буй нь тухайн асуудлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр өөр бусад үндэслэл, нотолгоо байгаа эсэхийг тодруулах замаар оновчтой шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох ба шүүх хуралдаанд шилжүүлсэн хүсэлт, гомдол, санаачилга бүхий асуудал нь анхнаасаа хэргийг буцааж болох хуулийн зохицуулалтад хамаарч буй учраас шүүх хуралдаанаас нэгэн адил хэргийг буцааж болох үндэслэлтэй гэж үзнэ.       
            Тухайн тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлгийн нэгэн адил шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг шууд хэлэлцэхгүй ба харин хуралдаанд шилжүүлсэн “санаачилга бүхий асуудал”-ыг талууд нотлох баримт шинжлэхийн эхэнд эсхүл нотлох баримт шинжлэх хүрээнд тодотгон, мэтгэлцүүлэх замаар “дахин шалгуулах эсэх”-ийг шийдвэрлэх нь анхаарах асуудал болно.      
            Мөн тус хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан тул хэрэв шүүх хуралдааны мэтгэлцээний хүрээнд нотлох баримтыг үнэлэхэд хэргийн зүйлчлэл хүндрэхээр бол хүндрүүлэн зүйлчлээд шийдвэрлэж болохгүй, илтэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх буюу ял завшуулж бас болохгүй нь “зарчим”-ын асуудал тул энд хэргийг прокурорт буцаахаас өөр гарц, үндэслэл байхгүй талаар хууль зүйн дүгнэлт, гаргалгаа хийж болно гэж үзэж байна.  
            34.16 дугаар зүйл 4      
            Тус зүйлд “тухайн 4 дэх хэсэг” байх нь үндэслэл муутай, энэ нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамааралгүй. Хэрэв ...”хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөх” бол хойшлуулаад, дараа нь яах вэ ? Энэ тохиолдолд хэргийг буцаахаас өөр гарцгүй болно. Тус хэсгийг “Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөх, түүнчлэн хэргийн зүйлчлэл хүндрэн өөрчлөгдөхөөр бол хэргийг прокурорт буцааж болно” гэж өөрчлөн найруулж, тус хуулийн 34.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болгох нь оновчтой шийдэл юм.     
            34.18 дугаар зүйлийн 1
            Тус зүйлийн хэсгийн...хүсэлтийг “үндэслэн шийдвэрлэнэ”...гэдэг бол албадан тулгалт. Шүүх хэн нэгний албадан тулгалтад орох ёсгүй тул ”үндэслэн” гэснийг “харгалзан”, “шийдвэрлэнэ” гэснийг шийдвэрлэж болно гэж өөрчлөх нь зүй ёсонд нийцнэ. Заавал тусгаарлахгүйгээр “нотлогдоогүй гэх зарим гэмт хэрэг”-ийг  хэрэгсэхгүй болгох буюу цагаатгах үндэслэл, боломж шүүхэд ямагт нээлттэй байх нь “зарчим”-ын шинжтэй асуудал болно.    

            Товч дүгнэлт
            1992 оны шинэ, ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, шүүхэд хандах иргэний үндсэн эрхийн утга агуулга, шалгуураар авч үзвэл Шүүх нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуультай зөрчилдсөн бүхий л шийдвэрийг хүчингүйд тооцох бүрэн эрхтэй”.  
            Шийдвэр гэдэгт шүүх, прокурорын гаргасан шийдвэрүүд хамаарах ба тухайн шийдвэрүүд нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн тухай гомдол, хянуулах саналыг эрх бүхий иргэн, албан тушаалтан хэн боловч шүүхэд гаргах, шүүхээр эцэслэн тогтоолгох эрхтэй, түүнээс биш эрх нь хаагдаж, хязгаарлагдаж, мухардал, цөхрөлд орох ёсгүй.   
            Шударга ёс, бодит үнэнийг шүүхээр тогтоолгох иргэний эрхийг хязгаарлахгүй байх нь эрх зүйт төр, эрх зүйт хуульд тавигдах үндсэн шалгуур, стандарт болно. Энэ бол хүний эрх, хуулийн хэрэгжилтийг байж болохуйц дээд түвшинд шударгаар, хэлбэрдэлтгүй хамгаалах, хангах бодлого, зохицуулалт, механизм болдог.   
            Социалист төрийн үеийн прокурорын “ерөнхий хяналт” нь ардчилсан төрд шилжсэнээр түүхийн мухарт гээгдсэн, харин төрийн дээд хяналтын эрх мэдэл гагцхүү шүүхэд хадгалагдсан, дээд хяналт тавигч, эцсийн шийдвэр гаргагч нь Улсын Дээд шүүх болохыг Үндсэн хуулиар баталгаажуулсан. 
            Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зохицуулалт нь  оролцогч буюу иргэн, албан тушаалтны аливаа маргаан, гомдол бүхий асуудлаар шүүхэд хандах, шударга ёсыг тогтоолгох үндсэн эрхийг хязгаарласан, дутуу хамгаалсан, хамгаалалтыг орхигдуулсан, шүүхийн бүрэн эрх буюу шүүхийн хяналтын эрх хэмжээнд халдаж, хязгаарлахад чиглэгдсэн цөөнгүй асуудал байх тул заавал зөвтгөгдөн засагдах ёстой.          
            Эдүгээ цаг дор хуулийн засаглал тогтоож, шүүх эрх мэдлийг улам бүр хөгжүүлэх, төгөлдөржүүлэх замаар нийтлэг эрх ашиг, хүн бүрийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг  шударгаар, хэлбэрдэлтгүй хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох нь түгээмэл хандлага  болоод байна.   
            Ардчилсан Үндсэн хуульт ёс, эрх зүйн шинэчлэл, хөгжлийн хүрсэн түвшингээс ухрах, сааруулан саад хийх, мэдэн будилах, будилуулах ёсгүй юм.     
            Тус бичвэрт авч үзсэн зарим асуудал бусдын хувьд эрх зүйн ухамсрын өөр өнцгөөс харж, дүгнэж болох бусад асуудалд хамаарах эсхүл алдаа мадагтайд ч тооцогдож болно.
            Бас тухайн хуульд тус бичвэрт хөндөгдөөгүй бусад асуудал цөөнгүй байгаа.      
            Хууль эрх зүйн шинэчлэл бол тасралтгүй үргэлжлэх үйл явц. Шинэчлэвэл зохих асуудлыг олон талт өнцгөөс харж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээр тухайн шинэчлэл зөв, оновчтой хийгдэх суурь нөхцөл бүрдэх билээ.    
             
Г.ГАНБААТАР,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн
 анхан шатны шүүхийн шүүгч, 2017.09.11