Sunday, September 11, 2016

ШҮҮГЧИЙН ХУУЛЬ ТАЙЛБАРЛАХ УР ЧАДВАР




ШҮҮГЧИЙН ХУУЛЬ ТАЙЛБАРЛАХ УР ЧАДВАР    

  Г.ГАНБААТАР

Шүүгчийн олон талт ур чадварын гол хэмжүүр нь хууль тайлбарлан хэрэглэх ур чадвар. Үүнийг Цицерион “шүүгч бол ярьдаг хууль, хууль бол ярьдаггүй шүүгч “гэж тодорхойлжээ. Энэ нь ø¿¿ã÷  хуулиас өөр хэнд ч, юунд ч захирагдахгүй, гагцхүү õóóëü, øóäàðãà ¸ñûã ººðèéí ç¿ðõ[1] ìýò ñýòãýæ ò¿¿íä çàõèðàãäàõ, хуулийг зөв хэрэглэх утга агуулга.    
Шүүгч нь шүүн таслах ажиллагаа[2] явуулахдаа хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянахаас гадна тухайн хуулийн утга агуулгыг эрх зүйт ёсны шаардлага[3], хууль зүйн ухааны тайлбар хийх арга, зарчим[4]-ын хүрээнд хуулийн хэллэгээр, хэнд ч итгэл үнэмшил төрөхөөр үндэслэлтэй, логиктой, бүрэн тайлбарлах чиг үүрэгтэй.                                      
Шүүхийн шийдвэр нь тухайн эрх зүйн маргаан бүхий харилцаанд оролцогч нарт   хэрэглэж буй хуулиа тайлбарлан өгч буй хууль зүйн акт буюу хэрэг маргааны талаар хууль зүйн дүгнэлт бүхий шийдлийг агуулсан казуаль тайлбар[5] болдог учир хууль ёсны ба үндэслэлтэй байх шалгууртай, таамаглалд[6] үндэслэхийг хориглодог.               
Шүүгчийн хууль тайлбарлан хэрэглэх ур чадвар нь шүүгчид тавигдах хууль зүйн болон ёс зүйн шалгууртай шууд хамааралтай ба эрх зүйн онолын өргөн мэдлэг, мэргэшсэн чанар, туршлага, ёс зүйн эрхэм чанаруудыг бүрэн эзэмшсэн, ардчилсан нийгмийн  түгээмэл үнэт зүйлс, түүний үнэ цэнэ, утга агуулгыг итгэл үнэмшил болгосон, онол, практикт тасралтгүй суралцдаг байх нь гол шаардлага байдаг. Эдгээрийг шүүгчийн өөрөө өөртөө төлөвшүүлэх “оюун санааны баталгаа[7] гэж үзэж болно.         
Шүүгч хуулийг тайлбарлан хэрэглэхэд хууль зүйн болон холбогдох бусад шинжлэх ухааны албан ба албан бус эх сурвалж, онол, арга зүй зэргийг судлах шаардлага зайлшгүй тавигддаг. Тухайлбал :          
ü Хууль тогтоомжийн албан ёсны эх сурвалжууд [8] :  Хуулийн хүчин чадлын хувьд эх сурвалжууд эрэмбэ, шатлалтай ба Үндсэн хуульд бусад хууль тогтоомж, бусад хууль тогтоомж нь өөр хоорондоо нийцэж байгаа эсэхийг хянах ёстой.    
ü Хэрэг маргаан (эрх зүйн зөрчил)-ы хууль зүйн зүйлчлэлийн болон нотолгооны онолын бүтээл, логикийн хуулиуд : Шүүн таслах ажиллагааны үндсэн агуулга нь аливаа хэрэг маргаан хуульд заасан ямар хэм хэмжээг зөрчсөн буюу зөрчлийн бүрэлдэхүүний шинжтэй нийцэн тохирч байгаа эсэхийг тогтоох, зөв зүйлчлэх асуудал.[9] Үүний тулд :           
·   Хэрэг маргааны үйл явдал (хууль зүйн факт)-ыг бүрэн, бодитой сэргээн тогтооход нотолгооны эх сурвалжид хууль зүйн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана, энд нотолгооны онол, логикийн хуулиудын мэдлэг шаардана.     
·  Хэрэг маргаанд хууль зүйн зүйлчлэл хийх ба ингэхдээ бодит үндэслэл гаргана, энд хууль зүйн зүйлчлэлийн онолын мэдлэг чухал.                       
ü Шүүхийн практик (бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр бүх шийдвэр) [10] : Хэрэг маргааныг шийдвэрлэхэд бусад шүүх тухайн ижил төрлийн маргаан шийдвэрлэхдээ ямар үндэслэл,  тайлбар хийснийг харгалзан үзэж болно.          
ü Хуулийн албан ба албан ёсны бус тайлбарууд [11] : Хуулийг зөв тайлбарлан хэрэглэхийн тулд судлан харгалзахад чухал, харин шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон заах ёсгүй байдаг.     
ü Хуулийн аналог, зөрчилдөөний хэм хэмжээ ба холбоос, зөрчилдөөний хуулиуд тэдгээрийг хэрэглэх, шийдвэрлэх журам, онол, арга зүй [12],        
ü Өндөр мэдлэг, чадвар бүхий эрх зүйчдийн онол сургаалиуд[13], 
ü Бусад (хэл бичиг, найруулга зүйн онол, арга зүйн бүтээл г.м).               
          Хууль тайлбарлан хэрэглэх ур чадвартай холбогдуулан Эрүүгийн хууль дахь маргаан бүхий олон асуудал[14]-ын 1-ийг жишээгээр авч үзье. Иргэн А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д заасан гэмт хэрэгт баривчлах ял шийтгэгдсэн. Уг   хэрэгт ялтай байдалтай байхдаа мөн Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-д заасан гэмт хэрэг үйлджээ. Хэрхэн зүйлчлэх вэ ?                          
            Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэрэгт нь зөвхөн 1 удаа ял шийтгэх нь шударга ёсны зарчим. Эрүүгийн эрх зүйн онолд давтан гэмт хэргийг “ял шийтгэлтэй, ял шийтгэлгүй” гэж ангилдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд шударга ёсны зарчмын утга агуулгыг, мөн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д “гэмт хэрэг давтан үйлдэх” гэдгийг хэрхэн ойлгохыг заасан, тус зүйлд ял шийтгэлтэй давтанг хуульчлаагүй, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3-т “ял шийтгэлтэй давтанг”, мөн зүйлийн 181.2.4-т ”ял шийтгэлгүй давтанг” ялган заагласан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “гэмт хэрэг давтан үйлдсэн гэдэгт” ял шийтгэлтэй давтанг хамааруулж, ялыг хүндрүүлэх байдалд тооцдог тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан “давтан” гэдгийг “тухайн залилан мэхлэх гэмт хэргийг 2-оос дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд нь ч ял  шийтгүүлээгүй байх”-ыг ойлгох эрүүгийн эрх зүйн онол, хууль зүйн үндэслэлтэй[15].    
            Гэтэл Эрүүгийн хуулийн албан ёсны тайлбарт : тухайн төрлийн гэмт хэрэгт ялтай байхдаа уг гэмт хэргийг үйлдсэн бол “давтан” гэжээ. Тухайн тохиолдолд Эрүүгийн хууль, албан ёсны эх сурвалжийн хүчин чадал зэрэгт зөв тайлбар хийснээр Эрүүгийн хуулийг зөв хэрэглэнэ.       
            Хууль тайлбарлан хэрэглэх болон бусад ур чадварыг төлөвшүүлэхэд :                    
ü  Шинэ цаг үе, шинэ сэтгэлгээ ба хандлага, шүүх эрх мэдлийн болон хууль тогтоомжийн шинэчлэлийн дагуу шүүгч бид мэдлэг, мэргэшил, ёс зүй, ур чадвараа улам бүр дээшлүүлэхэд тасралтгүй суралцах, хөгжих,       
ü  Шүүгчдийг мэргэжлийн салбараар мэргэшүүлэхээр гадаад улс оронд, гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхээр дотоод, гадаадын сургалтад урт хугацаанд сургах цогц арга хэмжээ авах[16],      
ü  Шүүгчдэд тавих болзол, шалгуурыг бусад орны туршлагыг[17]харгалзан нарийвчлах зэрэг нь анхаарах асуудал гэж үзэж байна.         
    
Шүүгчийн шударга ёсны төлөөх ариун үйлс өнөд мандан бадраг.  




[1] Хүний зүрх зогсвол яах билээ? Шүүгч хараат бус байдлаа алдвал зөвхөн “хуулийн засаг төдийгүй бүгд найрамдах улсын ардчилалд аюул учрах”-ыг А.Токвиль, “шударга ёс алдагдвал хүмүүсийн амьдрал утга учиргүй  болох”-ыг И.Кант, хууль дүрмийг чанд сахихгүй бол төрт улс бутран сарнихыг Чингис хаан онцлон сануулсан байдаг.       
[2] Хэрэг маргааны бүх төрлөөр явагдах шүүн таслах ажиллагаа нь шүүх эрх мэдэл бодитой хэрэгжиж буйн үндсэн гол агуулга, хэлбэр юм. Ромын Дегистэд : шүүн таслах ажиллагааг төрийн үндэс, шүүгчийн ёс зүйн дүрэмд : хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгчийн өөр бусад бүх ажлаас ямагт илүү чухал гэж заажээ.               
[3] Н.Лүндэндорж. Jurisprudence : Эрх зүй судлал, философи, онол. УБ., 2011 номоос үзнэ үү.  
[4] Эрх зүйн онолын бүтээлд бичсэнээр хуулийг тайлбарлахад : а. хэл зүйн (хэл бичиг, өгүүлбэр зүйн цогц дүрмийг ашиглан), б. логик (логикийн хуулиудын тусламжтай), в. системчлэх (тухайн салбарын болон бусад салбарын эрх зүйн хэм хэмжээг уялдуулж, эрх зүйн тогтолцоо, эх сурвалжид тулгуурлан), г. түүхэн (хуулийн тухайн ба өмнөх хэм хэмжээний бий болсон, өөрчлөгдсөн шаардлага, зорилго, үзэл санааг түүхчлэх) зэрэг аргуудыг хэрэглэдэг. Тайлбарлагдах зүйлсээр нь : а. хууль зүйн нэр томъёог, б. хууль зүйн эх сурвалжаар, в. чиг үүргийн хэрэгжилтийн онцлогоор, г. зорилгоор тус тус тайлбарладаг. Зарчимд: а. хууль ёсны байх буюу эрх зүйн эх сурвалжуудын утга агуулгыг тооцох, б.  позитив эрх зүйг хүндэтгэх, в. бодитой, оновчтой, хангалттай үндэслэлтэй байх зэргийг хамааруулдаг.
Хуульд тайлбар хийх арга, зарчмын талаар Н.Лүндэндорж “Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй” нийтлэл, Шүүх эрх мэдэл сэтгүүл, 2015 оны № 1, С.Нарангэрэл “Эх толь бичиг” 2007, Д.Баярсайхан “ Эрх зүйн онол” 2010, Ч.Нямсүрэн “Эрх зүйн ерөнхий онол” 2010 зэрэг номоос үзнэ үү.              
[5] Казуаль тайлбарын талаар Ц.Сарантуяа. Үндсэн хуулийн процессын эрх зүй : суурь ойлголт, тулгамдсан асуудал. УБ., 2005. 31, 55-56-р тал. Ц.Амарсайхан. Шүүхийн жишиг ба Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар. Шүүхээс хууль хэрэглэх онол практикийн тулгамдсан асуудал. УБ., 2008. 24, 26-р талаас үзнэ үү.          
[6] Шүүн таслах ажилд аюултай, суудал дор чинь нуусан дэлбэрэх бодис бол таамаглан сэтгэх явдал. Ж.Ж.Руссо.  
[7] “Оюун санааны баталгаа”-г төр хангах бололцоогүй. Энэ талаар “Төрийн шүүгчийн мөн чанар” илтгэл. Шударга ёсны хэмжүүр.,  №4    
[8] Эрх зүйн тогтолцооны хэв маяг нь ямар эсэхээс хамааран улс орон бүрт харилцан адилгүй. Манай Улсын хувьд Үндсэн хууль, хууль, Олон Улсын гэрээ, хууль тогтоомжийн бусад актыг албан ёсны эх сурвалжид тооцдог. Энэ талаар Монгол Улсын Үндсэн хууль, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжоос үзнэ үү.            
[9] Ромын Дегистэд “Шүүгчийн мэдэлд хэрэг явдлын бодит байдлын асуудал л байхаас хуулийн нэр хүндийн асуудал байх ёсгүй” гэжээ.      
[10] Шүүхийн практик нь хууль, эрх зүйн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, онол, практикийн мэдлэгээ сэргээн бататгах, онолын сэтгэлгээг хөгжүүлэх, хэрэг маргааны нотлох баримтыг үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргах, хуулийг зөв хэрэглэх, тухайн тохиолдолд хуулийг тайлбарлах арга зүйг танин мэдэх, хууль хэрэглээний болон байцаан шийтгэх процесс ажиллагааны явцад гарч буй зарим алдааг олж харах, давтан гаргахгүй байх зэрэг ач холбогдолтой.       
[11] Үндсэн хуулиас бусад хуулийг Улсын Дээд шүүх тайлбарлах ба уг тайлбар Үндсэн хуульд харшилбал хуулийг баримталдаг. Тайлбарын ойлголт, ангилалын талаар С.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг” 2007, Д.Баярсайхан “ Эрх зүйн онол” 2010, Ч.Нямсүрэн “Эрх зүйн ерөнхий онол” 2010 зэрэг номоос үзнэ үү.        
[12] Үндэсний болон Олон Улсын хувийн эрх зүйн салбарт ихэвчлэн хамааралтай ба С.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг” 2007, Д.Баярсайхан “ Эрх зүйн онол” 2010 зэрэг сурах бичиг, Иргэний хууль, Олон Улсын гэрээ, Олон Улсын гэрээний тухай хууль зэргээс үзнэ үү.     
[13] Олон Улсын шүүхийн дүрмийн 38 дугаар зүйлд заасан.  
[14]Салбар эрх зүй бүрт байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуульд : гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, сэдэлтийн ялгааг, мөн Эрүүгийн гэмт хэрэг үү эрх зүйн бусад зөрчил үү гэдгийг зөв тогтоох, түүнчлэн нэг төрлийн гэмт хэрэгт ялтай байдлыг тухайн болон өөр төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцсон нь үндэслэлтэй эсэх, нэг төрлийн гэмт хэргийг эхний удаа төгс, дараагийн удаад  төгс бус үйлдсэн нь давтанд тооцогдох уу, тус тусдаа зүйлчлэгдэх үү, эсхүл давтан гэж үзэхээс гадна завдсан үйлдэлд давхар хариуцлага хүлээлгэх үү гэх мэт хууль, онол ба практикийн зөрчилдөөн, маргаан бүхий асуудлууд бий.                         
[15] Гэхдээ уг ойлголт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зөвхөн уг гэмт хэрэг бус бусад зарим гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “давтан” гэх бүх заалтад хамааралтай гэж үздэг.                
[16] Өмнө нь шүүгч нарыг бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхжуулахад Улсын дээд шүүхийн нэр дээр гадаад оронд сургадаг үндсэн бодлого хэрэгжүүлдэг байсан нь залгамжлан хэрэгжүүлвэл зохих бодлогын шинжтэй, оновчтой шийдэл юм. Улсын Их хурал, Засгийн газар, агентлаг, Улс төрийн намууд нь боловсон хүчнээ өндөр хөгжилтэй оронд жил бүр шинээр болон давтан, ахисан шатанд сургадаг байх ба Шүүх эрх мэдэл хоцрох ёсгүй.                   
[17] АНУ, Солонгос, Япон зэрэг оронд хууль, эрх зүйн мэдлэгээс гадна анализ хийх ба харилцааны өндөр чанар, шүүгч болох хэмжээний туршлага хуримтлуулсан, мэргэжлийн чадвартай гэх нэр хүнд олсон, доод тал нь 10-с доошгүй жил хуульч, шүүгчийн туслахаар ажилласан, насны хувьд харьцангуй өндөр байх, дээд шатанд дэвшүүлэхэд анхан шатны шүүгчээр ажилласан хугацаа, үйл ажиллагааны үнэлэмж болон бусад болзол, шалгуурууд практикт жишиг болон тогтсон ажээ.