Saturday, August 12, 2017

ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС, ШУДАРГА ЁСНЫ ТОГТОЛЦООНД ЁСОН БУСААР ХАЛДВАЛ ТЭМЦЛЭЭС ӨӨР ГАРЦ ҮГҮЙ БОЛНО



ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС, ШУДАРГА ЁСНЫ ТОГТОЛЦООНД
 ЁСОН БУСААР ХАЛДВАЛ ТЭМЦЛЭЭС ӨӨР ГАРЦ ҮГҮЙ БОЛНО    


            Эхлэл үг     
2000 онд тухайн үеийн Улсын Их хурлаас Үндсэн хуулийн бус аргаар 1992 оны шинэ, ардчилсан Үндсэн хуульд “нэмэлт, өөрчлөлт” оруулснаас улбаалан Үндсэн хуулийг дахин өөрчлөх, шинэчлэх асуудал хурцаар тавигдаж, хууль эрх зүйн шүүмжлэл, эсрэгцэл тасралтгүй өрнөсөөр байна.          
Тухайн нэмэлт, өөрчлөлтийн зарим зохицуулалт 1992 оны Үндсэн хуульд ноцтой эмгэг учруулсан нь мэтгээд байхааргүй нэгэнт тодорхой болчихсон учраас тухайн алдааг засч залруулах нь зайлшгүй болсон билээ.            
Үндсэн хууль эмгэгтэй болно гэдэг ноцтой асуудал боловч тухайн хуулийн буруу биш. Хуулийн эмгэг гэдэг бол эсрэгээрээ төрийн ой санамж, хуулийн бодлого тодорхойлогч, хууль тогтоогчдын мэдлэг, чадвар, үнэт зүйлс, нийтлэг эрх ашгийг хамгаалах бодлогыг илтгэх шинж гэж үздэг.
Улс, нийгмийн хөгжил, дэвшилд учруулсан “Үндсэн хуулийн эмгэг”-ээс улбаатай олон сөрөг үр дагавар, ардчилсан Улс орны улс төр, эрх зүй, эдийн засгийн хөгжлийн явц, шинэчлэлт, түгээмэл хандлагын дагуу Үндсэн хуульд шургалсан эмгэгийг эмчлэх, энэ хүрээнд нэг мөр тодотгон боловсронгуй болгох цөөн зарим асуудлын хүрээг зөв, бүрэн, оновчтой тогтоох нь зайлшгүй чухал.   
Гэвч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд дутуу орхигдсон асуудлаас гадна  Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, үнэт зүйлс, шударга ёсны тогтолцоонд ноцтой халдсан алдаа, зөрчлүүд цөөнгүй байх тул хуульчийн хувьд мэргэжлийн чиг үүргээ ухамсарлан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай зарим асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна, бас мэргэжил нэг нөхөддөө үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж байна.   
Ардчилсан нийгэмд ухаалаг ба ухаалаг бус олон үзэл байх нь гайхах зүйл биш. Үнэт зүйлс, нийтлэг эрх ашиг, эрх зүйт ёсны асуудлыг олон талт өнцгөөс харах хуульчийн нүд улс төрчийн нүднээс өөр байх нь цөөнгүй. Улс төрч ба хуульчдын хувьд хууль бүтээх, түүний утга агуулга, нийцэл зохицлын гүнд нэвтрэх чадвар, алсын хараа эсрэг тэсрэг байх нь элбэг.   
Ямартаа ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон талт өнцгөөс харж, үзэл  бодлоо чөлөөтэй уралдуулснаар тухайн төсөл нь шударга, эрх зүйт мөн үү, амьд үйлчлэлтэй болж чадсан уу, төслийн цаадах утга агуулга, ил ба далд санаархал нь үндэсний эрх ашиг, зүй ёс, шударга ёсны шаардлагад нийцсэн эсэх, улс төр, эрх зүй, ёс суртахууны болон эдийн засгийн онолтой байсан эсэх, бодлогын болон  зарчмын үндэслэл нь юу болох эсэх зэргийг илрүүлэх өргөн боломж нээгдэнэ.
Үзэл бодлын зөрүү байж болно, гол нь бүхий л алдаа, буруу, бүрхэг асуудлыг илрүүлэн олон нийтээр хэлэлцэх, нэг мөр ойлголтод хүрэх, засч залруулах нь чухал болоод байна.   

 Тогтолцоо” гэж ганц үг нэмэх шаардлага, ач холбогдол юу вэ ?  (Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг)
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ...шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж...сонгоно.   
Энэ бол намд нь бус намаас нэр дэвшигч нь “хэний хэн бэ ?” гэсэн шалгуураар гагцхүү нэр дэвшигчид өөрт нь саналаа шууд өгөх утга агуулга.
Энэ бол аль нэг улс төрийн нам нь биш, харин намаас нэр дэвшигч нь сонгогчдын санал авснаар гэхдээ хуулиар тогтоосон “босго” давснаар шууд сонгогдсонд тооцогддог сонгуулийн мажоритар тогтолцооны үндсэн агуулга, шинжид нэг адил хамааралтай.  
Тийм учраас “тогтолцоо” гэсэн үг нэмснээр Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг УИХ өөрчлөх бодит боломжгүй. Яаж ч мушгин гуйвуулж тайлбарлаж болно, гэхдээ “бодит үнэн” ялах эх сурвалж хангалттай байх тул мэтгэх шаардлагагүй.  

Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт
УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр улсын төсвийн зардлын шинэ төрөл үүсгэх, зардал нэмэгдүүлэхийг хориглоно гэснийг : 
УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах, төсөвт тодотгол хийх явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр болон зохих үндэслэлгүй саналын хүрээнд улсын төсвийн зардлын шинэ төрөл үүсгэх, зардал нэмэгдүүлэхийг хориглоно гэж зохицуулалтынх нь хүрээг арай өргөтгөх нь улсаа өр, зээл, аюултай байдалд оруулан улс төр хийж буй улс төрийн гэх хүчин, албатын буруу үзэл, үзэгдэл, үйл ажиллагаа, хандлагыг хязгаарлах, учрах аюулаас бага ч атугай урьдчилан сэргийлэхэд тустай байж болох юм.
“Санал” авсан гэх хэлбэр төдий халхавчаар дүр үзүүлэн улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцэхгүй буюу хуйвалдааны шинжтэй бүх үйлдэл, үйл ажиллагаа өнгөлөгдөн далдлагдах ёсгүй, саналын үндэслэл нь зөв, хангалттай, ил тод байх нь нэн чухал.  
Аль ч нам сонгуульд ялсан, ялахын тулд ялгаа байхгүйгээр Улсын Их хурал, Засгийн газар улс төрийн явцуу сонирхлоор улсын төсвийн хөрөнгийг “намын, хувийнх нь өмч мэт” элсэнд цацсан ус шиг үргүй үрэн таран хийж, улсын өр, зээлийг үндэслэлгүй нэмэгдүүлсээр ирсэн, одоо ч үргэлжилсээр байгааг улс төрийн бүлгийнхэн, олон түмэн иргэд мэднэ. Улиг болтол яригддаг олон асуудал энд байгаа.  
Сонгууль болох бүрт мухар сүсгийн шашны ёс юм шиг “ард иргэдэд гэнэт их хайр зарлан халамжлахаар мөнгө тараадаг, халамж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмдэг, улс орны эдийн засаг дампуурлын ирмэгт байгааг мэдсээр, ярьсаар атлаа “түргэсгэх буюу луу, баавгай, барын ам руу түлхэх” мэт төсвийн хөрөнгийг үргүй үрдэг, цөлмөдөг, хэрэгжих үндэслэлгүй бодлого, зохицуулалт хийдэг улс төрийн бусармаг байдал”-ыг таслан зогсоох ёстой.

Үндсэн хуулийн 251 дүгээр зүйлийн 1, 2, 28 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн нэмэлт гэх асуудлуудыг заавал Үндсэн хуулиар зохицуулах шаардлагагүй гэж үзэх дараах үндэслэл байна.
1. Нийт иргэн, Улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах чин ариун хүсэл зориг үнэхээр байгаа л бол УИХ-д Үндсэн хуулиар онцгой эрх хэмжээ, өргөн боломжийг олгочихсон.   
УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх буюу хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхийн хүрээнд аливаа асуудлыг өөрийн бүрэн хараа хяналтад байлгах, алдаа зөрчлийг тогтоон барих бололцоотой.  
 Ингэхдээ байнгын хороо, дэд хороо, түр хороо, ажлын хэсэг байгуулан тэдгээрт тусгайлсан эрх хэмжээ олгох, эрх хэмжээг нь өөрчлөх, өргөтгөх болон бусад олон арга журмаар УИХ хяналт шалгалтын бүрэн эрхээ хүссэн цаг үедээ хэрэгжүүлж болно.      
2.  Үндсэн хууль, бусад хуульд зааснаар төрийн хяналтын байгууллага хангалттай байгуулагдсан, эрх хэмжээ нь хуваарилагдсан.
100 ямаанд 60 ухна гэгчээр одоо нэмж юу гээч байгуулах гэснийг таамаглах боломжгүй.
Үнэхээр чухал, тулгамдсан гэдгийг нотолбол байгуулах гээд байгаагийнхаа эрх хэмжээг байгаад нь зохистойгоор нэмж, хасаад хуваарилчихаж бас болно.       
УИХ өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд ноцтой зөрчил илрүүлсэн, эсхүл ноцтой байж магадгүй хэмээн үзвэл хууль тогтоомжийн дагуу төрийн холбогдох хяналтын аль ч байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, тооцуулах бүрэн боломжтой.  
Харин тухайн хяналтын байгууллага хуульд зааснаар хараат бус, шударга, нээлттэй ажиллаж байгаа эсэх, хэрхэн хангах эсэх нь тусдаа анхаарах асуудал болно.
Жишээ нь : Аудитын /төрийн хянан шалгах байгууллага/ байгууллагын дарга нь УИХ дарга санал болгосноор томилогддог, гэвч тус байгууллага ил тод биш буюу үхмэл мэт ажилладаг, улсын төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан эсэхэд хэрхэн хяналт тавиад, ямар зөрчил илрүүлэн шалгасан, холбогдох байгууллагад шилжүүлсэн, шалгуулсан нь нээлттэй бус, гэтэл эсрэгээр Улсын төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан үй түмэн зөрчлүүд хэзээ хойно илэрсээр байдаг нь цөөнгүй үзэгддэг. Өөрөөр хэлбэл, аудитын байгууллага улс төржсөн шинжтэй ажилладаг, улс төрийн зорилгоор зарим зөрчлийг нуун дарагдуулдаг гэх шүүмж, хардлага байдаг тул Аудитын байгууллагын даргыг Улсын Ерөнхийлөгч томилох эсхүл бүрэн эрхийн хугацааг нь харьцангуй урт байлгах тухай асуудлыг Үндсэн хуулиар зохицуулах эсэхийг хөндөн тавих нь илүү үр нөлөөтэй байж болохыг үгүйсгэхгүй.  
3. УИХ-д олгогдсон бүрэн эрх багадаагүй, хэрэгжилтийг хангах зөв бодлого, зохицуулалт нэн чухал.
Харин УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг нэгэн зэрэг хашиж байгаа байдал нь УИХ хяналт шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад, барьцаа, нөлөөлөл, тулгалтад автаж байгааг үгүйсгэхгүй. Энэ байдлыг харин засч залруулж болох юм.
Хуульд нийцэхээргүй буюу салаалж, давхцуулан онц эрхэтийг байгуулан ажиллуулснаар ноцтой аюул, үр дагаварт хүрч байсан гашуун түүх бас бидэнд бий.
УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хүрээнд зарчмаа барин  дээд эрэмбийн эрх ашгийг зорин зүтгэвээс хяналт шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүх талын боломж, гаргалгаа, баталгаа нээлттэй байгаа гэж харж байна. Хэлдэг биш хийдэг байх ёстой. Уул үзээгүй хормой шуух, ус үзээгүй гутал тайлах гэдэг шиг байх ёсгүй.

Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Тогтсон хэллэгээр анхны Үндсэн хуулийг дордуулсан 7 өөрчлөлтийн нэг нь хүчингүй болохоор байгаа нь зүйн хэрэг.  

Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэг 
Үндсэн хуулийн анхны бичвэрийг өөрчилсөн шалтгааныг бид мэдэх учраас “анхны бичвэр”-ийг нь бага зэрэг өөрчилж буюу “УИХ-ын нийт гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж цомхон, яг таг ойлгомжтой байдлаар, харин байнгын хорооны хуралдааныг холбогдох хуулиар зохицуулах боломжтой.    
            Яг таг ойлгомжтой байдал гэж Үндсэн хуульд “хуульд өөрөөр заагаагүй” бол гэж байх ёсгүйг хэлж байна. Үндсэн хууль өөрөө дээд эрэмбийн хэм хэмжээ учраас яаж ч болохоор салаа утгатай, доод эрэмбийн хэм хэмжээнд захирагдмал, боломж олгосон утгыг илэрхийлж болохгүй.  
Хэрэв Үндсэн хуульд “хуульд өөрөөр заагаагүй” гэж оруулсан тохиолдолд хууль тогтоомжийн тухай, УИХ-ын хуралдааны дэгийн тухай эсхүл холбогдох бусад хуульд “хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар эцэслэн батална” гээд заачихвал “Үндсэн хууль дахь хуульд өөрөөр заагаагүй бол дийлэнхи олонхиор хуулийг батална” гэх заалт амьд үйлчлэлгүй болно. Өөрөөр хэлбэл, нүглийн нүдээ гурилаар хуурна гэдэг шиг энэ бол жинхэнэ цэвэр биш дүр эсгэсэн, халхавчилсан бодлогын илрэл болно.   
Ер нь УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй, хуулийг батлахад оролцохгүй юм бол яах гэж УИХ-ын гишүүн болсон юм бэ ? Хаана байна тэр тангараг,  чиг үүргийн хэрэгжилт, хариуцлага, мөрөөдлийн үгс, урианууд.  
УИХ-ын 20 гишүүн ард түмний өмнөөс хууль батлах боломжтой болсон нь ардчилсан бусаас гадна амьд үйлчлэлгүй, хийдэлтэй хуулиуд олноор гарах боломжийг нээснийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхтгэл, энэ чиглэлийн судлаачдын бүтээлд анхааруулсаар байгааг мэдэх, мэдрэх шаардлагатай. Ийм инээдэмтэй, эмгэнэлтэй байдалд байх ёсгүй, дасах ёсгүй.  
Хэрэв одоогийнхоор УИХ-ын 20 гишүүн, төслөөр 26 гишүүн ард түмний өмнөөс хууль батлах боломжтой л байх юм бол УИХ-ын гишүүний тоо 76 байх шаардлага ер нь байгаа юм уу, ихэсгэх бүр ч шаардлага байхгүй.
УИХ 60 гишүүнтэй, эдгээрийн дийлэнхи олонхи /эсхүл олонхи/ нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон гишүүдийн олонхийн/ эсхүл дийлэнх олонхийн/ санаалаар асуудлыг шийдвэрлэх нь эцсийн дүндээ 76 ба 60 гишүүний хооронд чанарын ямар ч ялгаа байхгүй, харин ч төсвийн зардал хэмнэгдэхээр байгааг бас бодолцох ёстой.     
УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэж хий сүржигнэхээс илүүтэй УИХ-аас амьд үйлчлэлтэй, хийдэлгүй хууль баталж байхын тулд чуулганы хуралдаанд оролцож, хуулийг батлах гишүүдийн доод хязгаарыг зохистойгоор ихэсгэн нэмэгдүүлэх нь илүү чухал ач холбогдолтой, үр нөлөөтэй юм.   

Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх бүрэн эрхийг хүчингүй болгох асуудал /Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт/  
Үндсэн хуулийн утга агуулгаар дэнслэхэд улс төрийн эрх мэдлийн ноён их оргил нь Улсын Их хурал, нам дор цэг нь Улсын Ерөнхийлөгч юм. Гэтэл УИХ нь Улсын Ерөнхийлөгчийн тухайн 2 бүрэн эрхийн юунд эмзэглэв, айн сандрав.   
Ард түмнийн олонхийн саналаар сонгогддог цорын ганц албан тушаалтны хувьд Улсын Ерөнхийлөгчид ийм бүрэн эрх яагаад байж болдоггүй юм бэ ? Хэний төлөө, юуны тулд тийнхүү хүчингүйд тооцох гээд байна вэ ?
 Ерөнхийлөгч хууль санаачилсан, Засгийн газарт чиглэл өгснөөс болоод Монголын нэр хүнд олон улсын түвшинд навс унаад, Монголын хууль гууль болоод, авлига цэцэглээд, эдийн засаг нь дефолтын ирмэгт, иргэдийнх нь амьдрал ядуу доод түвшинд хүлэгдээд, эрхэмлэх бүх зүйл нь аюулд өртөн балраад, балартан сүйдчих гээд байгаа асуудлууд байгаа юм уу ?    
Үе үеийн Ерөнхийлөгч нарын санаачилсан хуулиуд, өгсөн чиглэлүүдээс Үндсэн хуульд заасан нийтлэг эрх ашиг, үнэт зүйлст харшилсан нь хэд байгаа юм бэ ? Хаана, хэнд ямар судалгаа, нотолгоо байна вэ ?
Улс орны язгуур эрх ашиг, аюулгүй байдал, төрийн эрх мэдлийн холилдоон, хуйвалдаан, барьцаалагдсан байдал, авлига, албан тушаалтнуудын сахилга, хариуцлага зэрэгтэй холбоотой олон асуудлаар эрх баригчдын санаж сэдээгүй, мэдэж байгаа ч мэдэхгүй дүр эсгэсэн, зөнд нь орхисон үхмэл байдлыг сэрээхэд, анхааруулахад чиглэгдсэн хууль санаачлах, чиглэл өгөх бүрэн эрх яахлаараа байж болдоггүй юм бэ ?
Харин Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, чиглэл нь улс орны нийтлэг эрх ашиг, Үндсэн хууль, бусад хуулинд харшлахаар байгаа бол батлах эсэх, хүлээн авах эсэх нь УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн асуудал учраас Ерөнхийлөгчийн тухайн бүрэн эрхээс айж сандраад, эмзэглээд байх үндэслэлгүй юм.
Хэрэв Улсын Ерөнхийлөгч хууль санаачлаад өөрт Үндсэн хуулиар олгогдоогүй бүрэн эрхийн эзэн болсон, дур зоргоор авирлагч болсон гэж үзэж байгаа бол эсрэгээр хууль санаачлаад өөрчлөх, хүчингүй болгох, Үндсэн хуулийн цэцээр хянуулах бололцоо бас байна.  
Монголын төр бол улс төрийн намуудынх биш, ард түмний төлөөх зохион байгуулалт тул ард түмний дээд элчийн хувьд Ерөнхийлөгч нь хууль санаачлах, чиглэл  өгөх бүрэн эрхтэй байх нь засгийн бүх эрх ард түмний мэдэл, хяналтад байх ардчилсан  дэглэмийн утга агуулгын бодит илрэл буюу ард түмний хяналтыг төрд  тавих, хэрэгжүүлэх онцгой  бодлого, зохицуулалтын үндсэн арга, хэлбэр гэж ойлгож болно.
Ерөнхийлөгчид хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх бүрэн эрхийг олгосон үндэслэл, шаардлагыг тодотгон ойлгоход гүн утга агуулга, ач холбогдлоо огт алдаагүй эрх зүй, улс төрийн философийн дараах онч үгсийн үзэл санаа тусалж болох юм. Тухайлбал :
Ядуу нийгмийн хамгийн том дайсан бол авлигач элит ба дарангуйлагч Засаг. Ж.Роулс. 
Нийгмийн удирдлагын дээд түвшинд нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах гэмт хэргүүд байрладаг. Чазерье Беккари
Улс төрчид ард олныг “амьтад мэт” үзэн өөрсдөө тухай амьтадын фермийн эзэд, харгис хомхой "гахай" шиг л болж хувирдаг. Ж.Орвелл
Засгийн эрхийг хэн барьж байгаагаас үл хамааран засаг өөрөө нүгэлт зүйл, засаг нь өөртөө байгаа хүмүүсийг эвдэн завхруулж, эрх мэдлээ урвуулан ашиглахад хүргэх хандлагатай байдаг. Якоб Буркхард 
 Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг. Лорд Актон  
Төр томрохын хэрээр эрх чөлөө хумигдсаар байдаг. Томас Жефферсон.
Нийтийн эрх ашиг гэх нэрийн дор санаатай болон санамсаргүй мөлжлөг хийх улмаар түүнийгээ хуульчилж, хуульчилсан тонуулийн тогтолцоог бий болгох замаар төрийн эрх хэмжээг өргөтгөхгүй байх ёстой. Ф.Бастиа.
 Эрх мэдлийг эрх мэдэл л хязгаарладаг. Төрийн эрх мэдэл хоорондын хяналт, тэнцвэрийг хангах, аль нэг эрх мэдлийн дураар авирлах, давамгайлах боломжийг хязгаарлах ёстой. Ш.Монтескье  
Хууль зөрчихүй нь төрийн амьдрал уу сэм мяраан гэтэж мэдэгдэхгүйгээр шурган орж ирдэг, энэ нь ялимгүй зардал байнга давтагдсаар хогшил хөрөнгийг цөлмөн хоосолдогтой адил ялимгүй зардал бөөн бөөнөөрөө гардаггүй учир мэдэгдэхгүй л байдаг шүү дээ. Үүнээс болж оюун ухаан алдаж орхидог. Ер нь, хамгийн гол нь төрийн аль ч байгууламжийн үед албан тушаалтнууд хөрөнгөжин баяжихийг хуулийн болон бусад дэг журмын аргаар хаасан байхаар ажил хэргийг зохицуулах нь чухал юм. Нэг л хүн флейт хөгжим ч тоглож, гутал ч загнаж байхаар тогтоож болохгүй. Үүнийг хууль тогтоогч ч харгалзан үзэх ёстой. Аристотель[1].
Ухаалаг хүмүүсийн хувьд хууль бол бурхан, тэнэг мунхаг хүмүүсийн хувьд хууль бол тоглоом. Тун сайн хууль гаргачихвал төр төвхнөчих нь тэр гэж бодож болохгүй. Засгаа нэр төртэй барьж чадах тийм л хүмүүс байвал энэ санаа хэрэгжиж чадна. Платон [2].    

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1,
Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно, сайдад нэр дэвшигч нь тухайн салбарын мэргэжлээрээ 12 жилээс доошгүй ажилласан хүн байна гэж заах нь зохистой.
УИХ нэг танхимтай, цөөн гишүүнтэй тул УИХ-ын гишүүн нэгэн зэрэг Засгийн газрын гишүүн байх нь төрийн эрх мэдлийн тэнцвэр, хяналтын зарчим, хуулийн чанар чансаанд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуульч судлаачдын байр суурь, судалгаа цөөнгүй бий.
УИХ, ЗГ холилдсоноос бие биедээ хяналт тавих чадвар, бодлого алдагдсан, тийм ч учраас УИХ-аас арга ядахдаа тусдаа төрийн хяналтын байгууллага байгуулах санал гаргаж буй гэж үзэх үндэслэл бүхий байна.  
Мөн зарим Улсын их хурлын гишүүн нэгэн зэрэг сайд болсноор сонгогч иргэд буюу гишүүдийн хооронд зөрчил, тэмцэл, ялгаварлал үүсгэдэг асуудал тасралтгүй үргэлжлэх нь маргаангүй. Жишээ : УИХ-ын нэгэн гишүүн Сангийн сайд болсноороо сонгогдсон тухайн тойрогтоо эсхүл өөрийн нам, фракцийн гишүүдийн тойрогт илүү хийгдэх ажлын төсөв батлах, зөвхөн өөрийн тойргийн иргэдэд төрийн халамж, хишиг хүртээх гэх мэт зүй бус олон асуудлууд гарч байсныг эх сурвалжууд гэрчилнэ.
Монгол Улсын сайд хүн мэргэжлийн байхгүй юм бол тухайн салбарын ба бусад салбар дундын хүрээнд хамаарах цогц асуудлыг яаж зөв, оновчтой бодлого, зохицуулалтаар төлөвлөх, хэрэгжүүлэх, хөгжүүлж чадах юм бэ ? гэдгийг энгийн иргэд хэн боловч хэлээд буйг, мэргэжлийн бус сайдаас болоод улс орны салбарын хөгжлийн бодлого, зохицуулалт яаж алдагдаж байгааг анхаарах нь зүйтэй.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг
Үндсэн хуульд зааснаар нэгэнт Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д оруулснаар томилж байгаа тохиолдолд Ерөнхийлөгч батламжлах асуудал байхгүй. 
Харин УИХ өөрөө сайд нарыг нэг бүрчлэн томилсон тул Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаас хойш УИХ 72 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заах нь зөв болохоор байна.  

Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Анхны бичвэр бүрэн байж л байг л даа. Засгийн газрын гишүүдийн тэн хагас нэгэн зэрэг огцрох буюу тийнхүү сайдууд өөрсдөө эсхүл Ерөнхий сайд нь нэгэн зэрэг тэн хагасыг нь огцруулах хүсэл зориг угаасаа байхгүй, байвал гайхалтай нэн ховор үзэгдэл болно.   

Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 4, 5-с гадна 6 дахь хэсгийг шинээр  нэмэх   
“Албан тушаалтан хэн боловч төрийн жинхэнэ албаны зарчмыг зөрчсөн, төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн нь түүнийг халах, чөлөөлөх үндэслэл болно” гэж хатуу заахгүй тохиолдолд тухайн нэмсэн зохицуулалтууд хэрэгжих механизмгүй буюу амьд үйлчлэлгүй, тунхаг заалт болох магадлал өндөр болохыг тооцох ёстой. Дур зоргоор авирласан хэн боловч хуулийн үйлчлэлийн гадуур байх ёсгүй.        

Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2   
Төр“-ийн цаана улс, улсын ашиг сонирхол байгаа гэж сэтгээд ажиллахад болохгүй зүйл огт үгүй. “Төрийн” гэх тодотголыг өөрчлөхөд хүрвэл зөвхөн үүгээр тогтохгүй тул үгээр хөөцөлдөж Үндсэн хуульд халдах шаардлагагүй.       

Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 3     
Тус  хэсгийг өөрчлөн найруулах шаардлагагүй, тунхаг төдий заалт хийснээс холбогдох хуулиар зохицуулах боломжтой.

Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл 3 дахь хэсэг   
            Шүүхийн ерөнхий зөвлөлийг 11 гишүүнтэй болгох заалт “учир битүүлэг” байх ба энэ нь үндэслэл бүхий сэжиг, хардлага сэрдлэг дагуулж байна.  
Учир битүүлгээр Үндсэн хуулийн зохицуулалтыг амьд үйлчлэлгүй болгож болохгүй. Яагаад заавал 11 гэж, үүнд ямар хүмүүс багтах вэ гэдэг нь судалгаа, нотолгоотой, ил тод байх шаардлагатай.   
            Шүүхийг улс төржүүлж огт болохгүй. Үндсэн хуульд зааснаар шүүхэд улс төрийн  аргаар нөлөөлөх аливаа дур зорго, оролдлогын эсрэг үндсэн арга механизм бол бүх шатны шүүхийн шүүгчдийг томилуулах эрх бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл болдог.  
            Тийм учраас шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг яг таг зөв, оновтойгоор заахгүй бол шүүхийг улс төржүүлэх, шүүх бүрэлдэхүүнийг тогтворгүй байдалд хүргэх, шүүх, шүүхийн захиргааны  хууль эрх зүйн орчин тогтворгүй болох зэрэг сөрөг үр дагаврууд гарна гэдэгт эргэлзэхгүй байж болно.   
            Шүүхийг улс төржүүлж, бас шүүх улс төржиж хэрхэвч болохгүй учраас шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд анхан шатны шүүхээс 3, давж заалдах шатны шүүхээс 2, Улсын дээд шүүх, МУ-ын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, Улсын ерөнхий прокурор, өмгөөлөгчдийн хорооноос тус бүр нэг төлөөлөл нийт 11 гишүүнтэй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад тухайн гишүүд дотроос нэр дэвших эрхтэй ба бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 4 жилийн хугацаагаар сонгоно гэсэн утга агуулга бүхий саналыг дэвшүүлж байна. 
Энэ бол шүүхийг улс төржүүлэх, улс төржиж байна гэж хардах, цуурхахын эсрэг Үндсэн хуулийн хамгаалалтын оновчтой хэлбэр болж чадна гэж үзэж байна.

Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг  
Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт : ...”бусад шүүхийн” гэсний дараа “шүүгч, Ерөнхий” гэж нэмэх,
“Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх” гэснийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн санал болгосноор шүүгчдийнх гэж нэмэлт, өөрчлөн найруулга хийх саналтай.
Учир нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг нягтлахад Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг хэрхэн томилуулах асуудал бүрхэг туссан.    
“Ерөнхий шүүгчийг УДШ-ийн санал болгосноор шүүгчдийнх /гишүүдийнх/ нь дотроос 6 жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэсэн заалтыг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хамааралтай гэж тайлбарлан ойлгох биш үү гэдэг нь маргаан дагуулдаг. Тухайлбал, Ерөнхий шүүгч гэдэгт бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч гэж ойлгоно, учир нь ямар нэгэн шүүхэд хамаатуулаагүй байгаа учраас, мөн гишүүдийнх нь дотроос гэснийг “Ерөнхий шүүгчийн орон тоо гарсан тухайн шүүхийн шүүгчид” гэж  ойлгоно гэж тайлбарлан ойлгох, мэтгэх нь бас байдаг.
Харин тухайн зүйл хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжих боломжгүй.  
Уг нь Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар байсныг “танилцуулж, дэмжсэн”-ийг гэж өөрчилж байгаа нь УИХ бас дэмжихгүй байх эрх хэмжээг өөртөө нэмсэн, харин Ерөнхийлөгч томилж байгааг болиулж, УИХ дэмжсэнийг нь батламжлах чиг үүрэгтэй болгожээ.
УИХ  шүүгчид нэр дэвшигчийг дэмжихгүй хууль зүйн үндэслэл, шаардлага байгаа юу, байгаа бол үндэслэлийн эх сурвалж, нотолгоо нь юу байна вэ ?
Улс төрийн бодлого, шалгуураар аль ч шатны шүүхийн шүүгч дэмжигдэх, томилогдох ёсгүй болно. Энэ бол Үндсэн 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа гэдгийг хатуу санах ёстой.  
Улсын дээд шүүхээс бусад шүүхийн шүүгч нарыг Шүүхийн ерөнхий зөвлөл томилох эрхтэй, энэ тухайгаа санал болгосныг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах чиг үүрэг хүлээх юм байна.   
Шүүх эрх мэдлийн асуудалд ингэж буруу бодлого, үзлээр хандаж болохгүй. 
Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалах  нь зөв, харин томилохгүй байх шалгуур үндэслэлийг тодотгон тогтоох асуудал байж болно. Учир нь Улсын  Ерөнхийлөгчөөс томилогдоогүй хэсэг шүүхийн шүүгчдийн асуудал яригддаг.    

Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1, 2, 60 дугаар зүйлийн 2  
МУ-ын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот /орон нутгийн харьяалалтай/-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд тус тус хуваагдах юм байна.
Хот нь улсын ба орон нутгийн харьяалалтай гэж 2 өөр статустай байх юм байна.
Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 1-д “тосгоны” гэж нэмээгүй нэмэлт хийгээгүй атлаа Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т...тосгоны Засаг даргыг томилох асуудал явж байна.     
Мөн баг, хороо, тосгоны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлсэн хүнийг Засаг даргаар томилдог эрх зүйн үндсийг тасалж, дээд нэгжийнх нь Засаг дарга шууд томилох болгож байгаа нь ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан Засгийн эрх ард түмний мэдэлд байх, төрийн үйл ажиллагаанд дахь иргэдийн шууд оролцоо буюу шууд ардчиллын чухал хэлбэрийг устгаснаар Үндсэн хуулиар баталгаажсан, хамгаалсан үнэт зүйлс, зарчимд нийцэхгүй, ардчилсан сонголтоос ухарч байна гэж үзэх үндэслэлтэй.     
Албан тушаалтны дур зорго, үзэмжээр биш тухайн нэгжид амьдарч буй иргэдийн өөрсдийнх нь байр суурь, санал сонголтоор Засаг даргыг сонгох нь ардчилсан ёсонд бүрнээ нийцнэ. Энэ талаар иргэд үгээ хэлсээр байна, хурц хэлбэрээр ч илэрхийлэх нь тодорхой болохыг анхаарах нь зүйтэй.  

Хуулийн засаглал, шударга ёс тогтооход шууд хамааралтай нэн чухал асуудлыг хөндөлгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэхэд хүрч байна.
            Энэ бол Монгол Улсын засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн асуудал зайлшгүй хөндөгдөх ёстой атал орхигдуулсан буюу Үндсэн хуульд дотоод зөрчил үүсгэсэн.
Нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд шинээр улсын харьяалалтай хот, бас сумаас тусдаа орон нутгийн харьяалалтай хот тус тус шинээр бий болох юм байна.
Тухайн тохиолдолд хотуудад дор хаяж анхан шатны шүүх, улсын харьяалалтай хотод давж заалдах шатны шүүх байж таарах нь мэдээж хэрэг болно.
Гэтэл Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн “шүүхийг гагцхүү нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар байгуулах тухай“ удаа дараагийн шийдвэрийн дагуу аймгаас тусдаа засаг захиргааны нэгж буюу улсын харьяалалтай хот, сумаас тусдаа орон нутгийн харьяалалтай хотуудад тус тус шүүх байгуулах боломжгүй болох буюу Үндсэн хуулийн ноцтой хийдэл үүсгэхээр байна.  
Тийм учраас Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн : Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс гэснийг : Шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс” гэж өөрчлөн найруулах нь хамгийн зөв шийдэл болно.
Үүнд хамаарах бодлого, зохицуулалтын хэрэгжилтийн бодит илрэл нь нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид гарсан захиргааны бүх хэрэг маргааныг харьяалан шийдвэрлэх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж дэх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан магадлах Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсан явдал.
Үүний нэгэн адилаар шүүхээс хэрэг маргаан хянан шийдвэрлэх газар зүйн байршил буюу шүүхэд харьяалагдах хэрэг маргааны харьяаллын тойргийн зураглалыг хэрхэн хийж, энэ дагуу шүүхүүдийг хаана, яаж, хэрхэн байгуулахыг “шүүхийн үндсэн тогтолцоо”-ны хүрээнд нийгмийн  эрэлт, шаардлага буюу хэрэг маргааны төрөл, гаралтын түвшин, хүн амын төвлөрөл, эдийн засгийн чадавх, үр ашиг зэргийг үндэслэл болгон УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй учраас тийнхүү өөрчлөхөд ямар нэгэн хийдэл, зөрчил гарахгүй юм.

Товч дүгнэлт  

1992 оны ардчилсан Үндсэн хууль бол Монгол Улс, Монголчуудын их хувь заяа, өнө мөнхөд амар амгалан амьдрах, оршихуйн цогц асуудлыг багтаасан үндэсний язгуур бодлогын суурь баримт бичиг мөн.   
Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн агсны “номын утгын тухай” хэлснээр зүйрлүүлбэл :
1992 оны шинэ, ардчилсан Үндсэн хуулийн  утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Тус Үндсэн хуулийн утга агуулгыг тайлж унших нь тэнгэрт нисч, дэлхийг тойрч, далайд шумбах мэт амаргүй болой.      
Тийм ч учраас ардчилсан Улс орнуудын хувьд Үндсэн хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах  асуудал бол ноёрхогч ангийн хүсэл зориг, намт ёс, удирдах цөөн бүлгийн үзэл санаа биш, улсын язгуур эрх ашиг, ард иргэдийн нийтлэг хүсэл зориг, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн байр суурь, өөрийн орны онцлог ахуй, бодит амьдралд тулгуурласан ул суурьтай судалгаа, нотолгоонд  үндэслэх, шударга ёс, эрх зүйт ёсонд дээд зэргээр нийцүүлэх зэрэг олон талт шалгуур, шаардлага зүй ёсоор тавигддаг.  
Гэвч 1992 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь дэмжигдэх нь цөөн,  дэмжигдэхгүй нь олон асуудлыг агуулсан байхаас гадна тус Үндсэн хуулиар зохицуулсан, хамгаалсан суурь зарчим, үнэт зүйлс, шударга ёсны тогтолцоонд харшилсан алдаа, зөрчилтэй, нэг мөр нэмэлт, өөрчлөлт хийвэл зохих зарим асуудлыг илтэд орхигдуулсан байна.
Хуулийн засаглал, шударга ёс тогтооход тулгуур чиг үүрэг бүхий шүүхийн  тогтолцоо, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудалд нэн хариуцлагагүй, хайхрамжгүй хандсан нь ямар ч тохиолдолд зөвшөөрөгдөхгүй.  
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь тийнхүү хам хум дутуу, ноцтой зөрчил, хийдэл бүхий болсон нь төсөл санаачлагчид маш их яаран сандарсны, хэт нэг талыг барин улайрч байгаагийн илрэлээс гадна зөвхөн ганцхан  удаагийн хэлэлцүүлэг хийсэн нэр төдийхнөөр Үндсэн хуулиа дахин давтан эрэмдэг, зэрэмдэг болгохыг “дахин тэвчихгүй, зөвшөөрөхгүй” тухай зарим улс төрч, судлаач, иргэд үзэл бодлоо илэрхийлсээр байгааг үгүйсгэх боломжгүй юм.       
Бид дахин алдах эрхгүй. Хууль ёсны хангалттай үндэслэл, нотолгоогүйгээр  Үндсэн хуульд ойр ойрхон дахин давтан халдаж, урт хугацаанд амьд, тогтвортой үйлчлэх хүчин чадлыг нь алдагдуулах ёсгүй. Эсрэгээр Үндсэн хуулийнхаа анхны бичвэрийг хадгалж, сахин хамгаалж байхыг дээд зэргээр эрмэлзэж байх ёстой.    
 Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад улс төрийн өчүүхэн зорилгоор ёс бусаар халдваас Улс нийгэмд маш их хямрал, эрсдэл дагуулахыг онцгой анхаарах шаардлагатай.  
Улайх нүүр олдохгүй, улаан мөнгө олддог гэдэг. 1787 онд дэлхийн хамгийн анхны бичмэл Үндсэн хууль баталсан АНУ-д төдийгөөс эдүгээ хүртэлх хугацаанд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга 10,000 гаруй удаа гарсан байх хэдий ч түүхэндээ 27-хон удаа нэмэлт өөрчлөлт оруулсан, ингэхдээ зарим төслийг 6 сараас 3 жил хүртэлх хугацаанд хэлэлцсэн ч баталж байгаагүй түүхийг судлаачдын бүтээлд өгүүлсэн нь бий.     

“Бурханд мөргөхөөс илүү буянт үйлс бол Үндсэн хуулиа чанд мөрдөх, сахин хамгаалах үзэл ба үйлдэхүй юм”.
Үндсэн хуулиа сайтар унш,
Өргөн агуулга, гүн утгыг нь бүрэн тайлахыг хичээ, 
Хийдэлтэй гэж бүү шалтагла, утгыг бүрэн тайлснаар мэднэ, 
            Хэцүү гэж бүү цөхөр, эрдмийн цөмд суралцсанаар чадмой.     
“Улс, нийт иргэний эрхэмлэгдэх нийт эрх ашиг”-т нэн чухал ач  холбогдолтой гэж үнэхээр үзэж л байгаа бол УИХ Үндсэн хуулиар олгосон төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх, хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхийн хүрээнд заавал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлбэрдэхгүйгээр, оруулахыг хүлээхгүйгээр “олон асуудал”-ыг шийдвэрлэж, олон түмний дэмжлэгийг хүлээсэн “ухаалаг төрийн сайн жишиг, загвар бодлого” тогтоон хэрэгжүүлж болохыг онцгой анхаарах нь чухал. Жишээ нь : “Төрийн жинхэнэ албан хаагчийг халсан албан тушаалтантай хариуцлага тооцох, Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүдийн тавны нэг нь УИХ-ын гишүүн байж болно” гэх зэрэг шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын тухайд.        
1787 онд АНУ анх Үндсэн хууль баталж, төрийн эрх мэдлийг хуваарилсан байх боловч шүүхээс Үндсэн хуулийн биелэлтэд тавих хяналтын талаар тодорхой тусгаагүй байв. Гэвч Дээд шүүхээс 1803 онд Мэрбюри&Мэдисоны хэргийг хянан шийдвэрлэхдээ “холбооны Үндсэн хуультай зөрчилдсөн бүхий л бичмэл хуулиуд хүчингүй” гэж тогтоосон шийдвэр нь Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тогтоох шүүхийн бүрэн эрхийг нэг мөр тодотгон, баталгаажуулж өгсөн байдаг билээ.  
Хэрэв Үндсэн хуульд үзэл, үйлдэхүйгээ бүрнээ нийцүүлэхгүй дураар авирлагсад байгаа бол :    
Бурханд “битгий хуц” гэж зөвлөдөг “яруу найрагч”-даар зөвлөгөө өгүүлээд,
Баастай бурхадын тухай өгүүлдэг “нийтлэлч” нараар тэр бурхадын тухай  илчлүүлээд,  
“Сайн бод, хэний хэн бэ, чи ?”  хэмээн ухамсарлуудаг “санваартан”-уудын алганы амт, шидийн хүчийг мэдрүүлээд,     
 Засгийн эрхийн дээд мэдэлтэй ард түмнээр “амин сүнс”-ийг нь дуудуулан хүн сүрэгт нь буцаан ирүүлсний дараачаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дахин ул суурьтай хэлэлцэж бас болох л юм.     
Монгол түмэн шударга ёсны торгон мэдрэмжтэй. Олон түмний санаа бодол, оюуны хүч бол төрийн ой санамжийн эх үндэс, дарангуйлалд гарах гарц үл олгох оломгүй далай болохыг мартаж үл болно.     

Хуульч Г.ГАНБААТАР,
2017.08.10.    



[1] Б.Даш-Ёндон, Эртний грекийн философи сэтгэлгээний эх сурвалж, 1-р боть, УБ., 2011, 166, 403-404, 509 дэх тал
[2] Б.Даш-Ёндон, Эртний грекийн философи сэтгэлгээний эх сурвалж, 1 боть, УБ., 2011, 312, 318 дахь тал