Friday, November 9, 2018

“Дэлхийн дээдэс Монгол дэлхийн доодос Монгол болов”


     “Дэлхийн дээдэс Монгол дэлхийн доодос Монгол болов”

Тулгуур их төрийг мину
Тасчин хуваах уу та нар  

Монголын түүх арвин баялаг. Түүх нь алдаа, онооны хамт бүхэлдээ бидний өвд хамаарна. Оноо нь бидний бахархах зүйлс, алдаа нь давтах ёсгүй сургамж болно.     
Бидний эх, их түүхэнд бахархах зүйлс олон ч хагацаж салсан язгуурын Монголчуудыг нэгтгэн Их Монгол улсыг цоглоон байгуулж, Дэлхийн ззэнт гүрэн, Дэлхийн дээдсээр тод тамгалан дархалсан, Монгол мөнх оршихуйн амин эх үндэс, дархлааг үндэслэсэн нь Чингисийн хааны гавьяа бөгөөд хөрстөд хэзээ ч үл балрах Монголын дээд бахархал мөн.     

ЧИНГИСИЙН ГАВЬЯА
Дэлхийд анхдагч гүрэн-Хүннү Монгол
Дэлхийд ноёрхогч Эзэнт гүрэн-Чингисийн Монгол
Дэлхийн газар шороог эрхшээн хуваагч нь Монгол
Дэлхийн олон улс амьд оршсон эх үндэс нь Монгол
Дэлхийн олон улсыг үндэслэгч, удирдагч нь Монгол
Дэлхий олон улсын нийслэл нь Монгол
Дэлхийд төрт улсыг эмхлэн цогцлоогч нь Монгол
Дэлхийд хуулийн засаг, шударга журмыг тогтоогч нь Монгол   
Дэлхийн төрт улсын зүрхний тольт нь Монгол     
Дэлхийн төрт улсын ой санамжийн эх ундарга нь Монгол   
Дэлхийн төрт ёс, хууль цаазын баялаг шастирийн охь нь Монгол  
Дэлхийд бахархах сод дээдэстэй Монгол
Дэлхийн ноёрхлоо алдсан ч гал голомтоо бадраасан Монгол
Дээдсээс эзэгнэсэн газар шороогоо олон тасдуулсан ч мөхөөгүй Монгол  
Дээдсийн өлгий эх орноо их амь, амин газраа таслуулж хамгаалсан Монгол  
Дэлхийн эргэх цаг дор байсан, байгаа, байх бүхний эх сурвалж нь Монгол    
Дэлхийд суутай, цуутай, тэнгэрийн соёрхолт, энх мөнхийн орон-МОНГОЛ МИНУ.

Гэхдээ Монголын дээд бахархлыг зөвхөн хийсвэр ярих, иргэдээ амраах, хөшөөнд бөхийх, биеийн хүч үзүүлэх төдийгөөр хэлбэрийн төдий тэмдэглэх бус харин Чингис хааны гавьяа, амин гэрээслэл, зарлиг, сургаал буюу төрт ёс, хууль цаазын арвин баялаг шастирийг эгэл ард, төрийн албат бүрт танин мэдүүлэх, билиг оюунд нь хүч нэмэх, эрхэмлэх үнэт зүйлсийн ухамсар, сэтгэлгээг нь тэлэх, зөв төлөвшүүлэхэд чиглэгдсэн оновчтой бөгөөд үр өгөөжтэй цогцолбор арга хэмжээг улс даяар хэрэгжүүлж байх нь нэн тулгамдсан асуудал болно.    
Чингис хааны гэрээслэл, зарлиг, сургаал бол Монголын төрийн залгамжлах хар хайрцагны бодлогод хамаарна.  
Чингис хааны гэрээслэл, зарлиг, сургаал бол Монголын их хувь заяа, өнө мөнхөд амар амгалан амьдрах, оршихуй буюу хүний ба улс орны эрх ашиг, үнэт зүйлсийг зөв эрэмблэх, хамгаалах,  төр түшигчийн баримтлах зарчим, сахилга болон улс төр, эрх зүйн бодлого, идеал болгох үзэл санааг ончтойгоор агуулга гүн, утга төгөлдөр илэрхийлсэн байдагт түүний үнэ цэнэ оршино. Энэ бол Монголын төрийн ой санамж, Монгол ухааны үнэт, гайхамшигт өв төдийгүй Монголын бахархал мөн.     

Хөх Монголоо сэргээн мандуулаад
Хойчис та нартаа даатгасу, би.
Монголын үрс хойчис
Мянган үедээ сайн бол
Хаан миний амь бие
Гайтах аваас гайттугай.

Хангирсан улирч одсон
Олон жилийн хэргийг
Нэгэн өдрийн хэрэг мэт
Онол билгээр шүүн шинж
Нэмэр тустайг билгэ болго.

Дээгүүр суудал эзлэв гээд
Сэцэн мэргэн үл болмуй
Ашиг харж төр түшилцэгч
Атаатнаас дор аюул удмуй
Оцойн суугаад улих
Араатан адил буюу.
Тулгуур их төрийг мину
Тасчин хуваах уу та нар
Ниргэсэн хойно хашгиравч
Аврал үгүйг ухагтун
Харь иргэний инээдэм
Хатгалдах дайсны идэш
Хөрсөт дэлхийн шившиг
Хөх Монголын уй болмуй.   

Хас төрд
Хал үлэмж хэн хэмээвээс
Эрхдээ эрдэгч
Эрээгүй авирт
Дуу ихэт
Дутуу ухаант
Билиг мохоо
Бяланч зуйрган
Ашиг хичээгч
Авир муут
Худал хэлэгч
Хууран мэхлэгч
Молхи хүмүүн мөнөөс мөн буюу.
Эрхэм ёсонд харшийг
Огоорч эс цээрлэбэл
Хулгай, худал догширч
Худал өгүүлэгч олширч
Эвлэн бүтээсэн улс гэр
Эвдэрч доройтох буй за
Тэр цаг ирэхүй дор
Эцэг Чингисийг эрж хайвч
Эгээрч санагалзан дуудавч
Эл хөрстөөс эс олох буй за.

Зовж бүтээсэн төрийг мину
Зонхилон үүдсэн үйлсийг мину
Амь лугаа адилтган сахигтун
Ам тангаргаа ашид батлагтун
Хөх Монголоо дархалж
Хатамжлан бат сахигтун
Хөрстөд манлай болгогтун.
Төр ёсыг сахигтун
Засаг цаазыг дагагтун
Хас төрийн цаазыг
Хан эзэн ч сахимуй
Бүтэх төрийн засгийг
Бүхүй олон дагамуй.
 Чингис хааны энэ мэт гэрээслэл, сургаалын гүн агуулга, төгөлдөр утгыг сайтар эргэцүүлж, нэгийг бодож, хоёрыг сэтгэнэ үү, Монгол хүн та.   
Дэлхийн Эзэнт гүрэн-Чингисийн Монголыг өвлөн залгамжлагч бид өвөг дээдэс, их эзэн хааны амин гэрээслэл, орь хүслэнг дээдлэн шүтэж, эрхэмлэн сахиж чадаж байна уу ? 
Чингис хааны гавьяа бидний бахархал болохоос бидний гавьяа биш. Бид зөвхөн бахархлаар  амьдрахгүй бас мөнх оршихгүй.  
Өнөөгийн Монголчууд бидний үед “Дэлхийн дээдэс Монгол дэлхийн доодос Монгол болов”.
Mонголд ардчилал, хуулийн засаглал бодит утгаар тогтнох биш харин намын ба барьцаалагдсан засгийн шинж бүрдсэн, намын төрөөс төрсөн гэмт бумтнуудын түрийвчинд төрийн бодлого явсаар байх болов.      
Улс төрийн нам бол засгийн эрх барих нэрээр халхавчлан бизнес хийх, ашиг олох пирамид тогтолцоо бүхий аппарат, арга, тоглоом гэсэн үзэл хэвшин тогтож олон он улирав.  
Монгол, хамаг ардын оршихуйн амин үндэс, баялагийн ихэнхи нь цөлмөгдөв, самрагдав, самууралд өртөв, барьцаалагдав.   
Монголын эдийн засаг, түмэн олны амьдралын чанар, хөгжлийн байдал шальдир, бульдир, зогсонги, дороо хий эргэсэн, дампуурлын ирмэгт тулав. Харь бусдын хараат, ивээлд багтав.     
Дэлхийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр (улс орнуудын эдийн засаг, ажил эрхлэлт, худалдааны статистик, авлигын түвшин, байгаль орчны асуудал, амьдралын чанар, засаглал гээд нийт 258 хэмжүүрээр) дэлхийн улсуудаас Монгол жил дараалан хамгийн адагт шалгарах болов.      
Төрийн гэмт бумтнууд төрийг самарч, тэдний “бохир” савирсан хэвээр, “эгэл иргэд” ядуурсаар, тэд торлогдон, бөөстсөн хэвээр.
Төрийн ба улс төрийн нам, бизнесийн хүрээн дэх авлигын нууц биш нууц” агуй мэт системт схемд бугшсан, шимтэн шигдсэн, мансуурсан сэтгэхүйн цар хүрээгээр ард иргэдийн амьдралыг төсөөлөн сэтгэж, ядууруулсан түвшинд нь халамжлан тогтоон барьсаар байна.
Төрийн гэмт бумтнууд, улс төрийн гэх хуйвалдаан, авлигын хонгилын бүлгийнхэн ужгирч савирсан  бохироо “олон талт нүх сүвээр” сарниулах, амь тэнсэж зэлтэрийн гацаанд орвол зөөлөн газардах “хар санаа, хийтэй, бохир үзэл, хүслээ” хуулийн бичвэрт шургуулсаар хяналт, хязгааргүй эрх дарх эдлэн, “гэмт бүлэг”-ийн дарангуйлал тогтоохыг “амь тэнсэх” мэт санаархсаар байна.
Монголд авлигын тогтолцоот ужигт автагдсан харанхуй засаг ноёрхсоор бидний ирээдүй, хөгжил эс шийдвэрлэгдэх “битүү цагираг”-т баглагдан, буруу зүг чигт хий эргэлдэн, эрхэмлэх бүх зүйл тал тал тийш бутран, балран сарнихад хүрэхүйн эх сурвалж болмуй.  
Төрийн хувалзууд түмний зовлон болов, түмэн олон Энх-Амгалангийн орны саварт, босгоны үүд сахин зүдрэхэд хүрэхүй. Монголыг мину дарангуйлан дарангуйлахуй буй за.
Эцэг өвгөдөөс түмэн бэрхшээл, мянган зовлонг туулан байж өвлүүлсэн
Эх өлгий Монгол эх орон минь,
Ар, өврөөсөө хүчиндүүлсээр олон зуун иргэдийн амь нас, хөрөнгө, дээрэмдүүлсэн газар шорооны асар их үнэ цэнээр өдий дайтай үлдсэн Монгол эх орон минь.
Гэвч...бас л...
Эгнэгт өнгөлзөгчдийн өгөөш, хутгуур,
Эсрэг дүрд хувирсан луйварчид, лалаoнууд, 
Эх орны баялаг хөрөнгийг цөлмөгсөд, амь зогоогсод, 
Эрлэгэн, улайрсан  хувалзууд, амьтны фермч, загалмайтнууд,
Элийрэгч, шээс, баас цэвэрлэгч, долоогсод,
Эрлийз, хурлийзууд,
Эх орноос урван хуйвалдагч, манантсан маанаг гайхалууд,
Эх нутаг, ижилдсэн сүргээ санагалзагч малаас дор хүн дүрст амьтасын  
Ээлгүй мунхаг бодлого, бусармаг ажиллагааны гай, лай ланчигаар 
Элгээрээ эвхрэн, мөлхөн буй нь юутай эмгэнэл.
Эх орны эх үндэс
Эгэл олон Монгол түмэн мину
Эх, их түүхээ эргэн сана, мэдэр,
Эх оршихуй, эргэн тойрноо бүтэн хар, сайтар эргэцүүл, ухаар.
Эх орны ирээдүйг эмгэнэлт байдалд хүргэсэн буюу
Эсрэг дүрт, бусармаг үйлдэлт этгээд бүрийг үүрд зайлуулах цаг болсон,    
Хөх мөнх
Мөнх хөх Монголынхоо тусгаар тогтнолыг авран хамгаалахын төлөө.
Сэр, бос, тэмц.  
Бод, сэтгэ, зүтгэ.
2018 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу
 11 дүгээр сарын 7-с 8-ний өдөрт шилжих шөнө 00 цаг 
Г.ГАНБААТАР