Friday, March 4, 2016

МОНГОЛЫН ШҮҮХИЙН ТОВЧ ТҮҮХ


МОНГОЛЫН ШҮҮХИЙН ТОВЧ ТҮҮХ   


Монгол Улсын шүүхийн түүхт ойн 105 жил, Улсын дээд шүүхийн 90 жилийг тохиолдуулан “Монголын шүүхийн түүхэн замнал”-ийн талаар товч судалбар хийхээр эрмэлзэв.         
Энэ нь Монголын шүүх, шүүхийн системийн хөгжлийн түүхэн замнал, өнгөрсөн үеэ эргэн харж, өнгөрсөн хугацаанд бий болсон ололт амжилт, алдаа дутагдлыг эх үндсээс нь зохих ёсоор танин мэдэж, ухаарал сургамж авч, улмаар шүүхийн уламжлал, шинэчлэлийн залгамж чанар, хөгжлийн чиг хандлагын талаар эргэцүүлэл хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүхийн түүх болон холбогдох бусад асуудлаар судалгаа хийх санаачилгыг өрнүүлэхэд оршиж байгааг тэмдэглэж байна.                
Монголчуудын “эх түүх” хэзээ ч шавхагдашгүй арвин баялаг билээ. Их түүхч, нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар асан “Эх түүхийн үнэнийг мэдсэнээр өнгөрсөн үеийн баатарлаг үйлс, гайхамшигт бүтээл, туурвилаар бахархахын зэрэгцээ эх орныхоо тусгаар тогтнолоос урвах явдлыг жигшин үзэж, түүхэн хөгжлийн нэн бартаатай замнал, сургамжийг танин мэдэж, ойлгох болно” гэж бичсэн байдаг.          
Монголын шүүхийн ба Монголын төр, хууль цаазын түүх нь харилцан шууд хамааралтай, нэгийг нь нөгөөгүйгээр төсөөлөх, судлан танин мэдэх бололцоогүй учраас тухайн судалбарыг тэрхүү “хамаарал”-ынх нь хүрээнд хийхийг бага ч атугай хичээсэн болно.           

Эхлэл     
Шүүх, шүүгч нь төрийн хамт үүсэхдээ төрийн тусгай аппарат бүрэлдэж, төрийн механизм хөгжихийн хирээр биеэ даасан байгууллага, албан тушаалтан болсон[1] байх боловч тухайн улс оршин тогтносон түүхэн цаг үе, дотоод ба гадаад нөхцөл байдал, төрийн засаглалынх нь хэлбэр, төрийн дэглэм, мөрдөгдөж байсан хууль цаазынх нь түүхэн уламжлал, шинэчлэл, хөгжлийн амьд холбооноос ангид Монголын шүүхийн түүхэн хөгжлийг тодорхойлох, ойлгож танин мэдэх боломжгүй юм.              
Монголчууд төрт ёс, хууль цаазын түүхэн хөгжлийн олон мянган жилийн арвин баялаг түүхэн уламжлалтай ард түмэн.
Монгол Улсын шүүх эрх мэдлийн түүхэн хөгжлийг үечлэн ойлгож, танин мэдэхэд Монголын төрийн ба эрх зүйн түүхэн хөгжлийг харьцуулан судалж мэдэх зайлшгүй шаардлагатай.
Доктор Н.Лүндэндорж[2]...Засаглалын ямар хэлбэртэй төр улс байхыг төрийн дээд эрх мэдлийг ямар субъект хэрэгжүүлж байна гэдгийг шалгуур болговол нэг бол хаан, эсхүл ард түмнээс сонгогдсон хэсэг бүлэг хүмүүс хэрэгжүүлж байдаг. Энэ үүднээс хандвал Монголын төрийн түүхэн хөгжлийн үеийг Хабул хаантай Хамаг Монгол Улсаас эхлүүлэн :  
-Хаант болон
- Бүгд найрамдах гэсэн 2 түүхэн үед хувааж, хаант төрийг дотор нь :   
- Язгуурын монголчуудын хаант төр бүрэлдсэн үе буюу Хамаг Монгол /барагцаалбал ХII зуун/
 - Их Монгол улсын нэгдсэн хаант төр буюу эзэнт гүрний үе /1206-1368/,
- Умард Юань улсын болон  
- Бага хаадын үеийн хаант төр /1368-1775/,   
- Богд хаант монгол улсын хаант төр /1911-1919/,
- Хэмжээт цаазат хаант төр /1921-1924/ гэж, харин
Монголын эрх зүйн түүхэн хөгжлийн үеийг :   
- заншлын эрх зүйн үзэл, сэтгэлгээний үе,
- зүй ёсны эрх зүйн үзэл, сэтгэлгээний үе,
- манж чин улсын эрх зүйн нөлөөнд байсан үе,
- Өрнийн соёл сэтгэлгээ нэвтэрсэн үе,  
- социалист эрх зүйн сэтгэлгээний үе,
- орчин үеийн эрх зүйн сэтгэлгээний төлөвшил гэж, харин эрдэмтэн Д.Лүндээжанцан, Ж.Болдбаатар[3] нар Монголын төр, эрх зүйн түүхийг : 
 - Монголын эртний улсуудын төр, эрх зүй /МЭӨ III –МЭ XIII зуун/,
- Монголын дундад үеийн төр, эрх зүй /XIII-XX зуун/,
 - Шинэ үеийн төр, эрх зүй /XX зууны 20-иод оноос 90 он хүртэл/,
- Монголын нэн шинэ үеийн төр, эрх зүй /1990-ээд он/ гэж тус тус ангилсан байх ба дээрх ангилалуудыг харгалзан “шүүх, шүүгчгүйгээр аливаа төрт улсууд оршин байгаагүй” гэх үзлийг шалгуур болгон Монголын шүүхийн түүхэн хөгжлийг дараах байдлаар үечлэн авч үзэв.             

Хамаг Монголын хаант төрийн үеийн шүүх
Гурван голын сав нутгаар савласан нэгэн төв улс XII зууны эхэн үеэс байгуулагдсан нь Хамаг Монгол улс байв.
Хамаг Монголын хаант улс нь хагацаж салсан язгуурын монголчуудын үндсийг бүрдүүлсэн, эртний улсуудын төр ёсны үзэл, зохион байгуулалтыг уламжилсан, Монгол туургатны хүчирхэг улс байгуулахыг эрмэлзсэн хаант төр байв.[4]
Хамаг Монгол улсын үед хаан сонгох, дайн зарлах зэрэг асуудал хэлэлцэх “Ноёдын хуралдай“ байснаас гадна түмт, мянгат, аравтын журам бий болсон, “Турхаг” гэж нэрлэх дотроо төв, баруун, зүүн гэсэн хэсэг бүхий цэргийн ангитай, “Хамгийн хаан, Улсын хаан” гэх зэргээр дээдэс, ноёдын зэрэг цолыг бий болгожээ.
Хамаг Монголыг Хабул хаан, Хабул хааны хойно Амбагай хаан, Амбагай хааны хойно Хутула мэдэн байв.
Алтан, Хучар, Сача бэхи бүгдээр зөвлөлдөн Тэмүжинг Чингис хаан гэж нэрийдэн, хаан болгов.
Тоорил хаан : Тэмүжин хөвүүнийг хан болгосон нь маш зөв. Монголчууд, хангүй байж яаж болно.   
Энэ шийдвэрээ эвдэхгүй,
Эв зангиагаа таслахгүй,
Эх захаа алдахгүй,
Эгнэгт журамтай бай [5] хэмээн өгүүлрүүн. 
Хамаг Монгол Улс нь хэрэг зөрчил гаргаж, гэм хийсэн хүнийг шийтгэдэг тогтсон журам, гүйцэтгэх арга хэрэгсэл байсныг Нууц товчоо, түүх бичлэгийн бусад сурвалжаас судлан мэдэж болно. Тухайлбал, Нууц товчооны : Хаатай Дармалааг барин авчирч, хавтсан дөнгө өмсгөж, Халдун ууланд явуулав гэх болон бусад хэрэг зөрчил, шийтгэлд холбогдох заалтууд цөөнгүй бий.   
Хамаг Монгол улс нь Монголын эртний улсуудын залгамж буюу хүйн холбоотой учраас тэдгээр эртний улсуудын төр ёсны үзэл, уламжлалын дагуу Заргач буюу шүүгчтэй байжээ.    
Монголын түүхэнд Хүннү нарын байгуулсан төрийн хууль цаазын үзэл, уламжлал хожмын нүүдэлчдийн төрийн үлгэр дууриал болжээ. Монголын төр ч тэрхүү уламжлалын нэг байлаа...Эртний улсууд төрийн хүчирхийлэх аппарат, хууль цаазыг тогтоож байв...Жужааны хаант улс цэрэг, захиргааны шинжтэй хууль гаргаснаас үндэслэн зарга, залхайг таслан шийдвэрлэх “төрийн заргач”-ийн тушаалыг бий болгожээ.[6]      
Сэлэнгэ аймгийн Сүүжийн бичээсэнд “Би дээд заргач байв” гэж тэмдэглэснээс үзэхэд Уйгур Улс дээд шүүгч, заргачтай байжээ...Эртний улсуудын шүүгч /заргач/ нар гол төлөв заншлын эрх зүйн хэм хэмжээ баримтлан, хэрэг зарга шийтгэх боловч, бас хааны зарлигаар тогтоосон хуулийг хатуу мөрдөж байж. Хааны зүгээс гол хууль батлан гаргагч эрх бүхий субъект байв.[7]    
Хамаг Монголын төрийн үед тийнхүү төрт ёсны уламжлалаар Хаан өөрөө Улсын дээд шүүгч, харин доод заргач /шүүгч/ гэх тусгай  албан тушаалтан бий болгон, томилж байжээ.
Чингис хаан зарлиг болруун : Татаарыг сөнөөсний дараа алтан ургийн “их эе зөвлөлдөөн”-өөр хэлэлцсэн асуудлаар Бэлгүтэй ам алдсаны учир “их эе зөвлөлдөөн”-д бүү оруул...Харин Бэлгүтэй, гаднах үйлийг захирч, хэрүүл ба хулгай, худлын заргыг шүүж байтугай.[8]   

Их Монгол Улсын хаант төрийн үеийн шүүх   
Их засаг хуульд [9] :  Их Монгол Улс бол ертөнцийн аль нэг улсын адил зөвхөн хаант улс биш бөгөөд харин цогцлон байгуулж бүхий дэлхийн эзэнт улс мөн. Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далай хааны зарлиг бүр иргэнд хүрвээс бишрэх болтугай хэмээн тунхаглажээ. 
Мөн Чингис хаан : “Миний буулгасан зарлигийг аман дээрээ дагаж, ажил дээрээ ил далд зөрчвөл усанд хаясан чулуу, өвсөнд харвасан зэв адил болгож хөсөрдүүлэгсэд бол хүн ардыг захирч үл чадна хэмээн үзэх ёстой” гэжээ.    
Их Монгол улсын үед Чингис хаан хэмжээгүй эрхт хааны хувьд гүйцэтгэх ба шүүн таслах дээд эрхийг эдлэхийн сацуу улсын дээд заргач буюу шүүгчийг томилж байв.   
Чингис хаан хөвгүүд бүртээ онцгой албан тушаал оногдуулсан...Цагаадайд Их засгийн биелэлтэд хяналт тавих, шийтгэл гэсгээл оногдуулж байх ажлыг даалгав...Чингис хаан үйл хэрэг болгонд тохирсон дүрэм, тухайн нөхцөл байдал болгонд тохирсон хууль, гэм буруу болгонд оногдуулбал зохих ял шийтгэл боловсруулан мөрдүүлж эхлэв.[10]      
Чингис хаан Шихихутугт өгүүлрүүн [11] : Чиний хүргэсэн ач тусыг бодож, есөн ослыг хэлтрүүлэх болгоё…Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв...Бүх улсын доторхи хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай” гэж бүх улсын дээд заргач /шүүгч/ болгов. Мөн нийт улсын өмчийг хувааж, заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгтүн. Надтай зөвлөж, Шихихутугийн шийтгээд цагаан дээр хөх бичиг бичиж, дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл хэн ч бүү өөрчилтүгэй гэж зарлиг болгожээ.   
 Их Монгол улсын үед [12] :
Засаг захиргааны зуутын нэгжийн ноён нь бага заргач буюу арван арваны доторхи хэрэг заргыг шийдвэрлэдэг анхан шатны шүүгч,
Мянгатын ноён нь арван зуутын доторхи хэрэг заргыг шийдвэрлэдэг заргач,
Түмтийн ноён нь арван мянгатын доторх мянгатаас давсан хэргийг шийдвэрлэж, Дээд заргачийн өмнө хариуцлага хүлээдэг шүүгч тус тус байжээ.
Чингис хаан Чингайг их заргач Шихихутугийн удирдлагад ажиллуулахаар томилж, хишигтний асуудлыг голлон хариуцуулж байв.
Түүнчлэн Чингис хаан заргач (шүүгч)-ийн зан үйлд, одоогийнхоор ёс зүйд хамаарах асуудлаар[13] :
Хан хүний төр
Харанхуйд үл төөрөлдьюү
Ханьд үл эндэгдьюү
Ганц сэтгэлээр яв
Хэний зүг хэлбэрэхүйгээ хатуужигтун
Үгийг бүү сонжуул, бүү хатга 
Туйг бүү гаталга
(Өтлийг бүү хилэгнүүл)
Дуут хүнийг бүү дарвисга (дарвиул)
Үгийг бүү үрбисгэ (өрвөлзүүл)
Хормойдоо хонх бүү уя...хэмээн “ёс барих ухаан”-ыг заажээ.            
Заргач нар “Их засаг” хууль, Чингис хааны зарлигийг хатуу мөрддөг байв.
 Чингис хааны үеийн хууль, зарлиг, билэг сургаалийг “Монголын нууц товчоо”, “Алтан товч” шастируудаас гадна “Их засаг” хууль, “Зарлиг”-т холбогдох түүхэн судалгааны бүтээлүүдээс танин мэдэх бололцоотой юм.  
 Мөн “Судрын чуулган”[14] түүхэн бүтээлд Их Монгол Улсын үеийн  шүүгч буюу заргачид тавих шаардлагаас эхлэн хэрэг маргаан хянан шийдвэрлэх процесс ажиллагааны зарчим, үндэслэл, журам, нотлох баримт цуглуулах, шалгах зэрэгт хамаарах олон цогц асуудлыг бичиж, тэмдэглэжээ.  
Дээрх түүхэн эх сурвалжуудад бичигдсэнээс дүгнэхэд Чингис хааны “Их Засаг” хууль, зарлигийн зарим зохицуулалт, утга агуулга нь одоо ч ач холбогдол, залгамж чанараа алдаагүй, уламжлан баяжуулснаар дагаж мөрдөгдөх үнэ цэнэтэй  хэвээр байгаа нь бидний бахархах түүхэд хамаарна.        

 Юань улсын хаант төрийн үеийн шүүх  
Мөнх хааныг тэнгэрт хальсаны дараа Аригбөх Их хааны ширээнд суух болмогц Хубилай мөн өөрийгөө Их хаан хэмээн өргөмжлүүлснээс тэр хоёрын хоорондын тэмцэл 4 жил орчим өрнөж, эцэст нь Хубилайн ялалтаар төгсчээ.   
 Хубилай хаан болмогцоо Их Монгол улсын нэрийг Их Юань улс гэж өөрчилж, улсын нийслэлээ Хятадад шилжүүлсэн боловч Юань улс нь умард, өмнөд Хятадын бүх нутгийг цэргийн хүчээр эрхэндээ оруулсан Монголын эзэнт гүрэн байв.    
Юан гүрний шүүхийн тогтолцоо нь “монгол хүн монгол уламжлалаа, хятад хүн хятад хуулиа журамлах” бодлогын хүрээнд Монголын уугуул нутагт “Их засаг” хууль, Их Монгол Улсын шүүхийн тогтолцоо үйлчилж байв. Хубилай хааны шүүн таслах болон эрүүгийн бодлого нь монголчуудын эрх дархыг бэхжүүлэх, бусад ард түмнийг эзлэн түрэмгийлэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн дарлахад чиглэж байжээ.[15]     
1265 онд дээд шүүхийн үүрэг гүйцэтгэгч заргач нарын дүрэм, заргачийн албан тушаалд монгол угсаатан байх журам тогтоосон нь Чингис хааны үеийн дүрмийн үргэлжлэл байжээ.[16]    
Хаанаас шүүх дээд эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Тэрбээр улсын заргач нарыг томилно. Улсын их заргач нь төрийн 3 том сайдын нэгэнд багтаж, хаанд итгэмжлэгдэн нийт улс орны шүүн таслах ажиллагааг ерөнхийлөн удирдана. Шүүх яам ажиллаж, шүүхийн хэргийг эрхэлж байв.[17]  
Юань Улсын Засгийн ордонд шууд харъяалагдаж байсан Дээд нийслэл Шандугийн албан яамдын дотор Зарга шийтгэх яам, Шандугийн их Заргын яам тус тус ажиллаж байв.[18]         
Юан улсын үед төрийн дэд түшмэл нь тайж, ноён байх ба эдгээр түшмэдийн тоонд “улсыг засах засаг зарлигийг сайтар явуулж, хэрэг заргыг зөв шийтгэж, ард иргэнийг ав/р/ахын дээд эрхлэгч тайж”-ыг хамааруулж байснаас үзэхэд  шүүн таслах ажиллагаа эрхэлдэг тайж нар байжээ.      
Засаг захиргааны нэгж буюу тойрог, хошуу, мужийн ноёд нь шүүн таслах ажлыг давхар эрхэлж байж. Заргач ноёд нь ганцаараа бус дор нь хэрэг бүртгэгч, бичээч зэрэг аппарат ажиллаж байв.
Юан гүрний үед Их засаг хуулиас гадна  Юан гүрний нэвтэрхий хууль, Арван буянт номын цагаан түүх зэрэг хууль цааз мөрдөгдөж байжээ.[19]
 Юан гүрний нэвтэрхий хууль нь Чингис хааныг залгамжлагч хаадуудаас гаргасан хуулиудаас бүрдсэн, өөрсдийн захиргааг хэрэгжүүлэх, Монголын ноёрхлыг бататгах, монгол угсаатны эрхийг хамгаалах, захирагдагч хүмүүсийг онцгой хянах, хатуу дэг журам тогтооход чиглэсэн, харин Арван буянт номын цагаан түүх нь Хубилай хааны төрийн тогтоон шийтгэсэн хууль тогтоол, зарлигийн эмхэтгэл, төр ба шашин хоёр ёсыг тэгш хослон явуулах тухай хууль цаазын бичиг байжээ.   
“Юан гүрний нэвтэрхий хууль”-ийн оршилд “Эртнээс дэлхий дахин бүхий нь хэдий богд гэгээн, эзэн хэмээн, эрүү цаазыг байлгаж засаг болгон явуулж чадахгүй. Тиймийн тулд эрдэм эрдмээр удирдмой. Иргэн дагахгүй болвоос эрхгүй цаазаар ялламуй, цаазыг басхүү зөрчих болвоос эрүүдлэх, алахыг хүртээмой. Ийм тул урд хаад эрүүг тогтоосон нь сүрийг бадруулах нь бус засагт туслуулах, туслах нь болой”  гэж, харин
 “Арван буянт номын цагаан түүх”-д “Номын засаг үгүй бөгөөс амьтнууд тамд унаж, хааны засаг үгүй бөгөөс улс аймаг эвдрэх болюу”...Хүнд /хүмүүст/ хааны засаг “алтан буулга” мэт эвдэршгүй, хоёр ёсыг холилгүйеэ тус бүр сайтар хичээтүгэй гэж заахаас гадна Хаан хүний 3 их үйл, 4 их төр, 6 их үлгэр, 7 их бин, 9 их бэлгэ хэмээх төрийн түшмэдийн чиг үүрэг, сахилгад холбогдох, мөн заргач сонгон томилох журам буюу “Хольцолгүй шүүвээс заргачийн зэрэгт оруул” гэх мэт олон асуудлыг журамлажээ.     

“Бага хаадын” буюу улс төрийн бутралын үе дэх хаант төрийн үеийн шүүх
1368 онд Юань улсын сүүлчийн хаан Тогтоотөмөр босогчдын хүчинд автан Бээжинг орхисноос хойш нэгдмэл төр улсын сүр хүч бууран доройтох замд шилжсэн байна. Ийнхүү Монгол улс төрийн бутрал үүссэн гол шалтгаан нь их гүрний үеийн зонхилох ноёд, сурвалжит язгууртан нар түмэт, мянгатын газар нутгийг хувь эзэмшилдээ оруулж, захирч байсан цэрэг, ардуудаа өөрсдийн харъяат хамжлага болгож, тус тусын аж ахуй, эдийн засгийн хүчийг бэхжүүлэх замаар хамжлагат нийгмийн харилцаа тогтсонтой холбоотой аж.  
Улс төрийн бутралын үед Зүүн, баруун Монгол, дараа нь Зүүн, Баруун түмэн ба Ойрад, сүүлдээ Ар, Өвөр Монгол, Баруун Монгол гэх зэрэг хэд хэдэн улс ханлиг болон хуваагдаж, өөр хоорондоо салж, нийлэх замаар нийгэм ямагт зөрчил, тэмцэлд автагдах болов.
Энэ үеийн Монголын төрийн хэлбэр хаант засаг боловч тэр үед ихэнхи ноёд хааны мэдлээс гарч бие даан оршихыг санаархаж байв.
Тийм ч учраас 1370-1634 он хүртэл эзэн богд Чингисийн хасбуу тамгыг 22 хаан атгасныг Бага хаадын үе хэмээн түүхэнд тэмдэглэжээ.  
Эзэмшил нутаг дэвсгэртээ Бага хаад ч бас Ерөнхий шүүгч байжээ. Энэ үеийн Засаг захиргааны нэгж нь хэд хэдэн ханлигууд буюу өөр хоорондын хуваагдмал байдлаас болж өвөрмөц шинжтэй байх ба шүүн таслах дээд эрхийг Хаан хэрэгжүүлэхээс гадна хааны томилсон Зүүн баруун гарын 6 түмэн, 4 ойрад түмэн, аймаг, хошуу, отог зэрэг засаг захиргааны нэгжийн захирагч /хаан, ноёд, жинон, тайш, зайсан, түшмэл, отгийн зайсан түшмэл, хорины шүүлэнг, аравтын ахлагч зэрэг/ бүр шат шатандаа дороос дээш шаталсан  байдлаар шүүн таслах эрхийг эрхэлж байсан гэж үзэх үндэстэй аж.  
Мөн энэ үе[20] нь эрх зүйн хувьд баялаг уламжлалтай байх ба зарим түмний хан, ноёд тус тусын нутагт дагаж мөрдөх цааз зохиож гаргаж байж. Тухайлбал, Алтан хааны цаазын бичиг, Хутугтай Сэцэн хун тайжийн шашны цааз, Халхын цааз эрхэмжийн бичиг, Монгол-Ойрадын хууль, Халх журам зэргээс мэдэж болно.  

Монголчууд Манжид эзлэгдсэн үеийн шүүх   
Лигдэн хаан Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн хэдий ч арга буюу хүчинд автаж, 1755 он гэхэд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн гал голомт манжийн эрхшээлд бүрэн орж, нийт Монгол Манжид эзлэгдэж, тэдний ноёрхолд 220 гаруй жил дарлагдсан хугацаанд Манжийн төр, хууль цааз, шүүхийн тогтолцоо үйлчилж байжээ.  
Гэхдээ 1709-1796 оны хооронд Халхын хаад, ноёд өөр өөр газар 14 удаа хуралдаж, хэлэлцэж тогтоосон “Халх журам“ [21] хэмээх хууль энэ үед бүр 1789 онд Манж нар Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйн бичгийг зохион дагаж шийтгүүлэх болсноос хойш ч үйлчилж байсан байх ба Монголчууд өөрийн тухайн хуулийг 100 орчим жил дагаж мөрдсөн байна. Үүнийг Манжийн хаанаас буулгасан “Шинэ дагасан Халх нарыг тэдний хууль ёсоор болтугай” гэх зарлиг болон Шавь явдлын яамны дүрмийн зүйлд бичсэн “Аймаг, хошуу холилдсон хэргийг цөм монгол цаазын бичгийн ёсоор шийтгэсүгэй“ гэх заалт, “Улаан хацарт” буюу Их шавийн яамны таслан шийтгэсэн хэргийн дансны хураангуй зэргээс мэдэж болох ажээ. 
Мөн 1643 онд Өвөрмонголыг Манжийн эрхшээлд орсны дараа баталсан,  1667 онд 150 гаруй зүйлтэй, 1764-1794 онуудын хооронд 12 дэвтэр, 205 зүйлтэйгээр сайжруулан 1795 онд хэвлэсэн “Монгол цаазын бичиг” мөрдөгдөж байсан, уг хууль нь Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйн бичиг бүрэлдэхэд суурь болжээ.[22]
Монгол хууль үйлчилж байсныг Манж нар Монголчуудад шууд өөрийн хууль цаазыг тогтоон явуулбал эрс эсэргүүцэх, тэмцэх явдал хүчтэй гарч болох явдлаас сэрэмжлэх, нөгөө талаас Монголын хууль цаазын уламжлалыг харгалзсантай холбон үздэг аж.            .
Энэ үед шүүн таслах эрхийг буюу аливаа заргыг харъяалсан засаг ноён мөрдөж, шүүн хэлэлцдэг. Сумын занги, өртөөний харуулын захирал зэрэг нь тодорхой хэмжээнд шүүн таслах эрхтэй байв. Тэдний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрснийг Аймгийн чуулган даргын газар шийдвэрлэдэг байж. Харин цаазаар авах ял оногдуулсан хэргийг чуулган даргын газраар уламжлан чуулган даргын Улиастайн жанжин, Хүрээ, Ховдын амбаны сонорт хүргэх ба тэд Гадаад Монголын төрийг засах явдлын яам буюу монгол жургаанд хянуулж, улмаар Манжийн хаанд мэдүүлж, энд эцсийн шийдвэр гаргадаг байв.       

Богд хаант төрийн үеийн шүүх  
Монголын эрэлхэг, эх оронч хөвгүүд “Улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар оршихуй”-н төлөө халуун цус, бүлээн амиа үл хайрлан тэмцсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Манж Чин улсын 220 гаруй жилийн ноёрхлыг түлхэн унагааж, Чингисийн Монголчууд өөрийн төрт улсаа дахин сэргээснийг дэлхийн улсуудад сонордуулан, үүрд мөнх орших нөхцлийг бүрдүүлэв. Энэ бүх үйл явдал нь тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид түүхэн нөхцөл байдал, ховорхон боломжийг зөв мэдэрч, гэгээн оюуныг дайчлан, тунгааж, олон талт оновчтой бодлого явуулсны үр дүн байсныг түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.     
Тийнхүү 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтын VIII дүр Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбууг “шашныг мандуулагч,  олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн,  шашин төрийг хослон баригч, наран гэрэлт түмэн наст Богд хаан” хэмээн “ХААН”-д албан ёсоор өргөмжлөн, “Монгол Улс байгуулсныг албан ёсоор зарлан тунхаглав.   
Богд хаант төр ингэж тогтов, миний төр бусдын төр биш, бусдын төр миний төр биш болов.   
Богд хаан шинээр өөрийн тусгаар тогтнолоо зарласан бичигтээ[23] : Франц, Их Британи, Герман, АНУ, Япон, Дани, Холланд, Австри-Унгар улсын Гадаад хэргийн яамнаа илгээв. Мэдтүгэй хэмээн явуулах учир :   
Эдүгээ манай улсын засгийн хэрэг шийтгэх хүргэх газраас хүргэн ирсэн бичигт,  эдүгээ манай Монгол улс нийт бүхнээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдахгүйгээр сахих учир нэгэнт Чин улсаас салаад өөртөө тогтнож, өөртөө эзэрхэх улс төр байгуулаад Халх Монголын шарын шашны эзэн Жавзандамба лам юугаа Монгол улсын хаанд өргөмжлөн шашин, төрийг хослон бариулаад...зэрэг явдлыг эрхэм яамнаас олон улсад зарламуй хэмээн бичиг хүргэн ирвээс...мэдтүгэй хэмээн явуулан уламжлан Эрхэм засгийн хэрэг шийтгэх газар нэвтрүүлэн байцаан үзэж хүлээлгээд гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгана уу...гэжээ.
Мөн бүх Монгол овогтон харилцан салалцаж, сарнихад хүрэх болуузай хэмээх учир Богд хаанаас буулгасан зарлигт “… дөрвөн цаглашгүй /асралт, нинжин, баясгалант, тэгш/-г чадахын чанараар бясалган ахуй дор Тэнгэрийн цаг тохиолдож цагаагчин гахай жилд их улсын дотор олон муж бүр гагцаар тогтносон  завшаанд халхын ихээхэн ноёд,  балам нар байдал дүрсийг төлөвлөн ухаж олон Монгол овогтон чухам хэрхэн хүмүүжвээс сайн болохыг эрс тодорхойгоор сурган заахыг гуйн өргөсөн тухай дор миний бие олон монгол овогтон бусдын эрх мэдэлд харгислан дарлагдаж, гашуун зовлонгоос ангижран бүгдээр нийлэлдэж Улс болон шарын шашнаа бататган дэлгэрүүлэх цаг болсон…Энэхэн сайн чөлөөг алдваас гэмшивч бээр тус үл болох явдлыг…” айлджээ.  
Богд хаант төр нь монголын төр ёсны  уламжлалт 2 ёсны сургаалийг төрийн тогтолцоонд бодитой бий болгож, шашин төрийг хослон барих хаант засгийг тогтоох замаар монгол төрийг бэхжүүлэх, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг зорьж байв.    
1911 онд Богд хаан өргөмжлөгдмөгц буулгасан зарлигаар 5 яам байгуулсаны нэг нь жүн Ван Намсрайн тэргүүлсэн Шүүхийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, тус яам нь цааз хуулийг барьж, шүүн таслах эрх эдэлж, захирч шийтгэнэ. Тус яам нь дотроо хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж шүүх, ял оноож шүүн таслах, ариутгах хэлтсүүдтэй байв.            
Гадаад Монголын хууль зүйлийн бичгийн “ял шүүх нь доод” хэмээх 47 дугаар дэвтэрт зааснаар : Түшээт хан, Сэцэн хан, Их шавь гурван монгол болон гадаадын иргэдтэй харилцан холбогдсон хүний амь, хулгай худлын зэрэг аливаа хэргийг Гадаад яаманд өргөн мэдүүлж, Шүүх яамтай хамт нийлж шийтгэх, бусад хулгайн хэргийг харъяат засаг өөрөө эрхлэн шүүж, дөнгө дөнгөлөхөөс доош ялаар шийтгэх болов. Цөлөхөөс дээш ялтай хэргийг харъяат засаг, чуулганы дарга Эрдэнэшанзудбын яаманд тодорхойлон ял оноож,  Шүүх яамаар хянуулж дуусгах, хэрэв хүнд ноцтой хүний амины зэрэг хэргийг чуулган дарга, Эрдэнэшанзудба шүүн шийтгэж чадахгүй бол ялт ардыг Шүүх яаманд зарлан аваачиж, биеэр шүүж ял оноох журам тогтоожээ. Засагт хан, Сайн ноён хан 2 аймгийн хэргийг ойрыг үзэж Улиастайд суух хэрэг шийтгэх сайдад мэдүүлж, мөн сайдын газраас ялган салгаж шийдвэрлэх, дөрвөдийн Батерөөлт далай хан, Үнэнзоригт хан энэ 2 аймгийн хэргийг Ховдод сууж хэрэг шийтгэх сайдын газраас Улиастайн сайд лугаа шийдвэрлэж байхаар болжээ. Алах ялыг Богд хааны зарлигаар гүйцэтгэх болов. Энэ тухай Хууль зүйлийн бичигт : Аливаа алах ял оноовоос зохих ялт хүнийг олон засгуудын газраас шүүж, ялын учрыг гарган бичиж, чуулганы даргад мэдүүлж, чуулганы даргын газраас хянаж уламжлан Шүүх яаманд мэдүүлж, Шүүх яамнаас тогтоон шийтгээд зарлигийг гуйж айлтгагтун гэжээ.
Ийнхүү Богд хаант төрийн үед шүүн таслах эрхийг хошуу засаг, хэргийн шинж байдлаас шалтгаалан чуулган дарга, Ховд, Улиастай, Хиагтын хэрэг шийтгэх сайд, төрийн зарим холбогдох яам гэсэн шаталсан байдлаар шүүн таслах эрхийг эрхэлж байсан байх ба дээд шат нь Шүүх таслах Хэргийг бүгд захиран шийтгэх яам байжээ.
Богд хаант төрөөс Монголчууд тусгаар тогтнон төр улсаа байгуулснаар бие даан хууль цаазыг боловсруулан гаргаж, өөрсдөө дангаараа шүүх цааз, заргыг эрхлэхийг зорилт болгожээ.
Судлаач, эрдэмтдийн бичсэнээр энэ  үед Манжийн хуучин хуулийн заалтыг Монголын төрийн уламжлалын дагуу өөрчлөн найруулсан[24], Манжийн хууль хэрэглэхээс татгалзаж, түүнийг халах зорилт тавьж,  практикт хэрэгжүүлсэн [25] буюу Монгол хууль цаазын уламжлалыг сэргээх болон шинэ хууль цааз тогтоох ажиллагааг эрхлэн эхлүүлжээ.   
Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яам нь хэрэг зөрчил үйлдэгч нарт ял оноон шийтгэх, мөн орон нутагт ажиллах заргач нарыг томилох, тэдний ажлыг удирдахаас гадна хууль санаачлах, боловсруулах, батлуулах чиг үүрэг хэрэгжүүлж байжээ.      
Тухайн үед Монголын нутаг дээр эртний эрх /Халх журам/, Манжийн эрх/ Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг/, Богд хаант улсын засгийн газраас гарсан актууд зэрэгцэн үйлчилж байж. [26]
Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны “Олноо өргөгдсөний тэргүүн оноос нааш олон яамнаас айлтгаад тогтоосон ба тусгайлан зарлиг буулгаж, нийтээр дагаж буй хэргийн товчоо  дэвтэр“ хэмээх данс бүртгэлд 1911 оноос 1917 оны 4 сар хүртэлх хугацаанд хааны зарлигаар тогтоосон хууль цаазын шинжтэй 63 бичиг бүртгэгджээ.[27]  
Тэдгээрийн нэг нь 1913-1919 оны хооронд “ Таван яам хамт нийлж, хувьсган тогтоож айлтгаад, одоогийн дагаж шийтгүүлэн буй хууль дүрмийн дэвтэр бичиг”  буюу Жинхэнэ дагаж явах хууль дүрэм хэмээх эрх зүйн акт байв.[28]
Богд хаант төрийн гол хууль цаазын гол эх суралжийн нэг нь “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг” билээ.  
Уг хууль зүйн бичгийг 65 /зарим судлаач 64 гэх/ дэвтэрт эмхтгэсэн, уг хууль цаазыг зохиолгохоор 1915 онд Богд хааны зарлигаар комисс байгуулсан байх ба Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг болон бусад хуулиудыг нягтлан Монгол хэлээр орчуулж, 5 дэвтэрт нэгтгэсэн, уг хуулийг Монгол төрийн уламжлалын дагуу зохиож, улмаар Улсын Дээд, Доод хурлаар хэлэлцэн, батлах үе шат 1918 онд дуусчээ.[29]
Уг Монгол хууль цаазад анх удаа төрийн байгууллагууд, бүтэц, эрх хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулжээ.    

Ардын хувьсгалын ба хэмжээт цаазат хаант төрийн үеийн шүүх      
Орос оронд ялсан 1917 оны социалист хувьсгалын нөлөөгөөр Монголд хувьсгалт хөдөлгөөн өрнөж, хөрш зэргэлдээ Монгол оронд янз бүрийн арга замаар нөлөөлж эхэлжээ.   
Энэ үед мөн Хятад улс Монголд хуучин нөлөөгөө тогтоохыг санаархах болов. Монголын эх оронч, сэхээтнүүд тусгаар тогтнолоо авч үлдэхийг эрмэлзэж, олон арга зам хайж, бодлого ухаанаа уралдуулж байв.       
Гэвч 1919 оны сүүлчээр Монгол орон Хятадын түрэмгийлэлд автаж, тусгаар тогтнолоо алдаж болох цөвүүн нөхцөл байдал үүсэв.      
Монголын тусгаар тогтнолыг сэргээх хэрэгт хүчин зүтгэсэн олон хүнийг учир битүүлгээр амь насыг нь хохироов...Хятад Чэнь-И-ний 64 зүйлт “Хойчийг засан сайжруулах гэрээ” тулгалт, шахалтыг зөвшөөрөн Монголын автономитийг устгахад чиглэсэн хэлцлийг Ерөнхий сайд Бадамдорж, сайд Цэрэндорж нар анх Чэнь-И-тэй хийжээ...Хэлцлийн 60 дугаарт “...одоо Гадаад Монгол гуйн өргөж автономитоо устгасан учир өөрөө сөнөж хүчин үгүй болбоос зохимой...”гэжээ. Улмаар Сю Шүжан 1919 оны 11 сарын эхээр дивиз толгойлон хүрээнд нэвтрэн...Богд гэгээнтэй уулзан, Гадаад Монголын автономитийг сайн дураар устгасан Засгийн газрын тогтоол даруй гаргаж өгөхийг шаардав...эцэст нь Монголчууд хүчинд автагдан...5 яамны сайд нь өнөөх 64 зүйлт гэрээнд гарын үсэг зурахаар болов...Гуйх манжилсан өргөдөлд :
...ван, гүн, лам нарыг удаа дараа хуралдуулж...хэлэлцэн таслахад...Дундад Монголын сэжиг таавар бүрнээ устаж, санаа сэтгэл найрамдах болсон тул үүрд амгалан бүрэн бүтэн болохыг бодвол, басхүү гуйн өргөж өөрөө засах Засгийн газрыг устган, урьдах Чин улсын хуулийг дахин олж, алив засгийн эрхийг хэвээр Дундад Засгийн газраа нийлүүлэн нэгтгэн захиргаж...хэмээх бөгөөд бас ч Богд Жавзандамба хутагт хаанд тодорхойлон айлтгасанд чухам зохистой хэмээн зөвшөөрчээ...гэжээ.  
Энэ дагуу 1919.11.22-нд Хиагтын гурван этгээдийн гэрээг хүчингүй болгосон Хятадын Ерөнхийлөгчийн Зарлиг гарч, үүнд “Монгол Улс” гэх мэт хэллэгийг албан бичигт хэрэглэж болохгүй заалт тусгажээ. [30]      
Ийм нөхцөлд тусгаар тогтнолоо дахин сэргээхийн төлөө Монголын эх оронч, нөлөө бүхий хар, шар ноёд оролцсон дугуйлан /бүлгэм/-үүд үүсч, улмаар бүлгэмүүд 1920.06.25-нд Монгол ардын намхэмээх хувьсгалт байгууллагад нэгдэж, үндэсний ардчилсан хувьсгалын бэлтгэл ажлыг хийж, Коминтерн, Зөвлөлт Орос улстай холбоо тогтоон, улмаар тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэл өрнүүлэв.   
Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичигт[31] : Гадаад Монголын ардын намын зорилт нь шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргүүлж аваад, төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндсэн язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах, дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно...гэж зорилгоо тодорхойлжээ.    
Мөн ЗОУ-аас тусламж гуйсан Ардын намынхны 1920 оны бичигт [32]:
Гагцхүү хүсэх нь, Дайчин улсын цагийн Улиастай, Хүрээ, Ховдын жанжин сайдуудын харъяанд захирагдаж байсан Халх, Дөрвөд аймгийн бүх монголчуудыг дахин өөртөө эзэрхэх улс болгож....Хятадын нэгэн хэсэг газар хэмээх нэгэн үсгийг устган байлгаж Дундад Иргэн Улсад огт хамаарагдахгүй болгох явдлыг гол болгон гуйна гэжээ.       
Энэ явцад Богд гэгээн улс төрийн чадварлаг бодлого баримталж, 1920 оны 10 сард Монгол нутгийн зүүн хязгаараар цөмрөн орж ирсэн Барон Унгернтэй найрсаг байдлаар харилцаж, 2 талын хүсэл зоригийг зохицолдуулжээ.    
Барон Унгерн Богдод илгээсэн бичигт[33]:  Оросын хааны удам угсааны барон Унгерн миний бие Орос-Монголын нөхөрсөг уламжлалыг дагаж, Хятадын дарлалаас Монголыг чөлөөлөх, хуучин засаг төрийг босгон байгуулахад нь Богд хаан танд туслах зорилготой билээ. Ийм учраас Хүрээнд минийг цэргийг оруулах зөвшөөрөл гуйя гэжээ.  
Ингээд Монголын ба Барон Унгерний цэрэг хүч хавсран 1920 оны 10 сарын 26-нд Хятадын гамин цэрэгтэй тулалдаж эхлэв. Хятадууд Богд гэгээнийг бусад ноёдын хамт баривчилжээ.     
Барон Унгерн 1921 оны эхээр Хятадуудыг гэнэдүүлэн Богдыг хатных нь хамт оргуулан Манзушир хийдэд авч ирэхийн зэрэгцээ цэргийн хүчээ зузаатган 1921 оны 2 сарын 4-ний өдөр Их хүрээг чөлөөлж, улмаар Барон Унгерн 1921.02.15-нд Гадаад Монголын автономыг дахин сэргээснийг зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Засгийн газар түүний 5 яамыг байгуулсны нэг нь Шүүх яам байв.     
Барон Унгерн нарын ачтайг мэдэх нь зөв боловч...Богд ламыг эзэнд өргөмжлөв хэмээвч нүд үзсээрт сайдыг Унгерний сонгосныг Богд баталсан нь нэрийг хүлээлгэснээс эрхийг олгоогүй учир нүдээр үзлээ автономит хэмээвээс өөртөө засах гэсэн утгатай тул засч байгуулсан нэгээхэн ч юмгүй харин эзэрхэг түрэмгий, ховдог харгисыг эрхэмлэж, Унгерний хэдэн орос, буриад, цахар дээрэмчний захиргаа тогтсон нь түүнийг дэлхий дахинаа хэн ч автономит хэмээн хэлж чадахгүй.[34]   
Монголын эх оронч хөвгүүд тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлээ тууштай үргэлжлүүлэн Хятадын гамин, Оросын цагаантнаас улс орноо бүрэн чөлөөлөх зэвсэгт тэмцэл, ”ардын хувьсгал”-д бэлтгэх ажилд яаравчлан оров.  
Зөвлөлт Улсаас цэрэг, техник, санхүүгийн туслалцаа үзүүлэх болов. Ар Хиагт буюу Троицкосавскт хотноо 1921.03.01-03-нд МАН-ынханы анхдугаар уулзалт, зөвлөгөөнийг хийлгэсэн байх ба энэ нь Зөвлөлтүүдийн шахалт оролцоотойгоор марксист-ленинист маягийн улс төрийн нам болох үүд хаалгыг нээжээ. Зөвлөгөөнөөс гаргасан “МАН-аас Түмэнд тунхаглан зарлах бичиг” хэмээх баримтаас энэ талаар мэдэж болохоос гадна мөн энд   
Өмнөд Хятад, Умард Хятад, Сычуань хязгаар,Төвд, Хотон, Манж, Монгол зэрэг дор дороо өөрөө эзэрхэн шударга засаг байгуулж, тусгаар тогтноод, бүгд хоорондоо нэгэн хэлхээ баталж Холбоот Улс байгуулбал, сая харилцан бие биеэ дарлалцахгүй болоод, гадаадын эзэрхэг түрэмгий аюулаас хамгаалахад сайн...гэсэн нь гадна тулгалт нөлөөлснийг илтгэх мэт.[35]   
МАН, ардын цэргийн хэргийг бүгд ерөнхийлөн захирах газар, цэргийн олон анги ба хошуу шавийн төлөөлөгчдийн чуулган 1921.03.13-нд чуулж, “Монгол Ардын Засгийн хэргийг бүгд ерөнхийлөн захирах газар” байгуулбал зохино хэмээн Ардын Түр Засгийн газарт 7 хүнийг томилж, Засгийн газрын тэргүүлэгч даргад Чагдаржав болжээ. Мөн Харъяат газар орныг хятадын эрх мэдлээс ангижруулж, орос цагаан намын цэрэг ба хуаз дээрэмчин зэргийн зэвсэг -бүхий муу хулгай нарыг арилган Монгол ард лугаа найрамдалтай зэргэлдээ улсууд лугаа харилцан нэвтэртүгэй. Бас монгол ардын төлөөлөгчид их хурлыг зарлан хуралдуулж, үүрд байх Засгийн газрыг олж, улсын үндсэн цааз дүрмийг тогтоосугай гэжээ. [36]
Ардын Түр Засгийн газар Хиагтыг чөлөөлөх үүргээ нэр төртэй гүйцэтгээд 1921.03.24-нд хуралдсан хурлаар Ардын Засгийн газарт Дотоод яамыг ерөнхий, шүүх таслах, гадаад хэрэг эрхлэх, харилцан нэвтрэлцэх гэсэн 4 хэлтэстэй, Цэргийн яам, Сангийн яамыг мөн зохих хэлтэстэйгээр байгуулжээ.  
Тийнхүү шүүн таслах хэлтсийг байгуулсан нь тус улсад ардын “Шүүх байгууллага”-ыг байгуулах урьдач нөхцлийг бүрдүүлсэн байна.           
1921.07.06-нд Нийслэл хүрээг чөлөөлж, 1921.07.10-нд Бароны босгосон Засгийн газрыг татан буулгаж, Ардын Түр Засгийн газрыг Монгол Улсын Засгийн газар болгон дотоод яам, цэргийн яам, сангийн яам, гадаад яам, шүүх яам гэсэн бүтэцтэй эмхлэн байгуулж, 1921.07.11-нд Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хэмжээт эрхт хаанд өргөмжлөн, 1921.11.01-нд Ардын ЗГ ба Богд хаан хоёрын хооронд “Тангарагийн гэрээ” байгуулжээ.      
1921 оны 7 дугаар сарын 10-нд байгуулсан Шүүх явдлын яаманд улсын шүүх цаазын явдлыг удирдах үүргийг ногдуулсаны хамт шүүн таслах дээд байгууллагын үүргийг давхар гүйцэтгүүлжээ. Шүүх яам зохион байгуулалтын хувьд :     
1/ тус улсын харъяат иргэдээс үйлдсэн эрүүгийн хэрэг, түүнчлэн тэдний хооронд үүссэн иргэний маргааныг шийдвэрлэх асуудал эрхэлсэн Дотоод хэлтэс,
2/ гадаадын харъяат нарын үйлдсэн эрүүгийн хэрэг, мөн тэдэнд холбогдол бүхий иргэний маргааныг таслах шийдвэрлэх эрхтэй Гадаад хэлтэс,
3/ шүүх таслах ажлыг удирдах болон хорих газар, нотариатын хэргийг эрхэлсэн Ерөнхий хэлтсээс бүрдэж байв.
1921.07.16-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр Шүүх яам иргэний бүх төрлийн шүүн таслах ажил, түүнийг удирдах үүргийг хүлээхээс гадна Цэргийн яамны дэргэд улс төрийн болон зэвсэгт хүчний доторхи хэргийг шийдвэрлэх цэргийн тусгай шүүх /Комендатын хороо/-г байгуулжээ.
1922.03.03-ны өдөр Засгийн газрын хурлын түр зуурын дүрмийг баталсан байх ба энэ дүрмийн дагуу Засгийн газар нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүн таслах эрхийг /зарга таслан шийтгэх, байцаан нягтлах дээд эрх/ эдэлж байсан байна.     
Засгийн газраас 1922 оны 5 сарын 19-нд “Хууль цааз зохиох” тогтоол гарсан байх ба энд...аливаа шүүх хэрэгт эрхбиш Европын олон улсын хууль дүрмийг харгалзан дахин шинэчлэн зохиолгох зэргийг хэлэлцээд...тусгай комисс гаргаж, шүүх яамнаас эрхлэн зохиолгохоор болжээ.   
Ийнхүү Улс орон даяар шүүх, шүүх  таслах үүргийг Шүүх” яам хүлээж, орон нутагт энэ үүргийг хошуу засаг, түүний тамгын газар эрхэлж байх ба 1923 онд Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм батлсанаар багийн дарга, сумын занги/дарга/, аймгийн захиргаа нь шүүн таслах тодорхой чиг үүрэг хэрэгжүүлэхээр болсон байх ба аймгийн захиргаа, хошуудын тамгын газрын дэргэд Зарга шийтгэх хэлтсийг шинээр байгуулжээ.        

Социалист (mоталитар дэглэм) төрийн үеийн шүүх [37]    
1920-иод оны дунд үеэс Коминтерн МАХН-ын үндэсний ардчилсан чиг баримтлалыг хянан үзэж, тийм үзэл бодолтой хүмүүсийг хавчин хяхах бодлого явуулж байв.
Ийм нөхцөлд Монголчууд 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, төрийн засаглалын хэлбэрийг үндсээр нь сольж, Монгол Улс засаглалын хэлбэрийн хувьд Бүгд найрамдах хэлбэрийг тунхагласан нь түүхэн дэвшилт, чухал ололт байв.
 Гэвч Бүгд найрамдах засаглалыг жинхэнэ утгаар нь тогтоож хэрэгжүүлж чадаагүй буюу Коминтерн, большевикуудын нөлөөгөөр ангич, намч хандлага, коммунист чиг шугам баримтлах болж, засаглалыг  хэрэгжүүлэх арга, механизмын хувьд ардчилсан бус дэглэм буюу хүний эрх, эрх чөлөөг улс төрийн нэг хүчин буюу дарангуйлагчийн хүсэл зоригт захируулж, тэд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах арга механизм, хуулийг өөрсдийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцүүлэн зохиох зэргээр засаглалыг ихэвчлэн хүчирхийлэл, албадлагын аргаар хэрэгжүүлдэг дэглэм  тогтоож, энэ нь 1990-ээд оны эхэн хүртэл 70 шахам жил үргэлжилсэн байна.     
Хэлбэрийг бус мөн чанарыг баримталбал 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулийг социалист гэх нэгэн маягт хамааруулж ангилах нь үнэнд илүү нийцнэ.[38] Орос-зөвлөлтийн эрх зүйгээр дамжин Европын хууль зүйн соёлтой ойртсоноороо дэвшилтэй, эцсийн дүнгээрээ томоохон гажуудал байсан [39]...Гажуудал гэсний утга нь юун түрүүнд большевик арга, сэтгэлгээнд тулгуурласанд оршино. [40]
Анхны Үндсэн хуульд шүүх эрх мэдлийн тухай тусгайлан заалт ороогүй байна. 1925 оны 1 сард Шүүх яаманд сайдаар удирдуулсан шүүх, мөрдөх, засан хүмүүжүүлэх ажлыг удирдах, шүүхээс баримталдаг хуулийг боловсронгуй болгох чиг үүрэг бүхий “улсын бүх шүүн таслах  хэргийг жолоодон удирдах зөвлөл” гэсэн бүтэц ажиллаж байв.        
1925.10.16-нд Засгийн газрын 38 дугаар хурлын тогтоолоор :  
Шүүх явдлын яам нь тус улсын доторхи аливаа дотоод, гадаадын хүн ардын хүний амь, худал хулгай, арга зальхай, өр шир, самуун садрын зэрэг эрүүгийн ба иргэний шүүн таслахад холбогдсон хамаг хэргийг захиран шийтгэхээс гадна аливаа зохих газруудад шүүх таслах газруудыг байгуулах, асуух, дүрэм, заавар гаргахыг хянан байцаах зэрэг явдлыг бүрэн эрхэлж шийтгэхийг” заажээ.     
1925 оны 11 сарын 27-нд Засгийн газрын дэргэд Түр цагийн /улс төрийн/ шүүхийг байгуулж, 1930 он хүртэл ажиллуулж байжээ. Энэ шүүхийн харъяалан таслах хэргийг “Түр дагаж явах дүрэм”-ээр тодорхойлсон байх ба засаг төрд тэрсэлсэн, хорлон сүйтгэх, улсын хөрөнгө хулгайлах, хээл хахууль авсан, хуурамч мөнгө гаргасан зэрэг хэргийг таслан шийтгэхээр заажээ. Тус шүүхийн анхны даргаар Х.Чойбалсан ажилласан байх ба 1927 оноос даргын үүргийг нь түр шүүхийг татан буулгах хүртэл Улсын дээд шүүн таслах газрын даргад хавсаргаж байжээ.        
Шүүх анх удаа 1926 оноос төрийн засаг захиргааны байгууллагаас тусгаар шинжийг агуулах болов.  
Улсын бага хурлын тэргүүлэгчид “БНМАУ-ын аливаа шүүн таслах газруудыг байгуулах тухай” дүрмийг 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр баталсан нь тус улсын шүүхийн байгууллагыг төрийн бие даасан тогтолцоо болгон төлөвшүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэв. Энэ дүрэмд зааснаар шүүхийн анхны тогтолцоо нь :  
- Хошуудын жинхэнэ ардын шүүн таслах газар
- Аймаг, хотын шүүн таслах газар
- Тусгай шүүн таслах газар
- Улсын дээд шүүн таслах газраас бүрдэх ба шүүхүүдийн бүрэн эрх болон шүүгч /шүүн таслах газрын түшмэл гэж нэрлэж байв/, ардын төлөөлөгчийг сонгох, томилох журам зэргийг тогтоосон байна.  
Мөн Улсын бага хурлын тэргүүлэгчид 1926-1927 онуудад Шүүх цаазын бичиг /Эрүүгийн хууль/, Иргэний хууль, Шүүн таслах газруудад аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хууль зэрэг шүүхээс хэрэглэх үндсэн гол хууль тогтоомжийг баталжээ.   
Гэхдээ энэ үед шүүх нь нам, засгийн хяналтад буюу шүүх явдлын яам салбарын удирдлагаар ханган, хараат байдалд ажиллаж байв. Бүхнийг удирдан жолоодогч намаас шүүн таслах ажиллагаанд чиглэл өгдөг, хөндлөнгөөс оролцдог байж.
Шүүн таслах хэргийг жинхэнэ хувьсгалын бодлого ба ардын ёсонд нийлүүлж явуулах ба төв орон нутгийн шүүн таслах хэргийг эрхлэгчдэд хувьсгалын бодлого лугаа танилцсан ардын этгээдээс бүрнээ оруулах хийгээд нэгэнтэйгүүр энэ хэрэгт танилцуулах, боловсруулах тухай түр хуралдаан ба сургуулийг төв газар байгуулбал зохино гэж МАХН-ын их хурлаас тогтоожээ.    
Хошууны шүүхийг хошууны хурлаас 1 шүүгч, 2 иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр 1 жилээр сонгон байгуулна, шүүх ажлаа хошууны хурлын өмнө хариуцна, шүүгчийг огцруулах, шилжүүлэх асуудлыг хошууны хурал шийдвэрлэнэ.
Шүүн таслах газруудад аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хуульд зааснаар хошууны шүүх өөрт харъяалуулсан хэргийг давж заалдах эрхтэй эсхүл давж заалдах эрхгүйгээр таслан шийдвэрлэх эрх хэмжээтэй байжээ.  
Аймгийн шүүхийг аймгийн хурлаас шүүгч, ардын төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй 1 жилээр сонгон байгуулна, тус шүүх нь хошууны шүүхийн шийдвэрийг давж заалдсан бол хянан магадлаж, эцэслэн шийдвэрлэнэ, мөн хуулиар харъяалуулсан зарим төрлийн хэрэг маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэдэг эрхтэй байв. 
Хотын шүүх нь аймагт харъяалагдаагүй бие даасан хошуунд байгуулсан хот дахь анхан шатны шүүх байх ба  аймгийн болон хошууны шүүхэд харъяалагдах зарим төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэх эрхтэй, шууд Улсын дээд шүүн таслах газарт харъяалагддаг байжээ.
Улаанбаатар хотын шүүх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээтэй байх ба зарим төрлийн хөнгөн хэргийг тус хотын цагдан сэргийлэх газар давж заалдах эрхтэй шийдвэрлэх журам үйлчилж байв.  
Тусгай шүүх нь түр зуурын болон цэргийн шүүхээс бүрдэж байж. Түр зуурын шүүхийг анх 1925 оны 11 сарын 27-нд Засгийн газрын дэргэд байгуулсан байх ба дарга, 2 гишүүнтэйгээр Засгийн газраас томилон байгуулж, шууд харъяалан ажиллуулж байжээ.
Улсын Дээд шүүн таслах газар бол ардын ба цэргийн шүүн таслах газруудыг ерөнхийлөн захирч, аливаа хэрэгт хууль цаазыг баримтлан таслан шийтгэх бүрэн эрх бүхий дээд газар...хэмээн 1927.01.06-нд Улсан бага хурлаас баталсан “БНМАУ-ын Дээд шүүн таслах газрын түр дагаж явах дүрэм”-д заажээ.   
1926 оны 12 сарын 29-нд хуралдсан УБХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Улсын Дээд шүүн таслах газрын даргаар Гүрсэд анхлан томилогдсон байх ба тус шүүх нь хэрэг маргааныг анхан шатны болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэдэг, зохион байгуулалтын хувьд бүгд хурал, 2 ангитай, бүгд хурал нь Дээд шүүхийн дарга, ардын анги ба цэргийн ангийн гишүүдээс гадна шүүх яамны орлогч сайдаас бүрддэг байх ба бүгд хурлын эрх хэмжээ нь нийт шүүхийн үйл ажиллагаанд дээд хяналт тавьж, хувьсгалт хуулийн бодлогыг нэг мөр хангуулах явдал байжээ.     
Улсын Дээд шүүн таслах газрын дарга, гишүүдийг анх Улсын бага хурлаас сонгож байсныг өөрчлөн Засгийн газар томилж, УБХ баталдаг болгосон байх ба Дээд шүүхийн дарга нэгэн зэрэг Шүүх яамны орлогч сайд байв.  
1927-1930 онд шүүхийн үйл ажиллагаанд баримтлах хуулийн бодлого, зохицуулалтыг шинэчлэн өөрчлөх арга хэмжээ авчээ.  
Засгийн газраас 1927 оны 5 сард “ Ардын шүүн таслах газруудын байцаагч түшмэдийн дүрмийг баталснаар байцаагч түшмэд нь харъяалах хэргийг мөрдөн байцааж, шүүхэд шилжүүлэх зэрэг чиг үүрэгтэй байх ба энэ нь мөрдөн байцаах чиг үүргийг шүүхээс тусгаарлах эхлэл болов.  
Мөн Засгийн газраас 1928 оны 5 сард шүүхэд төлөөлөн заалдагч буюу “Шүүн таслах явдлын тухайд тусламж үзүүлэх бүлгэм”-ийг байгуулах шийдвэр гаргасан нь хэрэгтэнд өмгөөлүүлэх эрхийг эдлүүлэх чухал арга хэмжээ байв.   
   Улсын их хурлаас 1930 оны 4 сард прокурорын тушаалыг төв ба аймгууд зэрэг газарт үүсгэн байгуулахыг тогтоож, мөн оны 8 сард УБХ-аас прокурорын байгууллагын дүрмийг баталжээ. Дүрмээр Шүүх яамны дэргэд Улсын прокурорын газрыг, Улсын Дээд шүүн таслах газрын дэргэд улсын прокурорын туслагчийг, аймгийн шүүхэд прокурорын хяналт эрхэлсэн орлогчийг тус тус бий болгожээ.  
Шүүх явдлын яам нь шүүх, прокурорын газруудыг ерөнхийд нь удирдах, тэдгээрийг зохион байгуулах явдлыг эрхэлдэг, шүүх явдлын яамны сайд эсэргүүцэл бичин шийдвэрлэсэн хэргийг УДШ-д хянуулах эрх эдэлдэг байв.    
1931-1933 онд шүүхэд зарим шинэчлэлүүд хийгдсэн байна. Тухайлбал :  
 Хошууны шүүхийг татан буулгаж, хэд хэдэн сум харъяалсан ангийн шүүхийг байгуулж, аймгийн шүүхийг нэмж байгуулжээ.     
1932 онд Улаанбаатар хотыг бие даасан хот болгосон учир тус хотын шүүхийг аймгийн шүүхийн эрхтэй болгож, түүний харъяанд ангийн 2 шүүхийг байгуулав.
Гэвч 1933 оноос ангийн шүүхүүдийг татан буулган сум, хорооны шүүхийг байгуулж, сумдын захиргаадын эрхийг өргөтгөн шүүхийн үүргийг тухайн үеэс 1943 оны 4 сар хүртэлх хугацаанд сум, хорооны дарга нарт шилжүүлэн эрхлүүлсэн байна.
Энэ үйл явдал нь шүүхийн нэгдсэн тогтолцоо бэхжин хөгжих үйл явцыг тасалдуулан, шүүн таслах ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх зарчмыг дэс дараалалтай хэрэгжүүлэх зорилтоос ухарсан хэрэг байв  Энэхүү ухралтын улс төр, хууль зүй, ёс суртахууны хор уршиг ч тун удалгүй улс төрийн хэлмэгдүүлэлтийн хэлбэрээр илэрчээ.       
1930 онд хуралдсан БНМАУ-ын VI их хурлаас УБХ ба Засгийн газрын илтгэлийг сонсоод гаргасан тогтоолд : “Тус улсын олон шүүх таслах газрууд бол харъяат улсын жинхэнэ ядуу ард түмнийг арчлан хамгаалж, засан сайжруулах зэрэг суртлын талаар хөгжүүлэн өрнүүлж, нийгэм журмын байдалд дэвших чухал үүрэг зорилгыг хүлээсэн нэгэн үндсэн чухал газар мөн бөгөөд тус газрууд хуучны хүнд сурталтан буюу үл бүтэх эсэргүү нар ба цагаантны үлдэгдлээс шургалан хоцрогдсон этгээд байгаа үгүйг сайтар нэгжин байцааж, нэгмөсөн шавхан цэвэрлэн арилгаж, харъяат шүүх таслах газруудыг жинхэнэ ангийн хувьсгалын идэвхи чанартай газар болгож явуулахыг онц чухалчилбал зохино”[41] гэсэн чиглэл өгч байв.
Мөн 1932 онд хуралдсан МАХН-ын төв хороо ба хянан байцаах төв комиссын хавсарсан онц III бүгд хурлын тогтоолд “Хуулийг эс гүйцэтгэх бөгөөд нам, засгийн бодлогыг нугалах, завхруулах явдлыг гаргагсадтай эрч шуудаар тэмцэж, тэднийг хатуугаар гэсгээх, залхаах зэргээр арга хэмжээнүүдийг авч байвал зохино”[42] гэсэн заалтыг шүүхэд өгч, биелэлтэд нь маш хатуу чанд хяналт тавьж байв.  
Сайд нарын зөвлөлийн 1937 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан “Онц бүрэн эрхт комисс” нь шүүхийг орлох буюу түүнтэй зэрэгцэн ажиллаж, түүхэнд “Лхүмбийн”, “Гэндэн-Дэмидийн”, “Амар, Лувсаншарав” нарын хувьсгалын эсэргүү бүлгийн гэх зэрэг олон зуун хэргүүдийг үүсгэн, нам, төрийн зүтгэлтэн, тэргүүний сэхээтэн, лам хуврага, жирийн иргэд хүртэл нийт 26.000 орчим хүний хэргийг таслан шийдвэрлэхдээ 20.000 хүнд алах ял оногдуулж, бусдыг нь олон жилээр шорон, гянданд хорьж хууль ёсыг бүдүүлгээр зөрчин, Монголын түүхэнд хар толбо үлдээжээ.   
Хэлмэгдүүлэлт шүүхийг мөн тойроогүй буюу Монголын шүүхийг үүсгэн хөгжүүлэх үйлсэд оролцож оюун ухаан, хүч чадлаа зориулж явсан шүүхийн үе үеийн олон хүмүүс улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж амьдрал, амь насаа алдаж байсан аймшигт түүх байна.          
Хэлмэгдүүлэлтийн энэ бүх бусармаг ажиллагаа нь нийгэмд намт ёс ноёрхсон, намын цөөн удирдагчид өөрсдийн хүсэл зориг, ашиг сонирхолдоо нийцүүлэн баталсан хууль ба шүүхийн системийг ноёрхогч намын зэвсэг, дэвшилтэт үзэлтнийг тэрсэд тооцон хашраах, залхаан цээрлүүлэх арга хэрэгсэл болгодог байсан нотолгооны ноцтой илрэл юм.        
Түүнчлэн намын бодлого, өгсөн чиглэл, удирдамжийг биелүүлээгүй нөхцөлд шүүгчдэд намын болон сахилгын арга хэмжээ авч, улмаар ажлаас нь зайлуулдаг байв. Тухайлбал :  
МАХН-ын төв хорооны улс төрийн товчооноос гаргасан БНМАУ-ын шүүх, прокурорын байгууллагуудын ажлын байдлын тогтоолоор “шүүх, прокурорын байгууллагуудын ажиллагаанд тавих намын хяналтыг үндсээр нь сайжруулж, шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг цуцалтгүй өрнүүлэх замаар ажлын дутагдлуудыг илрүүлэн хүнд суртал, салан задгай явдлуудыг устгаж байх, тэдний ажилд тодорхой чиглэл, практик ажлын тусламж үзүүлж, энэ байгууллагын ажилтнуудын улс төрийн ухамсар, ажлын мэргэшил, хувийн хариуцлага, сахилгыг эрс дээшлүүлэхэд онц анхаарлыг тавьж байх”[43] үүргийг аймаг, хотын МАХН-ын хороодын нарийн бичгийн дарга нарт даалгасан байх ба мөн шүүх, прокурорын байгууллага нь…хувьсгалт хуулийг сахин хамгаалахыг ёсчлон биелүүлэх ба гэмт явдлыг урьдаас сэрэмжлэх онц хариуцлагыг нам, засгийн өмнө хүлээх” тухай тусгай тогтоол гаргаж, “хуулийн улс төрийн бодлого”-ыг тууштай биелүүлэхийг чиглэл болгож байв.
Шүүх нь 1940 оноос анх удаа Үндсэн хуулийн баталгаатай болов.
Тус хуульд шүүн таслах хэргийг Улсын дээд шүүх, Улаанбаатар хотын шүүн таслах газар, аймгийн шүүх, ардын шүүх таслах газар гүйцэтгэнэ гэж заажээ.
1943 онд УБХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор сум, хороодод захиргааны дарга нар шүүн таслах үүргийг гүйцэтгэж байсныг чөлөөлж, таслан шийдвэрлэж байсан хэргүүдийг дээд шатных нь шүүх анги, шүүн таслах газруудад харъяалуулсан, харин сумдад олон нийтийн шүүхүүд /ялимгүй, жижиг хэрэг маргаан шийдвэрлэх/  байгуулахаар заасан боловч энэ ажил нь удааширч, 1945 он хүртэл төдийлөн хэрэгжээгүй ажээ.  
Мөн уг тогтоолд УДШ-ийн эрх хэмжээг улам тодруулж, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх арга хэмжээ авчээ. Улсын дээд шүүх газар бол тус улсын шүүн таслах дээд байгууллага болохын хувьд шүүн таслах ажиллагаанд хяналт тавьж, шүүхийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй болжээ.
Ингэснээр 1941 онд батлагдсан шүүх яамны дүрэмд зааснаар Шүүх яам тус улсын шүүхийн байгууллагын ажлыг шалгах ба удирдах үүрэгтэй байсныг өөрчилж, энэ нь шүүхийн бие даасан байдлыг хангахад гол алхам байв.  
Мөн 1943 онд “Шүүх таслах газрууд ба прокурорын байгууллагын дүрэм”-д өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхэд анхан болон давах, хяналтын шатны эрх бүхий
- эрүүгийн хэрэг эрхэлсэн коллеги
- иргэний хэрэг эрхэлсэн коллеги
- цэргийн коллеги байгуулахаар заахын зэрэгцээ тухайн коллегиос шийдвэрлэсэн хэргийг эрх бүхий албан тушаалтнуудын эсэргүүцлээр хянан хэлэлцэж байх эрхийг Дээд шүүхийн бүгд хуралд олгосон байна.
Түүнчлэн Бага хурлын тэргүүлэгчдийн 1949 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн IX зарлигаар Шүүхийн зохион байгуулалтын тухай анхны системчлэгдсэн хууль батлагдсан нь шүүх таслах ажиллагаа аливаа дүрэм, заавраар биш зөвхөн хуулийн дагуу явагдах болов. Эдгээр хуульд зааснаар тус улсад шүүн таслах явдлыг :
- Улсын дээд шүүх
- Аймаг, хотын шүүх
- Тусгай шүүх
- Ардын хэсгийн шүүх эрхлэн гүйцэтгэнэ гэж шүүхийн тогтолцоог заасан байна.  
1953 онд УБХ-ын тэргүүлэгчдээс Ардын хэсгийн шүүхүүдийн сонгуулийн тухай дүрмийг баталжээ.  
Энэ үеийн шүүхийн талаарх зохицуулалтын өмнөхөөс онцлох гол ялгаа нь аймаг, хотын шүүхийн дарга нь нутаг дэвсгэрийн харъяалах хэсгийн шүүхээс ямар ч хэргийг татан авч таслах эрхтэй, мөн хэсгийн шүүхүүдийн ажлыг шалгах, туслах, энэ талаар шүүх яаманд тайлагнах чиг үүрэгтэй байжээ.   
Мөн 1954 онд УДШ-ийн цэргийн коллегийг татан буулгаж, 1955 онд төмөр замын шугамын шүүх байгуулжээ.  
БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 3 дугаар сарын 28-ны  өдрийн зарлигаар БНМАУ-ын Шүүх явдлын яамыг татан буулгаж, түүний үүргийг БНМАУ-ын дээд шүүхэд шилжүүлсэн байх ба энэ үеэс Дээд шүүх нь шүүн таслах дээд эрхийг, шүүхүүдийг зохион байгуулалтын талаар удирдах эрхтэй хослуулан биелүүлэх болжээ.      
1960 оны Үндсэн хуулиар шүүхийн бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх, чиг үүргийг тодотгон бататгасан байна.
Харин АИХ-ын тэргүүлэгчдээс 1961 оны 10 сард Шүүхийн зохион байгуулалтын болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Энэ дагуу Дээд шүүхийн тэргүүлэгчдийг бий болгон, түүнд улсын бүх шүүхийг зохион байгуулалтын талаар удирдах ажлыг хариуцуулснаас гадна аймаг, хотын шүүхэд ардын хэсгийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэртэй хэргийг шүүх, прокурорын эрх бүхий албан тушаалтны[44] эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын шатны журмаар шийдвэрлэх эрх олгосон байх ба аймаг, хотын шүүх нь хяналтын шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд аймаг, хотын шүүхэд дарга, орлогч, байнгын ба байнгын бус бүрэлдэхүүнтэй хяналтын коллеги байгуулагдан ажиллаж байж.  
Мөн АИХ-ын тэргүүлэгчдээс 1961 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 315 дугаар зарлигаар Улаанбаатар хотоос бусад газар /аймгуудын/-ын ардын хэсгийн шүүхийг татан буулгаж, оронд нь аймгийн нүүдлийн шүүхийг бий болгожээ. Нүүдлийн шүүхийн шүүгч нь нэгэн зэрэг Аймгийн шүүхийн гишүүн болох тул аймгийн АДХ-аас сонгогддог болов.
1960-аад оноос орон нутгийн харъяалалтай хотууд бий болсны дагуу ардын хэсгийн зарим шүүхүүдийг орон нутгийн хотын шүүхүүд болгон өөрчлөн зохион байгуулжээ.
Улаанбаатар хотыг засаг захиргааны хувьд 4 район болгон зохион байгуулалтын өөрчлөлт хийсний дагуу 1965 оны 8 сард район тус бүрд ардын шүүх байгуулахаар шийдвэрлэжээ.
1972 онд Дээд шүүхэд цэргийн коллегийг дахин байгуулжээ.
1978 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын шүүхийн байгууламжийн хуулийг баталснаар тус улсад шүүн таслах эрхийг :
- Дээд шүүх
- Аймаг, хотын шүүх
- Тусгай шүүх
- ардын шүүх эсгийн болон орон нутгийн хотын, район/ хэрэгжүүлэхээр хуульчлагдсан байна.       
УДШ нь бүх шүүхийн шүүн таслах ажиллагаанд шүүхийн дээд хяналтыг хэрэгжүүлэх, эрүү, иргэний онц төвөгтэй хэргийг харъяалж давж заалдах эрхгүйгээр таслан шийдвэрлэх, нийт шүүхээс баримтлах удирдамж, хуулийн тайлбар гаргах, төрийн дээд байгууллагад хууль санаачилж оруулах зэрэг  бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна тус улсын шүүхийн байгууллагын бүх ажлыг удирдаж, шүүн таслах ажиллагаанд хяналт тавих онцгой эрхтэй байв.    
Гэхдээ УДШ нь АИХ түүний тэргүүлэгчдэд ажлаа хариуцан тайлагнах үүрэгтэй байжээ. 
Ийнхүү шүүх хэмээх байгууллага 1926 оноос бие даах шинжийг олсон, 1940 оноос Үндсэн хуулийн баталгаатай болсон, 1960 оны Үндсэн хуульд зааснаар 1990 он хүртэл ардчилсан зарчмуудыг баримталж байсан мэт боловч төрийн эрх мэдлийг нэг хүчинд буюу намын удирдах цөөн хэсэгт төвлөрүүлж, засгийн нэгдмэл байдал гэх үзэл санаа ноёрхож байсан, 1940 ба 1960 оны Үндсэн хууль үнэн хэрэг дээрээ социалист системийн туршилтын өвөрмөц хэлбэр буюу нийгэм журамд дэвшин орохын тулд улс орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах, социализмыг төгөлдөр байгуулж, цаашдаа коммунист нийгэм байгуулахыг хангах зорилготой байсан тул Үндсэн хуулиар тунхагласан зарим нэг зарчим нь үзэл сурталд автагдсан, захиргаадалтын шинжтэй байв.  
Шүүх нь дороос дээшээ төвлөн захирагддаг босоо тогтолцоотой, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүхийг хянахаас гадна шүүхээс гадуур тусгай байгууллага байгуулж шүүхтэй зэрэгцэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байсан, шүүх бие даасан, шүүгч хараат бус байх явдал улс төр, зохион байгуулалт, эрх зүйн хувьд ямар ч хамгаалалт, баталгаа байгаагүй, бүхэлдээ нам, засгийн хяналтад, намын ангич үзэл, баримтлалаас хараат байдалтай, намын өгсөн заавар, чиглэлийг хэрэгжүүлдэг буюу АИХ-аар дамжуулан тавих нам, сонгогдсон хурал түүний захиргааны хяналт, нөлөөнд байсан зэрэг хараат байдалтайгаар 1990 он хүрсэн байна.    
Энэ үед шүүхийн байгууллагын ажлын гол зорилт нь “Нам, засгийн ерөнхий журмыг баримтлан хувьсгалт хуулиар ард түмнийг сэнхрүүлэх, гэмт хэргийг илрүүлэн таслан шийдвэрлэх явдал” буюу шүүх, шүүгч нь нам, төрийн бодлогыг ямагт тэргүүн зэрэгт тавьж, үйл ажиллагаандаа хэлбэрэлтгүй удирдлага болгож байжээ. Энэ зорилтоос нам, намын засаг ноёрхож, тэдэнд хууль, журам үйлчлэхгүй, нам төрийг удирдана, намын төрөөс баталсан хуулийг иргэд үг дуугүй биелүүлнэ, биелүүлэхгүй бол албадлагын механизм хэрэглэнэ гэсэн логик утга агуулга буюу тоталитар дэглэмийн гол зарим шинжүүд илэрхийлэгдэж байгаа болно.    

Ардчилсан, эрх зүйт төрийн үеийн шүүх    
Хүн төрөлхтөний мянга мянган жилийн түүх бол хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө, засаг төрийг Үндсэн хуулийн хязгаарлалтад оруулахын төлөөх тэмцлийн түүх байжээ.     
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч нь төр, мөн хохироогч нь ч төр байх бололцоотой учраас хүн төрөлхтөн өөрийнхөө эрх, эрх чөлөөг төрийн хүчнээс хамгаалах, баталгаажуулах талаар хийсэн дорвитой ололт бол төрийн эрх мэдлийг хуваарилах онолын тогтолцоог бий болгон, төрийн дээд хууль болох Үндсэн хуульдаа суулгаж, улмаар төрийн тогтолцоогоо түүний дагуу бүрдүүлсэн явдал.[45]
Анхны Үндсэн хууль 1787 онд АНУ-д үүнээс хойш Польш, Франц зэрэг улсад Үндсэн хууль бий болж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, ардчилал ба ард түмний бүрэн эрхт байдлын үзэл санаа нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгддөг хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны зэрэг түгээмэл үнэт зүйлсийн шинэ стандартыг агуулсан олон чухал баримт бичгийн суурь болжээ. Тухайлбал :
1789 оны хүний ба иргэний эрхийн тунхаглалд “хүний эрхийг хамгаалаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй улсад Үндсэн хууль оршдоггүй” гэж анх заажээ. 
1980-аад оны эцсээр Монголын Ардчилсан хүчнийхэн хошуучилж, нэг нам ноёрхсон захиргаадалтын дэглэмийг халж, эрх зүй, эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын зэрэг улс орны бүхий л салбар хүрээг хамаарсан шинэтгэл хийх шинэ үзэл, сэтгэлгээгээр “хувьсгалт хөдөлгөөн” өрнүүлсэн билээ. Үүний үр дүнд 1990 оны 3 сард нэг намын ноёрхлыг халж, ардчилсан шинэтгэлийн хууль зүйн эх үндэс болгон 1991 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг батлан мөрдөж, эдүгээгийн шинэ, ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталж, мөн оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс дагаж мөрдөж байна. Ингэж Монгол Улс нэг нам дангаар ноёрхсон улс төрийн тоталитар дэглэмээс ардчилсан дэглэмд бүрэн шилжсэн билээ.          
Анх 1990 оны 3 дугаар сард хууль гаргаж нэг намын онц эрхийг халахын хамт шүүгч, прокурор, мөрдөн байцаах байгууллагын ажилтан намаас түдгэлзэх буюу намын нөлөөнөөс хамгаалах механизмыг бүрдүүлжээ.  
1990.09.27-нд шүүхийн байгууламжийн тухай хууль баталж, түүний хараат бус байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгож, 1992 оны Үндсэн хуулийн дагуу төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваарилсан.      
Ардчилсан улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ба төрийн эрх мэдэл хуваарилах зарчим[46]-ын дагуу засгийн нэгдмэл эрхийг харилцан тэнцвэр, хяналттай (balances and checks) байх 3 салаанд хуваасны нэг нь шүүх эрх мэдэл.
Шүүх эрх мэдэл нь “нэгдүгээрт:эрүү, иргэний хэрэг төдийгүй эрх зүйн бусад (бүх) маргааныг эцэслэн хянан шийдвэрлэх, хоёрдугаарт : хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор гаднын хяналт тавьж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн эрх мэдлийн бие даасан салаа мөн”.[47]
Шүүхийг төрийн эрх мэдлийн бие даасан салаа болгон тусгаарлахын агуулга, ач холбогдол, зорилгыг судлаач, эрдэмтдийн бичсэн :  
Шүүх эрх мэдлийн агуулга нь хүний эрх, эрх чөлөөг хангахад болон хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн үйл явдал, шийдвэр нь эрх зүйд нийцсэн эсэхэд хяналт тавихад оршино. [48]
Шүүх эрх мэдлийн зорилго нь хүчирхийлэх үзэл санааг эрх зүйн үзэл санаагаар солиход, Засгийн газар ба түүний ашигладаг хүч хоёрын завсар эрх зүйн саад тогтоох явдал. [49]
Хэрэв шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Харин гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх нь дарангуйлагч болох бололцоотой. Хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч аргагүй” [50] гэх зэрэг үнэт үзэл санаанаас мэдэж болно.    
Энэ утгаараа шүүх нь хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны хийгээд ард түмнийг эрх зүйн хувьд хамгаалах үндсэн баталгаа болдог. 
Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага өөрсдөө хууль биелүүлж байгаа эсэхэд шүүхийн хяналт тогтоосон нь дэлхийн улс түмнээс дарангуйлагчдын эсрэг явуулсан тэмцлийн нэг үндсэн ололт гэж үздэг[51], өмнө нь төрийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага шүүхэд хянагдах биш шүүхийг хянадаг, албадлага, хүчирхийллийн зэвсэг болгодог, шийдвэрээ хүчингүй болгуулах бус хамгаалуулдаг, өөрсдөө хуулийг тойрч гардаг буюу хуулийн үйлчлэлээс гадуур байв.            
Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль, шүүхийн хяналтад оруулсан нь шударга ёс, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө зэрэг ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах шинэ механизм, эрх зүйт төрийн оршин хөгжих үндэс болсон юм.     
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн гол агуулга нь намын ба засаг захиргааны байгууллагын шууд хяналтад байж, тэдгээрийн албадлагын зэвсэг болж байсан хуучин тогтолцоог халж, шүүх эрх мэдлийг засгийн бие даасан салаа болгосон ба эрх мэдлүүд хоорондын хяналт, тэнцвэрт байдлыг хангахын тулд шүүхийн тогтолцоог үндсэн, дагнасан болон төрөлжсөн шүүхээс бүрдүүлж,тэдгээрийн хараат бус, бие даасан байдлыг хуульчлан тогтоосонд оршино.   
1992 оны Үндсэн хуульд шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн цэц гэсэн бие даасан бүлэг орсон. Шинэ Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байх эрх зүйн үндсийг бий болгосон юм. Тухайлбал : шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно, шүүх, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцож болохгүй, шүүгч гагцхүү хуульд захирагдана. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана, шүүгчийг МУ-ын Ерөнхийлөгч хугацаагүй томилно.
1993 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Шүүхийн тухай хуулиар шүүхийн тогтолцоог өөрчилж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааг бий болгож, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх суурийг тавьсан ба 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс “Шүүх байгуулах тухай хууль-ийг баталснаар : Шүүхийн Үндсэн тогтолцоог :    
- Анхан шатны буюу сум, сум дундын, дүүргийн шүүх;  
- Давж заалдах, хяналтын шатны буюу аймаг, нийслэлийн шүүх;
- Давж заалдах, хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүх гэсэн хэлбэртэй байсныг 2002 оны хуулиар өөрчилж, 
- Анхан шатны буюу орон нутагт сум, сум дундын шүүх, нийслэлд дүүргийн шүүх,
- Давж заалдах шатны буюу 21 аймаг болон нийслэлийн шүүх 
- Хяналтын буюу Улсын дээд шүүх гэсэн тогтолцоог бүрдүүлсэн байна.
Дагнасан шүүх байгуулж болох тухай Үндсэн хуульд заасныг үндэслэн гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийн хяналт тогтоохын тулд 2002.12.26-ны өдрийн хуулиар нийслэл ба аймаг бүрт Захиргааны хэргийн бие даасан шүүх, УДШ-д Захиргааны хэргийн танхим бий болгож, 2004.06.01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Харин УДШ-ийн бүтцэд 5 шүүгч хийгээд тэргүүн шүүгч бүхий Захиргааны хэргийн танхим ажиллаж, давж заалдах болон хяналтын шатны бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим давж заалдах болон хяналтын шатны чиг үүргийг хамтад нь хэрэгжүүлж байгаа нь дагнасан шүүхийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй байв.
Энэ асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх тухай тогтоол гаргасан ба УИХ-ын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай” хууль, “Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай” 77 дугаар тогтоол тус тус хэлэлцэн баталж, үйл ажиллагаа нь жигдрэн төлөвшсөн.
Дагнасан шүүхийн шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд зааснаар УДШ-ийн хяналтад байна.   
Үндсэн хуульд тусгайлан зааснаар Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, үндсэн хууль зөрчсөн гэх маргаантай асуудлаар дүгнэлт гаргах, маргааныг хянан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргадаг шүүх буюу Үндсэн хуулийн цэцийг байгуулсан. Үндсэн хуулийн цэц нь төрөлжсөн хэлбэрээр мэргэшсэн чиг үүрэгтэй, хянан шийдвэрлэх ажиллагааны тусдаа журам, Үндсэн хуульд заасан мэргэжлийн бүрэлдэхүүнтэй төрөлжсөн шүүх юм. Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УДШ хянах бүрэн эрхгүй байдлыг ҮХЦ-ийг биеэ даасан төрөлжсөн шүүх гэж үзэх онолын үндэслэлд хамааруулж үздэг ажээ.  
Ийнхүү шинэ, ардчилсан Үндсэн хууулийн дагуу шүүх эрх мэдлийн салбарт эрх зүйн шинэтгэл эрчимтэй хийгдэж, амжилттай хэрэгжиж байгаа ба шинэчлэл бол тасралтгүй явагдах үйл явц учраас цаашид дэлхийн ардчилсан улс орнуудын хөгжил, дэвшил, нийтлэг жишиг болон эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн улам бүр боловсронгуй болгоход чиглэгдсэн цогц бодлого, шийдвэр, төсөл, хөтөлбөрүүд боловсруулан баталж, хэрэгжүүлсээр байгаа билээ.  
Шүүхийн шинэчлэлийн давалгааг үргэлжлүүлсэн “Шүүхийн багц хууль”-ийн талаар жич судлан бичих тул “Монголын шүүхийн товч түүх” судалбарыг    үргэлжлэлтэйгээр төгсгөв.            

Товч дүгнэлт буюу эргэцүүлэл

Уг товч судалбар нь Монголын шүүх, төр, хууль цаазын чиглэлээр судалгаа хийх гэсэн зөвхөн эхлэл, оролдлого, судалгаа хийхэд бусдыг уриалсан санаачилга л болно. 
Монголын шүүх, төр, хууль цаазын талаархи түүхэн сурвалжуудыг өргөн цар  хүрээнд судлан танин мэдэх, эргэцүүлэл хийх, сургамж авах, уламжлан шинэчлэх зэрэг олон асуудал байна.             
Монголын үе үеийн төр нь шүүх, шүүгчгүйгээр оршин байгаагүй, Монголын шүүхийн түүхэн уламжлал, шинэчлэл, хөгжил  бол Монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, засаг төрийг хуулийн хязгаарлалтад оруулахын төлөөх олон зуун жилийн тэмцлийн түүхтэй салшгүй холбоотой байв.
Гэхдээ шүүхийн түүхэн уламжлал, шинэчлэл, хөгжил  бол зөвхөн шулуун дардан замаар замнаагүй байх ба энэ нь улс орны ахуй байдал, хөгжлийн түвшин, эдийн засгийн чадавхи, гадаад орчин ба харилцааны түүхэн цаг үе зэргээс ялангуяа тухайн үеийн улс төрийн байгууламж буюу дэглэмээс үлэмж хамааралтай байжээ.  
Үндсэн хуульт ёсны ба хууль дээдлэх үзэл сэтгэлгээ, шүүхийн эрх зүй, шүүхээс хэрэглэх материаллаг болон процессын хуулиуд, шүүгчийг төрийн тэргүүн (хаан)-ээс томилох, тэдгээрт тавих шалгуур, сахилга хариуцлага, шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнуулах /эрүү, иргэний, цэргийн хэргийн коллеги/ зэрэг зохицуулалт, үзэл хандлага, төлөвшлийн хувьд боловсронгуй болж өөрчлөгдсөн хэдий ч уламжлал, залгамж чанарыг хадгалсан асуудлууд цөөнгүй байна.            
Мөн социалист төрийн үед шүүхийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлэн дүгнэх, урамшуулах, дэвшүүлэх бодлогын нэг нь Улсын дээд шүүхийн нэр дээр гадаад оронд сурган, бэлтгэдэг байсан явдал байх ба энэ нь залгамжлан хэрэгжүүлвэл зохих бодлогын шинжтэй, оновчтой шийдэл шаардсан асуудал гэж үзэж болохоор байна.   
Анхаарах хамгийн гашуун сургамж бол хэлмэгдэл, шүүх нь улс төрийн нам, төрийн бусад эрх мэдлийн хяналтад буюу хараат байдалтай, шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдал бүх талын хангалттай баталгаагүй байсны хор холбогдлын тухай цогц асуудал.      
Социалист төрийн үед шүүх хуралдаанд ардын төлөөлөгч таслах эрхтэй оролцдог байсан байх боловч энэ нь тухайн үед мэргэжлийн эрх зүйч боловсон хүчин байгаагүйгээс гадна санхүүгийн хувьд арвилан хэмнэлт хийх, мөн социалист, хувьсгалт бодлого, хуулийг хэрэгжүүлэхийн тулд хувьсгалт нам, намын бүтцээр дамжигдан бэлтгэгдсэн хүмүүсийг сонгон оруулах зайлшгүй шаардлага үүссэн зэрэгтэй холбоотой байжээ.
Намын засгийн удирдах багийнхан социалист хувьсгалт хууль тогтоомжийг “дээд удирдах газраас” заавар аван зохион мөрдүүлж, хэрэгжилтэд нь хатуу цагдан хяналт тавьж, хувьсгалт хууль, бодлогын эсэргүү, үзэл санаа нь ялзарсан гэх шалтагаар хэлмэгдүүлэх ажиллагааг гадна, дотны шахалт, заавраар хэрэгжүүлж байв.         
Хэлмэгдүүлэлтэд олон мянган гэм зэмгүй сэхээтэн, эх оронч эгэл иргэд, төрийн алба хаагч, шүүгчид хүртэл өртсөн нь хамгийн эмгэнэлт түүх болон үлджээ. Яагаад гэдгийг учир шалтгааныг зайлшгүй эргэцүүлэх ёстой.     
Бүр шүүхийн шүүгч нарыг хэлмэгдүүлнэ гэдэг бол тэдгээр шүүгчид хүний эрх, хууль, шударга ёсны төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцсэн буюу жирийн нэгнээс гарахааргүй эр зориг, шударга чанар, хамгийн чухал нь өргөсөн тангарагтаа үнэнч байж чадсаны онцгой илэрхийлэл болно.      
Үндэстнийг устгахад сэхээтэн, эх орончдыг нь устгах бодлого хэрэгжүүлдэг утга санааг түүхч А.Ж.Тойнби “Түүх судлал” бүтээлдээ өгүүлсэн нь бидний улсын хувьд энэ нь илэрхий “нотолгоо, туршилт” болсон мэт.        
Монголчууд 1911 онд Манжийн дарлалыг устгасан боловч энэ үеэс Монголын тусгаар тогтнол бүрэн баталгаажаагүй, хоёр талын “өнгөлзөгч мангас”-ийн дунд цөөхөн Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө олон талт аргаар амь үл хайрлан тэмцсэн байх ба хэлмэгдсэн, амь үрэгдсэн эх оронч, сэхээтэн, эрэлхэг олон зуун хөвгүүдийн амь амьдрал, мөн 2 талаас тонуулсан газар шорооны “асар их үнэ цэнэ”-ээр “Өнөөгийн Монгол” тусгаар оршин тогтнож чадсаныг түүх гэрчилнэ. Энэ бол мөнхөд дурсагдах бахархах түүх, бахдам гавъяат үйлс юм. Үүнийг бид хэзээ ч мартаж үл болох билээ.       
1911 оноос хойш, ялангуяа 1919-1921 оны хооронд тусгаар тогтнолд үүссэн эгзэгтэй, цөвүүн, эмзэг нөхцөл байдалд, тухайн үеийн төрийн эрх барих буюу гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа тасалдсан тийм нөхцөлд үндэсний үзэлт эгэл малчин, хөдөлмөрч иргэд, сэхээтэн бүрийн эв эе, мэргэн бодлого, торгон мэдрэмж бүхий саруул ухаан, хуулийн үйлчлэлийг шударгаар ханган, хэрэгжүүлж байсан шүүх яам, зохих шатны шүүх, шүүгчийн бодлого, үйл ажиллагаа “нийгмийн дэг журам, аюулгүй байдал”-ыг хангахад чухал үүрэг гүйцэтгэснийг үгүйсгэх боломжгүй юм.          
Мөн тусгаар тогтнолоос урвагч, урвахаар ил, далд санаархагч, ар хударгатан  зарим хүмүүс нам, төрийн удирдлагад туршуул болон шургалсан нь түүх болон үлдсэн байна.       
Ямартаа ч “Монгол” овогт Улсууд, “Монгол төр”  үүссэн тэр цаг үеэс шүүх буюу шүүгч хэмээх байгууллага, албан тушаалтан бий болсон байх ба агуу их түүхийн   адармаатай, ээдрээтэй түм буман нугачаанд “хүний эрх”-ийг хамгаалах, “шударга ёс”-ыг тогтоох, “хууль”-ийг чанд сахиулах чиг үүргээ тасралтгүй хэрэгжүүлж,  “үй түмэн бэрхшээл, сорилт, намын ба засгийн хараа хяналт”-ыг зориг тэвчээр, итгэл зүтгэлтэйгээр даван туулсаар шинэ цаг үетэй золгон улмаар эдүгээгийн ардчилсан төрийн эрх мэдлийн бие даасан салаа буюу “ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” болтлоо хөгжин бэхжиж, төлөвшиж чадсан билээ.        
Социалист хууль нь ноёрхогч ангийн ашиг сонирхлын илэрхийлэл ба ноёрхогч анги хуулийн үйлчлэлээс гадуур байсан, харин ардчилсан хууль нь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл ба төрийн эрх мэдлийн хийгээд бусад байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч хуулийн үйлчлэлээс гадуур байх боломжгүй байдаг. Энэ утгаар социалист төрийн үеийн шүүх нь социалист хууль буюу ноёрхогч анги түүний дур зоргыг хамгаалж байсан бол ардчилсан төрийн үеийн шүүх нь ард түмнийг эрх зүйн хувьд хамгаалагч ба энэ агуулгаар аливаа хууль өөрөө Үндсэн хуульд нийцсэн эсэх буюу нийтлэг эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн эсэхийг хянах “бүрэн эрх”-ийг хэрэгжүүлэгч юм.  
Энэ нь шүүх эрх мэдэл бол, хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, хууль ёс болон бусад үнэт зүйлсийг хамгаалах үндсэн механизм, эрх зүйт төрийн оршин хөгжих үндсэн баталгаа буюу өмнөх түүхэнд гарсан аймшигт хэлмэгдүүлэлт, хараа хяналт бусад зүй бус бодлого, зохицуулалт, бохир технологит ажиллагаа дахин давтагдахгүй байх бүхий л боломж эгнэгт бүрдсэний үндэслэл болох юм. Энэ бол эдүгээ шүүхийн бахархах түүх, бахдам амжилт юм.                        
Аливаа хүний ямарваа асуудалд хандах үзэл бодол, хандлага нь харилцан адилгүй тул “Монголын шүүх, төр, хууль цаазын түүх”-ийн баялаг эх сурвалжийг судлан, эргэцүүлэл хийж, олон янзын шинэ санал, санаачилга гаргах нь хамгийн чухал. Эргэлзээ, эргэцүүлэл, олон янзын үзэл, хандлагын дундаас зөв шийдэл олж болдог.          
Монголын төрт ёс, хууль цаазын арвин баялаг түүхийн өмнө сөгдөж, биширмү.             
Үнэт зүйлс, шударга ёсны эрлийн төлөөх Монголын шүүхийн гэгээн үйлс өнөд мандан бадраг.       


Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн
эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Г.ГАНБААТАР, УБ, 2016.02.22    






[1] С.Нарангэрэл. Монголын ба Дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ., 2001. 143-р тал
[2] Н.Лүндэндорж. Тєр, эрх зүйн сэтгэлгээний хєгжлийн чиг хандлага. УБ.2002. 281-р тал
[3] Д.Лүндээжанцан, Ж.Болдбаатар нар. Монгол Улсын тєр, эрх зүйн түүхэн уламжлал. УБ.1997. 9-р тал 
[4] Н.Лүндэндорж. Тєр, эрх зүйн сэтгэлгээний хєгжлийн чиг хандлага. УБ.2002. 282-р тал
[5] Монголын нууц товчоо. Хөрвүүлсэн Ц.Дамдинсүрэн, 1957 он. 72, 76-р тал
[6] Э.Авирмэд, Д.Дашцэдэн, Г.Совд. Монгол хууль. УБ., 1997. 7-р тал. 
[7] Б.Айбек. Эртний Монгол нутагт оршиж байсан түрэг угсааны улсуудын шүүхийн тогтолцоо. Монголын шүүхийн товчоон. УБ., 2007. 20-21-р тал
[8]  Монголын нууц товчоо. Хөрвүүлсэн Ц.Дамдинсүрэн, 1957 он. 112-113-р тал
[9] И.Дашням нар “ Эзэн богд Чингисийн Их засаг”, И.Дашням. Чингисийн хаант улсын төр, хууль цааз. Э.Авирмэд, Д.Дашцэдэн, Г.Совд. Монгол хууль. УБ., 1997 номоос үзнэ үү.
[10] Жувейн. Дэлхийг байлдан дагуулагчийн  түүх. УБ., 2006. 31-32-р тал 
[11] Монголын нууц товчоо. Хөрвүүлсэн Ц.Дамдинсүрэн, 1957 он. 177-р тал  
[12] С.Бадарчи. Их Монгол Улсын шүүхийн  тогтолцоо. Монголын шүүхийн  товчоон. УБ., 2007. 27-р тал  
[13] Алтан товч судар. УБ., 1990. х.126  
[14] Рашид-ад Дин.  “Судрын чуулган” 3 боть, УБ., 2002 он.
[15] Ч.Нямсүрэн. Юан гүрний шүүх тогтолцоо. Монголын шүүхийн  товчоон. УБ., 2007. 84-85-р тал 
[16] Э.Авирмэд, Д.Дашцэдэн, Г.Совд. Монгол хууль. УБ., 1997. 34-р тал. 
[17] Д.Лүндээжанцан, Ж.Болдбаатар нар. Монгол Улсын тєр, эрх зүйн түүхэн уламжлал. УБ.1997. 9-р тал 
[18] С.Бадарчи. Их Монгол Улсын шүүхийн  тогтолцоо. Монголын шүүхийн  товчоон. УБ., 2007. 33-р тал    
[19] Э.Авирмэд, Д.Дашцэдэн, Г.Совд. Монгол хууль. УБ., 1997. 29-41-р тал.  

[20] Т.Алтангэрэл. XV-XVII зууны  Монгол цаазын бичгүүд. УБ.,1999 он, мөн Э.Авирмэд, Д.Дашцэдэн, Г.Совд. Монгол хууль. УБ., 1997 номоос үзнэ үү.
[21] Э.Авирмэд, Д.Дашцэдэн, Г.Совд. Монгол хууль. УБ., 1997. 72-82-р тал. С.Жалан-аажив. Халх журам. 1995 номоос үзнэ үү.
[22] Б.Баярсайхан. Монгол цаазын бичигт хийсэн эрх зүйн судалгаа. УБ., 2005 номоос үзнэ үү
[23] Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл, баримт бичгийн эмхтгэл (1900-1914). УБ, х.182  

[24] Монгол Улсын Дээд, Доод хурал. УБ., 2003. 144-р тал
[25] Б.Содовсүрэн. Хувьсгалын өмнөх Монголын төр, хууль цааз. УБ., 1989. 96-р тал
[26] Г.Совд. БНМАУ-ын эрүүгийн эрхийн курс. УБ., 1973. 46-р тал
[27] Г.Совд. БНМАУ-ын эрүүгийн эрхийн курс. УБ., 1973. 46-р тал
[28] Ж.Урангуа, Б.Баярсайхан нар. Жинхэнэ дагаж явах хууль дүрэм эх бичгийн судалгаа. УБ., 2004 номоос үзнэ үү
[29] Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”. УБ.,1997 он, номоос үзнэ үү
[30] Баабар. Монголчууд : нүүдэл, суудал. УБ., 2009. 1-р боть. 335-343-р тал.
[31] МАХН-ын түүхийн лекц, 1917-1940. УБ, 1980, х.44
[32] Бат-очир Л. Л.Бодоо сайд : Үзэл ба үйлс. УБ, 1991, х.44
[33] Б.Ширэндэв. Монгол ардын хувьсгалын түүх. УБ, 1969. х.182 

[34] МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд /1920-1960/. УБ., 1966. 48-51-р тал
[35] Баабар. Монголчууд : нүүдэл, суудал. УБ., 2009. 1-р боть. 384-385-р тал.
[36] МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд /1920-1960/. УБ., 1966. 39-р тал

[37] МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд. УБ., 1966. БНМАУ-ын Үндсэн хууль, түүнд холбогдох зарим актын эмхтгэл. УБ., 1972. 1926 оны Шүүн таслах газруудад аливаа хэргийг байцаан шийтгэх хууль, 1935 оны БНМАУ-ын аливаа хэргийг байцаах ба шийтгэх тухай хууль, 1949 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 1994 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,  1926, 1952, 1963 оны Иргэний хууль, Б.Чимэд. БНМАУ-ын шүүх социалист ололтыг хамгаалах манаанд. УБ., 1977, Д.Сангиданзан. БНМАУ-ын шүүх. УБ., 1967 зэргийг эх сурвалжаар ашиглав.  
[38] Н.Лүндэндорж. Тєр, эрх зүйн сэтгэлгээний хєгжлийн чиг хандлага. УБ.2002. 237-р тал
[39] Б.Чимид. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс. УБ., 2002. 13-р тал
[40] Н.Лүндэндорж. Тєр, эрх зүйн сэтгэлгээний хєгжлийн чиг хандлага. УБ.2002. 208-р тал


[41] БНМАУ-ын Үндсэн хууль түүнд холбогдох зарим актын эмхэтгэл.УБ.1972.228-229-р тал
[42] МАХН-ын их, бага хурал, тєв хорооны бүгд хурлуудын тогтоол, шийдвэр/ 1921-1939/ УБ. 1956. 486-р тал
[43] БНМАУ-ын Үндсэн хууль түүнд холбогдох зарим актын эмхэтгэл./ 1940-1970/ УБ.1974. 223-р тал   

[44] УДШ-ийн дарга, түүний орлогчид, Улсын прокурор, түүний орлогчид, мєн аймаг, хотын шүүхийн дарга, аймаг, хотын прокуророос эсэргүүцэл бичих эрхтэй байв.
[45] Н.Лүндэндорж. Тєр, эрх зүйн сэтгэлгээний хєгжлийн чиг хандлага. УБ., 2002. 151-152-р тал
[46] Ш.Л.Монтескье. “Хуулийн амин сүнс”, УБ., 2008 номоос үзнэ үү.   
[47] Б.Чимэд.Үндсэн хуулийн үзэл баримтлал. УБ., 2002.116-р тал 
[48] Ю.И. Стецовский “Судебная власть” М., 1999.  дам ишлэв.
[49] Конституционное право зарубежных стран. Т-2. 1995. дам ишлэв.   
[50]  Ш.Л.Монтескье. “Хуулийн амин сүнс”, УБ., 2008 номоос үзнэ үү.   
[51] Б.Чимэд. Үндсэн хуулийн мэдлэг. УБ., 2008.303-р тал