Monday, May 23, 2016

“ХУУЛИЙН ЭЗЭНТ ГҮРЭН”-ИЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ


“ХУУЛИЙН ЭЗЭНТ ГҮРЭН”-ИЙ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ
“Дэлхийн эзэнт гүрэн” байсан Чингисийн Монгол “хуулийн эзэнт гүрэн”
 болоход бид юу хийх, хэнд, юунд итгэж найдах ёстой вэ ?   

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн санаачилгаар Р.Дворкиний “Хуулийн эзэнт гүрэн” ном орчуулагдсан нь хуульч бидний хувьд иргэний ардчилсан нийгэм, улс төрийн гол идеал, хууль гэж чухам юу болох, хууль хэрэглэх, тайлбарлах онол арга зүй, жишгийн эрх зүйн тухай онолын мэдлэг, туршлагаа улам бүр нэмэгдүүлэх, ухамсар сэтгэлгээг шинэчлэх, тэлэхэд чиглэгдсэн оюун мэдлэгийн чухал хөрөнгө оруулалт болсон билээ.        
Тус номд өгүүлсэн буюу түгээж буй шинэлэг мэдлэг, мэдээллийн үндсэн үзэл санаа, агуулга чухам юу болохыг өөрийн уншиж ойлгосон, танин мэдсэн, эргэцүүлсэн тэрхүү хэмжээ хязгаарын хүрээнд  “Дэлхийн эзэнт гүрэн” байсан Чингисийн Монгол “хуулийн эзэнт гүрэн”  болоход бид юу хийх, хэнд, юунд итгэж найдах ёстой” тухайд өөрт төрсөн сэтгэгдэл, үзэл бодлыг мэргэжил нэгт нөхөдтэй хуваалцаж, санал солилцохыг эрмэлзэв.            

“Хуулийн эзэнт гүрэн” ямагт ардчилсан нийгэм, шударга ёсны эрэлийн төлөө байна.       
”Хуулийн эзэнт гүрэн”-д : Ардчилал бол ард иргэд Үндсэн хуулиа хийх эрх гэсэн үг. Улс төр гэдэг бол хүний ба улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах, хамгаалах цэвэр бодлого, улс төрч гэдэг бол тухайн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхийн төлөө оюун мэдлэг, чадвараа дайчлан зүтгэгч, түүнээс биш “ууж идэхдээ уургын морь шиг, иргэдээ, улсаа хөгжүүлэхэд ургаа хад шиг” улс төрийн бодлого, улс төрч байх ёсгүй аж.    
Улс төр нэгэнт бодлого учраас тухайн бодлогын илрэл, хэрэгжүүлэх гол арга хэлбэр нь хууль болно.       
Гэхдээ тухайн хууль нь улс төрийн бодлого хэрэгжүүлэх эрх бүхий “улс төрийн нам гэх бүлэг, фракц”-ийн дур зорго, бохир бодлого уу эсхүл олон түмний хүсэл зоригийн илэрхийллийг дээд зэргээр хангасан цэвэр бодлого уу гэдэг нь төрийн ямар дэглэмтэй эсэхээс хамаарна.         
Ардчилсан бус улс төр буюу хууль нь ноёрхогч ангийн ашиг сонирхлын илэрхийлэл ба ноёрхогч анги хуулийн үйлчлэлээс гадуур байна, харин ардчилсан улс төр буюу хууль нь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл ба төрийн эрх мэдлийн хийгээд бусад байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч хуулийн үйлчлэлээс гадуур байх боломжгүй байх ёстой. 
Хэдий ардчилсан Үндсэн хуультай, чөлөөт эдийн засаг, эрх чөлөөт нийгэмд шилжсэн “зөв сонголт” хийсэн боловч олон түмний туйлаар хүсэн хүлээсэн үр дүн, хөгжил дэвшилд хүрч чадаагүй, чадахгүйгээр дороо хий эргэсэн, дорой эдийн засаг, хөгжлийн түвшинтэй, улс төрийн цэвэр биш бодлогоос үүдсэн бусад сөрөг үзэгдлүүд тархмал байгаагийн учир шалтгаан нь юу вэ ? 
Ардчилсан дэглэм сонгосон л бол : - “улс төрийн нам” гэх бүтцийг бүлэг хүмүүс амиа зогоох арга хэрэгсэл мэт ойлгохгүй байхыг, 
- олон түмний ардчилсан эрх мэдлийг “дүр эсгэн” хуурах элдэв арга замаар авах, цэвэр биш, хуучинсаг, царцанги үзэлт хэсэг бүлэгт нуун далдлагдсан буюу зүсээ хувиргасан улс төрийн буруу бодлого, технологи хэрэгжүүлэхгүй байхыг,        
- улс төрийн гэх “нам буюу намуудын олонхийн дарангуйлал” тогтоож, хуульчлагдсан тонуулыг   хэрэгжүүлэх “нүх сүв”-ийг аль болохуйц хаах, урьдчилан сэргийлэх бодлого явуулж байхыг “Хуулийн эзэнт гүрэн” сануулж байна.           
Ардчилал, хөгжил дэвшлийн зөв зам сонгосон хэрнээ хүсээгүй үр дүн, сөрөг үр дагаварт хүргэхгүй байх буюу улс төрийн эрх мэдлийг хязгаарлах, зүй ёс, шударга ёсны үндэслэлийг нь бэхжүүлэх, хүний эрхээс давсан эрх мэдлийг зөвтгөхгүй, дарангуйлалд орон зай олгохгүй байх үндсэн арга, механизм юу байх ёстой вэ ?   
“Хуулийн эзэнт гүрэн”-д :            
- эрх чөлөө, шударга ёсны эрэлийн төлөө тэмүүлэх, тэмцэх иргэдийн хөдөлгөөн, иргэний нийгэмлэг,       
- төр гэх аппарат нь иргэд, иргэний нийгэмлэгийн хэрэгт хууль зөрчин хошуу дүрэх,  тэдний хийчих, тэднээр хийлгүүлчих ажлыг өөрийн ажил, эрх, үүрэг мэт булаан авч, дураар авирлахгүй байхыг хязгаарласан зүй ёс, шударга ёс, процедурын процессын шаардлагад нийцсэн улс төрийн цэвэр бодлого, эрх зүйт, шударга, амьд хууль,
- хуулийн эзэнт гүрний нийслэл буюу хараат бус, бие даасан “ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ”-ийг төлөвшүүлсэн, улс төр, хууль эрх зүйн болон бусад баталгааг бүхий л талаар хангасан байх нь тэргүүн зэргийн зорилго байна.        
Хууль гэж юу вэ, хууль ямар байх ёстой тухай асуудал бол олон нийтийн хэлэлцүүлэгийн сэдэв болон иргэдийн буюу тэдний мэргэжил, үзэл бодлоор нэгдсэн нийгэмлэгийн анхаарал, хяналтын төвд байх ёстой.
Иргэний ардчилсан нийгэмд хуулиуд нь зүй ёс, шударга ёс, процедурын процессын шаардлагыг хангасан буюу нийгэмд ямар нэг хэлбэрээр хүлээн зөвшөөрөгдсөн байхыг шаарддаг.  
Хуулийн уг бүхэллэг, легитим чанар нь иргэдийн өөрсдийн нийгэмлэгийн “зохих стандарт, дүрэм”-ийг боловсруулан хөгжүүлэх хувь хүний үүрэг, оролцоог хүлээн зөвшөөрч, өргөтгөхөд чиглэгдэнэ. 
Иргэний нийгэмлэгийн санал бодол, хуулийн тухайн бүхэллэг чанарыг улс төрийн идеал болгон хүлээн авсан төр бусдаасаа илүү эрх зүйт ёсны шаардлагад нийцдэг. 
Эдгээр шаардлага нь соёл иргэншлийн урьдчилсан нөхцөл ба олон нийтийн стандарт болгон хүлээж авахгүй л бол соёл иргэншил оршин тогтнох боломжгүй байдалд хүрэх зүй тогтолтой байна.
АНУ өөрийн Үндсэн хуулийн эрхийг мажоритари институциудын ухамсарт найдан орхиогүйн буюу  олонхийн шийдвэрийн эсрэг хувь хүний эрхийг баталгаажуулсны, засаг төрийн аливаа бодлого буюу шийдвэр Үндсэн хуулиар тэдэнд олгосон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан тохиолдолд хүчингүй болгох эрх мэдлийг ердийн болон Дээд шүүхэд хадгалуулсаны, шүүх эрх мэдлийг ард түмнийг эрх зүйн хувьд хамгаалагч, шударга ёс, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө зэрэг ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, эрх зүйт төрийн оршин хөгжих үндэс гэж үзсэнийн үндсэн учир шалтгаан, утга агуулга энд оршиж байна.        
Шүүх эрх мэдэлд улс төрийн бодлого буюу хуулийн агуулгыг хянах, хуулийн тэгш, шударга үйлчлэлийг хангах, хангуулах онцгой эрх мэдэл нэгэнт хадгалагдсан тул улс төрийн бодлого нь зүсээ хувиргаагүй, ардчилсан, цэвэр, зүй ёс, шударга ёс, процедурын процессын шаардлагад нийцсэн, хууль нь эрх зүйт, шударга, амьд, хүний эрхэд үндэслэгдсэн байх нь Хуулийн эзэнт гүрний зайлшгүй шалгуур,  шаардлага болно.    
Хуулийн эзэнт гүрний нийслэл болох шүүх эрх мэдлийн тэрхүү онцгой эрх мэдлийг хэрэгжүүлэгч учраас шүүгч нарын хувьд тавигдах шалгуур шаардлага мөн онцгой чухал байна.     
Хууль яг юу шаардаж байгааг, хуулийн цаадах хууль, хуулийн бичвэрээс бодит хуулийг хэрхэн бүтээхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй шүүгч нарын хувьд нэн тэргүүний шаардлага бол хууль хэрэглэх, тайлбарлах нийтлэг дүрэм, онол, арга зүйг дээд түвшинд эзэмшсэн байх явдал.   

Цуврал хууль ба нийтлэг дүрэм 
Цуврал романы нэг адил “цуврал хууль” нь хууль хэрэглэх, тайлбарлахад нийтлэг дүрэм болно.  “Цуврал роман” бичих үйл явцын нарийн нийлмэл цогц байх шинж нь хэрэг маргаан шийдвэрлэх  зорилтын загвартай адил гэж хийсвэрлэх нь цуврал хуулийн нийтлэг дүрмийн шаардлага байна.  
“Цуврал” нь мэдээж хэрэг нэг эхлэл “төв цэг”-ээс үүссэн, залгамж холбоо бүхий гинжин цуврал байх нь зайлшгүй. Энэ утгаар “цуврал хууль” гэдгийг нэг талаас эрэмбэ, шатлалаар цуварсан, тэдгээрийн өөр хоорондын залгамж холбоо, нийцлийн зарчмыг илэрхийлсэн хууль зүйн эх сурвалжуудын цогц гэж ойлгож, дараах цуварсан гинжин холбоот байдлаар тодорхойлж болохоор байна.     
Үндсэн хууль : Үндсэн хууль бол хууль, гэхдээ дээд эрэмбийнх буюу Үндсэн хуульд бусад хууль тогтоомж нийцсэн байх ёстой. 
Хүний эрх, үнэт зүйлсийн хил хязгаарыг давсан хамтын эрх мэдэл, үйлдэл, үйл ажиллагааг зөвтгөх ёсгүй учир Үндсэн хуулийн бүтэц, практикт хамгийн сайн тайлбар хийх, хэлэлцэж байгаа асуудал зарчмынх уу, бодлогынх уу гэдэгт нарийн нягт, ялгавартай эргэцүүлэл хийх шаардлагатай.  
Үндсэн хуулийн тайлбар нь улс төрийн эрх мэдлийн суурь зохицуулалтад нийцэж, бас түүний үндэслэл болох буюу улс төрийн онолын хамгийн сайн философи хүрээнээс урган гарсан үндэслэл байх ёстой. 
Үндсэн хуулийн практикийн тайлбарт хамаарах өрсөлдөх янз бүрийн итгэл үнэмшлийн өргөн хүрээ бүхий спектрын хувьд тэдгээрийн огтлолцол, тэнцвэрийг зөв ойлгох, мэдрэх нь чухал байна.  
Парламентаас баталсан хууль : Хууль уг нь цэвэр байх, цэвэр үйлчлэх ёстой боловч эсрэг байх тохиолдлууд цөөнгүй. Хууль хэзээ ч туйлын цэвэр болохгүй хэдий ч өмнөхөөс дараагийн үе бүрт тухай бүр илүү сайжирдаг гэж үздэг.
Энэ утгаар “хууль бол хууль” гэж механикаар ойлгох буюу хайрцаглагдсан сэтгэлгээгээр хууль гэж юу болохыг шийдэх боломжгүй. “Хууль өөрөө эрх зүйт, шударга, амьд байх” шалгуурыг хангасан эсэх нь анхаарах гол асуудал.   
 Хүний эрх, үнэт зүйлсийн хэмжээс олон янз хийгээд өөр хоорондоо өрсөлдөх шинжтэй. Эдгээрийг зөв танин мэдэж, бусад нөхцөл, шалгуурыг харгалзаны үндсэн дээр аливаа хуулийг Үндсэн хуульд нийцсэн, бусад хуулиас илүү үндэслэлтэй хэмээн сонгоно.
Хуулийн агуулга, бүтэц нь нийгмийн бодит амьдралаас урган гарсан, олон нийтийн санаа бодлыг хамгийн сайнаар илэрхийлсэн, шударга ёс, зүй ёс, хуулийн бүхэллэг чанар, процедурын процессын шалгуур, уялдаа холбоог ханган нөхцөлдүүлсэн байх ёстой.       
Энэ нь хуулийн бүтэц, мөн чанар, хэв шинж ямар цаг үе, нөхцөл байдалд, яагаад бий болов ? Хууль яагаад зөвхөн түүний зохиогч гэх этгээдийн юу байх ёстой гэж бодсон тэр л зүйл байх ёстой вэ ?  гэдгийг “цуврал хууль” зохиогч мэт хийсвэрлэн сэтгэж, эргэцүүлэхийг шаардах ба хууль тогтоогч нартай нэг ижил байр суурьтай байх чиг үүрэг заавал хүлээхгүй.  
Зөгнөл, ид шидийг санаандаа багтаасан цуврал роман зохиогчид адил утоп улс төрчдийн мөрөөдөл өнөөгийн хуульд нууц байдлаар агуулагдсан байж болно, мөрөөдөл нь хуулийн ирээдүй байх тохиолдол бас байх аж. Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай 2015.08.11-ний өдрийн хууль үүний бэлээхэн жишээ болно. Анхны төслөөс бодит хууль нь орвонгоороо өөрчлөгдөн батлагдсан хууль тогтоогчдын “далд сэдэл санаархал” нь юу вэ ? Зөвхөн энэ ч биш зарим хуулийг батлахдаа тэмдэглэлт баярын үеэр буюу олны анхаарлаас далд сэмхэн, мөн редакци нэрийдлээр өгүүлбэр, зүйл заалтыг гээгдүүлдэг, засдаг үзэгдлүүд цөөн бус удаа гарч байв.  
Хуулийн бодит бичвэр цэвэр үү, шударга, эрх зүйт мөн үү, амьд үйлчлэлтэй болж чадсан уу, хуулийн цаадах хуулийн утга агуулга, ил далд сэдэл санаархал нь үндэсний эрх ашиг, зүй ёс, шударга ёсны шаардлагад нийцсэн эсэх, улс төр, ёс суртахууны болон эдийн засгийн онолтой байсан эсэх, бодлогын болон зарчмын үндэслэл нь юу болох зэргийг илрүүлэх ёстой.
Тийнхүү илрүүлэхэд шударга ёс, зүй ёс, хуулийн бүхэллэг чанар, процедурын процессын шалгуур, шаардлагаас гадна хуулийн үзэл санаа, агуулгыг зөвтгөх үндэслэл болох нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд чухал ач холбогдолтой. Зарчим хэзээ ч алга болдоггүй, үйлчлэл нь зогсдоггүй, тасралтгүй шинжтэй.          
Шүүхээс тийнхүү эрх зүйт биш, шударга бус хууль буюу түүний хийдлийг илрүүлэн Үндсэн хууль, бусад хууль, зарчимд нийцүүлэн шийдвэр гаргасан тохиолдолд уг шийдвэрийг “хуулийн цаадах бодит хууль”-ийг илрүүлсэн шүүхийн хамгийн сайн шийдэл, тайлбар гэж үзнэ. Энэ бол хуулийг шинээр зохиож, бүтээж байгаа хэрэг биш харин хуулийн цаадах хуулийн үндэс, үзэл санаа, мөн чанар, зарчим тэдгээрийн агуулгыг хуулийн хүлээн зөвшөөрөгдөхүйц шинэ аргумент, мэдлэг, нотолгоогоор хийсвэрлэн танин мэдсэн буюу хуулийн хамгийн сайн тайлбараар нээж, тодотгон сайжруулсан гэж зохистойгоор ойлгоно.
Хуулийн бүхэллэг чанар нь хуулийн үндэс нь хууль, шийдвэрийн хамгийн сайн тайлбарт оршихыг зөвшөөрч байна.           
Эльмерийн хэргийн хувьд шүүгч Эрлийн : Хууль тогтоогч нар хүн амины гэмт хэрэгтнүүдэд өв залгамжлах эрх олгохыг анхнаасаа зориогүй байх ба тийм сэдэл санаатай байсан гэж үзэх нь утгагүй, тийм учраас хууль тогтоогч нар авч үзээд эсэргүүцэх аливаа үр дагавар бодит хуульд байхгүй. Мөн “хууль бол аливаа этгээд өөрийн гэм буруутай үйлдлээс ашиг завшиж болохгүй гэсэн зарчимтай учраас өв залгамжлуулж болохгүй” гэсэн үндэслэл, тайлбар бүхий шийдвэр бол үүний сонгодог жишээ болно. 
Шүүхийн прецедент : Шүүхийн прецедентийн хатуу болон уян хатан загвар байх ба өмнөх шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөхийг шаарддаг прецедентын хатуу онол шүүхийн нэг тойргоос нөгөөд өөр өөр боловч хамгийн дээд шатны шүүхийн хувьд энэ байдлаас хараат бус байна.
Өмнөх бусад шүүгчид хууль гэж юу болохыг шийдсэн сайн практикийн хүрээнд  маргааныг шийдэх боломжтой. Гэхдээ хууль бол хэзээд төгс төгөлдөр байж чадахгүй учир шүүхийн шийдвэр гаргахад ямар нэг хэлбэрээр урьд өмнө шийдчихсэн зүйлээс урган гарч байгаа мэт дүр эсгэхээс чөлөөлөгдсөн байх, өмнөх шүүхийн шийдвэрүүдэд автах үүрэг заавал хүлээхгүй байж болно.  
Шүүгч нар хууль, өмнөх шүүхийн шийдвэртэй нийцэх нийцлийг нягт харгалзан, өөрийн үзэмжээр гэхдээ холбогдох онол, арга зүй, техник дүрэм ашиглан тайлбарлаж буй бичвэр, үнэт зүйлс,  тэдгээрийн утга санаа, үр дүн, шийдлийг “зөв“ гэж үзэх шинэ, онцгой шинж чанар бүхий хамгийн сайн үндэслэл, нотолгоо, зөвтгөх нөхцөл тэдгээрийн тэнцвэр, учир шалтгааныг хангалттай баталсан байх ёстой, прецедент нэрийн дор хууль бус, шударга бус санаа бодлоо үндэслэл болгох ёсгүй. 
Шүүгч нь шинэ прецедент болгох шийдвэр шинээр гаргах үедээ хууль тогтоомжийн стратеги дахь болон зарчмын хувьд нийцэлтэй эсэх эрсдлийг онцгой анхаарах ёстой. Нийцэл нь тухайн тайлбар бусад өрсөлдөгч тайлбараас хуулийн бүхэллэг чанарт учруулах хор хохирол нь бага байвал түүнийг хангалттай гэж үзэх ба нийцлийн шаардлагын хувьд өрсөлдөөн ба зөрчил хоёрын хоорондын ялгааг зөв тодорхойлсон байх шаардлагатай.   
Хуулийн аналог, зөрчилдөөний хэм хэмжээ, зөрчилдөөний хуулиуд, эрх зүй ба хуулийн талаархи өндөр мэдлэг, чадвар бүхий эрх зүйчдийн онол сургаалиуд :    
“Хуулийн цуврал“ дотор хувьсах, хувьсгах холбоосуудыг олох, хувиргах, цуврал хуулийн янз бүрийн бүрэлдэхүүн хэсгийг бий болгосон өөр өөр үзэл суртал, үзэл санаа, мөн эдгээр бүрэлдэхүүний өөр өөр хэсгийг зөвтгөх үндэслэл, зарчмын суурь фундаменталь сөргөлдөөн эсхүл зөрчлийг орчин цагийн хандлагаар шинжлэх, зөвтгөхөд эдгээр нь тусална.  
Хуулийн бүхэллэг чанар :
Энэ нь цуврал романыг нэг л зохиогчийн бүтээл мэт “нэгдсэн шинж чанартай” гэсэн хийсвэрлэлийн нэг адилаар “цуврал хууль” зохиогч маягаар өөрийгөө төсөөлөхийг шүүгчдээс шаардана. Тодруулбал,хуулийг зүй ёс ба шударга ёс, процедурын процессын уялдаа холбоо бүхий багцаар нөхцөлдсөн үзэл санааны илэрхийлэл” гэсэн хийсвэрлэлээр хуулийн агуулгыг тодорхойлно.  
Шударга ёс : Улс төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв, олон түмний хүсэл зоригт мэдрэмжтэй байлгах, шийдвэрийг гаргах, хэрэгжилтийг хангах, хянах зөв, шударга процедурыг олох тухай асуудал
Зүй ёс : Аливаа шийдвэр нийгмийн ёс суртахууны хувьд хамгаалж болохуйц үр ашигтай, тийм байдлаар материаллаг нөөцийг хуваарилан, иргэний эрхийг хамгаалсан, ёс суртахууны зарчмуудыг хууль бусад шийдвэрийн хэсэгт хүлээн зөвшөөрч чадсан эсэх тухай асуудал. 
Процедурын зайлшгүй процесс : Шударга процедуроор бүтээгдсэн зүйлс зүй ёсных болох тул аливаа шийдвэр нь мөрдвөл зохих дэг, процедураар буюу түүний олон нийтийн оролцоог хангах, ил тод, нээлттэй, шударга, процессын дарааллын журамт байдлын түвшинг хангахуйц боловсрогдсон, батлагдсан, хэрэгжсэн, хянагдсан эсэх тухай асуудал.
Шударга ёс, зүй ёс, процедурын процесс нь улс төрийн онолын гол идеал (шударга улс төрийн бүтэц, нөөц болон боломжийг шударга хуваарилах, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг тэгш хангах тухай үзэл санаа)-д хамаарах буюу улс төрийн эрхэм чанарт тооцогдож байна.     
Энэ агуулгаар хуулийн бүхэллэг чанар нь улс төрийн гол идеал буюу эрхэм чанартай хамааралтай, харилцан нөхцөлдсөн байна.   
Хуулийн бичвэр хийгээд практикийн хамгийн сайн тайлбар нь тухайн асуудлаарх улс төрийн эрхэм чанарыг нарийн цогц байдлаар тодорхойлж, түүнд мэдрэмжтэй байгаагаас хамаарахаар байна.   
Улс төрийн шийдвэр буюу хуулийн агуулга зарим талаар бүрхэг байгаа нөхцөлд хуулийг хэрэгжүүлэхэд зөвхөн “механик” аргаар хандах боломжгүй.
Шийдвэрийг дагалдах сөрөг үр дагаварыг үл харгалзан ёс зүй болон шударга байхын хосолмол байдлыг хуулиас дээгүүрт үнэлэх шаардлага үүсч болно. Эльмерийн хэрэг, Теннессийн алган загасны хэрэг энд хамаарах сонгомол жишээ болж байна.    
“Цуврал хууль”-ийн дүрэм нь хууль зүйн ухаанаас гадна өөр бусад шинжлэх ухаанд /хэл шинжлэл, философи, логик, эдийн засаг, улс төрийн буюу зүй ёс, шударга ёсны онол зэрэгт/ тасралтгүй суралцсан байх, цаг үеийн хөгжлийн дагуу өөрийн мэдлэг, ур чадвар, үзэл хандлага, арга барилаа байнга сэлбэж байхыг зүй ёсоор шаардаж байна.
Шүүгч нь асуудалд илүү өргөн хүрээ, олон талт цуврал сэтгэлгээгээр, эрх зүйн болон хамаарах бусад онол, практикийн шинжилгээ, тооцоолол, судалгаатай хандах, тэдгээр өрсөлдөгч онол, парктикийн хийгээд итгэл үнэмшлүүдийн өөр өөр хэмжээс, талст бүхий үнэлэмж, үндэслэл, баримтыг өөр хооронд нь ялган салгах, харьцуулах, цогц байдлаар эргэцүүлэх, тэнцвэрийг нь олох, эргэн тойрон дахь орчин, орчин цагийн үзэл, хандлагыг зөв мэдрэх, улмаар онол боловсруулалтын энгийн, ойлгомжтой, хянаж болохуйц, дээд шатанд байх стандарт, хууль тайлбарлах онол, арга зүй, дүрмийн хүрээнд өөрийн боловсруулсан онол, арга, итгэл үнэмшилтэй болсноор маргаантай асуудлын гүнд нэвтэрч, хамгийн сайн тайлбар буюу үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж бүрдэнэ, тийнхүү шийдвэр гаргахад цуврал хуулийн” гинжин цуврал залгамж чанарын холбоог хадгалсан байх ёстой.

Шинэ хандлага ба сэтгэлгээ
Цаг хугацааны урсгалаар хуулийн соёл, шударга ёсонд хандах үзэл, хандлага өөрчлөгдөн хөгжсөөр байна. 
Орчин цагийн дэвшилтэт үзэл, хандлага, хуулийн бүхэллэг чанарын хийгээд улс төрийн эрхэм чанар болох зүй ёс, шударга ёс, процедурын процесс шаардлагыг хангасан шийдвэрийн тусгал биш, өнөөгийн нийгмийн байдлыг зохицуулахад ашиг тустай үүрэг гүйцэтгэж чадахгүй л бол “хуучирсан, цэвэр биш хууль, бодлого” гэж тооцогдож байна.   
 “Жам ёсны эрх чөлөөт тогтолцоонд төр ердөө 3 гол үүрэг гүйцэтгэнэ, үүний 1 нь шударга шүүхийн тогтолцоог бий болгох явдал”, “хууль тогтоохын дээд урлаг нь шүүх эрх мэдлийг л зөв зохион байгуулахад оршдог” гэсэн үнэт үзэл санаанууд Дэлхийн ардчилсан улс оронд бодит биелэл болох нь эдүгээ түгээмэл хандлага болов.      
Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан нь “Хуулийн эзэнт гүрэн”-г цогцлоон хөгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлсэн. Тодруулбал,  
“Ардчилал бол эрх зүйт, амьд хуультай нийгмийн дэг журам, хариуцлагын тогтолцоо” гэдгийг зөвшөөрч, баталгаажуулсан гэсэн үг.      
Түгээмэл хандлагын дагуу “Хуулийн эзэнт гүрэн” болохыг эрмэлзэж, шүүх эрх мэдлийн болон хуулийн шинэчлэл хийгдсээр байна.
Гэвч шинэчлэлийн замд хүндрэл учруулахад чиглэсэн хувийн, бүлгийн явцуу эрх ашиг, өөрт таалагдаагүй гэх сэдлээр шинэчлэлийг ухраах, эрчийг сааруулан саад хийх, улс төржүүлэх зэрэг сөрөг хандлага гарсаар л байна.
“Хуулийн эзэнт гүрэн” болохыг эрмэлзэж л байгаа бол шийдвэрлэх ёстой олон цогц асуудлууд байгаа боловч дараах тулгадсан асуудлыг нэн даруй заавал шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. 
ü  Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрсэн түвшингээс ухрахгүй байх, улам бүр баталгаажуулан тасралтгүй хөгжүүлэх,     
ü  Дагнасан шүүх буюу Үндсэн хуулийн цэцийг “ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ”-ээс салгасныг буцаан зөвтгөх буюу шүүх эрх мэдэлд нь хамааруулах
Үндсэн хуулийн маргаан бол шүүхээр шийдвэрлэдэг хэрэг маргааны нэг л төрөл, тийм учраас Үндсэн хуулийн цэц бол шүүх мөн тул шүүх эрх мэдлээс салгах ёсгүй, шүүх эрх мэдэл бол нэгдмэл, бүхэллэг чанартай байх ёстой.    
Улс төрийн намын байр суурь, үзэл бодлоор Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох нь мөн Үндсэн хуулийн цэцийг шүүх гэж үзэх утга агуулгыг алдагдуулахад хүргэсээр байна.
Шүүх эрх мэдлээс Үндсэн хуулийн цэцийг салгаснаар, гишүүдийг нь улс төрийн бодлогоор томилж байгаа нь улс төрийн цэвэр биш бодлого, технологи хэрэгжих таатай боломж бүрдсэн буюу “намын, олонхийн дарангуйлал” тогтох, хуульчлагдсан тонуул газар авах, эрх зүйт бус, шударга бус, хийдэлтэй хууль батлагдах энэ бүхэн эсрэгээрээ хүний ба улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлж байгаа талаар олон нийт үзэл бодол, байр сууриа илэрхийлсээр байгааг анхаарах ёстой.  
Иймд Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн маргаан дагнан шийдвэрлэх Улсын Дээд Шүүхийн нэг танхимын зохион байгуулалтад оруулах, харин одоогийн 9 гишүүний орон тоог хэвээр хадгалан, маргааныг бага суудал /анхан шатны гэх/ З шүүгч, дунд суудал /давж заалдах/ 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, харин их суудал /хяналтын шатны гэх/ нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй байх нь Үндсэн хуульт ёс, эрх зүйт ёсонд бүрнээ нийцэх бүрэн үндэслэл байгаад эргэлзээ байхгүй. 
ü  УИХ-ын чуулганы хуралдааныг нийт гишүүдийн ядаж 2/3 хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн мөн 2/3-оос дээш саналаар асуудлыг шийдвэрлэдэг байх 
УИХ-ын 20 гишүүн ард түмний өмнөөс хууль батлах боломжтой болсон нь ардчилсан бусаас гадна амьд үйлчлэлгүй, хийдэлтэй хуулиуд гарах боломжийг нээж байна. Ийм инээдэмтэй, эмгэнэлтэй байдалд байх ёсгүй.
УИХ-ын гишүүдийн тоог нэмсэнээс хуралдаанд оролцох гишүүдийн кворум буюу доод хязгаарыг ихэсгэх нь илүү чухал. Жишээ нь, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоход 25 гишүүн хууль батлах боломжтой учир чанарын ямар ч ялгаагүй.     
ü  УИХ-ын гишүүн Ерөнхий сайдаас бусад сайдын албыг давхар хашихыг хориглох, сайдад тухайн мэргэжлийн бөгөөд төрд бага бас хугацаанд ажилласан хүнийг томилох  
УИХ нэг танхимтай, цөөн гишүүнтэй тул УИХ-ын гишүүн нэгэн зэрэг ЗГ-ын гишүүн байх нь төрийн эрх мэдлийн тэнцвэр, хяналтын зарчимд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар судлаач, хуульчдын байр суурь, судалгаа цөөнгүй бий. 
ü  Төрийн албанд орох, албан тушаал дэвших, сонгогдох, томилогдох болзол шалгуурыг нарийвчлах, улс төр болон хувийн бусад сэдэлт, зорилгоор буюу баг бүрдүүлэхийн тулд үй олноор нь ажлаас нь халдаг хууль бус дур зоргыг таслан зогсоох. 
Аль нэг намын хэн нэгэн сайд болмогцоо хууль юм шиг өөр намынх, бүлгийнх биш гэх атгаг санаагаар төрийн албан хаагчдыг халсаар байгаа хууль бус үйлдэл хэвийн үзэгдэл мэт болсон боловч үүнтэй эвлэрч огт болохгүй.  
Дээр дурьдсан болон бусад олон цогц шинэчлэлүүдийг цаг алдалгүй хийхгүй бол эрх зүйт төр, амьд буюу эрх зүйт хууль ноёрхох боломж алдагдаж, тэдгээрээс учрах аюул нь ноцтой хэлбэрээр илэрч, “Хуулийн эзэнт гүрэн” болох боломжоо алдан, шинэчлэл зогсох буюу урагшлахгүйгээр дороо хий эргэсээр замхрах болно.  
Монгол хуулийн эзэнт гүрэн цогцлоох эрмэлзэл огт ор үгүйгээс бий болоогүй. Их Монгол Улс “Дэлхийн эзэнт гүрэн” байсан. Шударга ёс, хуулийн засаглал нь Дэлхийн эзэнт гүрэнг цоглооход үндсэн арга, механизм байсныг түүх өгүүлдэг. Үүний нэг нотолгоо :      
“Их Монгол Улс” бол ертөнцийн аль нэг улсын адил зөвхөн хаант улс биш бөгөөд харин цогцлон байгуулж бүхий дэлхийн эзэнт улс мөн. Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далай хааны зарлиг бүр иргэнд хүрвээс бишрэх болтугай. Миний буулгасан зарлигийг аман дээрээ дагаж, ажил дээрээ ил далд зөрчвөл усанд хаясан чулуу, өвсөнд харвасан зэв адил болгож хөсөрдүүлэгсэд бол хүн ардыг захирч үл чадна хэмээн үзэх ёстой”  хэмээх Их засаг хуулийн зорилго, Их хааны сургааль юм.  
Монгол хуулийн эзэнт гүрэн цогцлоох нь Дэлхийн эзэнт гүрэн байгуулсан Их хааны агуу бодлого ухаан, зарчмыг залгамжлан үргэлжлүүлэх “эх, их түүх”-ээр хүлээсэн  үндсэн үүрэг болно.