Tuesday, September 10, 2013

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ИРГЭНИЙ ЭРХ” ЭРХ ЗҮЙН СОЁЛЫН АЯН, АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ



“ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ИРГЭНИЙ ЭРХ”    
  ЭРХ ЗҮЙН СОЁЛЫН АЯН, АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ  

(Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, ухамсар сэтгэлгээнд
эрс шинэчлэл хийхийг цаг үе шаардаж байна) 
      

Дэлхийн ардчилсан улс орны нэгэн адил Монгол Улс эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж, хуулийн засаглал тогтоохыг эрмэлзэж байна.      
“Хуулийн засаглал” гэдэгт төрийн эрх мэдлүүд хоорондын тэнцвэр, хяналтын асуудал, шударга, хариуцлагатай, бие даасан шүүхийн тогтолцоо, амьд буюу эрх зүйт хуулиуд ба тэдгээрийн шударга хэрэгжилт зэрэг цогц олон асуудлууд хамаарна.  
Хуулийн засаглал тогтооход онцгой бөгөөд үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас шударга, бие даасан шүүхийг төлөвшүүлж хөгжүүлэх нь эдүгээ түгээмэл хандлага болов.    
Монголын Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулиудын үзэл баримтлал нь Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх замаар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг тууштай хөгжүүлэх, шүүхийн шударга, хариуцлагатай, бие даасан, нээлттэй, ил тод байдлыг зохистой хангах, ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулж, хамгаалахадчиглэгдсэн ба УИХ-аас Шүүхийн багц хуулийг баталсан явдал нь Монголчуудын сонгосон ардчилал, чөлөөт эдийн засгийн хөгжлийг баталгаажуулах, хуулийн засаглалыг бодит утгаар тогтоож, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн шийдвэр болсон билээ.           
Шүүхийн багц хуулиуд” 2013 оны 04 сарын 15-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаатай холбогдуулан манай шүүх “Шүүхийн эрхэм зорилгыг хангахад болон хуулийн шударга хэрэгжилтэд нөлөөлөх тул иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, ухамсар сэтгэлгээнд шинэчлэл хийх арга замыг зөв тодорхойлж, хэрэгжүүлэх нь чухал“ гэж онцгойлон үзэж “ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ИРГЭНИЙ ЭРХ сэдэвт эрх зүйн соёлын аяныг Баянхонгор аймгийн хэмжээнд буюу нийт 20 суманд тодорхой чиглэл, төлөвлөгөөний дагуу иргэдэд аль болох хүртээмжтэй, үр өгөөжтэй “цогц ажил”-ыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, хэрэгжүүллээ.
Тус аян амжилттай хэрэгжихэд Баянхонгор аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн хамтын ажиллагаа, бүхий л талын дэмжлэг байсныг тэмдэглэж байна.  
Нийт 20 сумдад хэрэгжүүлсэн тус эрх зүйн соёлын аяны хүрээнд сумдын иргэдийн зүгээс хэлж ярьсан үгс, санал, асуулт-хариулт, бодит байдлын ажиглалтын хүрээнд авч үзэхэд цаашид төрийн бодлого, хууль, эрх зүйн хувьд “анхаарвал зохих олон асуудал”-ууд байх боловч бүгдийг тоочих боломжгүй юм.    
Ард иргэдийн хувьд эрх чөлөө, шударга ёсны мэдрэмжтэй хэдий ч хууль, эрх зүйн мэдлэгийн хувьд хангалтгүй байгаа нь тэдний эрх зөрчигдөх, хууль шударгаар хэрэгжихгүй байх, эрх мэдэлтэн зарим талаар дураар авирлах, тэдний хууль бус үйлдэл, үйл ажиллагаа хууль, шүүхийн хяналтаас гадуур байх зэрэг сөрөг үзэгдлүүдийн шалтгаан болсоор байна. 
УИХ-аас баталсан хуулийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах талаар хуулийн дагуу үүрэг хүлээсэн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хангалттай, үр нөлөөтэй гэж үзэхэд эргэлзээтэй байна. 
Орон нутагт иргэдийн оролцоог хангахад чиглэгдсэн бодлого, шийдвэр, арга хэмжээ хийгдэж байгаа боловч иргэдийн хувьд хууль, эрх зүйн мэдлэг хангалтгүй байгаа нь зөв бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд сөрөг нөлөөтэйг анхаарах нь чухал юм.   
Ихэнхи сумдад иргэний танхим нээгдсэн, зарим сумдад иргэний танхимийн ажилтан, эрх зүйн хөтөч ажиллаж эхэлсэн нь сайшаалтай, зөв алхам боловч тэдний ихэнхи нь мэргэжлийн бус, түүнчлэн иргэдэд хуулийн мэдлэг олгох, хууль тогтоомжоор хангах ажиллагаа, орон нутгийн хөгжил, төсөв санхүү  зэрэг олон чухал асуудлууд хэлэлцэхэд шууд ба шууд бусаар оролцох, мэдээлэл авах, хяналт тавих зэрэг хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргийг нь бодитой ойлгуулах  боломж, чадвар дутмаг, нөгөө талаас эрх зүйн хөтөч нарын хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, давтан сургах зэрэг анхаарвал зохих  олон асуудал байна.         
Зарим сумдын иргэд орон нутагт их намчирхдаг, үүнээс шалтгаалан ажил хөдөлмөргүй болох, эрх нь зөрчигдөх байдал гардаг тухай, түүнчлэн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт сул, маргаантай асуудлууд хуулийн дагуу шийдвэрлэгдэхгүй, удаашралтай байгаа тухай ярьж байна.   
Орон нутагт архи, согтууруулах ундааны хэрэглээ “зохистой” бус байгаа тухай, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд архи, согтууруулах ундаа худалдаах зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийн тоог багасгахаас гадна архи, согтууруулах ундаа худалдаалахгүй байх өдрийн тоог нэмэгдүүлэх тухай дэмжүүштэй саналууд гарч байв. 
Мөн зарим суманд тамхи худалдаалах явдлыг нэг цэг буюу нэг хуулийн этгээдэд төвлөрүүлж буй нь өрсөлдөөнийг хязгаарлах, тамхины үнийг ихэсгэх, зарим иргэн ажлын байргүй болох, ашиг орлого нь буурах зэрэг сөрөг үр дагаварын талаас нь хандсан санал байна.
Орон нутагт дийлэнхдээ малын хулгайн гэмт хэрэг зонхилон гарч байх ба нууц аргаар үйлдэгдэж буй тул илрүүлэх боломж хязгаарлагдмал, нөгөө талаас малын хулгайн гэмт хэргийн тухай баримт, мэдээлэл бүхий зарим иргэн өөрийнхөө малыг алдах эрсдэл, хүчинд автах айдсаас шалтгаалан тухайн асуудлыг гэрчлэхээс айдаг, зарим суманд малын хулгайн гэрч болсныхоо төлөө бусдад зодуулсан, малаа алдсан явдал гарсан байна.
Зөвхөн малын хулгайн тухай бус иргэн, албан тушаалтны хууль бус зарим асуудлыг мэдэж байгаа ч тодорхой “айдас”-ын улмаас мэдээлэл өгч чаддаггүй асуудал байдаг юм байна. Энэ байдал нь иргэдээс хэрэг, зөрчлийн тухай мэдээлэл авах, урамшуулах оновчтой механизм, мэдээллийн эх сурвалжийг хамгаалах, нууцлах тухай асуудлыг оновчтой зохицуулах, энэ талаар иргэдэд мэдлэг олгох асуудал тулгамдсан байгаагийн илрэл юм. 
Сумдын удирдлага, иргэдийн зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн “Амьдралын буруу эргэлт” зохиомжийг иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй ажил болохыг тэмдэглэж, хөдөөгийн багийн иргэдэд үзүүлэхийн тулд багийн дарга нарт хувилан тараах, цаашид малын хулгайн гэмт хэргийн чиглэлээр зохиомж хийх саналыг гаргаж байв.            
Зарим иргэдийн ярьж байгаагаар орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улс төрийн албан тушаалтнууд хэрэгжүүлэх чиг үүүрэгтэй хэдий ч боловч тэдний ихэнх нь хууль, эрх зүйн боловсролгүй буюу огт мэргэжлийн бус хүмүүс тул мэргэжлийн үйл ажиллагааг явуулах бодит боломжгүй байдгаас гадна явуулсан зарим үйл ажиллагаа нь төдийлөн оновчтой бус, үр нөлөөгүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улс төрийн үйл ажиллагааны хавсарга төдий болгох буюу хэлбэрийн байдлаар хандах зэрэг асуудал байдаг ажээ.     
Анхан шатны шүүх нүүдэллэн ажиллаж, гэмт хэргийн шүүх хуралдааныг олны өмнө нээлттэй хийх, иргэдэд хууль, эрх зүйн талаар лекц, яриа хийж, хуулийг сурталчилдаг байсан нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд үр нөлөөтэй арга болж байсан практик манайд бий. 
Одоогийн практикт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улс төрийн албан тушаалтан, ихэнхдээ хуулийн мэргэжлийн бус хүмүүс хариуцдаг тул тэд мэргэжлийн үйл ажиллагааг явуулахад зарим талаар учир дутагдалтай, хэлбэр төдий хандахад хүрдэг зэрэг байдлыг анхаарч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг “анхан шатны шүүхийн нүүдэллэн ажиллах зохицуулалт, шүүхийн зорилготой“ нягт уялдуулан шинэлэг байдлаар, нэгдсэн бодлого, төлөвлөгөө, журмын дагуу шүүх манлайлан хуулийн бусад байгууллагатай хамтран  ажиллах, харилцан үүрэг хүлээх, төсвийн хөрөнгийг нэгмдэл байдлаар үр ашигтай зарцуулах зэрэг олон асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатай болох нь олон зүйлээс тодорхой ажиглагдав.      
Шүүх манлайж, бусадтай хамтран жил бүр аймгийн бүх сумдад 1-с доошгүй удаа нүүдэллэн ажиллах, шүүх хурал нээлттэй хийх, нээлттэй өдөрлөг зохион байгуулах замаар хууль сурталчлах, иргэдтэй уулзаж, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах, шүүх эрх мэдлийн байгууллагын чиг үүргийг ойгуулах зэрэг мэргэжлийн хүрээний үйл ажиллагаа  хэрэгжүүлдэг байх нь шүүх эрхэм зорилгыг хангах, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөтэй, гол хэлбэр гэдэгт эргэлзээ байхгүй юм.        
Зарим сумдад цагдаагийн албан хаагч шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж буй иргэнийг хайж олох, хүргэхэд төсөв санхүү байдаггүй, хүрэлцдэггүй, түүнчлэн цагдаагийн кабонгүй, аймгийн төвөөс бусад ихэнхи сумдад согтуурсан иргэний согтуурлыг шалгах багажгүй зэрэг нь анхаарлаа хандуулж, шийдвэрлэх ёстой асуудалд бас хамаарч байна.     
ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ИРГЭНИЙ ЭРХ” эрх зүйн соёлын аяныг хэрэгжүүлснээр Баянхонгор аймгийн иргэдийн багагүй төлөөллийн хувьд :
- Шүүх эрх мэдлиийн шинэчлэл, шүүхийн эрхэм зорилго, чиг үүрэг, зориулалтыг,  
-  Шүүхийн багц хуулийн агуулга, ач холбогдлыг,  
- Шударга шүүхгүйгээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс бодитой хэрэгжих, хамгаалагдах боломжгүйг,  
- Улс оронд Шударга ёс, Хуулийн засаглал тогтооход өөрсдийнх нь  оролцоо, эрх зүйн боловсрол чухал ач холбогдолтойг,
- Хуулийн засаглал тогтооход авлига ямар сөрөг үр дагавартайг,
- Гэмт хэргийн шалтгаан, хор холбогдол түүнээс урьдчилан сэргийлэх талаар,  
- Шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх арга замын тухай зэрэг шүүх эрх мэдэл, хууль, эрх зүйн цогц асуудлаар мэдлэг, мэдээлэл авсан гэдэгт эргэлзээгүйгээс гадна энгийн иргэдийн үгийг сонсож, анхаарвал зохих олон асуудлын заримаас нь мэдэж, улмаар шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст дамжуулах боломж бүрдсэн зэрэг нь тухайн аяны үр нөлөөний гол илэрхийлэл юм, гэвч цаашид үргэлжлүүлж “Иргэний эрх зүйн боловсрол ба Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд хийх ажил бас олон бий.
 “Шударга ёс, хуулийн засаглал” тогтооход иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол, идэвхтэй оролцоо нэн чухал.     
Иргэд нь эрхээ мэддэг, боловсролтой, төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоотой байх аваас амьдралд нийцсэн хуультай болно, хууль шударга хэрэгжинэ, иргэн ба төр хэн боловч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нөхцөл хангагдана, албан тушаалтан хэнд ч албан тушаалаа урвуулан ашиглах боломж олгохгүй.
Аливаа бодлого, шийдвэрт иргэний шууд оролцоо, санал, санаачилгыг хангахын тулд иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг, боловсрол олгосон байх ёстой билээ.    
Иймд иргэдэд хууль сурталчлах, таниулах үүрэг хүлээсэн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны арга, хэлбэрийг эрс шинэчлэх, хариуцлагажуулах, тухайн чиглэлийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх зэрэг асуудалд анхаарахын зэрэгцээ түгээмэл үнэт зүйлс, шүүх эрх мэдэл, хууль, эрх зүй, авлигын эсрэг үзэл санааг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлж, оновчтой зохион байгуулах буюу иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, ухамсар сэтгэлгээ”-нд шинэчлэл хийх арга замыг зөв тодорхойлж, оновчтой хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал гэж үзэж байна.       
Монголчууд бид эрх чөлөө, шударга ёс, хөгжил, дэвшлийн “зөв зүг чиг” рүү явж байна. Хийсэн ажил ч их байна, хийх ажил ч их байна. Иргэн бүрийн өмнө хууль, шударга ёсны хүрээнд хүссэнээ хийх “түм буман боломж”-ууд нээлттэй байна.           
“Шударга шүүх, эрх зүйт хуулийн шударга хэрэгжилт нь ардчиллын үнэт зүйлсийн баталгаа буюу ардчилсан, эрх зүйт төр оршихуйн үндэс болой”.           
Чингис хаан Хууль, дүрмийг чанд сахихгүй бол төрт улс бутран сарнихыг мэдэгтүн, сахигтүн” гэж айлдсаныг цаг ямагт санацгаая.  

ШҮҮГЧ Г.ГАНБААТАР,
 Баянхонгор, 2013 оны 07 сарын 01