Sunday, January 17, 2016

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ба НИЙГМИЙН МЭДРЭМЖ




ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ба
НИЙГМИЙН МЭДРЭМЖ  

Улаанбатаар хот,
2016.01.08

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар дахин хянан шийдвэрлэхээр болжээ.   
Гэхдээ Үндсэн хуулийн цэцээс тухайн асуудлын талаар нийгмийн мэдрэмжийг мэдэрсэн, мэдрүүлсэн шийдвэр гаргана гэдэгт найдна.     
Шүүх (Цэц) нь аливаа маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн асуудлын хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн олон талт үндэслэл, нөхцөл байдал, үр дагаварыг соргогоор мэдэрч, зөв шийдэл гаргахыг “нийгмийн мэдрэмж”-тэй шийдвэр гэж ойлгодог байна.                  
Шүүхийн багц болон шүүх байгуулах хууль бол ардчиллын ба эрх зүйн үнэт зүйлс, эрх зүйн хөгжлийн орчин үеийн хандлага, нийгмийн эрэлт буюу шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” бодлого, зарчмын дагуу боловсруулагдан, батлагдсан хууль учраас Үндсэн хуульд нийцсэн гэж үздэг билээ.     
Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь гагцхүү Монгол Улсын шүүхийн тогтолцоо (анхан, давах, хяналтын шат)-г, мөн шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болохыг тус тус заасан зөвхөн “шүүхийн тогтолцооны нэршил, шүүн таслах ажлын төрлөөр дагнах хэлбэр”-т хамаарах үндсэн гол утга агуулгыг илэрхийлнэ, харин шүүхүүдийг заавал “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  хуваарь”-ийн дагуу байгуулах утга санааг илэрхийлэхгүй байх ба шүүхээс хэрэг маргаан хянан шийдвэрлэх газар зүйн байршил буюу шүүхэд харъяалагдах хэрэг маргааны харъяаллын тойргийн зураглалыг хэрхэн хийж, энэ дагуу шүүхүүдийг хаана, яаж, хэрхэн байгуулахыг “шүүхийн үндсэн тогтолцооны нэршил”-ийг харгалзан, нийгмийн  эрэлт, шаардлага буюу хэрэг маргааны төрөл, гаралтын түвшин, хүн амын төвлөрөл, эдийн засгийн чадавхи, үр ашиг зэргийг үндэслэл болгон УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй.            
Тийм учраас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль нь Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгээгүй, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байгаа билээ.          
Анхан шатны шүүхүүдийн иргэдэд үйлчлэх үйлчилгээ иргэдээс холдоогүй ба төв, орон нутагт анхан шатны шүүхүүд ажиллаж байгаа.      
Үндсэн хуульд заасан нэршлээр орон нутагт Аймгийн төв бүрт Сум буюу сум дундын шүүх ажилладаг, гэхдээ тус шүүхээр зарим сумдын иргэд үйлчлүүлэхийн тулд 500 км болон түүнээс хол зайнаас үйлчлүүлэх тохиолдлууд байгаа, үүнийг төрийн үйлчилгээ иргэдээс холдсон гэж үзвэл ямар сумдыг харъяалуулан дахин шүүх байгуулах эсэхийг УИХ шийдвэрлэх боломжтой.
 Харин дүүргүүдийн хувьд Үндсэн хуульд заасан нэршлийг хадгалан улмаар шүүн таслан ажиллагааны төрлөөр дагнуулан 2-3-н дүүргийн нутаг дэвсгэрийн дунд “дүүргийн эрүү, иргэний шүүх” байгуулсныг, Давж заалдах шатны шүүхийн хувьд орон нутагт мөн Үндсэн хуульд заасан нэршлийг хадгалан улмаар шүүн таслан ажиллагааны төрлөөр дагнуулан 2-3 аймгийн нутаг дэвсгэрийн дундДавж заалдах шатны эрүү, иргэний шүүх” байгуулсныг тус тус төрийн үйлчилгээг иргэдээс холдуулсан гэж үзэх үндэслэлгүй ба эдгээр зохицуулалт нь тухайн шүүхүүд, шүүгч нарын  хувьд ажлынх нь харилцан адилгүй ачааллыг харьцангуй жигд буюу тэнцвэртэй болгож, улсаас гарах төсөв санхүү, зардал хэмнэсэн буюу том төрөөс ухаалаг төрийн бодлого, зарчмыг хэрэгжүүлэх мөн тухайн шүүхүүдэд нөлөөлөх хөндлөнгийн нөлөөлөл, үр дагавараас урьдчилан сэргийлэх үзэл санаа, зорилгыг л агуулсан байдаг.       
Дүүргийн иргэд харъяалах дүүргийн шүүхээр үйлчлүүлэхэд 1 буюу хэдэн автобусны буудал л дамжина, харин дээр дурдсан зарим сумдын иргэд шиг хэдэн зуун “км” хол зам туулахгүй.      
Давж заалдах шатны шүүх гагцхүү эрх бүхий этгээдийн гомдол, эсэргүүцэл бичигдсэнээр л анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хянадаг учраас тухайн шатны шүүх хуралдаанд гомдол, эсэргүүцэл бичсэн этгээд заавал оролцох шаардлагагүй, харин гомдол, эсэргүүцлээ хууль ёсны ба үндэслэлтэй бичсэн байх нь чухал байдгаас гадна  хэрэв оролцохыг хүсвэл биечлэн очих, хэрэв очих бололцоогүй бол “цахим засгийн цахим сүлжээ”-г   ашиглан тухайн шүүхийн шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлж оролцох боломж бүрдсэнээс гадна давж заалдах шатны шүүх нүүдэллэн ажиллаж буй учраас тэдгээр шүүхүүдийг “иргэдийн шүүхээр үйлчлүүлэх эрхийг зөрчсөн, иргэдээс холдсон” гэж үзэх үндэслэлгүй юм.              
Цаашдаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” бодлого, зарчмын дагуу шүүхээс хэрэг маргаан хянан шийдвэрлэх газар зүйн байршлыг өөрчлөн шинэчлэх, ялангуяа давж заалдах шатны зарим шүүхүүдийг дахин бүсчлэх буюу нийслэлд төвлөрүүлэх шаардлага үүсч болохыг үгүйсгэхгүй байгаа ба гэхдээ энэ нь Үндсэн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт хийсний дараа шийдвэрлэгдэх асуудал юм.     
Жишээ нь : Шүүхийн статистик тоо баримтаас үзвэл Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх жилд тус бүр 1000, түүнээс дээш хавтаст хэргийг хянан шийдвэрлэдэг боловч шүүх тус бүр 20 орчим шүүгчтэй.  
Гэтэл нийслэлийнхээс бусад орон нутагт буй эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн хэрэг маргааны нийт тоо шүүн таслах ажлын төрөл тус бүртээ  нийслэлийн давж заалдах шатны аль ч шүүхийн шийдвэрлэсэн хэргийн нийт тооны 50 хувиас доош ба хэрэв аймаг бүрт Давж заалдах шатны шүүх байгуулах ёстой гэвэл доод тал нь 4 шүүгчээр тооцоход орон нутгийн зөвхөн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд нийт 84 шүүгч, мөн тооны шүүхийн захиргааны албан хаагчид ажиллахаар болно, мөн төчнөөн тооны Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, бусад албан хаагч ажиллах шаардлага үүснэ.  
Эндээс зөвхөн эрүүгийн шүүхийн хувьд авч үзэхэд л нийслэлийн давж заалдах шатны 20 шүүгч 1000 хэрэг шийдэх, орон нутагт нийт 84 шүүгч нийт 500 ба түүнээс  доош хэрэг шийдэх, эсхүл нийт 1500 хэргийг нийт 40 орчим шүүгч шийдэхийн аль нь эдийн засгийн болон бусад байдлаар үр ашигтай вэ гэдгийг энгийнээр тооцох боломжтой юм.             
Учир байдал иймд Үндсэн хуулийн Цэцээс Шүүх байгуулах тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн олон талт үндэслэл, хандлага, нөхцөл байдал, үр дагаварыг бүх талаас нь зөв, соргогоор мэдэрч буюу нийгмийн мэдрэмжийг мэдэрсэн, мэдрүүлсэн шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.      
   

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ






No comments:

Post a Comment